Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01448

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01448

 

 

,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/01956 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.,,,,,,,,,,,,,д холбогдох,

42,166,686 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Тус компани нь Э.,,,,,,,,,,,,,тай 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гадаадад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээ байгуулж, ажилтан нь сургуулиа төгссөний дараа компанидаа 10 жилийн хугацаанд тогтвортой ажиллах үүрэг хүлээсэн.

Гэрээний хугацаа нь 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл байхаар тохиролцсон. Гэтэл Э.,,,,,,,,,,,,, нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас өөрийн хүсэлтээр гарсан.

Иймд гэрээний 5.2 дахь хэсэгт ажилтан гэрээг цуцлах тохиолдолд сургалтын зардал 28,111,124 төгрөгийг хүүгийн хамт компанид буцааж төлнө гэж заасны дагуу Э.,,,,,,,,,,,,,гаас сургалтын зардал 28,111,124 төгрөг, хүү 14,055,562 төгрөг, нийт 42,116,686 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Гэрээний 3.2.6-т заасан үүргээ ажил олгогч зөрчсөн, албан тушаалаас буулгаж, ажлын нөхцөлийг дордуулсан, ажлын байрны дарамт үзүүлдэг байсан нь ажлаас гарах шалтгаан болсон. Сургуульд явах гэтэл гэрээгээ өгөөгүй байснаа гэнэт явах өдөр нь гэрээ байгуулж ирээд танилцах боломж олгоогүй, гарын үсэг зуруулсан.

2016 оны 07 дугаар сард ирээд ахлах технологичоор дахин ажилласан, үйл ажиллагаа нь жигдрэхгүй, мэргэжлийн бус даргатай ажиллахад хэцүү байсан. Байгууллагаас захиргааны дарамт ирдэг байсан учраас 2022 оны 08 дугаар сард өргөдөл өгсөн, тэгээд 09 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллах хугацаанд шинэ бүтээл нэвтрүүлж хариуцагчид их хэмжээний ашиг авчирсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан 3 жилийн хугацаа өнгөрсөн учир сургалтын зардлыг төлөх үүрэггүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хариуцагч Э.,,,,,,,,,,,,,гаас 14 055 562 төгрөгийг гаргуулж, хариуцагч ,,,,,,,,,,, ХХК-д олгож, нэхэмжлэлээс 28 111 124 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 784 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.,,,,,,,,,,,,,гаас улсын тэмдэгтийн хураамжид 228 228 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-д сургалтын гэрээний асуудал тусгагддаггүй байсан тул талууд тус хуулийг зөрчиж гэрээ байгуулсан. Сүүлд хүчин төгөлдөр болсон Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн хүрээнд хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүрэг хэрэгжих ёстой.

Хариуцагч нь төгсөж ирээд ажиллаж байхдаа ОХУ-д хамгаалсан дипломын сэдвийнхээ дагуу компанидаа тулгараад байсан аарцны өртөг бууруулах технологийн шинэ шийдлийг санаачилж, 3 жил ашиглахгүй хадгалж байсан 25,000,000 төгрөгийн өртөг бүхий түүхий эдийг ашиглан аарцны өртгийг 3 дахин бууруулсан. Иймээс сургахад төлсөн зардлыг нь олон дахин нугалж төлсөн.

Хариуцагч ажлаасаа гарсан хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш тул тус хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан "Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна" гэсэн болзол шаардлагыг хангасан учир тус гэрээний төлбөрийг төлөх ёсгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Шийдвэр үндэслэлтэй гарсан. Гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө хариуцагч өөрөө ажлаас гарсан тул сургалтын зардлыг төлөх ёстой. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч Э.,,,,,,,,,,,,,д холбогдуулан сургалтын зардал 28,111,124 төгрөг, хүү 14,055,562 төгрөг, нийт 42,166,686 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр,,,,,,,,,,,,,, ХХК нь ажилтан Э.,,,,,,,,,,,,,д Оросын холбооны улсад суралцахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажилтан нь сургуулиа төгссөний дараа компанидаа 10 жилийн хугацаанд тогтвортой ажиллахаар харилцан тохиролцжээ.

Уг гэрээний дагуу ажил олгогч нь ажилтны сургалтын зардалд 28,111,124 төгрөг төлсөн.

3.1. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээгээр Э.,,,,,,,,,,,,,тай байгуулсан гэрээний шаардах эрхийг,,,,,,,,,,,,,, ХХК-иас ,,,,,,,,,,, ХХК шилжүүлж авсан.

3.2. Хариуцагч нь ОХУ-д суралцаж ирээд 2016 оны 07-11 дүгээр сард,,,,,,,,,,,,,, ХХК-д, 2016 оны 12 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ,,,,,,,,,,, ХХК-д тус тус ажилласан.

 

4. Зохигчийг гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-д ажил олгогчийн зардлаар ажилтныг суралцуулахтай холбоотой зохицуулалт байгаагүй, үүний дараа шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль /2021/-ийн 73 дугаар зүйлд энэ талаар заасан нь дээрх гэрээний харилцаанд хамаарахгүй.

4.1. 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний тохиролцоо, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээнд хамаарч байх бөгөөд энэ тохиолдолд үүргийн нийтлэг зохицуулалт үйлчилнэ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн байна.

Анхан шатны шүүх дээрх харилцааг гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг тодорхойлсон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүйг залруулж дүгнэнэ.

4.2. Хариуцагч нь гэрээнд заасан 10 жилийн хугацаанд тогтвортой ажиллах үүргээ биелүүлээгүй, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу сургалтын зардлыг гэрээний 5.2-т зааснаар шаардах эрхтэй.

Харин гэрээний 1.4-т ажилтны ажиллавал зохих нийт хугацаанд жирэмсний амралт авсан, чөлөөтэй байсан хугацааг ажилласан хугацаанд оруулахгүй гэж тооцсон нь үндэслэлгүй. Учир нь тухайн байгууллагад ажилласан хугацаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаагаар тодорхойлогдоно.

Энэ талаарх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

4.3. Дээрх байдлаар анхан шатны шүүх хариуцагчийн нэхэмжлэгч талтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байх хугацааг харгалзан сургалтын зардлаас зохих суутгалыг хийх талаар зөв дүгнэсэн боловч тооцооллын алдаа гаргасан, нарийвчилсан бодолтыг хийгээгүй орхигдуулсныг залруулах боломжтой байна.

Хариуцагч нь 2016 оны 07 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 6 жил 2 сарын хугацаанд нэхэмжлэгч талд ажилласан. Нэхэмжлэгч нь 10 жил буюу 120 сар ажилласан тохиолдолд гэрээний 5.1-д зааснаар 28,111,124 төгрөгийн сургалтын зардлаас чөлөөлөхөөр тохиролцсон.

Иймээс гэрээнд заасан тохиролцооны дагуу хариуцагч нь ажилласан хугацааны буюу 74 сард ногдох 17,335,166 төгрөгийн зардлыг төлөхөөс чөлөөлөгдөх ёстой тул үүнийг хасч тооцон сургалтын зардалд 10,775,958 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ.

Үүнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилнө.

4.4. Нэхэмжлэлээс хүү 14,055,562 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир талуудын зарчмын дагуу энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

4.5. Хариуцагчийн шинэ бүтээл нэвтрүүлж нэхэмжлэгчид их хэмжээний ашиг оруулсан гэх татгалзал нь энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүйг дурдвал зохино.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/01956 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.,,,,,,,,,,,,,гаас 10,775,958 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХХК-д олгож, нэхэмжлэлээс 31,390,728 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 228,228 гэснийг 187,365 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,228 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ