Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1595

 

ХХХ, ХХХ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00425 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ, ХХХ,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

41 839 448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Хариуцагч ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны сүүлээр би байраа зарахаар зар өгөхөд хэд хэдэн хүмүүс ирж үзсэний дотор ХХХ байсан. Тэгээд өмнө нь таньдаг хүн гэдэг утгаар нь түүнд зарахаар болж хэлцлээ байгуулсан. Хэлцэл байгуулсны дараа 25-ны өдөр гэхэд 25 000 000 төгрөг төлнө гэж амалсан боловч төлөөгүй. Дээр нь банкны зээл, зээлийн хүүгээ төлөөгүй хэлцлээ зөрчсөн.

Улмаар бид шүүхэд хандан орон сууцнаас албадан нүүлгэх нэхэмжлэл гаргасан боловч 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 101/1X132016/07228 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. ХХХ нь 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл байрыг чөлөөлж өгөөгүй учраас Цэцэрлэгт хүрээлэн орчмын 3 өрөө шинэ байрны ханшаар нэг сарын түрээсийг 1 000 000 төгрөгөөр тооцож, үүнээс бидэнд төлсөн 7 012 800 төгрөгийг суутгаж, амьдарсан хугацааны төлбөрт 6 987 200 төгрөгийг тохиролцоо хийснээс хойш мөнгөө төлөхгүй, байр суллаж өгөхгүй удааширсан хугацаанд орон сууцны ханш бууснаас болж тухайн үед уг орон сууцыг зарж болох байсан үнэ, одооийн зах зээлийн үнийн зөрүү буюу ханшийн алдагдалд 31 920 000 төгрөгийг, ХХХ нэг ч удаа байрны төлбөр төлж байгаагүй бөгөөд төлбөр нь хуримтлагдсан тул цахилгаан дулааны төлбөрт 812 108 төгрөг, СӨХ-ны төлбөрт 563 640 төгрөг, бүгд 1 375 748 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал, нотариатын зардалд 6 500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, үнэлгээний хөлс 50 000 төгрөг, нийт 41 839 448 төгрөгийг хариуцагч ХХХоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч ХХХ, ХХХ нараас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “ХХХХ” хотхоны ХХ байрын ХХ тоот байрыг худалдан авахаар хэлцэл хийсэн билээ. Хэлцэл хийх үед байранд нь засвар хийх шаардлагатай, шууд орж амьдрах боломжгүй байсан. Иймд засвар хийж дуусаад амьдарч эхэлснээс хойш төлбөр төлж эхлэхээр тохиролцсон.

Уг байрны бохир нь шууд үнэртээд амьдрах боломжгүй байсан тул ХХХыг үүнийгээ янзлаад өгөөч гэсэн боловч янзалж өгөхгүй 4 дүгээр сарын 28-ны өдөр хүргэсэн. Тэгээд өөрөө янзалсан. Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр засвар хийж дуусан уг байранд нүүж орон Худалдаа хөгжлийн банкны зээл болон зээлийн хүү болох төлбөрийг cap болгон хэлцлийн дагуу төлж эхэлсэн.

Хэлцэл ёсоор cap болгоны 18-ны өдөр төлөхөөр заасан бөгөөд хэлцлийн дагуу тухайн сарынхаа 18-наас өмнө төлбөрөө хийдэг. Нэг удаа 7 дугаар сарын 19-ний өдөр төлсөн байгаа. Энэхүү байрыг 2 жилийн хугацаанд Худалдаа хөгжлийн банкны зээлээс бүрэн чөлөөлүүлэн авах үүрэг хүлээсэн бөгөөд эдгээр хүмүүс нь энэхүү байрыг чөлөөлүүлэх эрмэлзлээ урьдчилж гүйцэтгүүлэхийн тулд ийм үйлдэл хийж байгаад нь харамсаж байна.

Бид тэр байранд амьдарч чадахгүй байсан тул 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нүүж явсан. Энэхүү байранд одоогийн байдлаар зээл зээлийн хүүнд 7 068 800 төгрөг, байрны засварт 4 500 000 төгрөг, гал тогооны тавилга /доголтой учир өөр байранд тохирохгүй/ 13 600 000 төгрөг, үүдний тавилга /шатны догол/ 2 800 000 төгрөг, нүүлгэлтийн зардал 350 000 төгрөг, хөргөгч 16 давхарт гараар гаргахад 200 000 төгрөг, хөшиг 14 метр урт цонхтой учир өөр газар тохирохгүй 2 800 000 төгрөг, цоожны гол солиулах 550 000 төгрөг, буцаж нүүх нүүлгэлтийн зардал 550 000 төгрөг, нийт 32 418 800 төгрөгийн зардал гаргасан.

ХХХ нь байнга архи ууж гэрийнхнийгээ болон ойр орчны хүмүүсийн амгалан байдлыг алдагдуулдаг. Ийм хүнд нөхцөлтөй байр авна гэж юу байх вэ, тэндээс бид нүүж явсан. Нүүж явахдаа гал тогооны тавилга хувцасны шкаф, хөшигний мод, нүдэн гэрэл зэрэг зүйлсийг үлдээж явсан. Гэтэл ХХХ нар нь эхлээд шүүхэд нэхэмжлэл гаргаж намайг албадан нүүлгэх хүсэлт гаргасан. Би нэхэмжлэлээс нь татгалзаагүй ээ зөвхөн миний төлсөн болон тус байранд зарцуулсан мөнгийг төлсөн тохиолдолд түлхүүрийг нь өгье гэсэн. Гэтэл тэд нар нэг өдөр л шүүхээс нэхэмжлэлээ татан авсан. Дараа нь тэд байрныхаа түлхүүрийг эвдэн орж, ХХХ хотхонд үлдээсэн зүйлсийг авчирсан байсан.

Хувцасны шкафийг нь эвдсэн байсан. Иймд энэ хүмүүсээс 32 418 800 төгрөгөө нэхэмжлэх бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргах болно. Эдгээр хүмүүсийн нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хүчин төгөлдөр хэлцлийн дагуу төлбөр хийж байсан бөгөөд амьдрах нөхцөлийг алдагдуулан орон байранд оруулахгүй байсан тул энэхүү хэлцлийнхээ нөхцөлийг ХХХ нь зөрчсөн тул намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч ХХХоос 8 412 948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХ, ХХХ нарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 33 426 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлиин 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367 148 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХоос 149 557 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХ, ХХХ нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Энэхүү шийдвэр нь намайг хөдөө явсан хойгуур гарсан бөгөөд миний шүүхэд гаргасан тайлбар нотлох баримтуудыг нэгийг нь ч тусгаагүй, гэрчийн мэдүүлгийг тусгаагүй, хэрэгт цугларсан материалуудыг дүгнээгүй илт нэхэмжлэгчийн талд гарсан шийдвэр байна.

Энэхүү байрыг авах үндсэн бичиг нь хэлцэл билээ. Анхан шатны шүүх энэхүү хэлцэл нь хууль бус гэж үзсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6-д заасныг үзэхэд Худалдаа хөгжлийн банкнаас зөвшөөрөл авалгүй хэлцэл байгуулсан өмчлөгч ХХХ, ХХХ нар нь миний гаргасан 32 418 800 төгрөгийг төлөх ёстой.

Миний бие шүүхэд Худалдаа хөгжлийн банкнаас тодорхойлолт гаргуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шийдвэрлээгүй.

Орон байрандаа чөлөөтэй нэвтрэх эрхийг хаалгасан хүмүүсийг шүүх 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл амьдарсан гэж үзсэнийг огт ойлгохгүй байна. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нүүж явахдаа тухайн байранд үлдээсэн зүйлс нь өөр байранд таарахгүй, гал тогооны тавилга, хувцасны шкаф, хөшигний мод, нүдэн гэрэл зэрэг зүйлсийг үлдээж явсан.

Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 27-ноос 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд амьдарснаа хүлээн зөвшөөрнө. Харин 2015 оны 9 дүгээр сарын 27-ноос хойш амьдарсныг огт хүлээн зөвшөөрөхгүй.

Хүн амьдрахад боломжтой эсэхийг шалгуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүгч энэхүү хүсэлтийг хангаагүй орхисон. Миний бие төлөлтийг анх 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн. 2015 оны 4 дүгээр сараас 9 cap хүртэл cap бүрийн 18-ны өдрүүдэд нийт 7 082 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны зээлийн хүүг төлж барагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэртэй огт санал нийлэхгүй бөгөөд миний эзгүйд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож ,надад учруулсан хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч ХХХ, ХХХ нар нь хариуцагч ХХХоос нийт 41 839 448 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ХХХ нь 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийг сард 1000 000 төгрөгөөр тооцоход 14 000 000 болсноос банкны зээлийн төлбөрт төлсөн 7 012 800 төгрөгийг суутгаж, 6 987 200 төгрөг, орон сууцыг тухайн үед зарж болох байсан үнэ, одоогийн зах зээлийн үнийн зөрүүд 31 920 000 төгрөг, орон сууцны ашиглалтын болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлсний 1 375 748 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын үйлчилгээний зардалд 6 500 төгрөг, өмгөөлөгчийн хөлсний 1 500 000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 50 000 төгрөг, нийт 41 839 448 төгрөг болсныг хариуцагчаар төлүүлнэ гэжээ.

Хариуцагч нь худалдан авахаар тохиролцсон орон сууц нь амьдрах боломжгүй байсан тул байрнаас 2015 оны 10 дугаар сарын 15-нд нүүсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, мөн уг байранд амьдрах хугацаанд засвар, тавилга, нүүлгэлтийн нийт 32 418 000 төгрөгийн зардал гарсныг нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж тайлбарлажээ.

Зохигчид 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр “Хэлцэл” нэртэй гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 40а байр 62 тоот хаягт байрлах 79.8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны 171 612 718 төгрөгийн зээлийн үүргийг  2015 оны 2 дугаар сараас эхлэн сар бүрийн 18-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж, 2 жилийн хугацаанд төлж барагдуулснаар өмчлөх эрхийг ХХХХ-т шилжүүлэхээр харилцан тохиролцсон ч гэрээний зүйл болох ХХХ, ХХХ нарын өмчлөлийн орон сууц нь тухайн үед Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байхад банкинд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр гэрээ байгуулсан нь тогтоогджээ.

Шүүх талуудын хооронд хийсэн дээрх гэрээг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуульд заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь “ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарах” тухай агуулга бүхий тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг болон мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасанд нийцсэн байна.

Дээрхээс үзвэл хөрөнгө олж авсан этгээд буюу хариуцагчийн орон сууцыг эзэмшиж, зээлийг төлөх замаар өмчлөлдөө шилжүүлэхээр гэрээгээр тохирсон үүрэг нь хожим хүчин төгөлдөр бус болсон байх тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр болон мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар  орон сууцыг чөлөөлүүлж, хариуцагчийн эзэмшилд байсан хугацааны зардлыг шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Харин шүүх хариуцагчийн тухайн орон сууцанд амьдарсан буюу чөлөөлсөн хугацааг зөрүүтэй тайлбарласныг хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үнэлэлгүй, хариуцагчийг уг орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл эзэмшсэн гэж тайлбарласан хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байгааг зөвтгөх шаардлагатай гэж үзэв.

Хариуцагч нь орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сулласан гэж,  нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 19-нд орон сууцандаа орсон гэж зөрүүтэй тайлбар гаргасан бөгөөд зохигчдын хэн аль нь тайлбараа баримтаар нотлоогүй.

Хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2016/07228 дугаар захирамж авагдсан байх бөгөөд зохигчдын тайлбарыг уг баримттай харьцуулан үзвэл хариуцагч нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар орон сууцыг чөлөөлсөн гэж үзэх боломжтой байна.

Иймд хариуцагч ХХХийг орон сууцыг 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд эзэмшсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг хугацаанд төлбөрийг 12 000 000 төгрөг /сарын 1 000 000 төгрөг*12 сар/-өөр тооцон хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 7 012 800 төгрөгийг хасаж 6 265 547 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчийн ашиглалтын болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт төлсөн 1 375 748 төгрөгөөс хариуцагчийн оршин суух хугацаанд хамаарах 1 228 347 төгрөгийг, хөрөнгийн үнэлгээний 50 000 төгрөгийн хамт гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч орон сууцны үнэ буурснаас ханшийн алдагдал гэж 31 920 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нотариатын зардалд 6500, өмгөөлөгчийн зардалд 1500 000 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилснээ баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

            Шүүх хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх үүргийг  танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн талаар хэрэгт баримт авагдсан байх ба хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаанаа мэдэгдэж, шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэн энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “8 412 948 төгрөгийг” гэснийг “6 265 547 төгрөгийг” гэж, “33 426 500 төгрөгийн” гэснийг “35 573 901 төгрөгийн” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “149 557 төгрөгийг” гэснийг “115 198 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ