Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01458

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01485

 

 

,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/01787 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.,,,,,,,,,,,т холбогдох,

тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах, нэр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мандхай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Би өөрийн эзэмшиж байсан Тоёота Приус-20 маркийн хар өнгийн ,,,,,,,,,,,, УЕЕ улсын дугаартай автомашиныг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн дүү ,,,,,,,,,,,,,,, түүний эхнэр Б.,,,,,,,,,,, нарт түр хэрэглүүлэх зорилгоор, үнэ төлбөргүйгээр, аливаа гэрээ, хэлцэл хийхгүйгээр өгсөн.

Түр унаж байх хугацаандаа аливаа зөрчил, осол, гэмтэл гарвал өөрсдөө хариуцаарай гэсэн утгаар нэрийг нь Б.,,,,,,,,,,,т шилжүүлсэн. Одоо надад автомашины хэрэгцээ гарсан тул хариуцагчаас автомашиныг буцаан гаргуулж, нэрийг нь шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талаас автомашиныг түр унаж хэрэглүүлэхээр өгсөн зүйл байхгүй. Түр хугацаа гэдэг бол 6 сар хүртэлх хугацааг ойлгоно. ,,,,,,,,,,,,ын төрсөн дүү ,,,,,,,,,,,,,,тай хамтын амьдралтай байсан. Автомашин нь ,,,,,,,,,,,,,,т газар, хувийн сууц бэлэглэсний хариуд шилжиж ирсэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Б.,,,,,,,,,,,ийн эзэмшлээс ,,,,,,,,,,,, УЕЕ улсын дугаартай, арлын NHW203091300 дугаартай, хар өнгийн Тoyota Prius XW20 маркийн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,т олгож, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.,,,,,,,,,,,ээс 231,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,т олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хамтран амьдрагчтай холбоотой эд хөрөнгийн бүх маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байтал урьд шүүх дээр ярилцсан асуудлаар шүүх шийдвэр гаргасан.

Тээврийн хэрэгслийг түр шилжүүлэхэд итгэмжлэлээр шилжүүлдэг. Харин эзэмшлийг шилжүүлнэ гэдэг нь өмчлөлд нь захиран зарцуулах эрхтэй шилжүүлэхийг хэлнэ. Шүүх захиран зарцуулах эрхтэйгээр өмчлөлд нь бүрмөсөн шилжүүлсэн үйлдлийг түр шилжүүлсэн гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Энэ тээврийн хэрэгслийг өөрөө худалдаж авсан. Дүүгийнхээ хүсэлтээр түүний эхнэр Б.,,,,,,,,,,,ийн нэр дээр шилжүүлсэн. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагч Б.,,,,,,,,,,,т холбогдуулан тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах, нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх нотлох баримтын хуваарилалт болон хууль тайлбарлан хэрэглэхдээ алдаа гаргасны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

 

3. Маргааны зүйл болж буй ,,,,,,,,,,,, УЕЕ улсын дугаартай, Тoyota Prius XW20 маркийн тээврийн хэрэгсэл нь Монгол Улсад анх 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ,,,,,,,,,,,,,,ын өмчлөлд бүртгэгдэж, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ,,,,,,,,,,,,,,аас ,,,,,,,,,,,, руу тээврийн хэрэгслийн өмчлөл шилжсэн.

 

3.1. ,,,,,,,,,,,, нь тээврийн хэрэгслийг өмчлөлдөө аваад 11 хоногийн дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өмчлөлийг Б.,,,,,,,,,,,т шилжүүлсэн. Одоо тээврийн хэрэгсэл Б.,,,,,,,,,,,ийн өмчлөл, эзэмшилд буй.

Мөн ,,,,,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,, нар нь хамтран амьдарч байсан бөгөөд хоорондоо эд хөрөнгийн маргаантай талаар зохигч тайлбарласан.

 

3.2. Эдгээр үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдсон.

 

4. Зохигч нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн талаар маргасан.

Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн лавлагаагаар ,,,,,,,,,,,, УЕЕ улсын дугаартай, Тoyota Prius XW20 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Б.,,,,,,,,,,, болох нь тогтоогдсон.

Энэхүү эрх бүхий байгууллагын бүртгэлээр тогтоогдож буй өмчлөлд маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох буюу өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх үүргийг хүлээнэ. Учир нь хариуцагч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь баримтаар тогтоогдсон.

 

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дээрх тээврийн хэрэгслийг худалдан авах мөнгөн хөрөнгийг гаргаж худалдан аваад дүү ,,,,,,,,,,,,,,ын нэр дээр бүртгүүлсэн, улмаар ,,,,,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,, нарт түр хэрэглүүлэх үүднээс тээврийн хэрэгслийн өмчлөлийг хариуцагчид шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

Гэрч ,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж мэдүүлэг өгсөн боловч уг гэрч нь нэхэмжлэгчийн төрсөн дүү, мөн хариуцагчтай хамтын амьдралаас үүдэлтэй эд хөрөнгийн маргаантай учир түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэхгүй.

 

4.2. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчийг нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг буцаан шаардах эрхгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/01787 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.,,,,,,,,,,,т холбогдох тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах, нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ