Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 324

 

  

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ын З, Б овогт Б-ы С нарт холбогдох эрүүгийн 19020 0074 078 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Ганбат /томилолтоор/, шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Г.Тамир, өсвөр насны шүүгдэгч Б.С, түүний хууль ёсны төлөөлөгч С.М, өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, ах, эгч, дүү нарын хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны, 85 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-ын З /РД: /,

 

2. Монгол улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 17 настай, бүрэн дунд бус боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 10 дугаар ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 5 дугаар гудамжны 1192 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ы С /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч Ч.З нь 2019 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байрны 24 тоотод болон өөрийн биедээ, өсвөр насны яллагдагч Б.С-тай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 85 тоотод тус тус Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 11.5 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан ,

 

2. Өсвөр насны шүүгдэгч Б.С нь Ч.З-той бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 85 тоотод болон өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 11.5 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн суддав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ч.З-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Миний хийсэн үйлдэл буруу гэдгийг мэдэж байгаа. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би гэм буруугийн талаар маргахгүй. Би цаашид сургуульд сурна гэж бодож байгаа. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгосон.” гэсэн мэдүүлэг,

 

2. Өсвөр насны шүүгдэгч Б.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би ариун цэврийн өрөөнд байсан тамхийг гадаа хаях гэж авсан. Учир нь Очирболдын эхнэр гэртээ байхгүй байсан ба гэртээ ирээд тамхи байгааг харчихвал уурлах байх гэж бодоод найзтайгаа уулзахаар гарахдаа хаях гэж авч гарсан. Бид бие биенээ уруу татсан зүйл байхгүй. Хэрэг гарсан өдөр би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед буруу зүйл хийж байгаагаа ч өөрөө мэдэхгүй байсан юм. Тэр үеэ бодохоор их муухай байна, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Мөн тамхи татах нь эрүүл мэндэд хортой гэдгийг мэднэ. Би цаашид хичээл зүтгэл гаргаж өөртөө анхаарал хандуулах болно.” гэсэн мэдүүлэг,

 

3. Өсвөр насны шүүгдэгч Б.С-гийн хууль ёсны төлөөлөгч С.М-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...Эцэг эхийн хараа хяналт муу байснаас болж өсвөр насандаа миний охин энэ хэрэгт холбогдсонд нь гэмшиж байна. Цаашид хүүхдийнхээ төлөө анхаарал хандуулна. Манай хүүхдийн сахилга бат сайн байсан. Би тамхи татдагийг нь мэдээгүй. Сүүлийн 6 дугаар сараас хойш сэтгэл санаа нь тогтворгүй байсан юм. Миний охин аавыгаа сайн асардаг, эмнэлгийнхэн их магтдаг. Манай нөхөр 80 хувийн харвалттай.

С манай бага охин, одоо С эгч нартайгаа хамт амьдардаг. Манай охин сүүлийн үед сонин зантай болсон. Гэнэт нэг хүүхэд утсаар дууддаг болсон байхаар нь “ямар хүүхэдтэй уулзаад байгаа юм бэ” гэхэд манай сургуулийн найз л гэдэг байсан. Одоо манай амьдралын байдал хүнд байгаа. Бид охиныгоо их эрхлүүлж өсгөсөн. Бидний буруу байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19020 0074 078 дугаартай хэргээс:

 

1. Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 7х/,

 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-10х, 11-15х/, Үзлэгийн тэмдэглэлд:

“...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48 байрны 85 тоот болон уг байрны нэг давхар, хоёр давхар болон гурван давхрын 85 тоотоос ...2 ширхэг цаасанд боосон 8 см урт нунтаг зүйлийг хураан авч, байрны 4 дүгээр давхраас эм мэт бөөрөнхий зүйл 1 ширхэг, 2 дугаар давхраас хуйлсан 100-ын дэвсгэрт 1 ширхэг, 1 давхарын шатан доороос 9 см өндөр 5 см өргөн, 6.5 см урттай хар өнгийн дотроо НӨАТ-ын баримт 1 ширхэг, 11 ширхэг капсулан эмийг тус үзлэгээр хураан авав.” гэжээ. 

 

3. Хүний биед үзлэг хийж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:  “...Б.С нь THC төрлийн мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав.” /хэргийн 16-17х, 18-19х/,

4. Хүний биед үзлэг хийж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “... Ч.З нь THC төрлийн мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав.” /хэргийн 23-25х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын 2019 оны 01 сарын 21-ны өдрийн 08 дугаартай тогтоол /хэргийн 31х/,

 

4. Хэрэгт “... 2 ширхэг цагаан өнгийн цаасанд ороож тамхи хэлбэрт оруулсан 2.3 гр Каннабис, гялгар ууттай 9.3 грамм Каннабис өвс /нийт уут, цаасны хамт 11.6 грамм Каннабис ургамал/”  зэргийг Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 32х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Очирболдын гэрчээр өгсөн:

“...Би өөрийн танил ах болох Ган-Эрдэнийн гэрт 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой 01 цагийн орчимд найз Хулангийн хамт очоод 2 хоносон. Намайг анх очсоны дараа 1-2 цагийн дараа араас С ирсэн. Тэгээд тэр шөнө Ган-Эрдэнэ, С, хулан бид 4 пиво уусан. Тэгээд маргааш нь 2019 оны 01 сарын 18-ны өдөр 13 цагийн үед орчим бид нар босож хоол, унд хийж идчихээд 15 цагийн үед Хулан гэр лүүгээ харихаар явахад би хамт гадагшаа гарч дэлгүүрээс тамхи аваад, хуланг машинд суулгаж өгсөн. Тэгээд буцаж Ган-Эрдэнийн гэрт ороод амарч байгаад тэндээ унтаж амарсан. Маргааш нь буюу 2019 оны 01 сарын 19-ны өдөр 17 цагийн үед манай хамаатны дүү надад улаан өнгийн өмд болон хөлс дарагч гэрээсээ авчирч өгсөн. Тэр үед З халааснаасаа өвч гаргаж ирээд “надад энэ байна” гэж хэлсэн.

...Манай дүү З надтай гар утсаар холбогдож “та хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь “Ган-Эрдэнэ ахын гарт байна” гэхэд “уулзах уу” гэсэн. Тэгээд бид хоёр уулзалдахаар болоод “ирэхдээ надад өмд болон хөлс дарагч аваад ирээрэй” гэж би захисан юм. Манай дүү З өдрийн 17 цагийн үед ирсэн ба энэ хооронд Ган-Эрдэнэ бид хоёр дахин нэг том пиво авч хувааж уусан. Зоо удалгүй “найзуудтайгаа уулзлаа” гээд гараад явсан ба Ган-Эрдэнэ бид хоёр дахин нэг нэг шил лаазтай пиво авч уусан.

Зоо найзтайгаа уулзахаар яваад буцаж ирэхэд нь бид бүгдээрээ хөзөр тоглоод, зурагт үзээд сууж байсан. З, С хоёр надад “ариун цэврийн өрөө рүү тамхи татъя” гээд бид 3 ариун цэврийн өрөөнд орж янжуур тамхи татаад зогсож байтал З халааснаасаа 2 ширхэг цагаан цаасанд ороосон өвс гаргаж ирээд “ийм өвс байна ахаа, яах уу” гэхээр нь би “дэмий юм биш үү” гээд ариун цэврийн өрөөнөөс гараад том өрөөнд очиж хөзөр тоглоод, кино үзээд сууж байгаад С, З, бид гурав ”агаар амьсгалъя” гээд гадагшаа гарсан.

Тэгээд байрны буланд янжуур тамхи татаад зогсож байгаад согтуу байсан учраас яг хэн асаасныг нь санахгүй байна, нэг мэдэхэд Зтод байсан цагаан цаасанд ороосон өвсийг бид гурав хувааж татсан. Гаднаас нь харахад тамхитай төстэй зүйл байсан, би тухайн үед согтуу байсан юм. Харин орой нь ариун цэврийн өрөөнд бол өвс гэдгийг мэдэж байсан. Тухайн үед би сонирхоод л хэрэглэсэн. Тухайн өвс нь анх Зийн барьж байсан тамхины хайрцагнаас гарч ирсэн, хаанаас авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Бид нар 00 өрөөнд тамхи татахдаа 00-ын өрөөний тавиур дээр тамхиа үлдээчихдэг. Тэр хоёр ширхэг цаасанд ороосон зүйл тэнд байсан тамхины хайрцагнаас гарч ирсэн ба З гаргаж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х, 45-46х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ган-Эрдэнийн гэрчээр өгсөн:

“... Би өдөр хоногийг нь нарийн хэлж мэдэхгүй байна, 1 сарын дундуур байсан байх, эхлээд манай гэрт Очироо гээд хуурай дүү найз Хулан гээд охинтой пиво авч ирээд хамт хувааж уусан. Удалгүй Хулан нь гэртээ харилаа гэж яваад Очироогийн найз С гээд эмэгтэй ирээд бид хэд пиво уугаад, хоол унд хийж идээд, манай хүүхдийг саатуулаад хамт хөзөр тоглоод юм ярьж суусан. Тэр шөнөдөө манай гэрт бөөнөөрөө хоноод маргааш өдөр нь дахин пиво аваад ууж байтал Очироогийн дүү З  гэдэг хүүхэд өмд, хөлс дарагч авч ирээд пиво ууцгааж байтал хүүхэд маань уйлаад болохгүй байхаар нь би хүүгээ унтуулах гээд унтлагын өрөөнд ороод хэвтэж байтал тэр гурав  “ахаа, танай ариун цэврийн өрөөнд ороод тамхи татчих уу” гэхээр нь “тэг тэг, хаалгаа хаагаад татаарай” гэж хэлсэн.

Тэр гуравын хэн нь юм мэдэхгүй орж гараад, хаалга үүд савалзуулаад байхаар нь “хаалгаа аяархан хаагаарай, хүүхдээ унтуулах гэж байна” гэж хэлээд хэвтэж байтал удалгүй С нь гаднаас баахан цагдаа нарыг дагуулаад ороод ирсэн. Би юу болоод байгааг ойлгохгүй байж байгаад үзлэг хийж байгаад бид хэдийг цагдаа дээр авч ирсэн.

Хэн нь тийм зүйлийг хаанаас гаргаж ирээд тавьсан юм мэдэхгүй, цаасанд ороосон тамхи шиг юм хурааж авсан байсан. Би тэр юмыг хэнийх болохыг мэдэхгүй байна. Очирболд нь “манай найзын дүү” гээд танилцаж байсан болохоор хуурай ах дүү болж хааяа уулзаж, манайхаар орж гараад байдаг юм. З нь Очироогийн дүү гээд хааяа машин тэрэг бариад явж байхад нь тааралдаж байсан. С гэх хүүхнийг анх удаа тэр өдөр харсан.

Тухайн каннабис гэх өвсийг хэн хэзээ, хаанаас авч ирсэнийг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Хүү маань нойр нь хүрээд уйлагнаад байхаар нь би хүүгээ унтуулах гээд өрөөнөөсөө гараагүй болохоор тэр гурав юу татаж хэрэглэснийг нь хэлж мэдэхгүй байна. Сг харахад 20 орчим насных юм шиг харагдаж байсан. Очироо нь манай найз гэж танилцуулсан болохоор насыг нь ч сонирхож асуугаагүй. Ямар ч байсан жоохон хүүхэд шиг харагдаагүй, нүүр амаа будчихсан, оворжуу харагдаж байсан. С өмнө нь манайд огт ирж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50х/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 809 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Д.Ган-Эрдэнэ гэж хаягласан шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

Шинжилгээнд ирүүлсэн Чулуунготовын З гэж хаягласан хэмжээтэй шээс, Билэгсайханы С гэж хаягласан шээс, Сүхбаатарын Очирболд гэж хаягласан шээс тус бүрд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

3. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 57-59х/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 808 тоот:

“1.2. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Үзүүр хэсэг цэнхэр өнгийн цаастай, цаасанд ороолттой ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Цаасанд ороолттой ногоон өгийн мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 9.7345 г, цэвэр жин нь 8.7365 г байна. Үзүүр хэсэг цэнхэр өнгийн цаастай цаасанд ороолттой ногоон өнгийн ургамал мэт зүйл, цаасанд ороолттой ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргийн гялгар ууттай жин нь 8.7365 г байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 61-64х/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 896 тоот:

“1. Шинжилгээнд “2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 85 тоотод Ч.З, С.Очирболд, Б.С, Д.Ган-Эрдэнэ нар нь өвс мэт ногоон өнгийн ургамал хэрэглэсэн гэх хэрэгт ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Баяржаргал” гэж хаягласан гялгар ууттай улаан цагаан өнгийн капсултай эм мэт зүйл 11 ширхэг, цагаан өнгийн бөөрөнхий хэлбэртэй эм мэт зүйл 1 ширхэгийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн улаан цагаан өнгийн капсултай эм мэт зүйл болон цагаан өнгийн бөөрөнхий хэлбэр эм мэт  зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 66-67х/,

 

11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 527 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Ч.З нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Ч.З нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Ч.З мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ч.З нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Ч.З нь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

6. Ч.З нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

- Монгол Улсад эмчлэгдэх боломжтой.

- СЭМҮТ-д эмчлэгдэх боломжтой.

7. Ч.Зт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 134-135/,

 

12. Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 569 тоот:

1. Б.С нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.С нь одоо сэтгэцийн эмгэггүй байна.

3. Б.С нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Б.С нь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

6. Б.С нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

7. Б.Сд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 137-138х/,

 

13. Өсвөр насны шүүгдэгч Билэгсайханы С 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, ...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар “17 нас 02 сар 12 хоногтой байна” гэсэн нас тоолсон тэмдэглэл /хэргийн 75х/,

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Зийн гэрч, яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой би гэртээ хоноод маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн орчимд босоод гэртээ ганцаараа компьютер тоглож байгаад тодорхой цагийг одоо санахгүй байна, ямартай ч Очирболд ахтай гар утсаар холбогдоод уулзахаар тохиролцсон. Тэгээд би шууд гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг Ган-Эрдэнэ ахын гэрт очиж Очирболд ахтай уулзсан.

Тэр үед надад “гэрээс улаан оёдолтой өмд болон хөлс дарагч зэргийг аваад ир” гэж хэлэхээр нь би 16 цагийн орчимд Ган-Эрдэнийн гэрээс гараад 15 дугаар сургуулийн хажуу талын “Лан” нэртэй ПС тоглоомын газарт очиж 2-3 орчим цаг тоглосон. Тэгээд орой 19 цаг өнгөрөөгөөд гэртээ очоод Очирболдын захисан зүйлүүдийг аваад, буцаад Ган-Эрдэнийн гэрт очсон.

Би Очирболдод “надад өвс байна” гэж үзүүлж харуулахад “наадах чинь хэрэггүй зүйл, хая” гэж хэлэхээр нь би ариун цэврийн өрөөрүү ороход С орж ирээд “наадахаа надад өгчих, би найзаасаа энэ ямар ургамал вэ гэдгийг нь асуугаад өгье” гэхээр нь би ариун цэврийн өрөөний тавиур дээр орхиж гараад, нөгөө өрөөрүү орж Очирболд, Ган-Эрдэнэ болон түүний эхнэр нартай хөзөр тоглосон.

Тэгээд тэр үед С гадагшаа гарч ороод яваад байсан юм. Хөзөр тоглож байхад тэдний ууж байсан пиво нь дуусаад Очирболд, С, бид гурав дахин пиво худалдаж авахаар дэлгүүр рүү гарч, хүнсний дэлгүүрээс нэг том 2.5 литрийн савлагаатай пиво худалдаж аваад буцаж орох гэхэд Очирболд “хоёр хоног гадагшаа гараагүй, жоохон зогсъё” гэж хэлсэн. Бид гурав 18 дугаар сургуулийн урд талын сандал дээр сууж байгаад 2 ширхэг янжуур тамхи асааж хувааж татсан. Тухайн үед нэг тамхи нь янжуур биш, харин өвс байсан. Тэгээд удалгүй буцаад Ган-Эрдэнийн гэрт ороод байж байтал орой 23 цагийн үед цагдаа нар орж ирсэн.

Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 1 дүгээр хороололд байдаг “Рокси” нэртэй бааранд найзтайгаа уулзахаар нэг хоёр пиво захиалж уунгаа бүжиглэж байгаад ширээндээ ирж суухад миний хөлөн доор тамхины хайрцаг байхаар нь “энэ миний тамхи байна” гэж бодоод аваад халаасандаа хийсэн байсан. Тэгтэл тэр дотор ийм зүйл байсан. Би мэддэг хүнээс нь асууя гээд өөртөө байлгаж байсан юм. Гадаа сургуулийн урд талд сууж байхад С 2 ширхэг тамхи гаргаж ирсэн. Би дээрхи зүйлийг хориглодог гэдгийг мэдээгүй.

... Би уг эм мэт зүйлийн талаар мэдэхгүй, огт хараагүй. Надад өвс гэх зүйл байсан талаар Ган-Эрдэнэ огт мэдээгүй, харин Очирболд ах хараад “хая” гээд байхар нь би хаях гээд ариун цэврийн өрөөнд орхичихсон юм. Ямар ч гэсэн С тэр өвсийг ариун цэврийн өрөөнд надаас гуйгаад байсан. Би орхиод гарсан. Тэгтэл С сургуулийн хашаанд орж тамхилахад С миний орхиод гарсан цаасанд ороосон өвсийг аваад гараад ирсэн байсан. Гэхдээ эхлээд сорж татахаасаа өмнө өвс байна гэдгийг мэдээгүй, зүгээр тамхи байна гэж бодоод сортол гашуун оргихоор нь мэдсэн.

Тэгээд бид гурав буцаж ороод би угаалгын өрөө орчихоод гараад иртэл С зөрж угаалгын өрөө орсон бөгөөд удалгүй “найзуудтайгаа уулзана” гээд гарсан. Тэгтэл хэдхэн минутын дараа гаднаас цагдаа нар дагуулж орж ирээд, үзлэг хийсэн.

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 11 ширхэг капсултай эм мэт зүйлийг би хараагүй, хэнийх гэдгийг хэлж мэдэхгүй байна. Миний хувьд Сд ууттай каннабис өвсийг мөнгөөр болон зүгээр өгөөгүй. Би уг зүйлийг хаях санаатай угаалгын өрөөнд орхисон байсныг С өөрөө ороод авчихсан байна лээ.

С өөрөө ...өмнө харчихаад надад өгчих гээд гуйгаад байхаар нь би “үгүй” гээд өгөөгүй юм. Түүнийг гадаа гарахдаа нэг ширхэг ороосон тамхийг нь авч гарч ирсэн эсэхийг нь ч мэдээгүй байтал, өөрөө авч гарч ирээд зогсохгүй Очироо ах, бид хоёрт өгч татуулсан. Түүнээс ах бид хоёр тэр тамхийг татах санаа бодол байгаагүй. Тийм болохоор С гэдэг охиныг “тийм зүйл хэрэглээч” гэж санал болгосон, шахаж дарамталсан хүн огт байхгүй.

Би тухайн үед хууль бус олсон гэдгээ мэдэхгүй тамхи гэж бодож авсан боловч сүүлд нь Каннабис өвс болох, энэ нь хууль бус байдаг гэдгийг мэдлээ, болохгүй зүйл гэдгийг ойлгож ухаарч байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40х, 41-42х, 82-83х/,

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч Б.Сгийн гэрч, яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 17-ны орой 00 цагийн үед гэрээсээ гараад найз Очирболдтой уулзахаар түүний байгаа газар болох Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд нэг айлд очсон. Намайг очиход гэрийн эзэн Ган-Эрдэнэ гэх залуу эхнэр, хүүхдийн хамт, Очирболд найз охинтойгоо хамт байсан. Тэр шөнөдөө дуу хөгжим сонсож, ойр зуурын юм ярьж байгаад унтацгаасан бөгөөд маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хулан хоол идчихээд, гэртээ харина гээд гарсан.

Ган- Эрдэнийн эхнэр “студи орж дуу бичүүлэх ажилтай байна, өдөр хүүхэд хараад өгөөч” гээд гуйхаар нь зөвшөөрөөд тэр өдөртөө Ган-Эрдэнэ ахын хүүг нь харалцаад, хоол унд хийж өгч байтал оройтоод тэндээ хоносон. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Очирболдын дүү З ирээд,  бид нар хөзөр тоглоод, пиво аваад надаас бусад нь хувааж уусан.

Хөзөр тоглож байгаад гадаа гарч тамхи татахаар болоод сургуулийн хашаанд орж сандал дээр суугаад З тамхины хайрцаг гаргаж ирээд тамхи татсан бөгөөд нэг тамхинд нь өөр зүйл оронд нь хийсэн байсан. Би “нөгөө Каннабис гэх өвс байна даа” гэж мэдээд сонирхоод хэдэн удаа сорж үзсэн. Надад тийм тааламжтай санагдаагүй, сонирхоод байх зүйл биш байсан тул дахиж хэрэглээгүй буцааж өгсөн.

Тамхи татахаар гарахаас өмнө билүү, дараа нь билүү сайн санахгүй байна, З Ган-Эрдэнэ ахын гэрийн үүдний өрөөнд байхдаа халааснаасаа гялгар ууттай Каннабис өвс гаргаж ирээд “надад ийм зүйл байгаа, би баарнаас олсон юм, гэхдээ энэ миний хэрэглэх, сонирхох зүйл биш болохоор би хаях гэж байгаа, Очирболд ах ч гэсэн надад энийг дэмий зүйл, хаясан нь дээр гэж хэлсэн болохоор одоо хаяхаас” гэж хэлсэн.

Ингээд З угаалгын өрөөнд орж бие засчихаад гарахдаа нөгөө ууттай өвсөө ариун цэврийн өрөөний шалан дээр билүү тавиур дээр нь хаях гээд тавьчихсан байхаар нь би хараад Ган-Эрдэнэ ах, бас эхнэр нь харчих вий гэж санаа зовоод гадаа гаргаж хаяна гээд халаасандаа хийгээд гарсан. Тухайн үед Ган-Эрдэнэ ах хүүгээ унтуулах гээд унтлагын өрөөндөө хэвтэж байсан, эхнэр нь дуу бичүүлнэ гэж гараад ирээгүй байсан юм.

Ингээд гадаа гараад төд удалгүй дэлгүүрийн үүдэнд цагдаа нар тааралдаад намайг шалгахад халаасанд ууттай өвс, бас аль дээр үед гаднаас олсон эмнүүд байсан. Тэгээд цагдаа нар намайг “байсан айлаа зааж өг, хаанаас гарч ирсэн” гэхээр нь Ган-Эрдэнэ ахын гэрийг зааж өгөөд, xaмт орох гэж байхдаа шатны доогуур савтай эмээ унагачихсан.

Ингээд үзлэг хийхэд надаас ууттай өвс, 2 ширхэг ороосон тамхи хэлбэртэй өвс, бас шатны доороос хар өнгийн савтай 11 ширхэг эм зэргийг хурааж авсан. Би хэрэг болдог өдөр өмсөж байсан хар өнгийн куртикээ өмсөөгүй их удсан юм. Тэр капсултай эмийг 2018 оны 11 сард гэрээсээ гараад хичээлдээ явж байтал манай гэрийн ойролцоо хэдэн гудмын цаана байсан санагдаж байна, автобусны буудал орох замд нэг жижиг хар өнгийн сав газар хэвтэж байхаар нь “юу юм бол” гээд онгойлгоод хартал энэ эмнүүд байсан.

Би ийм савтай болохоор үнэтэй ховор эм юм болов уу гэж бодоод юу ч гэсэн хүмүүсээс асууж үзэх санаатай аваад куртикнийхээ халаасанд хийгээд тэр чигт нь мартсан байна лээ. Хүмүүсээс асуусан ч юмгүй, дахиж тэр куртикээ өмсөөгүй хэрэг болсон өдөр л өмссөн болохоор үзлэг хийхэд нь гарч ирээд санасан. Манай аав 80 хувийн харвалттай, одоо толгой нь байнга өвддөг, зовиуртай, хэвтэрт байгаа болохоор юмыг яаж мэдэхэв, аавд минь хэрэг болох юм болов уу гэж санаад авсан юм.

Би өмнө хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Харин хэрэг болсон өдөр анх удаа Каннабис өвс гэдэг зүйлийг хэрэглэж үзсэн. Намайг хэн нэгэн дарамталж, шахаж тулгасан асуудал байхгүй. Би өөрөө Очирболдтой уулзахаар Ган-Эрдэнийн гэрт очсон бөгөөд тэнд байж байтал З ирсэн. З халааснаасаа уг ууттай өвсийг гаргаж ирээд бид 3 хамт сургуулийн хашаанд татаж хэрэглээд үлдсэнийг нь хаях санаатай халаасандаа хийчихсэн байсан. Хэн нэгэн намайг гэмт хэрэгт түлхсэн асуудал байхгүй.

Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан, дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. 2018 онд биологийн болон эрүүл мэндийн хичээлүүд дээр хар тамхины хор уршгийн талаар хичээл орж байсан болохоор ер нь хүний биед хортой, хууль бус зүйл гэдгийг мэдэж байсан. Би мансууруулах бодис хэрэглэсэндээ гэмшиж байна, дахиж ийм асуудал гаргахгүй байж чадна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36х, 76х/ болон нэр бүхий шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 116-117х/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар болон лавлагаа баримтууд /хэргийн 90, 96х/, Ч.Зийн гаргасан амжилт, бүтээлийг тодорхойлсон баримтууд /хэргийн 93-94х/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар баримт /95х/, гэрч Ё.Чулуунцэцэгийн /хэргийн 48-49х/ мэдүүлэг, гэрч  С.Мгийн /хэргийн 53-54х/ мэдүүлэг  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг зохих журмын дагуу шалгасан, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Б.С, шүүгдэгч Ч.З нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.  

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзнэ.   

 

Тухайн хэргийн нөхцөлд:

 

Шүүгдэгч Ч.З нь 2019 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байрны 24 тоотод болон өөрийн биедээ, өсвөр насны яллагдагч Б.Стай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 85 тоотод тус тус Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 11.5 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь Ч.Зтой бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 85 тоотод болон өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 11.5 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт шүүх хуралдаанд шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн:

- гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 7х/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-10х, 11-15х/, Үзлэгийн тэмдэглэлд:

“...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48 байрны 85 тоот болон уг байрны нэг давхар, хоёр давхар болон гурван давхрын 85 тоотоос ...2 ширхэг цаасанд боосон 8 см урт нунтаг зүйлийг хураан авч, байрны 4 дүгээр давхраас эм мэт бөөрөнхий зүйл 1 ширхэг, 2 дугаар давхраас хуйлсан 100-ын дэвсгэрт 1 ширхэг, 1 давхарын шатан доороос 9 см өндөр 5 см өргөн, 6.5 см урттай хар өнгийн дотроо НӨАТ-ын баримт 1 ширхэг, 11 ширхэг капсулан эмийг тус үзлэгээр хураан авав.” гэсэн тэмдэглэл,  

- Хүний биед үзлэг хийж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:  “...Б.С нь THC төрлийн мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав.” /хэргийн 16-17х, 18-19х/,

- Хүний биед үзлэг хийж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “... Ч.З нь THC төрлийн мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав.” /хэргийн 23-25х/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын 2019 оны 01 сарын 21-ны өдрийн 08 дугаартай тогтоол /хэргийн 31х/,

- Хэрэгт “... 2 ширхэг цагаан өнгийн цаасанд ороож тамхи хэлбэрт оруулсан 2.3 гр Каннабис, гялгар ууттай 9.3 грамм Каннабис өвс /нийт уут, цаасны хамт 11.6 грамм Каннабис ургамал/”  зэргийг Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 32х/,

- гэрч С.Очирболдын: “...Зоо найзтайгаа уулзахаар яваад буцаж ирэхэд нь бид бүгдээрээ хөзөр тоглоод, зурагт үзээд сууж байсан. З, С хоёр надад “ариун цэврийн өрөө рүү тамхи татъя” гээд бид 3 ариун цэврийн өрөөнд орж янжуур тамхи татаад зогсож байтал З халааснаасаа 2 ширхэг цагаан цаасанд ороосон өвс гаргаж ирээд “ийм өвс байна ахаа, яах уу” гэхээр нь би “дэмий юм биш үү” гээд ариун цэврийн өрөөнөөс гарсан. ...

Тэгээд байрны буланд янжуур тамхи татаад зогсож байгаад согтуу байсан учраас яг хэн асаасныг нь санахгүй байна, нэг мэдэхэд Зтод байсан цагаан цаасанд ороосон өвсийг бид гурав хувааж татсан. Гаднаас нь харахад тамхитай төстэй зүйл байсан, би тухайн үед согтуу байсан юм. Харин орой нь ариун цэврийн өрөөнд бол өвс гэдгийг мэдэж байсан. Тухайн үед би сонирхоод л хэрэглэсэн. Тухайн өвс нь анх Зийн барьж байсан тамхины хайрцагнаас гарч ирсэн, хаанаас авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. ...Тэр хоёр ширхэг цаасанд ороосон зүйл тэнд байсан тамхины хайрцагнаас гарч ирсэн ба З гаргаж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х, 45-46х/,

- гэрч Д.Ган-Эрдэнийн: “...би хүүгээ унтуулах гээд унтлагын өрөөнд ороод хэвтэж байтал тэр гурав  “ахаа, танай ариун цэврийн өрөөнд ороод тамхи татчих уу” гэхээр нь “тэг тэг, хаалгаа хаагаад татаарай” гэж хэлсэн. Тэр гуравын хэн нь юм мэдэхгүй орж гараад, хаалга үүд савалзуулаад байхаар нь “хаалгаа аяархан хаагаарай, хүүхдээ унтуулах гэж байна” гэж хэлээд хэвтэж байтал удалгүй С нь гаднаас баахан цагдаа нарыг дагуулаад ороод ирсэн. Би юу болоод байгааг ойлгохгүй байж байхад үзлэг хийж байгаад бид хэдийг цагдаа дээр авч ирсэн.

Хэн нь тийм зүйлийг хаанаас гаргаж ирээд тавьсан юм мэдэхгүй, цаасанд ороосон тамхи шиг юм хурааж авсан байсан. Би тэр юмыг хэнийх болохыг мэдэхгүй байна. Очирболд нь “манай найзын дүү” гээд танилцаж байсан болохоор хуурай ах дүү болж хааяа уулзаж, манайхаар орж гараад байдаг юм. З нь Очироогийн дүү гээд хааяа машин тэрэг бариад явж байхад нь тааралдаж байсан. С гэх хүүхнийг анх удаа тэр өдөр харсан. Тухайн каннабис гэх өвсийг хэн хэзээ, хаанаас авч ирсэнийг үнэндээ хэлж мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /хэргийн 50х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 809 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Д.Ган-Эрдэнэ гэж хаягласан шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

Шинжилгээнд ирүүлсэн Чулуунготовын З гэж хаягласан хэмжээтэй шээс, Билэгсайханы С гэж хаягласан шээс, Сүхбаатарын Очирболд гэж хаягласан шээс тус бүрд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

3. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 57-59х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 808 тоот:

“1.2. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Үзүүр хэсэг цэнхэр өнгийн цаастай, цаасанд ороолттой ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Цаасанд ороолттой ногоон өгийн мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 9.7345 г, цэвэр жин нь 8.7365 г байна. Үзүүр хэсэг цэнхэр өнгийн цаастай цаасанд ороолттой ногоон өнгийн ургамал мэт зүйл, цаасанд ороолттой ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргийн гялгар ууттай жин нь 8.7365 грамм  байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 61-64х/, өсвөр насны шүүгдэгч Б.С /хэргийн 35-36х, 76х/, шүүгдэгч Ч.З /хэргийн 39-40х, 41-42х, 82-83х/ нарын хэргийн талаар гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм.  

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.З, өсвөр насны шүүгдэгч Б.С нар нь хориглосон сэтгэцэт нөлөөт бодисыг худалдан борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон байна.

 

Тухайн хэргийн шүүгдэгч Ч.З, өсвөр насны шүүгдэгч Б.С нар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 527 тоот,  2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 569 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна. /хэргийн 134-135, 137-138х/

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ч.З, өсвөр насны шүүгдэгч Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.  

 

Шүүгдэгч Ч.З, өсвөр насны шүүгдэгч Б.С нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 116-117 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул нэр бүхий шүүгдэгч нарыг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

 

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Б.С нь 2002 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн 2019 оны 01 сарын 19-ний өдрийн байдлаар 17 нас 02 сар 12 хоногтой байсан ба хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх энэ өдрийн байдлаар тэрээр 17 нас 05 сар 23 хоногтой, 18 насанд насанд хүрээгүй болох нь хэрэгт авагдсан /хэргийн 75х, 103х/ төрсний гэрчилгээний хуулбар баримт, нас тоолсон  тэмдэглэл баримтаар  тус тус  нотлогдсон тул өсвөр насны шүүгдэгч Б.Сгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Наймдугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журам үйлчилнэ.

 

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх зорилго бүхий бөгөөд шүүх, өсвөр насны шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэрээр ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцаж байгаа, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан өсвөр насны Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.   

 

Мөн шүүгдэгч Ч.З нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, тэрээр  хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан,Ч.Зтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.    

 

Эрүүгийн 1802 0046 20284 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан /хэргийн 32х/ “...2 ширхэг цагаан өнгийн цаасанд ороож тамхи хэлбэрт оруулсан 2.3 грамм каннабис, гялгар ууттай 9.3 грамм каннабис өвс /нийт уут, цаасны 11.6 грамм каннабис ургамал/ зэрэг нь хэргийн хамт тус шүүхэд шилжиж ирээгүй, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар тус тус хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, 2019 оны 03 сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 32х/ эд мөрийн баримтаар тооцож хураагдсан “...2 ширхэг цагаан өнгийн цаасанд ороож тамхи хэлбэрт оруулсан 2.3 грамм каннабис, гялгар ууттай 9.3 грамм каннабис өвс /нийт уут, цаасны 11.6 грамм каннабис ургамал/ зэргийг тус тус зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэж, устгасан, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.З, өсвөр насны шүүгдэгч Б.С нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                   

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ч-ын З, өсвөр насны Б овогт Б-ы С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ч.З-тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 заалт, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахыг 02 /хоёр/  жилийн хугацаагаар тэнссэн болон хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 02 /хоёр/ жилийн хугацаанд Ч.З, өсвөр насны Б.С нарт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэж, “мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг өсвөр насны Б.Сгийн оршин суугаа нутаг дэвсгэрийг харъяалах  Баянзүрх дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад даалгаж, хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч С.Мд хариуцуулан, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар Ч.З, өсвөр насны Б.С нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэж анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, 2019 оны 3 сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 32х/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг цагаан өнгийн цаасанд ороож тамхи хэлбэрт оруулсан 2.3 грамм каннабис, гялгар ууттай 9.3 грамм каннабис өвс /нийт уут, цаасны 11.6 грамм каннабис ургамал/ зэргийг тус тус зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэсүгэй.  

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Ч.З, өсвөр насны Б.С нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.  

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэр бүхий шүүгдэгчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус тус гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.З, өсвөр насны Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД