Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 313

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О овогт Н-ийн Ч-т холбогдох эрүүгийн 19100 0108 0159 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, хохирогч Р.О, шүүгдэгч Н.Ч, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын менежмент мэргэжилтэй, “Инстал наран констакшн” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 47б байрны 49 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хос-100 хотхоны 100б байрны 89 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овогт Н-ийн Ч- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос-100Б дугаар байрны гадаа, тус байранд жижүүр ажилтай Р.О-тай “зогсоолд машин буруу байрлуулсан байна” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                         

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо Хос-100 хотхоны 1005-р байрны 89 тоотод амьдардаг. 2018 оны 12 сарын 29-ний өдөр манай байгууллагын шинэ жил болсон. Тэгээд шинэ жилийн үдэшлэг тараад гэртээ ирээд машинаа гараашид тавих гэтэл машины зогсоол хаагаад машин тавьсан байсан. Тэгээд намайг машинаа тавьж байх хооронд манай эхнэр О эгчтэй маргалдсан. Тэгээд машинаа тавьчихаад гэртээ орох гэтэл оруулахгүй байсан юм. Гадаа маш их хүйтэн байсан ба манай эхнэр даашинзтай, би бас нимгэн хувцастай байсан учир маш их даараад, орц руу орох гэтэл О эгч хаалга таглаж зогсоод оруулахгүй байхаар нь би түлхэж холдуулсан. Үүдний довжоо ойролцоогоор 15-20 см байх. Би О эгчийн мөр хэсэг рүү нь түлхсэн. Одоо хохирогчоос албан ёсоор уучлалт гуйж байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжилж байгаагүй. Тухайн үед гар утас байгаагүй, прокурорын шатанд утасны асуудал гарч ирсэн.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Р.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2018 оны 12 сарын 29-ний орой 23 цаг 40 минутад Ч нь эхнэрийнхээ хамт машинтайгаа гараашид орж ирээд эхнэр нь хашгираад байхаар нь би  гараад “машинаа аятайхан тавиарай” гэхэд “чамд шаардлага тавих эрх байхгүй, чи муу гуйлгачин” гэх мэтээр намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. “Цагдаа дуудсан байгаа гараашид байж бай” гэхэд гарч явах гээд гараашнаас эхлэн маргалдаж явсаар орцны үүдэнд очоод “орцонд ороод ярилцъя, чип байна уу” гэхээр нь би өөрийнхөө чипээрээ орцны хаалгыг онгойлгож өгтөл Ч намайг түлхчихээд орц руу орчихсон.

Би араас нь ороход лифтны хаалга хаагдаад яваад өгсөн. Манай хүү “та гар утсаар бичлэг хий” гээд гар утсаа өгөхөөр нь халаасандаа хийсэн байсан ба намайг унахад утасны дэлгэц хагарсан байсан. Тэгээд би араас нь очих гэтэл манай нөхөр “одоо болъё, баяр ёслол болох гэж байна” гэхээр нь болиод гэртээ орсон. Тэгээд цагдаа нар ирэхээр нь би гарч цагдаа нартай уулзаад өгсөн дуудлагаа буцаагаад, цагдаа нарыг явуулчихаад, гар утсаа гаргаад хартал дэлгэц нь хагарсан байхаар нь маргааш эрүүлд нь хэлье гээд байж байтал шүүгдэгч өөрөө, эхнэрийн хамт хоёр цагдаа дагуулаад ороод ирсэн.

Тэгээд хоёр цагдаатай орж ирэхдээ “маргааш гэхэд зайлсан байгаарай” гэж хэлсэн юм. Өглөө нь гар хугарсан юм шиг өвдөөд байхаар нь өвчин намдаах эм уучихаад юмаа оёж байгаад хартал гар хавдсан байсан. Тэгээд гар өвдөөд байхаар нь би 12 сарын 31-ний өглөө цагдаад өргөдөл гаргасан юм. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Такси барьж очиж үзүүлээд гараа гипсдүүлсэн. Эмчилгээний зардлаа нэхэмжлэх гэсэн боловч баримтаа цуглуулаагүй учир одоо гар утасны үнээ төлүүлнэ. Гар утасны дэлгэц солихоор гэмтэл ордог гэсэн учир гар утсаа шинээр авахуулах хүсэлтэй байна. Гар утасны үнэ 550.000 болон үнэлгээ хийлгэсэн 30.000 төгрөг нийт 580.000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо миний гар зүгээр байгаа. Шүүгдэгч сая шүүх хуралдаанд “уучлаарай” гэж хэлсэн. Өмнө нь нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Эхнэр нь хэрэг болсон өдрийн маргааш нь миний хажуугаар муухай хараад өнгөрсөн. Хэн нь ч уучлаарай гэдэг үг хэлээгүй. Намайг зөндөө доромжилсон.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0108 0159 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.О-ын хохирогчоор өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 23 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос-100Б байранд доод давхарт гараашинд нөхөр Эрдэнэбатын хамт манаач, үйлчлэгчээр ажиллаж байхдаа гараашийн хаалга онгойх чимээ гарахаар нь би гартал гадаа 77-72 УБК улсын дугаартай хар өнгийн жийп автомашин 22 дугаар зогсоол дээр машин ухрааж тавих үйлдэл хийж байх шиг байсан. Тэгээд эхнэр нь орилоод байхаар нь би яваад очиход эхнэр нь согтуу, нөхөр нь согтуу байхаар нь би “машинаа манай нөхөрөөр бариулаад тавиулчихгүй юу” гэж хэлэхэд эхнэр нь “та нар муу гуйлгачингуудаар 25.0 сая төгрөгийн үнэтэй машинаа тавиулахгүй” гэсэн.

Би “хойд талын машинаа шүргэчихгүй машинаа тавиарай, та хоёр уучихсан байна” гэхэд эхнэр нь “ууж идэхээ та нараар залгуулахгүй шүү” гэсэн. Тэгж байтал нөхөр нь машинаас бууж ирэхэд эхнэр нь түүнд “энэ хоёр илүү дутуу юм яриад байна, энэ хоёрт хэл” гэхэд нөхөр нь “би бол том хүн, та нар муу сайн юмнууд миний машиныг харах эрх байхгүй” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Эрдэнэбат цагдаа дуудахад нөхөр нь гараашийн хаалгаар гарах гэхэд орц руу оруулахгүй “орцны үүдэнд байж бай, цагдаа дуудсан байгаа” гэж хэлэхэд “цагдаад өгсөн ч бид нар том хүн, гараад ирнэ” гээд байсан ба орцны хаалгаа онгойлгож чадахгүй байсан.

Дараа нь “орцонд ороод ярилцъя, би даараад байна” гэхээр нь өөрийн чипээр хаалгаа онгойлгоход түрүүлж нөхөр нь орц руу оронгуутаа эхнэрээ түшиж оруулаад, би араас нь орох гэтэл намайг түлхэж унагасан. Тэгээд манай нөхөр Эрдэнэбат намайг түшиж босгоод араас нь ороход тэр эхнэр, нөхөр хоёр баруун талын лифт рүү орчихсон байхаар нь очиж пальтоных нь араас татахад баруун гараа нудраад хаалга хаагаад явчихсан. Тэгээд манай нөхөр Эрдэнэбат “болъё” гэж хэлээд орцны хаалгаар явж байхад шатны хажууд байрны эзэн зогсож байснаа над руу хараад “та хоёрын буруу” гэж хэлэхэд манай нөхөр “наадахдаа юу хэлэх вэ, оръё” гээд гарааш руу ороход 00 цаг өнгөрч байсан.

Тэгээд цагдаа ирэхээр нь нөгөө хүмүүс гэртээ ороод унтсан байгаа байх гэж бодоод дуудлагаа буцаасан. Тэгээд шөнийн 03 цаг өнгөрч байхад цагдаа ирээд дуудахаар нь гартал нөгөө хүмүүс ирсэн, хувцас хунараа сольсон байсан. Тэгээд эхнэр нь элдэв үгээр харааж, доромжлоод байхад цагдаа хажууд байсан. Би ямар нэгэн зүйл яриагүй.

Намайг баруун гараараа цээж рүү нэг удаа хүзүүний доод хэсэг рүү түлхэхэд би баруун талаараа баруун гараараа унасан. Өөрөөр намайг цохиж зодсон асуудал байхгүй. Би тухайн хүнийг цохисон зүйл байхгүй, “явуулахгүй” гээд пальтоных нь араас татсан юм. Би тэр хүмүүсийг танихгүй, согтуу машин тавих гээд байхаар нь би туслах гэж оролдоход намайг загнаад байсан. Манай нөхөр бид хоёр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин нөгөө эхнэр гуйваад явж байсан, нөхөр нь юм ярихад амнаас нь архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би гомдолтой байна.

... Н.Ч уучлалт гуйвал надад гомдол байхгүй. Би эмчилгээний зардал гаргуулахгүй, надад баримт нь байхгүй. Намайг унах үед халаасанд байсан хүү Галбадрахын Самсунг А8 маркийн гар утасны дэлгэц нь хагарсан учир түүнийг төлүүлмээр байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Теди худалдааны төвөөс 2018 оны 08 дугаар сард 850.000 төгргөөр худалдаж авсан. Баримт нь одоо хаана байгааг нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08-09х, 10-11х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Эрдэнэбатын гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 12 сарын 29-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос-100Б байрны гараашны доторх өөрийн амьдардаг байрандаа байж байхад гараашны хаалга онгойгоод чимээ гарсан. Тэгээд манай эхнэр Р.О гараад, удахгүй чанга дуугаар орилолдож эхлэхээр нь би амьдардаг өрөөнөөс гарсан. Ч эхнэрийнхээ хажууд зогсчихсон байхаар нь би өөрийн эхнэр О-ын хажууд очиход “та нар үнэтэй машин барьдаг хэн бэ, явдаг зам дээр машин тавиуллаа” гэж загнаад хараалын үг хэлээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм.

Тэгээд тэр хоёр гараашны хаалгаар гарч байхаар нь эхнэр бид хоёр “цагдаа иртэл оруулахгүй” гэж хэлээд орцны үүдэн дээр хаагаад зогсож байх хооронд тэр хоёр манай ажлын газар руу утсаар залгаад байсан. Бид хоёр хөдлөхгүй хаалгыг дараад зогсож байхад “орон гэртээ ормоор байна” гэж хэлээд байж байтал удалгүй гараашны зогсоолын эзэн ирээд нөгөө эхнэр, нөхөр хоёрыг өмөөрөнгүй үг хэлж байсан.

Ингэж байх хооронд Ч нь манай эхнэр Оыг цээж рүү нь гараараа түлхээд унагахаар нь би эхнэрээ босгох хооронд яваад орчихсон. Би араас нь ороход яваад өгсөн байсан юм. Тэгээд байж байтал цагдаа ирэхээр нь дуудлагаа буцаасан. Ингээд гэртээ ороод 03 цагийн үед цагдаа ирээд уулзахад Чын эхнэр нь хэрүүл хийгээд байсан.

Манай эхнэрийг Ч цээж рүү нь хоёр гараараа түлхэж гэмтээсэн. Баруун гарын тохой нь томоохон хэмжээтэй хөхрөлттэй байсан. Өөр зүйл ажиглагдаагүй. ...Бид хоёр Чыг цохиж зодсон зүйл байхгүй, мөн бид архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба нөгөө хоёр нь согтуу байсан. Маргааш нь Ч надтай уулзаж уучлалт гуйхаар нь би бас уучлалт гуйгаад явцгаасан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Эрдэнэсүхийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 12 сарын 29-ний шөнө 23 цаг өнгөрч байхад түрээслэгч эмэгтэй залгаад “гараад ир, асуудал үүсээд байна” гэхээр нь түрээстэй холбоотой асуудал болоод байгаа юм байна гэж бодоод Хос 100 байрны Б-н 3 давхарын 22 тоот гэрээс гэрээгээ аваад орцны үүдэнд гарахад байрны үйлчлэгч орилоод, гараашны манаач, манай зогсоолын түрээслэгч эмэгтэй, нөхөртэйгээ байранд орох гээд орцны үүдэнд байхаар нь би “юу болоод байгаа юм бэ” гэхэд түрээслэгч эмэгтэй “чи гараад ирсэн үү, зогсоол руу ороход дандаа машин хаагаад тавьчихаад байна” гэсэн. Тэгэхэд үйлчлэгч эмэгтэй ирээд “хөгшин хүн гуйгаад байхаар нь тавиулчихсан юм” гэхээр нь би “би орлоо, надад хамаагүй юм байна. Та нар өөрсдөө учраа ол” гээд орох гэтэл хаалга алдлаад зогсчихоод хөдлөхгүй байсан.

Би гэртээ оръё гэхэд оруулахгүй байхаар нь буланд очиж тамхи татах гээд эргээд хартал үйлчлэгч эмэгтэй газар унасан байсан. Гараашны манаач ах “чи манай эхнэрийг түлхэж унагалаа” гээд түрээслэгч нөхөр рүү очиж түлхээд, тэд бүгд орц руу орсон ба үйлчлэгч эмэгтэй босож ирээд араас нь гүйгээд орсон. Удалгүй манаач ах, эгч нар гарч ирээд миний хажуугаар өнгөрөхдөө “чи надад тусалсангүй, би цагдаа дуудна” гэхээр нь би гэртээ орсон.

Намайг гадаа гарсаны дараа зодоон цохион болоогүй. Харин үйлчлэгч эгч орцны хаалга хаагаад зогссон, оруулахгүй байхаар нь түрээслэгчийн нөхөр нь түлхээд унагасан чинь гараашны манаач түүнийг түлхсэн. Түрээслэгчийн нөхөр нь байрны үйлчлэгчийг холдуулах гээд татахад дээш харж унасан байдалтай байсан. Түрээслэгч эмэгтэй, нөхөртэйгээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ үнэртэх төдий байсан юм. Байрны үйлчлэгчийг нөхөртэйгээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Үйлчлэгч эмэгтэйд ил харагдах шарх, сорви, гэмтэл байсныг би мэдэхгүй байна. Гараа ил гаргаагүй байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Бүжидмаагийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 12 сарын 29-ний өдрийн 22 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хос 100Б байрны гадаа ирээд би машинаасаа бууж, чипээрээ гараашны хаалгыг онгойлгоход нөхөр машинаа унаж оруулахаар нь араас нь ортол манай түрээслэдэг зогсоолын эсрэг талын зогсоолд давхар машин тавьчихсан байсан. Би жижүүрийг дуудаад “яагаад давхар машин тавьж байгаа юм бэ” гэхэд “танай зогсоол биш л бол яаж ч тавьсан яадаг юм” гэхээр нь би “хэрвээ бид хоёр машинтайгаа орж байгаад машинаа сэвтээх эсвэл хүний машин сэвтээх юм бол хэн хариуцлага хүлээх юм бэ” гэхэд “200.000 төгрөгийн цалинтай, ингэж байж л хэдэн төгрөг олно шүү дээ” гэсэн.

Би Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга руу нь залгаад “энэ гараашид асуудал үүсээд байна, та гараад ирэх үү” гэсэн. Тэгээд манай нөхөр ирээд гараашнаас хамт гарахад араас жижүүр, нөхрийнхөө хамт дагаж ирээд “миний сард авдаг 200.000 төгрөгнөөс хасуулах юм бол, та нартай нэгийг үзнэ шүү” гээд хэрүүл хийгээд байхаар нь орцны үүд рүү алхаад очиход нөгөө хоёр орцны хаалга хааж зогсоод оруулахгүй, хэрүүл хийгээд байсан.

Манай нөхөр гэртээ ормоор байна, холд гэтэл холдохгүй, манай нөхрийн хэвлий орчимд нь өшиглөсөн. Тухайн үед манай нөхөр хар өнгийн хослол өмссөн байсан болохоор одоо тэр хослол дээр нь гутлын мөр нь үлдсэн байгаа. Тэгээд манай нөхөр холд гээд тэр эмэгтэйг түлхэхэд нөгөө эмэгтэй эргүүлээд заамдаж аваад цохих гэж дайрсан. Тэгээд манай нөхрийн хажуунаас нь 2-3 удаа, толгой болон нуруу руу нь баруун гараараа цохиод, дараа нь нөхрийн маань гуя руу нь өшиглөсөн. Би айгаад ойртож чадаагүй юм.

Тэгэхэд СӨХ-ийн дарга руу дахин залгаж “Пүүжээ гарч ирж энэ асуудлаа зохицуулаачээ, энэ хүмүүс чинь бөөн юм болж байна” гэж хэлсэн. Түрээслэгч залуу “наад хүмүүс чинь миний 22 тоот зогсоолыг түрээслэдэг хүмүүс, юу болоод байгаа юм бэ. Гэр орон руу нь оруулаач ээ” гэсэн. Гэтэл тэр залуу руу 2 жижүүр “чи түрээслэгч нараа өмөөрөөд байна, та нар одоо нийлж зодох уу” гээд дайрсан. Орцны үүдэнд 1 довжоо шиг шат байдаг, тэрний дээр жижүүр эмэгтэй гараад зогсоод байхад манай нөхөр “даараад байна, гэртээ оръё”  гээд хажуу тийшээ холдуулахад жижүүр эмэгтэй манай нөхрийн гарыг угзраад хий гишгээд довжооноос унасан.

Тэгээд босох үед нь би түрүүлээд орц руу орж байсан, гэтэл намайг орцны хаалганаас лифтний хаалга хүртэл хүчтэй түлхэж унагаасан. Би босоод нөхрийгөө аваад лифтэнд суух хүртэл араас есөн шидээр харааж зүхсэн. Бид хоёр гэртээ ороод цагдаа дуудсан. Манай нөхөр тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, жижүүрүүдийг мэдэхгүй байна. Миний биед ямар нэгэн шарх, сорви үлдээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Дуудлага өгсөнөөс хойш 10 минутын дараа цагдаа нар ирэхээр нь хамт гарааш руу буусан. Бид өөрсдөө хохирчихоод эргээд хүн хохироосон хэрэгт холбогдож байгаад гомдолтой байна. Тухайн үйл явдлаас хойш манай машинд учир нь үл мэдэгдэх олон сэв зураас гарсан байсан нь илт харагдаж байгаа, гараашинд хяналтын камер байдаггүй болохоор мэдэх боломжгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Пүрэвжавын гэрчээр өгсөн:

“...2018 оны 12 сарын 29-ний өдрийн 23 цагийн үед болсон байх. Яг ямар асуудал болсоныг сайн мэдэхгүй байна, утсаар залгахаар нь авахад “100Б байрны 89 тоотын оршин суугч байна, бид нар гараашинд машин байрлуулах хүндрэлтэй байна” гэж согтуу байдалтай ярихаар нь О руу залгаад “иргэнээс гомдол ирээд байна, зогсоол дээр машин тавиулсан бол машиныг нь холдуул” гэхэд “уг хүний зогсоолоос 3 дахь автозогсоол дээр давхар машин тавьсан, тус машинд ямар нэгэн саад учрахгүй газар байсан” гэхээр нь “юунаас болоод маргалдаад байгаа юм бэ, яагаад гомдол гаргаад байгаа юм” гэхэд “согтуу машинаа байрлуулж чадахгүй, түүнээс болоод бухимдаад хараагаад байна” гэж хэлэхээр нь “болохгүй бол асуудал хүндрээд байвал цагдаа руу залгахгүй юу” гэж хэлээд утсаа салгасан.

Манай байрны гадаа болон гараашинд хяналтын камертай. Тухайн үеийн камерийн бичлэг байхгүй байна, манайх 14 хоногийн бичлэгийг хадгалдаг. Манай байрны 89 тоотод байх оршин суугчид гарааш байхгүй. Харин тус байрны 65 тоотод байдаг айл уг зогсоолыг эзэмшдэг. Уг 65 тоотын айл гараашийн зогсоол дээр өөр машин тавьсан болон түрээсийн гэрээ хийсэн талаар бидэнд мэдэгдээгүй. О нь манай байрны үйлчлэгч, харин нөхөр Эрдэнэбат нь жижүүр ажилтай. Гараашийн сул зайнд бусад хүмүүст саад учруулахгүйгээр 1-2 машин тавьдаг. Маргаан болсон газар нь СӨХ-өөс зөвшөөрөгдсөн талбай биш, тухайн газарт машин тавьсан үгүйг мэдэхгүй байна. Жижүүрээс асуухад тэр зогсоол дээр машин тавиагүй, тэдэнд саад болохгүй газар машин байхад согтуурхаж дайраад байна гэж мэдэгдсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,

 

6. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 870 дугаартай:

1. Р.О-ын биед баруун шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 28х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Г.Ханхүүг байцаасан тэмдэглэлд:

“...Баруун шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шуу, тохойнд үүссэн цус хуралт, зөөлийн эдийн няцралт нь нэг механизмаар үүсэх бөгөөд нэг байрлалд давхцаж үүссэн гэж ойлгож болно. Эрүүл мэндийн сайд болон Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмыг үндэслэн дүгнэлт гаргасан. Явганаас болон түлхүүлэн унах нь мохоо зүйлийн үйлчлэлд хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,

 

8. Хэрэг гарсан өдрийн Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос-100 байрны 100Б байрны хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 39х, 40-43х/,

 

9. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 03 сарын 10-ны өдрийн ХУД005 дугаартай:

“...Самсунг А8 гар утасны дэлгэцний өнөөгийн зах зээлийн дунджаар /2019 оны 03 сарын байдлаар/ үнэлгээг тогтооход 200.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн,

Мөн  компанийн үнэлгээчийн 2019 оны 03 сарын 10-ны өдрийн ХУД004 дугаартай:

“...Самсунг А8 гар утасны өнөөгийн зах зээлийн дундаж үнэлгээ 2019 оны 03 сарын байдлаар 550.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн  хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 65х, 66х/,  

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ч-ын яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 12 сарын 28-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос-100 хотхоны 100Б байрны гараашны үүдэнд ирэхэд манай эхнэр Бүжидмаа хаалга онгойлгохоор машинаас буугаад хаалга онгойлгон би машинаа зогсоол дээр тавих гээд хүзүүвчний машиныг тойрч гарахад хүндрэлтэй байсан тул эхнэр Бүжидмаа Оыг дуудаж “хүзүүвчинд битгий машин тавиулаач, машин тэрэг хоорондоо шүргэвэл хэн хариуцлага хүлээх юм бэ” гэхэд О нь шаардлага авахгүй, хэрэлдэж эхлэхээр нь манай эхнэр өдөөс нь хэрэлдсэн. Би машинаа тавиад эхнэр Бүжидмааг авч, гараашны хаалгаар гараад орц руу орох гэтэл эхнэр бид хоёрыг оруулахгүй гээд хаалган дээр хаагаад зогсчихсон. Тус байрны СӨХ-ийн дарга Пүүжээ гэх залуугийн 95114765 дугаарын утас руу залгахад утсаа аваагүй. Тэгээд зогсоол түрээсэлдэг залуу Эрдэнэсүх ирж тайлбарлаж өгөхөд бас л ойлгохгүй, орцны үүд хаалга хаагаад зогсоод байхаар нь бид хоёр гар утсаараа оршин суугчдын дарга руу ээлжилж заалгахад О “миний сарын 200.000 төгрөгнөөс хасуулах гээд байна” гэж байсан.

Манай эхнэр шинэ жилийн арга хэмжээнд оролцоод нимгэн хувцастай явж байсан болохоор даарч байсан. Мөн байрны орцны үүдний гадаа 30 орчим минут зогссон тул Оыг хаалганаас холдуулахад довжооноос хий гишгээд унах шиг болсон. Тэгэхэд нөхөр нь над руу дайрч, миний хоолойны захаас заамдаж аваад бооход эхнэр нь босож ирээд над руу дайрахаар нь гарыг нь тавиулах гээд ноцолдож байж тавиулаад, эхнэр бид хоёр орц руу зугтааж ороод, цагдаад дуудлага өгсөн.

Би Оын баруун мөр рүү нь түлхээд холдуулсан. О манай байрны орцны ертөнцийн зүгээр баруун талын довжооноос баруун талаараа унасан байдалтай байсан. Эхнэр бид хоёр шинэ жилийн арга хэмжээнээс ирсэн болохоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Байрны гадаа маргалдаж байхад ямар нэгэн зодоон цохион болоогүй, харин О унасаны дараа нөхөр нь над руу дайрч, намайг заамдаж толгой руу хоёр удаа цохиж, хөл рүү өшиглөсөн. Эхнэр нь босож ирээд миний нуруу, толгой руу 3 удаа цохиж, хөл рүү 2 удаа өшиглөж хаалганы хажууд цементэн дээр унагаасан. Би цагдаагийн байгууллага руу ... дугаарын утасны аль нэгээр нь дуудлага өгсөн байх. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 59х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 60х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 70х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул шүүх, эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Чын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХОС-100Б дугаар байрны автомашины зогсоолд машинаа байрлуулах үед тус байранд жижүүр ажилтай Р.О “машинаа болгоомжтой байрлуулах”-ыг сануулж хэлэхэд эсэргүүцэн маргаж, мөн “гараашийн хүзүүвчинд машин байрлууллаа, орж гарахад хүндрэлтэй байна.” гэх зэргээр маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар “цагдаад дуудлага өгсөн иртэл нь хүлээ, оруулахгүй” гэж орцны хаалга таглан саатуулах үед шүүгдэгч  Н.Ч нь хохирогч Р.Оыг түлхэж газарт унагаснаас түүний биед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 870 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан “...баруун шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Р.О /хэргийн 08-09х, 10-11х/, гэрч М.Эрдэнэбат /хэргийн 17-18х/, гэрч П.Эрдэнэсүх /хэргийн 20х/, гэрч П.Бүжидмаа /хэргийн 23-24х/, гэрч Х.Пүрэвжав /хэргийн 26х/ нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 870 дугаартай хохирогч Р.Оын биед баруун шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 28х/,

- шинжээч эмч Г.Ханхүүгийн: “...Баруун шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шуу, тохойнд үүссэн цус хуралт, зөөлийн эдийн няцралт нь нэг механизмаар үүсэх бөгөөд нэг байрлалд давхцаж үүссэн гэж ойлгож болно. Эрүүл мэндийн сайд болон Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмыг үндэслэн дүгнэлт гаргасан. Явганаас болон түлхүүлэн унах нь мохоо зүйлийн үйлчлэлд хамаарна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,

- хэрэг гарсан өдрийн Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос-100 байрны 100Б байрны хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 39х, 40-43х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн шүүгдэгч Н.Ч нь хохирогч Р.О-ыг орцны хаалганаас холдуулах зорилгоор түлхсэн гэх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд түүний уг үйлдлийн улмаас хохирогч нь газарт унаж, унахдаа биедээ “...баруун шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл авсан үр дагавар учирсанаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг уйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавр хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай. /ЭХЕА-ийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

 

Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХОС-100Б дугаар байрны автомашины зогсоолд машинаа байрлуулах үед тус байранд жижүүр ажилтай Р.О “машинаа болгоомжтой байрлуулах”-ыг сануулж хэлэхэд эсэргүүцэн маргаж, мөн “гараашийн хүзүүвчинд машин байрлууллаа, орж гарахад хүндрэлтэй байна.” гэх зэргээр маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар “цагдаад дуудлага өгсөн иртэл нь хүлээ, оруулахгүй” гэж орцны хаалга таглан саатуулах үед шүүгдэгч  Н.Ч нь хохирогч Р.Оыг түлхэж газарт унагаснаас түүний биед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 870 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан “...баруун шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангажээ.  

 

Хан-Уул дүүргийн прокуророос Н.Ч-ын дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч Н.Чыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд хохирогч Р.Оын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл бүхий хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирснаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.   

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж гэм хор арилгуулах эрхийн талаар зохиуцуулсан Иргэний хуулийн 228 дугаар зүйлд тодорхой зааж хуульчилсан. 

 

Хэргийн хохирогч Р.О-аас тухайн гэмт хэрэг гарах үед буюу хохирогч газарт унах үед түүний халаасанд байсан Самсунг А8 маркийн гар утасны дэлгэц хагарсан хор уршиг учирсан талаар хохирогчоос мэдүүлж, уг эвдэрсэн гар утасны хохирлыг нөхөн төлүүлэхээр хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаж буйг буруутгах үндэслэл бүхий баримт нотолгоо үгүй байх тул уг эвдэрсэн гар утасны дэлгэцийн засвар үйлчилгээний зардлын үнийг “...Самсунг А8 гар утасны дэлгэцний өнөөгийн зах зээлийн дунджаар /2019 оны 03 сарын байдлаар/ үнэлгээг тогтооход 200.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн хэрэгт шинжээчээр ажилласан Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 03 сарын 10-ны өдрийн ХУД005 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээгээр тооцож, гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Ч-аар нөхөн төлүүлэх үндэслэлтэй /хэргийн 55-56х, шүүх хуралдааны тэмдэглэл/ хэмээн дүгнэсэн ба хэргийн шүүгдэгч Х.Ч нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад  хохирогч Р.Од 230.000 төгрөг нөхөн төлж, гэм хорын хохирол төлбөр хүлээлгэн өгсөн тухай баримт үйлдэж хэрэгт хавсаргуулжээ. /хэргийн 106х/

 

Харин хохирогчоос гар утас шинээр худалдан авах шаардлагатай үндэслэлээр 550.000 төгрөг нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангах боломжгүй гэж дүнэсэн бөгөөд тухайн гар утас нь засвар үйлчилгээ авах боломжгүй, дахин ашиглагдахааргүй эвдэрсэн гэх байдал тогтоогдоогүй, зөвхөн уг гар утасны дэлгэц хагарсан талаар хохирогч мэдүүлж, уг дэлгэцийг солиулах зардлыг хэмжээг үнэлгээний дүгнэлтээр 250.000 төгрөг гэж тогтоосон баримттай байх тул шүүх хохирогч Р.Оын нэхэмжилсэн 550.000 төгрөгөөс үлдэх 350.000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Иймээс тухайн хэргийн хувьд шүүгдэгч Н.Чыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан, баримт бүхий хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Ч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 70х/ баримттай байна. 

 

Шүүх, шүүгдэгч Н.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

                                                 

                                                             ТОГТООХ нь:

 

1. О овогт Н-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ч-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь гэм хорын хохиролд тооцон хохирогч Р.О-д 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт Н.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Ч-т урьд авсан хувийн баталгаа, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД