Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0591/З |
Дугаар | 001/ХТ2018/0405 |
Огноо | 2018-10-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2018/0405
“Б г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны
11 дүгээр сарын 29-ний өдрийн 42 дугаар тушаалаар
томилогдсон Сонгон шалгаруулалтын комисст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад дүгнэлт гаргасан “Сонгон шалгаруулалтын комисс”-ын дүгнэлтийг хүчингүй болгож, дээрх дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/120 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус газраас зарласан тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад ирүүлсэн оролцогчдын материалд дахин үнэлгээ өгүүлэхийг даалгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 434 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0145 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0364 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр, түүний өмгөөлөгч З.Сүхбаатар, Б.Халиун нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0145 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.3, 20.5-д тус тус заасныг баримтлан “Б г” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 42 дугаар тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комисс, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан “...Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад дүгнэлт гаргасан “Сонгон шалгаруулалтын комисс”-ын дүгнэлтийг хүчингүй болгож, дээрх дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/120 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус газраас зарласан тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад ирүүлсэн оролцогчдын материалд дахин үнэлгээ өгүүлэхийг даалгуулах, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 434 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0364 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянганы давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
3. Хяналтын журмаар гаргасан гомдол: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0364 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.
4. Нэг: Нэхэмжлэгч “Б г” ХХК нь тендерийн үнэлгээ өгсөн байдалд гомдолтой байсан бөгөөд шалгаруулсан компани нь ажиллах хүч байхгүй, өөрийн гэсэн тоног төхөөрөмжгүй, мөн энэ салбарт ажиллаж байсан ямар ч туршлагагүй компани байсан. Үнэлгээний хуудаснаас харахад “Б г” ХХК-г геологийн судалгааны арга, аргачлал оновчгүй, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн ажлын талаар хангалтгүй, орон нутагтай хамтран ажиллах асуудал хангалтгүй гэсэн шалтгаанаар эдгээр үзүүлэлтүүдэд 0 оноо өгсөн байдаг. Гэтэл тендерийн материалаас харвал эдгээр үзүүлэлтүүд нь гуравдагч этгээд болох “Б С” ХХК-иас илүү давуу тусгагдсан. Жишээ нь: 0 оноо авсан орон нутагтай хамтран ажиллах хүрээнд “Б С” ХХК нь зөвхөн Алтай сумтай хамтран ажиллах асуудлыг тусгасан байтал дээд оноог өгсөн. Гэтэл энэ ажил гүйцэтгэх талбай нь Алтай болон Мөст гэсэн 2 сумын нутаг дэвсгэрийг дамнан оршдог. Харин “Б г” ХХК-ийн хувьд дээрх хоёр сумдтай хамтран ажиллах асуудлыг тусгасан байдгаас харахад үнэлгээний комисс нь шударга бусаар, сонгон шалгаруулалтын журам зөрчиж үнэлсэн гэдэг нь илэрхий байна.
5. Хоёр: Шүүх магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “... Ю Л” ХХК-тай хамтран ажиллах гэрээтэй, “Б э” ХХК-тай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, “С х” ХХК-тай мэргэжлийн боловсон хүчнээр хангах тухай гэрээнүүдтэй. Энэ нь нэхэмжлэгч талаас чадавхийн хувьд илүү давуу байна гэж дүгнэжээ. Тендер буюу Сонгон шалгаруулалт гэдэг нь захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлдэг. Хуулийн энэ нэр томъёоноос харахад сонирхогч этгээд дээрх ажил үйлчилгээг гүйцэтгэхээр ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл тухайн ажил үйлчилгээг өөрийн хүчин чадлаар эсхүл тодорхой хэсгийг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх ойлголт байхаас биш бүх ажлыг өөр гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх зохицуулалт аль ч хуульд байхгүй юм. Хэрвээ бүх ажлыг 100 хувь эдгээр гэрээт байгууллагуудаар гүйцэтгүүлэх болсон тохиолдолд ажлыг бүхэлд нь гүйцэтгэж байгаа гэрээт дээрх 3 компанийн чадавхийг мөн сонгон шалгаруулалтын явцад үнэлэх шаардлага тулгарах юм. Жишээ нь хэдийгээр “Ю Л” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний нийтлэг үндэслэл болон бусад заалтуудаас харахад ажил гүйцэтгүүлэх гэрээ буюу цооногийн ажлыг “Б С” ХХК бус өөр компани гүйцэтгэхээр ойлгогдож байна.
6. Мөн магадлалд “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 8 дугаар зүйлд харвал ажиллах хүч, тоног төхөөрөмж зэрэг нь тендерт оролцогчийн өмчлөлд байхыг шаардахгүй гэсэн байна. Хууль болон журамд тодорхой нарийвчлан зохицуулагдаагүй энэ асуудлыг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу гуравдагч этгээдийн эрх ашигт илт давуу байдлыг олгож тайлбарласан гэж үзэж байна. Учир нь Ашигт малтмалын тухай хууль болон энэхүү сонгон шалгаруулалтын журамд зааснаар “Оролцогч гэж тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцохоор санал ирүүлсэн, Монгол улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээдийг хэлнэ” гэж тодорхойлсон бөгөөд энэ тодорхойлолтоос үзэхэд тухайн тендерт “Б С” ХХК өөрийн хүчин чадалд үндэслэн оролцох ёстой байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтын талбайд хийгдэх ажлуудыг бусдаар гүйцэтгүүлж байгаа нь гуравдагч этгээд болох “Б с” ХХК нь дээрх ажлыг гүйцэтгэх чадавхи муутай гэдгийг нотолж байгаа юм.
7. Гурав: Захиргааны ерөнхий хуульд зааснаар Захиргааны актад тавигдах нэг шаардлага нь гомдол гаргах эрхтэй байх ёстой. Хэдийгээр хариуцагчийн гаргасан акт нь хэлбэрийн шаардлагыг хангаж байсан боловч гомдол гаргах, гомдлоо шийдвэрлүүлэх боломжийг хангаагүй, эрхийг нь зөрчсөн. Нэхэмжлэгчийн хувьд энэ эрхийнхээ хүрээнд Ашигт малтмал газрын тосны газарт гомдол гаргасан боловч уг гомдлыг шийдэж өгөөгүй нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан эс үйлдэхүйгээр дамжуулан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон юм.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
10. Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүдийг санал ирүүлэх урилгыг гаргаж нэр бүхий 4 талбайн солбицол зарласан байна. Үүнээс Ховд аймгийн Алтай, Мөст сумдын нутаг 5623.7 га бүхий “Мөст” нэртэй, СШ 17-4 код бүхий талбайд 5 аж ахуйн нэгж санал ирүүлснээс “Б С з” ХХК-ийн ирүүлсэн саналыг Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д заасан шаардлагыг хангаагүй шалтгаанаар буцааж, “М С э С” ХХК, “Б о м” ХХК, “Б с” ХХК, “Б г” ХХК –иудад “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас”-аар үнэлгээний шалгуур үзүүлэлт тус бүрд оноо өгчээ.
11. Хавтас хэрэгт авагдсан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар “Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт”-ээс үзэхэд дээрх нэр бүхий компаниудаас “М С э С” ХХК-ийн техникийн саналын оноо 33.6, бусад гурван компанийн техникийн саналын оноо 34 байна. Үнийн саналаар нэхэмжлэгч “Б г” ХХК 1,250,000,000 төгрөг буюу 48 оноо, гуравдагч этгээд “Б С” ХХК 1,312,620,300 төгрөг буюу 50 оноо авсан нь тогтоогдож байна. Энэ нь тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн хамгийн өндөр үнийн санал байна.
12. СШ 17-4 код бүхий талбайн сонгон шалгаруулалтад оролцсон нэр бүхий 4 аж ахуйн тухайд хамгийн өндөр үнэлгээ авсан гуравдагч этгээд “Б С” ХХК-ийн сонгон шалгаруулсан нь “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.1.6 ““Шалгарсан оролцогч” гэдэг нь сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг”, 8.2.1 “Хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн сонгон шалгаруулалтад оролцогчид сонгон шалгаруулалтын нийт үнэлгээний 50 хүртэл хувийн оноо өгнө” гэсэнтэй нийцсэн байна.
13. Нэхэмжлэгч “Б г” ХХК-иас “...шалгаруулсан компани нь ажиллах хүч байхгүй, өөрийн гэсэн тоног төхөөрөмжгүй, мөн энэ салбарт ажиллаж байсан ямар ч туршлагагүй компани байсан...” гэх гомдолд “...комиссын гишүүдийн үнэлгээний хуудсанд тэмдэглэснээр ажлын дадлага туршлагын тухайд нэхэмжлэгч “Б г” ХХК-д бүгд 5 оноо, харин гуравдагч этгээд “Б с” ХХК-д бүгд 3 оноо өгсөн, мөн уг үнэлгээний хуудсанд зөвхөн мэргэшлийн боловсон хүчин болон техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал, геологи хайгуулын ажлын туршлагаас гадна геологи хайгуулын ажил явуулах төслийн баримт бичгийн үнэлгээ, сонгон шалгаруулалтын үнийн санал зэргийг харгалзан үзэж 100 оноо өгөхөөр тусгасан байх тул сонгон шалгаруулах комиссын үнэлгээг илт үндэслэлгүй гэж үзэхгүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
14. Хяналтын шатны шүүхээс сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн дотоод итгэл үнэмшлээрээ өгсөн субъектив үнэлгээг үгүйсгэх хуулийн боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...үнэлгээний комисс нь шударга бусаар, сонгон шалгаруулалтын журам зөрчиж үнэлсэн...” гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй юм.
15. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан шаардлага хангаагүй байх тул энэхүү гомдлын хүрээнд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
16. Иймд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0145 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0364 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН