Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2016/00375/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Х.Ганбямба
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам нар оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 11-14 тоотод оршин суух, Нирун овогт Хуврагийн Ганбямбын “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 03-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Х.Ганбямба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд малчнаар, 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нийтийн аж ахуй үйлчилгээний газарт гуталчнаар, 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн хувьсгалч залуучуудын эвлэлийн хороонд аж ахуйн няраваар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан юм. Би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн юм.
Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 1, 29 тал)
    
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

    Хүсэлт гаргагч Х.Ганбямба нь 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд малчнаар, 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нийтийн аж ахуй үйлчилгээний газарт гуталчнаар, 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн хувьсгалч залуучуудын эвлэлийн хороонд аж ахуйн няраваар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Х.Ганбямба 1970 оны хөдөлмөрийн дэвтэргүй, ажилд орсон тушаал байхгүй  тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ. 
Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм. 
Хүсэлт гаргагч нь СП-56020718 регистрийн дугаартай, Нирун овогт Хуврагийн Ганбямба нь 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт гуталчнаар, 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд аж ахуйн няраваар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

1. Гэрч Л.Баттөмөрийн: ... Би 1973 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2005 оны 03 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн ахуй үйлчилгээний комбинатад оёдол, гутал, хими цэвэрлэгээний мастераар ажиллаж байсан юм.... Х.Ганбямба нь 1979 оны 05 дугаар сараас 1983 оны 10 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад гуталчнаар ажилладаг байлаа... Бид хоёр хамт ажилладаг байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 37-38 тал)
2. Гэрч Ш.Дашдаваагийн: ..Би 1964 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 05-ны  өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн гар үйлдвэрт гуталчин, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт гуталчнаар ажиллаж байсан юм. Х.Ганбямба нь 1979 оны 05 дугаар сараас 1983 оны 10 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт гуталчнаар ажиллаж байсан.... тухайн үед нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргаар Ч.Тэрбиш гэдэг хүн ажилладаг байлаа... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 34-35 тал)
3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Х.Ганбямбын 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг, он сараар нь бичсэн байна. (хх-ийн 15 тал)
4. Баярын бичигт: Х.Ганбямба танаа ... Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр зорьж гарсан хөдөө нутагтаа өндөр амжилт гарган ажиллахыг хүсч баярын бичиг үнэ бүхий зүйлээр дурсгав. Аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, 1987 оны 12 дугаар сарын 07, Өндөрхаан хот гэжээ. (хх-ийн 14 тал)
5. Гэрэл зураг 3 ширхэг. (1979, 1982, 1983 он) (хх-ийн 18-19 тал)
6. Хүсэлт гаргагчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-ийн 16-17 тал)
7. Урилгын хуулбарт:  Х.Ганбямба таныг... Нийтийн аж ахуй, үйлчилгээний ажилчдын 1982 оны гавшгайчдын баярт хүрэлцэн ирэхийг уръя. Гавшгайчдын баяр 1982 оны 12 дугаар сарын 31-нд нийтийн аж ахуйн ажилчны клубт 21 цагт болно. Шинэ жил, гавшгайчдын баярын комисс гэжээ.  (хх-ийн 9 тал)
8. Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбарт: Нирун овогт Хуврагийн Ганбямба, 1956 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, СП-56020718 регистрийн дугаартай байна. (хх-ийн 7 тал)
9. Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар: (хх-ийн 1-2, 29 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
Хүсэлт гаргагч нь 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СП-56020718 регистрийн дугаартай, Нирун овогт Хуврагийн Ганбямбыг 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт гуталчнаар, 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд аж ахуйн няраваар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

     3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Ганбямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ