Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00441/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "А" танхимд  хийсэн  хуралдаанаар: Р.Алтанцоожийн хүсэлттэй, "Тулга контракшн” ХХК-ийн захирал Доржмягмарыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Алтанцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтансувд нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
Хүсэлт гаргагч Р.Алтанцоож нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: "Тулга контракшн” ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дээр 72 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан бөгөөд манай гэр тус байрнаас 44.2 м2  хэмжээ бүхий 21 тоотын 1 өрөө байрыг гэрээний дагуу төлбөрийг шууд өгч худалдаж авсан юм. Гэтэл нүүж орсноос хойш 5 сарын дараагаас чанаргүй баригдсан болох нь нотлогдож дээврээс нь ус гоожих, агааржуулалтын болон бохирын хоолойгоор дамжин цан цохиж ус гоожиж, шавар унан улмаар булан ирмэгээр мөөгөнцөртөж эхэлсэн. Хана дээврээс болон цонх суулт өгч хагаран хаагдахгүй болсон зэргээс дулаан алдаж 2 өвөл дараалан нэмэгдэл халаагууртай өвөлжсөн юм. Манай гэр бүлд ажил эрхэлдэг хүнгүй, гэр бүлийн гишүүдээс 3 нь хөдөлмөрийн чадьар алдалт тогтоолгосон. 0-9 насны 4 нялх хүүхэд амьдардаг бөгөөд даарснаас болон мөөгөнцрийн хорноос болж удаа дараа эмнэлэгт хэвтэж эрүүл мэндээрээ хохироч, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ ноцтой зөрчүүлж байгаа учир яаралтай иж бүрэн засвар хийлгэх эс бөгөөс байрны нөхцлөө сайжруулахад шаардлагатай төлбөр нэхэмжлэн хохирлоо барагдуулах шаардлагатай байна. 
Иймд олон удаа оршин суугчид болон төрийн үүрэг даалгавар биелүүлэхгүй зугтаад байгаа хариуцагч "Тулга контракшн” ХХК-ний захирал Доржмягмарыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)

Хүсэлт гаргагч Р.Алтанцоож нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би "Тулга контракшн” ХХК-ний барьсан Хэрлэн 1 дүгээр сургуулийн урд талын 6 давхар ягаан орон сууцанд 6 давхарт 1 өрөө байр авсан юм. Гэтэл уг орон сууц хананаасаа сийгээд мөөгөнцөртсөн, обой нь хууларсан байдалтай байна. Би "Тулга контракшн”-ны инженертэй уулзаж энэ талаараа хэлэхэд манай байрыг засна гэсэн хариуг өгч байсан юм. Тэгээд эргээд ямар нэгэн холбоогүй таг болчихдог. Манай байр 2014 онд урд талаасаа нурсан. Энэ жил бас салхинд нурсан байсныг "Тулга контракшн”ХХК-ийн хүмүүс ирж нөхсөн байсан. Тухайн үед би хөдөө байсан учраас тэр хүмүүстэй нь уулзаж чадаагүй. "Тулга контракшн” ХХК-ийн төв байр нь Улаанбаатар хотод байдаг. Манай байранд манайхаас гадна ийм байдалтай олон айл байгаа. Би тэдгээр хүмүүсээр гарын үсэг зуруулж хэрэгт хавсаргасан. "Тулга контракшн” ХХК-ийн захирал Доржмягмарыг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэв. 
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 13 тал)

Шүүх хуралдаанд  хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Р.Алтанцоожийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, (хх-ийн 1-2 тал) улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, (хх-ийн 3 тал) Хэнтий аймгйин Хэрлэн сумын 4 дүгээр багын засаг дарга Б.Энхболдын тодорхойлолт, (хх-ийн 4 тал) нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, (хх-ийн 5 тал) Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн албан шаардлагын хуулбар, (хх-ийн 6-7 тал)  үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, (хх-ийн 8 тал)  тус байрны иргэдийн гаргасан хүсэлт, (хх-ийн 9 тал)
хүсэлт гаргагч Р.Алтанцоожийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, (хх-ийн 13-14 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Р.Алтанцоож нь хариуцагчаар оролцвол зохих "Тулга контракшн” ХХК-ийн захирал Доржмягмарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
"Тулга контракшн” ХХК-ийн захирал Доржмягмарыг нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагч Р.Алтанцоожийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, (хх-ийн 1-2 тал) Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн албан шаардлагын хуулбар, (хх-ийн 6-7 тал) үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, (хх-ийн 8 тал) тус байрны иргэдийн гаргасан хүсэлт, (хх-ийн 9 тал) хүсэлт гаргагч Р.Алтанцоожийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, (хх-ийн 13-14 тал) хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Р.Алтанцоожийн хүсэлт үндэслэлтэй байна. 
Иймд "Тулга контракшн” ХХК-ийн захирал Доржмягмарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар 1 дүгээр тойргийн тахарын албаны Хэнтий аймаг дахь тахарын хэсэгт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "Тулга контракшн” ХХК-ийн захирал Доржмягмарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож шүүхэд ирүүлэхийг 1 дүгээр тойргийн тахарын албаны Хэнтий аймаг дахь тахарын хэсэгт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ