Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 314

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х-ын Бт холбогдох эрүүгийн 19030 0079 0118 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Хашбаатар /томилолтоор/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Зам тээврийн хөгжлийн төвд операторчин ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2 дугаар гудамж, 1-238 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Х-ын Б /РД: 4/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа-2 хорооллын зүүн замд Тоёота Приус маркийн 79-47 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 17 настай Ц.У-ийг мөргөж, ам нас нь хохирсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  зүйлчилж хэргийг шүүхэд ирүүлжээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                         

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б-ийн өгсөн: 

“...Би 2019 оны 01 сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2 хорооллын зүүн талын замын явган хүний гарцан дээр талийгаач Ц.У-ийг өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн авто машинаараа мөргөж, амь насыг нь хохироосон. Би үнэхээр их гэмшиж байна. Би талийгаачийг зам хөндлөн гарч байхыг 4-5 метрийн зайнаас харсан. Миний хажуугийн машин хөдлөөд явахаар нь талийгаачийг зогсож байна гэж бодсон юм. Харин машиныхаа тормосыг гишгэсэн эсэхээ санахгүй байна.

Тухайн үед надтай хамт манай ээж явж байсан юм. Осол болсоны дараа би өөрөө түргэн тусламжид дуудлага өгсөн. Тухайн үед машин цөөхөн байсан ба хальтиргаа гулгаа байгаагүй. Би оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад 18.0 сая төгрөг, сая шүүхийн шатанд 5.0 сая төгрөг, нийт 23.0 сая төгрөг төлсөн. Хохирогчийн төлөөлөгч нийт 50.0 сая төгрөг нэхэмжилсэн ба одоо үлдэгдэл 45.0 сая төгрөгийг төлж барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ы өгсөн: 

“...Би талийгаачийн төрсөн ээж нь байгаа юм. Х.Б миний хүүхдийг явган хүний гарцаар гарч явахад нь дайрч амь насыг нь хохироосон. Би 2 охинтой. Миний охин сургуулиа төгсөөд прокурор болно гэдэг, охин минь төлөв даруу, мундаг охин байсан. Аав нь нас бараад удаагүй байгаа. Надад түшиг тулгуур болдог байсан охины минь амь насыг хохироосонд би маш их харамсаж байна. Цэлгэр зам дээр жолооч хүний самбаачлах хурд гэж байгаа. Залуу хүүхдийн амь насаар тоглоно гэдэг тийм сайхан зүйл биш. Санамсаргүй үйлдэл гэж бодож би өөрийгөө барьдаг. Миний охин зам дээр явж байсан машиныг  өнгөрөөчихгүй яав даа гэж бодож харамсдаг. Одоо надад Х.Б маш их тусалж байгаа. Тэгэхдээ би хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэшгүй сайхан охиноо алдсан. Надад үнэхээр их хэцүү байна. Санамсаргүй хэрэг учир эх хүний хувьд шүүгдэгчийг уучилж байна. Шүүгдэгч нь өөрөө санал гаргаж, тусалж дэмжин, сэтгэл санааны хохирол өгсөн. Түүнийг шоронд оруулаад яахав гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19030 0079 0118 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-7х, 8-9х, 10-18х/,

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 27х/,

 

3. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 19-23х/,

 

4. Шанцан овогт Цэдэннамжилын Ууганцэцэг 2019 оны 01 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт авто ослоор нас барсныг 2019 оны 01 сарын 25-ны өдөр нас барсны бүртгэлийн 627 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон баримт /хэргийн 35х/,

 

5. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 393 дугаартай дүгнэлтэд:

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош:

1/. Зам тээврийн осол. Гавал тархи, цээжний битүү гэмтэл. Гавлын суурь ясны далд хугарал, их тархины хоёр тал бөмбөлөг, бага тархины орой, суурь хэсэг хамарсан аалзан хальсны доорх тархмал цус харвалт. Баруун, зүүн уушгины тархмал цус харвалт, эдийн няцрал. Зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт шарх, зулгаралт.

Дүгнэлт:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь ясны далд хугарал, их тархины хоёр тал бөмбөлөг, бага тархины орой, суурь хэсэг хамарсан аалзан хальсны доорх тархмал цус харвалт, баруун зүүн уушгины тархмал цус харвалт, эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь 2019.01.23-ны оройн 22 цаг 40 минутын үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байх боломжтой байна. /цогцост хийсэн анхны үзлэгээр/

6. Талийгаач нь В ( III )-р бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна..” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 52-56х/,

 

6. ШШҮХ-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн шинжилгээний 667 тоот актын:

1.Шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрмэнд 304мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна.

- Мөн 35мм хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна. Уг гэмтэл нь автомашины дугуйгаар үүссэн байх боломжтой. Ямар автомашины дугуйгаар үүссэн болохыг тогтоох боломжгүй.

- Түүнчлэн 302мм, 209мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна.

- Мөн 65х15мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт байна.

2. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад автомашины дугуйн мөр илэрсэнгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 59-62х/,

 

7. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 866 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн үстэй юүдэнтэй хар өнгийн урт куртик, цагаан өнгийн цамц, улаан хүрэн өнгийн хүзүүний ороолт, ягаан эрээн өнгийн хөхний даруулга, цайвар ногоон өнгийн хос оймс, хар өнгийн хос гутал, хар өнгийн дотуур өмд, хар өнгийн зузаан өмд, хар өнгийн өмд дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. Үстэй юүдэнтэй хар өнгийн урт куртик, цагаан өнгийн цамц, улаан хүрэн өнгийн хүзүүний ороолтон дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна.

3. Ягаан эрээн өнгийн хөхний даруулга, цайвар ногоон өнгийн хос оймс, хар өнгийн гутал, хар өнгийн дотуур өмд, хар өнгийн зузаан өмд, хар өнгийн өмдөн дээрх цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна.

4. Хөх өнгийн дотоожин дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 64х/, 

 

8. Х.Бийн жолоочийн үнэмлэх, түүний зам тээврийн осол гаргах үед жолоодон явсан 79-47 УБҮ улсын дугаартай, Тоёото приус-20 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт /хэргийн 106х/,

 

9. ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас баримт /хэргийн 114-115х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ы өгсөн:

“...Би талийгаач Ц.У-ийн төрсөн ээж нь байгаа юм. Ослын талаар надад мэдэх зүйл байхгүй, тухайн өдрийн 19 цаийн орчимд миний төрсөн эгчийн хүүгээс мэдсэн юм. Одоо сургуулийн амралт эхэлчихсэн учир миний охин гэртээ байсан. Нийслэлийн шилдэг 100 сурагчийн сургалтанд хамрагддаг байсан ба орой 17 цаг 30 минутын үед Улаанбаатар Их сургуульд явах гээд гэрээсээ гарч яваад гэрийнхээ зүүн талын зам дээр автомашинд мөргүүлсэн байна. Манай охин сургалтанд явахдаа Буянт-Ухаа 2 хорооллын зүүн талын автобусны буудлаас автобусанд сууж явдаг. Зам нь тусгаарлах зурвастай, хоёр талд явган хүний гарцтай гарцаар гараад автобусны буудал нь ойрхон. Манай охин байнга явган хүний гарцаар гарч хэвшсэн хүүхэд, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчингүй. Миний охин 2001 оны 07 сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд айлын том охин болж төрсөн. Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн 12Б ангид сурдаг байсан. Энэ жил төгсөөд хуулийн мэргэжилтэй болно гэдэг байсан юм. Талийгаач охины ажил явдалд одоогийн байдлаар 7.0 сая гаран төгрөг зарцуулсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Намжилмаагийн гэрчээр өгсөн:

“...Манай гэр Өлзийт хороололд байдаг. Өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед цагийг нь тодорхой санахгүй байна, цагаан сарынхаа юмсыг цуглуулахаар өөрийн охин Х.Б-ийн эзэмшлийн Тоёота приус маркийн улсын дугаарыг нь санахгүй байна, авто машинаар хотын төв рүү орж хэд хэдэн газруудад орсон. Манай охин Х.Б уг автомашиныг 2018 оны 05 дугаар сард худалдаж авсан шиг санагдаж байна. Манай охин автомашинаа жолоодоод би хойд суудал дээр суугаад явж байсан.

Би ер нь охиндоо “битгий давхиарай, болгоомжтой яваарай” гэж үргэлж захиж хэлдэг байсан. Өдөр 15-16 цагийн үед цагаан сарын юмаа цуглуулж дуусаад 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвөөр ороод гарсан. Тэгээд гэртээ харихаар явахдаа би дуг хийгээд, гэтэл  түн тан гээд дуугарахаар нь сэртэл манай охин зам тээврийн осол гаргачихсан байсан. Тухайн үед явган зорчигч хаанаас гарч, ямар чиглэлд явж байсныг би хараагүй. Намайг дуг хийх хооронд ийм зүйл болчихсон байсан. Осол Нисэхийн замд Буянт-Ухаа 2 гэдэг хорооллын явган хүний гарцны ойролцоо байсан. Манай охин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, хэзээ жолооч болсоныг би санахгүй байна. Би дуг хийж байсан болохоор тухайн үед манай охин хэдэн км/цагийн хурдтай явж байсныг нь хараагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Отгонцэцэгийн гэрчээр өгсөн:

“...Надад ослын талаар нарийн мэдэх зүйл байхгүй. Тухайн орой манай эгч зам тээврийн осол гаргасан талаар мэдсэн. Манай эгч 1980 онд Дархан-Уул аймагт төрсөн. 1999 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд Х.Б эгч Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн хуулийн сургуулийг төгссөн. Одоо Зам тээврийн яамны харъяа Яармагийн товчоон дээр операторчин ажил хийж байгаа. Манай эгч ямар нэг муу зуршилгүй, өөрөө их тайван, хүнтэй маргалдаад байдаггүй, архи, тамхи хэрэглэдэггүй, төлөв зантай хүн байгаа юм. Одоогоор хүнтэй сууж, хүүхэд гаргаагүй. Бага байхдаа юман дээрээс унаад нугасандаа гэмтэл аваад татаж унадаг байсан. Эмчилгээ хийлгээд сүүлийн 10 жилийн хугацаанд унаж, татдаг өвчин нь зүгээр болсон. Харин одоо энэ ослын улмаас бие нь өвдөх гээд байх шиг байна лээ. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49х/,

 

13.. Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн:

1. Автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд, хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний хэмжээ, их гэрлийн тусгалын хэмжээ хол, ойр дээрээ хэвийн, дугуйнуудын хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдаагүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдлын хувьд: Урд салхины шил доод хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, капот гол хэсгээр хонхойсон, урд буфер дээд болон доод гол хэсгээрээ цуурч хагарсан, сетка унаж байхгүй болсон, зүүн гар талын хойд хаалганы доод хормой хонхойсон, иж бүрдэл байхгүй зэрэг эвдрэл, гэмтлүүд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Урд салхины шил доод хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, капот гол хэсгээр хонхойсон, урд буфер дээд болон доод гол хэсгээрээ цуурч хагарсан, сетка унаж байхгүй болсон, зүүн гар талын хойд хаалганы доод хормой хонхойсон, иж бүрдэл байхгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Зүүн гар талын хаалганы доод хормой хонхойсон хуучин эвдрэл гэмтэл нь тухай зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Урд салхины шил доод хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, капот гол хэсгээр хонхойсон, урд буфер дээд болон доод гол хэсгээр цуурч хагарсан нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн гэх тул осолд нөлөөлөхгүй.

4. Зүүн гар талын хаалганы доод хормой хонхойсон хуучин эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөхгүй. Урд салхины шил доод хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, капот гол хэсгээр хонхойсон, урд буфер дээд болон доод гол хэсгээр цуурч хагарсан нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн гэх тул осолд нөлөөлөх боломжгүй.

5. Aвтотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АBS бүхий тоормосны системтэй.

6. Тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд тоормос бүрэн ажиллагаатай, эвдэрч гэмтсэн зүйлгүй байна.

7. Зүүн гар талын хаалганы доод хормой хонхойсон хуучин эвдрэл гэмтэл нь тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байна. Урд салхины шил доод хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, капот гол хэсгээр хонхойсон, урд буфер дээд болон доод гол хэсгээр цуурч хагарсан эвдрэл, гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн шинэ гэмтлүүд гэж үзэж байна.

8. Тухайн тээврийн хэрэгслийн дугуйнуудын хээний гүн нь 3.5-4.4мм буюу стандартын шаардлага хангаж байна.” гэсэн дүгнэлт, тоног төхөөрөмжийн хэмжилт, техникийн дүгнэлтийн хуудас, холбогдох гэрэл зураг /хэргийн 68-75х/,

 

14. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 02 сарын 16-ны өдрийн 135 дугаартай тоот:

1. Тоёота Приус-20 маркийн 79-47 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Б нь МУ-ын ЗХД-ийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ц.У- нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

4. 2019.02.04-ний өдрийн Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн №40 дугаартай оношлогооны дүгнэлтэнд дурьдагдсан эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын үед үүссэн гэх тул осолд нөлөөлөх боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 77-78х/,

 

15. Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 434 тоот актын:

1. Х.Б нь зам тээврийн осолд орох үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.

2. Х.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Х.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Х.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

5. Х.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

6. Х.Б нь эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

7. Х.Б нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 80-82х/,

 

16. Шүүгдэгч Х.Бээс хохирогчийн хууль ёсны төлөлөгч Д.Г-д хохирол, сэтгэл санааны нөхөн төлбөрт  

- 2019 оны 01 сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг,

- 2019 оны 02 срын 15-ны өдөр 4.100.000 төгрөг,

- 2019 оны 03 сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг,

-  2019 оны 04 сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн гүйлгээний баримтууд /хэргийн 132х, 195х/,

 

17. Шүүгдэгч Х.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г- нарын хооронд байгуулсан эдийн бус сэтгэл санааны хохиролд тооцон 45.0 сая төгрөгийг 2019 оны 05 сарын 30-ны өдрийн дотор нөхөн төлөх талаар байгуулсан эвлэрлийн гэрээ баримт /хэргийн 196х/, 

 

18. Шүүгдэгч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Манай гэр Өлзийт хороололд байдаг юм. 2019 оны 01 сарын 23-ны өдөр би ээжийн хамт 12 цагийн орчим хотын төв ороод дэлгүүр болон нисэхийн Хаан банк орсон. Буцаад Өлзийт хороолол руу харих гээд Хан-Уул дүүргийн нутаг Буянт-Ухаа 2 хорооллын зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа 15 цаг 50 минутын орчимд явж байтал миний баруун гар талаас гэнэт урдуур нэг охин намайг харалгүй, доошоо тонгойгоод гүйгээд гараад ирсэн. Би машинаасаа буугаад иртэл охин зам дээр хэвтэж байхаар нь шууд 102 болон 103-т дуудлага өгсөн. Удалгүй Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн эргүүлийн нэг цагдаа ирсэн ба нилээн хойно түргэний эмч нар ирээд мөргүүлсэн охиныг үзээд “нас барсан байна” гэж хэлээд явсан. Дараа нь Тээврийн цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн.

Би тухайн үед явган зорчигч Ц.У-ийг гарцаар зам хөндлөн гарч явахыг харсан. Тухайн үед явган зорчигч зам дагуу явж байгаад гэнэт явган хүний зам руу гараад ирсэн. Миний нүд харанхуйлаад юу ч харагдахгүй болсон. Ээж надад “чи хүн дайрчихлаа” гэж хэлсэн. Би тэгээд “тийм үү” гэж асуусан байсан. Би ойролцоогоор 60 км/цагийн хурдтай явж байсан. Явган зорчигч ганцаараа куртикныхээ малгайг өмсчихсөн явж байсан. Осол гарах үед үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би одоогийн байдлаар хохирогчийн ар гэрийн хүмүүсийн хэлсэний дагуу оршуулганд 8.0 сая төгрөг зарцуулсан. Мөн сэтгэл санааны хохиролд 10.0 сая төгрөг өгсөн. Цаашид нийлүүлээд 50.0 сая төгрөг өгөх бодолтой байна.

Би тухайн үед хохирогчийг гэнэт гүйгээд гараад ирнэ гэж бодоогүй. Харин явган зорчигч нилээн сандарсан бололтой хурдан явж байгаад гүйж гарч ирээд мөргүүлсэн. Би техникийн шинжээч нарын дүгнэлттэй уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд жолоо барьж явахдаа хурд хэтрүүлээгүй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явж байсан ба ийм осол болсонд маш их харамсаж байна. Энэ бүх байдлыг хэргийг шийдвэрлэхэд анхаарч үзэж, хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 94х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 95х/, Хороо, багийн Засаг даргын тодорхойлолт баримт /хэргийн 97х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 98х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 104х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, Шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Бийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үлээ.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа-2 хорооллын зүүн замд Тоёота Приус маркийн 79-47 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч 17 настай Ц.У-ийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан ба уг ослын улмаас явган зорчигч Ц.У- биедээ “...гавлын суурь ясны далд хугарал, их тархины хоёр тал бөмбөлөг, бага тархины орой, суурь хэсэг хамарсан аалзан хальсны доорх тархмал цус харвалт, баруун зүүн уушгины тархмал цус харвалт, эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт шарх, зулгаралт...” бүхий гэмтэл авч нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-7х, 8-9х, 10-18х

- Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 19-23х/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 27х/,

- Шанцан овогт Цэдэннамжилын Ууганцэцэг 2019 оны 01 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт авто ослоор нас барсныг 2019 оны 01 сарын 25-ны өдөр нас барсны бүртгэлийн 627 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон баримт /хэргийн 35х/,

- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн: “... Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь ясны далд хугарал, их тархины хоёр тал бөмбөлөг, бага тархины орой, суурь хэсэг хамарсан аалзан хальсны доорх тархмал цус харвалт, баруун зүүн уушгины тархмал цус харвалт, эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2019.01.23-ны оройн 22 цаг 40 минутын үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байх боломжтой байна. /цогцост хийсэн анхны үзлэгээр/. Талийгаач нь В ( III )-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна..” гэсэн шинжээчийн 393 дугаартай дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 52-56х/,

- ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжилгээний 667 тоот дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 59-62х/, ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 866 дугаартай дүгнэлт /хэргийн 64х/, 

- Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн: “... Автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд, хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний хэмжээ, их гэрлийн тусгалын хэмжээ хол, ойр дээрээ хэвийн, дугуйнуудын хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдаагүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдлын хувьд: Урд салхины шил доод хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, капот гол хэсгээр хонхойсон, урд буфер дээд болон доод гол хэсгээрээ цуурч хагарсан, сетка унаж байхгүй болсон, зүүн гар талын хойд хаалганы доод хормой хонхойсон, иж бүрдэл байхгүй зэрэг эвдрэл, гэмтлүүд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд салхины шил доод хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, капот гол хэсгээр хонхойсон, урд буфер дээд болон доод гол хэсгээрээ цуурч хагарсан, сетка унаж байхгүй болсон, зүүн гар талын хойд хаалганы доод хормой хонхойсон, иж бүрдэл байхгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна. Зүүн гар талын хаалганы доод хормой хонхойсон хуучин эвдрэл гэмтэл нь тухай зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Урд салхины шил доод хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, капот гол хэсгээр хонхойсон, урд буфер дээд болон доод гол хэсгээр цуурч хагарсан нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн гэх тул осолд нөлөөлөхгүй. Зүүн гар талын хаалганы доод хормой хонхойсон хуучин эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөхгүй. Урд салхины шил доод хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, капот гол хэсгээр хонхойсон, урд буфер дээд болон доод гол хэсгээр цуурч хагарсан нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн гэх тул осолд нөлөөлөх боломжгүй. Aвтотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АBS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд тоормос бүрэн ажиллагаатай, эвдэрч гэмтсэн зүйлгүй байна. Зүүн гар талын хаалганы доод хормой хонхойсон хуучин эвдрэл гэмтэл нь тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байна. Урд салхины шил доод хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, капот гол хэсгээр хонхойсон, урд буфер дээд болон доод гол хэсгээр цуурч хагарсан эвдрэл, гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн шинэ гэмтлүүд гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийн дугуйнуудын хээний гүн нь 3.5-4.4мм буюу стандартын шаардлага хангаж байна.” гэсэн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт, тоног төхөөрөмжийн хэмжилт, техникийн дүгнэлтийн хуудас, холбогдох гэрэл зураг /хэргийн 68-75х/,

- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн: “... Тоёота Приус-20 маркийн 79-47 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Б нь МУ-ын ЗХД-ийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц.У- нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 2019.02.04-ний өдрийн Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн №40 дугаартай оношлогооны дүгнэлтэнд дурьдагдсан эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын үед үүссэн гэх тул осолд нөлөөлөх боломжгүй байна.” гэсэн 2019 оны 02 сарын 16-ны өдрийн 135 тоот дүгнэлт /хэргийн 77-78х/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ы: “...Би талийгаач Ц.У-ийн төрсөн ээж нь байгаа юм. Ослын талаар надад мэдэх зүйл байхгүй, тухайн өдрийн 19 цаийн орчимд миний төрсөн эгчийн хүүгээс мэдсэн юм. Одоо сургуулийн амралт эхэлчихсэн учир миний охин гэртээ байсан. Нийслэлийн шилдэг 100 сурагчийн сургалтанд хамрагддаг байсан ба орой 17 цаг 30 минутын үед Улаанбаатар Их сургуульд явах гээд гэрээсээ гарч яваад гэрийнхээ зүүн талын зам дээр автомашинд мөргүүлсэн байна. Манай охин сургалтанд явахдаа Буянт-Ухаа 2 хорооллын зүүн талын автобусны буудлаас автобусанд сууж явдаг. Зам нь тусгаарлах зурвастай, хоёр талд явган хүний гарцтай гарцаар гараад автобусны буудал нь ойрхон. Манай охин байнга явган хүний гарцаар гарч хэвшсэн хүүхэд, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчингүй. Талийгаач охины ажил явдалд одоогийн байдлаар 7.0 сая гаран төгрөг зарцуулсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,

- гэрч С.Намжилмаагийн: “...Манай гэр Өлзийт хороололд байдаг. Өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед цагийг нь тодорхой санахгүй байна, цагаан сарынхаа юмсыг цуглуулахаар өөрийн охин Х.Бийн эзэмшлийн Тоёота приус маркийн улсын дугаарыг нь санахгүй байна, авто машинаар хотын төв рүү орж хэд хэдэн газруудад орсон. ...Өдөр 15-16 цагийн үед цагаан сарын юмаа цуглуулж дуусаад 19 дүгээр үйлчилгээний төвөөр орж гарсан. Тэгээд гэртээ харихаар явахдаа би дуг хийгээд түн, тан гээд дуугарахаар нь сэртэл манай охин зам тээврийн осол гаргачихсан байсан. Тухайн үед явган зорчигч хаанаас гарч, ямар чиглэлд явж байсныг би хараагүй. Намайг дуг хийх хооронд ийм зүйл болчихсон байсан. Осол Нисэхийн замд Буянт-Ухаа 2 гэдэг хорооллын явган хүний гарцны ойролцоо байсан. Манай охин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, хэзээ жолооч болсоныг би санахгүй байна. Би дуг хийж байсан болохоор тухайн үед манай охин хэдэн км/цагийн хурдтай явж байсныг нь хараагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46х/,

- ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас баримт /хэргийн 114-115х/,

- хохирогчийн төлөөлөгч Д.Г-ы шүүх хуралдаанд  өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 94х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв. 

 

Хэргийн шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Иймд шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирсон Ж.Түмэнжаргалыг оршуулахтай холбоотой гарсан зардлын нийт 12.499.793 төгрөгийн дүн бүхий баримт, хохирлын тооцоог хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт гаргаж өгснөөс /хэргийн 159-163, 165-187х/ шүүгдэгч Х.Б нь нийт 23.0 төгрөгийг нөхөн төлсөн нь:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хөхчулуунаас хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, хавсаргах баримтуудыг хүлээн авч, хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, зардлын баримтууд /хэргийн, 41-92х, 93-96/,

- шүүгдэгч Х.Бээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-д хохирол төлбөр шилжүүлсэн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт:

- 2019 оны 01 сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг,

- 2019 оны 02 срын 15-ны өдөр 4.100.000 төгрөг,

- 2019 оны 03 сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг,

- 2019 оны 04 сарын 22-ны өдөр сэтгэл санааны хохирлоос 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримтууд /хэргийн 132х, 195х/, гэмт хэргийн улмаас учруулсан болон сэтгэл санааны хохиролд нийт 23.0 сая /хорин гурван сая/ төгрөг нөхөн төлснийг баталгаажуулсан талуудын хооронд бичгээр байгуулсан хэлцэл /хэргийн 196х/ баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нараас шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тул уг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол /амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал/ хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөн төлөгдсөн гэж үзнэ.    

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол, нөхөн төлбөрт сэтгэл санааны хохирол хамаарах талаар зохицуулсан заалтгүй хэдий ч шүүгдэгч Х.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохиролд тооцож 50.000.000 сая төгрөгийг нөхөн төлөхөөр тэдгээр нь хэлэлцэн тохирч, 2019 оны 04 сарын 22-ны Эвлэрлийн гэрээ байгуулсан, уг гэрээний шүүгдэгч Х.Б нь 2019 оны 05 сарын 15-ны өдөр 22.500.000 төгрөг, 2019 оны 5 сарын 30-ны өдөр 22.500.000 төгрөг, нийт  45.000.000 сая төгрөгийг эдийн бус гэм хорын хохиролд тооцон нөхөн төлөхөөр хугацаа тогтоосныг шүүх буруутгах боломжгүй бөгөөд энэ нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зорилтод нийцсэн гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Х.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 95х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт баримт бүхий хохирлыг нөхөн төлсөн, мөн  шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар /нэг жил зургаан сар/ тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1175377 дугаартай үнэмлэх баримтыг түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Х-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.   

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Х.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд тооцон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-д шүүгдэгч Х.Б нь 23.000.000 /хорин гурван сая/  төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, эдийн бус гэм хорын хохиролд тооцон 45.000.000 /дөчин таван сая/ төгрөг нөхөн төлөхөөр хугацаа 2019 оны 04 сарын 22-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-гээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж шийдвэрлэсүгэй. 

 

7. Хэрэгт хураагдсан Х.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1175377 дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай.

 

8. Энэ хэрэгт Х.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД