Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 235

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Л ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөр итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” А/34 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Л ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М , Б.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М , Б.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөр итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” А/34 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолоор газрын бүсчлэлийг өөрчилсөн бөгөөд түүнийг дагаад газрын төлбөр нэмэгдэж байгаа. 

“Л ” ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн “Хүрэл тогоот”-ын 15 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах 2014/45 дугаар гэрчилгээг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авсан бөгөөд газар ашиглах гэрээг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан болно. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь 3 дугаар бүсчлэлд буюу газрын суурь үнэ 1 м2 132 төгрөг байсан ба 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүүргийн тогтоолоор эзэмшлийн газрын 3 дугаар бүсийг 1 дүгээр бүс рүү шилжүүлж улмаар 1м2 газрын үнэ 440 төгрөг болж нэмэгдсэн. 

Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь Улаанбаатар хотоос зайдуу газрын төлбөр 1 м2 132 төгрөг буюу жилд нийт 59.400.000 төгрөг болж байгаа. Газрын албаны зүгээс нэхэмжлэхээ нэмэгдээгүй дүнгээр нэхэмжилсэн боловч цаашид тогтоолын дагуу эзэмшиж буй газрын бүсчлэлийг өөрчилсөн тул жилд 178.200.000 төгрөг нэхэмжлэх болоод байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заасан. 

Энэхүү хуулийн шаардлагаар итгэлцүүрийг өөрчлөхдөө инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, ногоон бүсийг хамгаалах шаардлагын үндсэн дээр тогтооно гэсэн байгаа. Тодруулбал, тогтоолыг батлан гаргахдаа бодит судалгаа тооцоолол, техник эдийн засгийн үндэслэл, орчны шинжилгээ, мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэргийг иш үндэс болгож бүсчлэл болон тоон итгэлцүүрийг өөрчлөх ёстой. Хэм хэмжээний актад нөлөөллийн шинжилгээ хийх ёстой. Төлбөр хураамж тогтоож байгаа, хүний эрх, эрх чөлөө аливаа байдлаар хөндөгдөж байгаа бол нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийх ёстой. Процессын алдаа гаргасан тогтоолыг үндэслэж газрын төлбөр тогтоогоод түүний дагуу иргэд төлбөр төлж байгаа нь хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. 

Нэхэмжлэгч тал огт төлбөр төлөхгүй гэж маргаагүй. Тодорхой хууль тогтоомжийн дагуу төлбөр төлнө. Жишээ нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны тогтоолын дагуу төлбөр төлөх байж болно. Энэ тогтоолын дагуу төлбөр төлж болохгүй гэж үзэж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан бөгөөд хууль дээдлэх гэдэг нь хуульд захирагдах, хуулиас гадуур ажиллагаа явуулахгүй байх, хуулийг нэг мөр зөв ойлгон хэрэглэх, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчихгүй байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа хуулиар тогтоосон үндэслэл, шаардлага, журмыг чанд мөрдөхийг хэлнэ. Үндсэн хуульд зааснаар төрийн үйл ажиллагааны үндэс болох хууль дээдлэх зарчмын дагуу захиргааны хэм хэмжээний акт нь Үндсэн хууль болон холбогдох хуульд нийцсэн байх ёстой. 

Гэтэл манай компанийн эзэмшлийн газарт аливаа дэд бүтэц байхгүй, аливаа үйл ажиллагаа явуулаагүй учраас байгаль орчин, ногоон бүсэд хор хохирол учруулах нөхцөл байдал үүсээгүй, инженерийн шугам сүлжээ, барилга, байгууламж баригдаагүй байхад газрын бүсчлэлийг өөрчлөн 1 дүгээр бүс болгож байгаа Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/34 дүгээр тогтоол Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг дагаж мөрдөлгүй улмаар манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, бид үндэслэлгүйгээр газрын төлбөр илүү төлж болзошгүй болоод байна. Хэрэв А/34 дүгээр тогтоол хууль зөрчсөн нь тогтоогдвол бид 1м2 газрын үнэд 132 төгрөг төлж зөрчигдсөн эрх ашиг сэргээгдэх юм.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь А/34 дүгээр тогтоолыг гаргахдаа хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар эзэмшиж, ашиглаж байгаа хот тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээг тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тогтоох ёстой. 

Монгол Улсын Засгийн Газрын 119 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 05 дугаар сарын 26-ны 99 дүгээр тушаалаар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг батлахдаа үнэлгээ хийх, хэлэлцүүлэг хийх ёстой. Эдгээрийг хийж, гүйцэтгэлгүйгээр А/34 дүгээр тогтоолыг гаргасан. 2015 оны А/34 дүгээр тогтоол нь хууль зөрчиж гарсан байхад хууль бус тогтоолыг үндэслэж газрын төлбөр ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. 

Иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” А/34 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэв. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий хэм хэмжээний акт нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хот тосгон, бусад суурины нэг га газрын итгэлцүүрийг хэрэглэх газрын бүсчилсэн зааг, хязгаар, тоон утгыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгээр тогтоолын дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн баталсан тогтоол юм. 

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйл, Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам батлах тухай” 218 дугаар тушаалын 3.4 дэх хэсэгт “...газар ашиглах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллага, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, гэрээнд газар ашиглагчид олгосон талбайн хэмжээ, газрын үнэлгээний бүсийг тогтоон тусгаж өгнө” гэж заасан байдаг. 

Энэ нь нэхэмжлэгч “Л ” ХХК 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 15/035 дугаар гэрээнд “...Богдхан уулын дархан цаазат газрын зааг дотор Хүрэлтогоотын амын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 15 га газрыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор тогтоосон газрын үнэлгээний 3-р бүсэд хамааруулна” гэсэн нь Богдхан уулын дархан цаазат газрыг хамгаалах хамгаалалтын захиргаа болоод дүүргийн Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээнээс харагдаж байна. 

Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/34 дүгээр тогтоолоор газар нь 3 дугаар бүсэд байхад 1 дүгээр бүс рүү орууллаа гэж үзсэн. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д заасан судалгаа, шинжилгээ хийгээгүй гэж үзсэн талаараа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2010 оны 5/39 дугаар тогтоолоор газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн тогтоосон.

Уг тогтоол гарахаас өмнө Нийслэлийн Засаг дарга ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Газрын алба гэх мэт бүрэлдэхүүн орсон. Уг тогтоолыг батлахын тулд Нийслэл, дүүрэг, хороодын хилийн зааг мөн, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зэрэг эрх бүхий байгууллагаас баталсан  захирамжлалын баримт бичгийг үндэслэсэн. 

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Улсын Их Хурлаас баталдаг. Түүнд нийслэл Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг хаана байгуулах, аль дүүрэг хэрхэн тэлэх, газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрлийг хаана олгох талаар баталж өгдөг. Уг ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2010 онд 5/39 тоот тогтоолыг баталсан байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Татварын тухай хууль, Төсвийн тухай хуулиар газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай эрх хэмжээг нь олгосон боловч Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно гэсэн байгааг үндэслэж түдгэлзүүлсэн. 

Үүний дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргүүдэд чиглэл өгч, газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т дүүргүүд тогтооно гэсний дагуу хариуцагч газрын төлбөрийн хэмжээг тогтоосон. 2015 оны А/34 дүгээр тогтоолоор дүүргийн газрыг 14 хэсэг, 5 бүсчлэлтэй байхаар тогтоосон. Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа 15 га газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд буюу Хүрэл тогоотын аманд байрладаг. Газрын бүсчлэлээр 3 дугаар бүсэд хамаарч байгаа. Иймд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа бол газрын төлбөрийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлнэ гэж Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу төлбөрийг нэхэмжилсэн. 

Маргаан бүхий А/34 дүгээр тогтоолоор бол өмнөх 5/39 дүгээр тогтоолоор тогтоосон газрын бүсийн зааг, хязгаарыг өөрчлөөгүй, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоогоогүй, шүүхийн магадлалыг биелүүлж хуулийн дагуу батлах эрх бүхий этгээд батлан гаргасан юм. Тиймээс нэхэмжлэгчийн хэлээд байгаа тооцоо судалгаа, шинжилгээ, үнэлгээг хийх шаардлага байхгүй.

Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоол хүчингүй болсон. Захиргааны ерөнхий хууль батлагдсанаас хойш Хууль зүйн сайдын тушаал гарч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргаж буй хэм хэмжээний актыг бүртгүүлэх болсон. Түүнээс хойш Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хэм хэмжээний актуудыг бүртгүүлэх гээд Хууль зүй, дотоод хэргийн яам руу явуулсан. Хэм хэмжээний актын бүртгэлийн хувьд 99 дүгээр тогтоолын дагуу бүртгүүлэх шатандаа явж байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн хэргийн хувьд иргэд болон байгууллагууд хуулийн дагуу нэхэмжилсэн төлбөрийг төлөх шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Л ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “Л ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөр итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” А/34 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон болно.

Байгаль орчин, аялал жуулчалын сайд 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-11 дүгээр  тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газар, Хүрэлтогоотын аманд аялал жуулчлалын зориулалтаар 15,0 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах зөвшөөрлийг “Л ” ХХК-д олгожээ.

Улмаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” 2012/08 дугаар гэрчилгээг “Л ” ХХК-д олгож, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн Засаг дарга нартай гурвалсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 15/035 дугаар гэрээг байгуулжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх  газрын үнэлгээний бүсчлэлийн хил хязгаар, итгэлцүүрийн тоон утга, төлбөрийн хэмжээ зэргийг баталсан байна.

“Н ” ХХК-иас тус шүүхэд нийслэлийн иргэдийн Төлөлөөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, ...” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэрээр  “Н ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр  магадлалаар дээрх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 дэх заалтаар “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгээр тогтоолыг нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж”, 2 дахь заалтаар “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг тогтоох тухай аргачлалыг хууль тогтоомжид нийцүүлэх талаар арга хэмжээ авахыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай” гэж шийдвэрлэжээ. 

Улмаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсчлэлийн хил хязгаар, итгэлцүүрийн тоон утга, төлбөрийн хэмжээг хуульд нийцүүлэн батлах чиглэл өгсөн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д-д “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн З-д “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж тус тус зохицуулжээ.

Хуулиар тусгайлан эрх олгогдсоны дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт мөрдөх “Газрын төлбөр итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” А/34 дүгээр тогтоолыг баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасантай нийцэж байна.

“Л ” ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 15/035 дугаар  гурвалсан гэрээний 2.4-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолоор тогтоосоон газрын үнэлгээний 3-р бүс, 15,0 га талбай, нэгжийн үнэ 396 төгрөг, бүгд үнэ 1 жилд 59.400.000 (тавин есөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийн төлбөр төлөх”-өөр гэрээний гол нөхцөлийг 2 тал харилцан тохиролцжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр  “2010 оны 5/39 дүгээр тогтоолыг шүүхээс түдгэлзүүлсэн учраас 2015 оны А/34 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоол нь хууль зөрчсөн. Манайх Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын дагуу газрын төлбөрийг төлөх юм, энэ тогтоолын дагуу төлбөл газрын төлбөрийн хэмжээ буурна гэж тооцоолж байгаа” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь тухайн үед “Л ” ХХК нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолын дагуу ногдуулсан газрын төлбөр, хэмжээний талаар маргаагүй хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2015 онд 15/035 дугаар газар ашиглах гэрээг байгуулж, улмаар гэрээний дагуу 2015 оны газрын төлбөрт 59.400.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах” 15/035 дугаар гэрээ , Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт -д “2015 оны гэрээгээр төлсөн 59.400.000 төгрөг” гэх тэмдэглэгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч “Л ” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Хүрэлтогоотын аманд аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй 15,0 га газар нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/34 дүгээр тогтоолын  1 дүгээр хавсралтад заасан солбицлоор газрын төлбөрийн итгэлцүүрийн “3 дугаар бүс”-ийн зааг хязгаарт хамаарч, 2 дугаар хавсралтад заасан “Худалдаа бүх төрлийн үйлчилгээ зориулалт, 1м2 газрын төлбөр 132 төгрөг” хэсэгт хамаарах бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэж заасны дагуу өсгөн тооцож 1м2 газрын төлбөрт 396 төгрөг, жилд 59.400.000 төгрөг төлөх ёстой болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017оны 02 дугаар сарын 20-ны 1/330 дугаар албан бичгийн 1 дүгээр хавсралт, Улаанбаатар хот болон Баянзүрх дүүргийн газрын төлбөр тогтооход хэрэглэх бүсчлэлийн зааг хязгаар  зэргээр тогтоогдож байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж зааснаас үзэхэд захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд маргаан бүхий хэм хэмжээний акт хууль бус байхаас гадна түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол шүүхээс маргаан бүхий хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох боломжтой байна.

Энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/34 дүгээр тогтоолоор “Газрын төлбөр итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох”-доо өмнө нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор тогтоосон дүүргийн нутаг дэвсгэрийн бүсийн зааг, хязгаарт өөрчлөлт оруулаагүй, мөн газрын 1 м2 талбайн төлбөрийг хэмжээг ихэсгэж, багасгаагүй болох хэрэгт авагдсан дээрх тогтоолуудын 1, 2, 3 дугаар хавсралт , 2015 оны Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт , тус компанид ирүүлсэн 2016 оны газрын төлбөрийн нэхэмжлэх-77 , Баянзүрх дүүргийн Газрын албаны 2017 оны 02 дугаар сарын 06-ны 10/213 дугаар албан бичиг  болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/34 дүгээр тогтоолын дагуу тус компанийн ашиглаж буй газрын бүс өөрчлөгдөөгүй тул газрын төлбөрийн хэмжээний талаар маргахгүй байна” гэсэн тайлбарыг гаргаж байсан болно. 

Иймээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолын улмаас нэхэмжлэгч “Л ” ХХК-ийн ашиглаж буй газрын бүсэд өөрчлөлт ороогүй, газрын төлбөрийн хэмжээ нэмэгдээгүй тул уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй тул Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж шүүх үзлээ. 

Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн З-д “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно…” гэж зааснаас үзэхэд газрын төлбөрийн хэмжээ, итгэлцүүр, бүсийн зааг, хязгаарыг өөрчлөн, шинэчлэн тогтоох тохиолдолд л эрх бүхий этгээдээс байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалахтай холбоотой тооцоо судалгаа, нөлөөллийн шинжилгээ, үнэлгээ зэргийг хийх ёстой гэж үзэхээр байна. 

Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “А/34 дүгээр тогтоолоор бол өмнөх тогтоолоор тогтоосон газрын бүсийн зааг, хязгаарыг өөрчлөөгүй, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоогоогүй, шүүхийн магадлалыг биелүүлж хуулийн дагуу батлах эрх бүхий этгээд батлан гаргасан юм. Тиймээс нэхэмжлэгчийн хэлээд байгаа тооцоо судалгаа, шинжилгээ, үнэлгээг хийх шаардлага байхгүй” гэсэн тайлбар үндэслэл бүхий байна.

Мөн Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/34 дүгээр тогтоол нь хэм хэмжээний акт учир улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ёстой, бүртгүүлээгүй тохиолдолд уг тогтоолын дагуу газрын төлбөр төлөх үндэслэл байхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөн маргасан бөгөөд маргаан бүхий Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/34 дүгээр тогтоол батлагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоол (ЗГ-ын 2016-9-14-ний өдрийн 86-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)-ын 1.3-д “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээд нь зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд гаргана” гэж зохицуулсан байна.

Дээрх тогтоолын 1.6.3-д заасны дагуу “Эрх бүхий этгээд гэж Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон газар, зөвлөл, хороо, төв, хүрээлэн зэрэг байгууллагыг” ойлгоно гэж зааснаас үзэхэд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан шийдвэр нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд заавал бүртгүүлэх хэм хэмжээний акт биш байна.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1-4/592 дугаар албан бичигт  “Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 1.6.3-т заасан байгууллагаас ирүүлсэн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг холбогдох хууль болон энэхүү журамд заасан шаардлагыг хангасан тохиолдолд улсын нэгдсэн санд бүртгэдэг байсан. Харин дээрх журмын 6 дугаар зүйлд заасан онцгой зохицуулалтын хүрээнд шийдвэрийн улсын нэгдсэн санг эрхлэх хөтлөх, нийтэд мэдээлэл, лавлагаа өгөх зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хүлээн авч, хууль тогтоомжтой зөрчигдсөн тохиолдолд зөвлөмж хүргүүлдэг байсан” гэх тайлбарыг ирүүлсэн.

Эндээс үзвэл маргаан бүхий акт нь Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолын дагуу улсын нэгдсэн санд зайлшгүй бүртгүүлэх хэм хэмжээний акт биш байх тул нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/34 дүгээр тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүргүүлээгүй” гэх үндэслэлээр газрын төлбөрийг төлөхгүй байх, түүнчлэн уг тогтоолыг шүүхээс хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн  1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “ “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж зааснаас үзвэл хүн, хуулийн этгээдээс өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэх ёстой.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн З, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь хэсэгт заасантай нийцсэн, уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч “Л ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Л ” ХХК-ийн гаргасан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөр итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” А/34 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Л ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ЦЭЦЭГМАА

                       ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

                    ШҮҮГЧ                                                       Д.ЧАНЦАЛНЯМ