Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01413

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01413

 

 

,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2024/02464 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.,,,,,,,,,,,,,д холбогдох,

Төрд учруулсан хохирол 3,743,939 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Захиргааны шүүхийн шийдвэрээр Д.,,,,,,,,,,,,,ы гаргасан тушаалыг хүчингүй болгож, ,,,,,,,,,,,ийг Түргэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гарч уг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна. Мөн ,,,,,,,,,,,ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 3,743,393 төгрөгийг төсвөөс олгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.,,,,,,,,,,,,,аас шүүхийн шийдвэрийн дагуу ,,,,,,,,,,,эд олгосон нөхөн олговрыг гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар төрийн ашиг сонирхлыг хамгаалж өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байхад прокурор нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газар эрх ашгаа зөрчигдсөнөө мэдсэнээс хойш 5 жил өнгөрсөн байх бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн хуульд зааснаар гэм хорын хохирол нь гэм буруугийн санаатай болон илтэд болгоомжгүй үйлдлээр учруулсан нь тогтоогдоогүй.

Иймд прокурор нь шаардах эрхгүй, гэм буруу тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Увс аймгийн Прокурорын газар нь хариуцагч Д.,,,,,,,,,,,,,аас гэм хорын хохирол нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.,,,,,,,,,,,,,аас хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохиролд 3,743,939 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч Д.,,,,,,,,,,,,,аас тэмдэгтийн хураамж 74,853 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хуульд зааснаар Прокурорын байгууллага нь зөвхөн гэм хорын хохирлыг арилгасан байгууллага болох Увс аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хүсэлт, итгэмжлэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 дүгээр захирамж болон уг захирамжийг хууль бус болохыг тогтоосон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гаргаж өгөөгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа хариуцагчийг шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр хандсан гэж буруутгаагүй.

Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж хэрэгжсэн учир уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх үйл баримтад тухайн хуулийг буцаан хэрэглэхгүй.

Шүүхийн шийдвэрүүдэд хариуцагчийг хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, мөн гэм буруутай гэж буруутгаагүй.

Шүүх гэм буруугийн хариуцлагыг хүлээлгэх тохиолдолд шийдвэр гаргахад хамтран оролцсон байгууллагуудын албан тушаалтнууд ажил үүргээ гүйцэтгэсэн байдал, гэм бурууд дүгнэлт хийж, хариуцагчийг гэм буруугийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл түүнд хүлээлгэх хариуцлагыг багасгах үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга:

Хуулийн зохицуулалтын дагуу Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.

Төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулахад төрийн албан хаагчийн буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас төрд гэм хорын хохирол учирсан, уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хуульд заасан эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Д.,,,,,,,,,,,,, нь төрийн албан хаагчийн "хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах" албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасныг (санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн аль нь байж болно) "гэм буруугүй" гэж үзэхгүй ба тухайн гэм буруутай үйлдлийн улмаас тодорхой иргэний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, хохирол учирсан цалин болон эрүүл мэнд, даатгалын бичилт тасалдсан, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байх тул хариуцагч нь төлөх үүрэгтэй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь хариуцагч Д.,,,,,,,,,,,,,д холбогдуулан төрд учруулсан хохирол 3,743,939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх маргаанд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3. Хариуцагч Д.,,,,,,,,,,,,, нь Увс аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа ,,,,,,,,,,,ийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар Түргэн сумын сургуулийн захирлын ажлаас чөлөөлснийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн үндэслэлээр ,,,,,,,,,,, нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,670,265 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг захирамжийн дагуу явагдсан Увс аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч ,,,,,,,,,,,эд 3,743,939 төгрөгийн төлбөр 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлөгджээ.

 

3.1. Дээрх үйл баримтад үндэслэн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Зохигчийн маргаж буй Д.,,,,,,,,,,,,, нь Увс аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа ,,,,,,,,,,,ийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэх үйл баримт нь шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарах тул энэ хуулийг маргаанд хэрэглэхгүй.

Өөрөөр хэлбэл, уг маргаан бүхий харилцааны хохирол шаардах эрх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдоно. Хэрэгт авагдсан баримтаар Увс аймгийн Прокурорын газар нь ,,,,,,,,,,,эд шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй болох нь тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч байгууллага нь ,,,,,,,,,,,эд төлсөн 3,743,939 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй.

 

3.2. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, 20.3 дахь хэсэгт Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 20.4 дэх хэсэгт Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно гэж тус тус заасан.

Гэхдээ дээрх хуулийн зохицуулалтаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрх зүйн чадамжтай байгаа тохиолдолд түүнийг төлөөлөгч прокурорт гэм хорын хохирол шаардах эрхийг олгоогүй.

Учир нь Увс аймгийн Засаг даргын тамгын газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, ,,,,,,,,,,,эд төлсөн 3,743,939 төгрөгийг төлсөн тохиолдолд Увс аймгийн Засаг даргын тамгын газар нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгасан хуулийн этгээд, мөн хуулийн 498.5 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн зохих шаардах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй.

 

3.3. Шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийн гэм буруу, хөөн хэлэлцэх хугацааны талаарх гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

4. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг дүгнэсэн нь буруу болжээ.

Шүүх 2017 онд болсон хууль зүйн фактад тухайн үед хүчин төгөлдөр болоогүй байсан хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

 

5. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар дүгнэлт өгсөн тул иргэдийн төлөөлөгчийн гаргасан хариуцагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтэд тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

6. Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2024/02464 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.,,,,,,,,,,,,,д холбогдох төрд учруулсан хохирол 3,743,939 төгрөг гаргуулах тухай ,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,853 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ