Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 382

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  
Хэргийн индекс:156/2016/00338/И
 
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд  хийсэн  хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар багт оршин суух, Шарайд овогт Сандагийн Агваансодовын хүсэлттэй, "нас тогтоолгож, ажиллаж байсан байдлыг тогтоолгох " тухай хэргийг хянан хэлэлцэв 
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч С.Агваансодов нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: С.Агваансодов миний бие 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн юм. Батлан хамгаалах яамны сайдын 1975 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн н/155 тоот тушаалаар 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан барилгын цэргийн 022 дугаартай ангид алба хааж, мөн сайдын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн н/137 тоот тушаалаар 1978 оны 08 дугаар сарын 15-ний өдөр цэргийн албанаас халагдсан ингээд Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар 1983 оны 11 дүгээр сараас 1991 оны 06 дугаар сар хүртэл ажилласан юм. 
Одоо өндөр насны тэтгэвэрт гарахаар баримтуудаа бүрдүүлтэл  Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэр нь шатсан тул ямар ч баримт бичиг байхгүй байна. Мөн Хэнтий аймгийн архиваас миний “Батжил” нэгдэлд ажиллаж байх үеийн цалингийн тодорхойлолт, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн болон бусад тушаалууд маань  бүрэн гарахгүй байна. (хөдөлмөрийн дэвтэрт огт бичилт хийгдээгүй байна) 
Мөн намайг анх төрөхөд аав ээж маань Дорж гэх нэрийг хайрласан боловч би багадаа өвчин тусч лам нэрийг маань сольж Агваансодов болгон өөрчилсөн гэсэн. Ингээд нэрийг маань солихдоо миний төрсөн он, сар, өдрийг бас солиод биччихсэн байсан. Тухайн үед нь би хүүхэд байсан учир энэ бүхний учир холбогдлыг бүрэн гүйцэт ойлгоогүйн улмаас одоо энэ бүхэн маргаантай болоод байна.                                                    
Иймд миний төрсөн он, сар, өдөр нь 1956 оны 12 дугаар сарын 15-нд өдөр мөн болохыг болон Хэнтий аймгийн Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар 1983 оны 11 дүгээр сараас 1991 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
 
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сандагийн Агваансодов нь  1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн байдаг. Гэтэл иргэний үнэмлэх дээр 1957 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн гэж бичигдсэн байдаг. Энэ асуудлыг шүүхээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан юм. Мөн С.Агваансодов нь 1973 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын мод бэлтгэлтийн ангид ажиллаж байсан. Энэ үеийн баримтууд устсан тул тухайн үед ажиллаж байсныг нотлох баримт байхгүй болсон. Мөн 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. 
Иймд С.Агваансодовын насыг тогтоож төрсөн он, сар, өдөр нь 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөн болохыг, Хэнтий аймгийн Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар 1983 оны 11 дүгээр сараас 1991 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.
 
   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

        Хүсэлт гаргагч Шарайд овогт Сандагийн Агваансодов нь 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар, 1983 оны 11 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг, мөн нас тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
 
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
 
Хүсэлт гаргагч С.Агваансодовын тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт бичилт байхгүй, цалингийн тодорхойлолт, ажилд томилогдсон чөлөөлөгдсөн тушаал байхгүй, төрсөн он, сар, өдөр нь зөрүүтэй тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.13-д зааснаар хүсэлт гаргагч С.Агваансодов нь ажиллаж байсан байдлыг болон нас тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СБ-57091510 регистрийн дугаартай, Шарайд овогт Сандагийн Агваансодов нь 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1. Гэрч Б.Оюунбаатарын: ... Би Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд тракторчнаар 1972 оноос 1991 оныг дуустал хугацаанд ажиллаж  байсан... С.Агваансодовыг 1 дүгээр ангиасаа хойш мэднэ... С.Агваансодов нь 1982 оноос 1991 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан.... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 20 тал) 
2. Гэрч Ш.Алтанцэцэгийн: ...Би Хэнтий аймгийн Батширээт сумын нисэх буудалд эрхлэгч холбоочноор 1978 оноос 1991 оныг дуустал ажиллаж байсан.... С.Агваансодов нь манай нөхөр Б.Оюунбаатартай нэг ангид сурч байсан юм..... С.Агваансодов нь 1978 оноос 1991 оныг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан....гэсэн мэдүүлэг. (хх-ийн 21 тал)
3. Гэрч Д.Цэцэгмаагийн:.... Би С.Агваансодовыг багаас нь мэднэ. Бид нэг нутгийн хүмүүс байгаа юм... С.Агваансодовыг бага байхад нь Дорж гэдэг байсан. Сүүлд Агваансодов гэдэг болсон талаар нь өөрөөс нь сонсож байсан.... 1964 онд С.Агваансодов бид хоёр нэг ангид орж байсан гэж бодохоор 1956 онд төрсөн гэж бодож байна...гэсэн мэдүүлэг. (хх-ийн 62 тал)
4. Хүсэлт гаргагчийн 45/003113 төрсний бүртгэлийн лавлагаа. (хх-ийн 4тал) 
5. Хэнтий аймгийн архивын тасгийн тодорхойлолт. (хх-ийн 6 тал) 
6. Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт. (хх-ийн 7-8 тал) 
7. Хэнтий аймгийн архивын тасгийн дарга Л.Бат-Октябрын тодорхойлолт, (хх-ийн 7-8 тал)
8. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэлийн тайлбар, хүсэлт, (хх-ийн 16-17 тал) зэрэг болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчийн Хэнтий аймгийн Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэрт 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд  нормын ажилчнаар ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.  
Хүсэлт гаргагч С.Агваансодов нь 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 45/003113 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд:... эцэг Цэдэнгийн Сандаг,.... эх Галдангийн Долгоржав, хүү Сандагийн Дорж, 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрснийг Хэнтий аймгийн Батширээт суманд 1957 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бүртгүүлсэн гэжээ. (хх-ийн 4 тал)
2.Гэрч Д.Цэцэгмаагийн: ....С.Агваансодовыг бага насанд нь Дорж гэдэг байсан... Сүүлд уулзахад Дорж биш Агваансодов гэдэг нэртэй болсон байсан. Учрыг суухад аав, ээж минь намайг өвчин ороогоод байхаар нь нэрийг маань сольсон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг... (хх-ийн 60 тал)
3. Хэнтий аймгийн архивын лавлагаанд:... 1958 оны Батширээт сумын 1 дүгээр баг “Барх” бригадын хүн амын тооллогоор: Сандагийн Дорж нь 2 настай, эрэгтэй гэж тоологдсон байна гэжээ. (хх-ийн 66 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Агваансодовыг 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
                                      
ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар СВ- 57091510 регистрийн дугаартай, Шарайд овогт Сандагийн Агваансодовыг 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2.  Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Агваансодовыг 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн болохыг тогтоосугай. 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Агваансодовын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ