Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01447

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01447

 

 

,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/02643 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41,255,274 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх 21,454,545 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ,,,,,,,,,,,,,, ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Төрийн банкны архивын барилгын гадна металл фасадны ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 351,603,516 төгрөг авахаар харилцан тохиролцсон. Гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн боловч ,,,,,,,,,,,,,, ХХК нь үлдэгдэл төлбөр 27,503,516 төгрөгийг өнөөдөр хүртэл төлж барагдуулаагүй.2021 оноос хойш гэрээний үлдэгдэл төлбөрөө авахаар шаардсан боловч үр дүн гараагүй.

Гэрээний 8.2, 8.3-т зааснаар анзыг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 13,751,758 төгрөг болсон.

Иймд үлдэгдэл төлбөр 27,503,516 төгрөг, алданги 13,751,758 төгрөг, нийт 41,255,274 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Сөрөг нэхэмжлэлийн хувьд ажлын хөлс орж ирэнгүүт дутуу төлөлтийг шивээд төсөвт төлнө. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар төсөвт төлөх, тайлагнах ёстой татварыг ,,,,,,,,,,,,,, ХХК шаардах эрхгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Нийт 286,000,000 төгрөгийн төлбөрийг хийсэн бөгөөд зөрүү үлдэгдэл 9,503,516 төгрөгийн өглөгтэй байгаа. Мөн гэрээний 8.8-д заасны дагуу хариуцагч талд ажил дууссан актыг ирүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх, гэрээний дагуу алданги төлөхгүй.

2.2. Нэхэмжлэгч нь гэрээний 3.1, 3.4, мөн хавсралтад заасны дагуу ,,,,,,,,,,, ХХК-ийн зүгээс шилжүүлсэн төлбөр тус бүрд нь нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шивж өгөх ёстой.

Үлдэгдэл 236,000,000 төгрөгийг татвар төлөх үүргээ биелүүлээгүйгээс манай компани татварын байгууллагад бодитоор 21,454,545 төгрөгийг ,,,,,,,,,,, ХХК-ийн өмнөөс төлж хохирсон.

Иймд гэрээний дагуу төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татвар 21,454,545 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-иас 41,255,274 /дөчин нэгэн сая хоёр зуун тавин таван мянга хоёр зуун далан дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХХК-д олгож, нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХХК-иас 21,454,545 /хорин нэгэн сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга таван зуун дөчин таван/ төгрөг гаргуулах тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 364,230 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 265,223 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 364,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн зүгээс 27,503,516 төгрөгийн үлдэгдэл санхүүжилт төлөөгүй тал дээр маргаагүй бөгөөд уг төлбөрийг төлөхийн тулд гэрээт ажлыг хүлээлгэж өгсөн байх хуулийн шаардлага байгаа хэдий ч нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн ажлыг дуусгасан, ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн гэх бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.

",,,,,,,,,,," ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.4-т заасны дагуу авсан санхүүжилт тус бүрт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас санхүүжилтийг зогсоосон.

Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байгааг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дэх хэсэгт зааснаар алдангийг бууруулж болох байсан.

Өөрөөр хэлбэл, гэрээний талууд хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байхад зөвхөн хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж, үлдэгдэл төлбөр болон түүнд ногдох алдангийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь 23,600,000 төгрөгийг татвар төлөх үүргээ биелүүлээгүйгээс манай компани бодитоор 21,454,545.45 төгрөгийг ",,,,,,,,,,," ХХК-ийн өмнөөс төлж хохирсон байхад шүүх үндэслэл муутай дүгнэлт хийсэн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гомдлыг зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Алдангийг хуульд нийцүүлэн шаардсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөлтийн шивэлтийг төлбөр хүлээн аваад хийнэ гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 27,503,516 төгрөг, алданги 13,751,758 төгрөг, нийт 41,255,274 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэмэгдсэн өртгийн албан татвар татварт төлсөн гэх 21,454,545 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Төрийн банкны архивын барилгын гадна металл фасадны ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс 351,603,516 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн 295,503,516 төгрөгийн ажлын хөлсөнд хариуцагч нь 268,000,000 төгрөг төлж барагдуулсан.

 

3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан 50,000,000 төгрөгийн хөлсөнд нэмэгдсэн өртгийн албан татварын баримт үйлдэж хүлээлгэн өгсөн бөгөөд бусад хүлээн авсан 218,000,000 төгрөгийн хөлсөнд холбогдох татварын баримт олгоогүй.

 

3.2. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх зохигчийн байгуулсан гэрээний ажлын үр дүнг хүлээлгэн өгөх шинжийг харгалзан тэдгээрийн хооронд Иргэний 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

4.1. Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээний 8.8-д зааснаар ажлын үр дүнг актаар хүлээлцээгүй боловч 295,503,516 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, үүнд ногдох ажлын хөлснөөс хариуцагч нь 27,503,516 төгрөг төлөөгүй болохоо зөвшөөрч, энэ талаар гомдол гаргаагүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 27,503,516 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн.

 

5. Алданги 13,751,758 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүх алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулна.

Учир нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасан.

 

5.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний 3.1, 3.4-т зааснаар хүлээн авсан ажлын хөлсөнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг үйлдэж хариуцагчид хүлээлгэн өгөх ёстой боловч 218,000,000 төгрөгийн хөлсөнд баримт олгоогүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрөө үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдсан байна.

 

5.2. Иймд анз буюу алдангид шаардсан 13,751,758 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, холбогдох тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилнө.

Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч нь төсөвт төвлөрүүлэх татварыг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул үүнд холбогдох гомдлыг хангахгүй орхив.

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилттэй холбоотойгоор нэхэмжлэгчийн төлөх ёстой нэмэгдсэн өртгийн татварт 27,503,516 төгрөг төлж хохирсон гэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар ийнхүү татвар төлсөн нь нотлогдоогүй, баримтаар гаргаж өгсөн татварын тайлангаар ,,,,,,,,,,, ХХК-тай холбоотой ажил, үйлчилгээний хөлсөнд ногдох татварын хэмжээ зааглагдаж ялгагдахгүй.

Иймээс сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хангахгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/02643 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-иас 27,503,516 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХХК-д олгож,

нэхэмжлэлээс 13,751,758 төгрөг гаргуулах хэсгийг болон нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХХК-иас 21,454,545 төгрөг гаргуулах тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 56.1 гэснийг 56.2 гэж, хариуцагчаас 364,230 гэснийг хариуцагчаас 295,468 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 491,940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ