Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 0111

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй     

Улсын яллагч Б.Жавхлантуяа  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганчимэг

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1925000940091 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Аргуун овогт Б.М, Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эмээ, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 13-14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ГЗ86040410/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-12-р байрны “Орших” дэлгүүрий гадаа цагдаагийн албан хаагч О.Мөнхбаярын тавьсан шаардлагыг биелүүлээгүй, албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинээр нотлох баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч О.Мөнхбаяр нь “гомдолгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч О.Мөнхбаярын... “2019 оны 01 сарын 30-ны орой 18 цагийн үед Согоот багийн 6-13 дугаар байрны гадаа зодоон болоод байна гэсэн дуудлага аваад хамтрагч дэд ахлагч Төр-Эрдэний хамт очсон. Тэгээд дуудлагын дагуу Согоот багийн 6-12 дугаар байрны гаднаас зөрчил гаргасан гэх Мөнхчулууньг аваад машиндаа суулгах гэтэл Мөнхчулууны дүү нь гэх залуу хүрч ирээд та нарт ахыгаа өгч явуулахгүй гээд байсан. Тэгээд байж байтал Мөнхчулуун намайг хөлөөрөө хавсарч газар унагаасан. Би газар унахдаа зүүн гараараа газар тулсан. Тэгээд босоод иртэл миний зүүн гарын дунд, ядам хуруунаас цус гарч байсан Би гар бэртсэн байна шүү гэж хэлээд Мөнхчулууныг машиндаа суулгаж эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Би Мөнхчулууныг машинд суулгах гэтэл машинд суухгүй гэж эсэргүүцэн намайг хөлөөрөө хавсарч унагаасан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/

 

2. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 125 дугаартай дүгнэлтийн ... “О.Мөнхбаярын биед зүүн гарын дунд хуруунд шарх, долоовор ядам хуруунд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн гарын дунд хуруунд шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Долоовор, ядам хуруунд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 12-р хуудас/ 

 

3. Гэрч Н.Төр-Эрдэнийн ...“2019 оны 01 сарын 30-ны орой 18 цагийн үед Согоот багийн 6-13 дугаар байрны гадаа зодоон болоод байна гэсэн дуудлага 102- ын жижүүрээс хүлээн авсан. Тэгээд хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Мөнхбаярын хамт дуудлага өгсөн газар очихоор явсан. Тэгээд дуудлагын дагуу Согоот багийн 6-12 дугаар байрны гаднаас зөрчил гаргасан гэх Мөнхчулууныг аваад машиндаа суулгах гэтэл Мөнхчулуун нь машинд суухгүй гэж эсэргүүцээд байсан. Мөнхчулуун нь би хамт архи уусан хүнтэйгээ хамт эрүүлжүүлэхэд орно гээд явахгүй байсан. Тэгээд байж байтал Мөнхчулуун нь надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Мөнхбаярын хөл рүү хөлөөрөө өшиглөж хавсран газар унагаасан. Мөнхбаяр газар унаад босч ирэхдээ миний гарнаас цус гарч байна гээд байсан”... гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

4.Цагдаагийн газрын дуудлага хүлээн авсан тэмдэглэл, ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тухай цагдаагийн газрын даргын тушаалын хуулбар. /хх-ийн 35-3-р хуудас/

 

5. Гэрч Х.Тэнгисболдын ...“Би 2019 оны 01 сарын 30-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авах жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад 94351441 дугаарын утаснаас 19 цаг 47 минутын үед манай 102-ын утсанд 6-12 дугаар байрны гадаа Оргил дэлгүүрийн хажууд зодуулсан гэх дуудлага ирсэн. Тэгээд би цагдаагийн дэд ахлагч Төр- Эрдэнэд дуудлагыг дамжуулсан. Ахлагч Төр-Эрдэнэ тэр өдөр ахлагч Мөнхбаяртай хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 20 цаг 05 минутанд ахлагч Төр-Эрдэнэ, Мөнхбаяр нар бусадтай зодоон хийсэн хүнийг дуудлагын дагуу авч ирж эрүүлжүүлэх байранд хүргэсэн талаараа надад хариу өгсөн"... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.                                                                                        

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Мөнхчулуун нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн хувьд хохирол төлбөр төлөгдсөн ямар нэг гомдол саналгүй гэсэн баримт байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Мөнхбаярын мэдүүлэг, гэрч Н.Төр-Эрдэнэ, Х.Тэнгисболд, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.М нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-12 дугаар байранд байрлах “Орших” дэлгүүрий гадна албан үүргээ биелүүлэхээр очсон цагдаагийн албан хаагч О.Мөнхбаярын хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцэж, хавсарч унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Мы үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч Б.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Аргуун овогт Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС