Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01418

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01418

 

 

Л.,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/02215 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.,,,,,,,,,,,,т холбогдох,

хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.,,,,,,,,,,,,т 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээгээр 45,000,000 төгрөг өгсөн. Уг гэрээг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу нэг жилийн хугацаатай сарын 3 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй байгуулсан. Үүн дээр нэмж 15,000,000 төгрөг мөн зээлээр олгосон.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15 байр, 68 тоот хаягт байршилтай, 40 м.кв гурван өрөө орон сууцыг барьцаалсан.

2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 14,400,000 төгрөг, алданги 37,200,000 төгрөг, нийт 111,600,000 төгрөг болоход Б.,,,,,,,,,,,, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, байраа шилжүүлж өгнө гээд үүрэг дуусгавар болгох гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15 байр 68 тоот хаягт байршилтай 40 м.кв гурван өрөө орон сууцыг надад шилжүүлэн өгсөн.

Б.,,,,,,,,,,,, нь өнөөдрийг хүртэл эцэг эхтэйгээ уг орон сууцад амьдарч байгаа ба удаа дараа байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч чөлөөлж өгөхгүй өмчлөх эрхэд халдаж байна. Иймд орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Л.,,,,,,,,,,,,,оос авсан мөнгийг бизнестээ зарцуулж байсан боловч ковидын хөл хорио тавигдаж байсан учраас хийж байсан бизнест маань нэлээд хүндрэл гарч зээлээ төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Энэ үед Л.,,,,,,,,,,,,, надад барьцаанд тавьсан орон сууцаа миний нэр дээр түр шилжүүлж өг, дараа нь мөнгөтэй болохоороо үндсэн зээл болон хүү, алдангиа төлөөд буцаагаад шилжүүлээд аваарай гэж хэлсэн. Дараа нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба Л.,,,,,,,,,,,,, татвар бага төлөх зорилгоор 90,000,000 төгрөг гэж бичсэн.

Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл, Л.,,,,,,,,,,,,, надаар зээлээ хурдан төлүүлэхийн тулд тус гэрээг байгуулж, байгаа гэж ойлгуулж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Надад орон сууцаа худалдах хүсэл зориг байгаагүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016231 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15 дугаар байр, 68 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.,,,,,,,,,,,,ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, уг орон сууцыг өмчлөгч болох нэхэмжлэгч Л.,,,,,,,,,,,,,од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх үүрэг дуусгавар болгосон хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн атлаа хариуцагчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Талуудын хооронд үүссэн үүрэг дуусгавар болгох тухай гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралтай, хамт шийдвэрлэгдэх маргаан байсан бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй.

Мөн шийдвэрт хариуцагчийн нэрийг ,,,,,,,,,,,,,,,, гэж андууран буруу бичсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож, худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг худалдан авсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Л.,,,,,,,,,,,,, нь хариуцагч Б.,,,,,,,,,,,,т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 45,000,000 төгрөг, 07 дугаар сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг хүү, алданги тооцох нөхцөлтэйгөөр хариуцагчид зээлээр олгосон.

Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн барьцааны гэрээний дагуу хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016231 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15 дугаар байр, 68 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч барьцаалсан.

 

3.1. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 104,850,000 төгрөг төлөх үүрэгтэй болохыг зохигч баталгаажуулж, энэ үнийн дүнгээр барьцаа хөрөнгийг худалдахаар тохиролцож зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон.

Уг үүрэг дуусгавар болгосон гэрээнд үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч нь Нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15 дугаар байр, 68 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, нэхэмжлэгч нь 90,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр дээрх орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үүргийн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт өгөхдөө үүрэг дуусгавар болгосон гэрээг хүчин төгөлдөр бус гэж алдаатай дүгнэснийг залруулна.

 

4.1. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 60,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангид нийт 104,850,000 төгрөг төлөх үүрэгтэй, энэхүү мөнгөн төлбөрийн үүргийг нэхэмжлэгчийн хариуцагчаас худалдан авах гэж буй гурван өрөө орон сууцны төлбөрт шилжүүлэн тооцохоор талууд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцсон.

Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэх зохицуулалтад нийцсэн тул зохигчийн байгуулсан үүрэг дуусгавар болгох гэрээ хүчин төгөлдөр.

 

4.2. Үүрэг дуусгавар болгох гэрээгээр зээлийн гэрээний үүргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцохоор нэгэнт харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлж барагдуулсан гэж дүгнэнэ.

Ийнхүү зээлийн гэрээний үүргээр худалдах, худалдан авах гэрээний үнийг харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч төлж барагдуулсан тул түүнийг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тооцохгүй юм.

Өөрөөр хэлбэл, талууд хожим үүргийг дуусгах зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж заасныг зөрчөөгүй.

 

4.3. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон, хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй болохоо буюу татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

Иймд, анхан шатны шүүх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016231 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15 дугаар байр, 68 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.,,,,,,,,,,,,ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлээс хальж нэгэнт өмчлөгч болсон нэхэмжлэгчид тухайн орон сууцыг олгохоор тусгасан нь оновчгүй байгааг залруулж, найруулгын шинжтэй өөрчлөлт оруулна.

 

5. Хариуцагчийн гаргасан үүрэг дуусгавар болгох гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл нь агуулгын хувьд татгалзлын шинжтэй байх тул үүнийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2024/11347 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг буруутгахгүй.

Мөн шийдвэрт хариуцагчийн нэрийг алдаатай бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх ба энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/02215 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад чөлөөлж, уг орон сууцыг өмчлөгч болох нэхэмжлэгч Л.,,,,,,,,,,,,,од олгосугай гэснийг чөлөөлсүгэй гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 920,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ