Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01460

 

2024.07.22 № 210/МА2024/01460

 

,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01630 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох,

2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23/02-67 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 413 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалаар М,,,,,,,,,,,,,,ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцсон.

Төлбөр төлөгч М,,,,,,,,,,,,,,ээс дээрх шийдвэрийг биелүүлж тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ийнхүү хууль бусаар дуусгавар болгосноор хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болж байна.

Иймд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23/02-67 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол"-ыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэрт М,,,,,,,,,,,,,,ийн Орон нутгийн мэргэжлийн зөвлөлийн төвийн гишүүдийн хурлыг хуралдуулах тодорхой үүргийг албадан гүйцэтгүүлэхээр заагаагүй, тодорхой ажиллагаа явуулах үндэслэлгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М,,,,,,,,,,,,,,ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

5. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэр нь М,,,,,,,,,,,,,,ээс тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэр биш юм. Шүүх сонгуулийг л хүчингүй болгож шийдвэрлэсэн болохоос аливаа үйлдэл хийх, эсхүл эс хийхийг даалгасан шийдвэр гаргаагүй. Үүнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжгүй.

Иймд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23/02-67 дугаартай "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол" нь хууль зүйн үндэслэлтэй тул гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гуравдагч этгээд анхан шатны шүүхэд байр сууриа илэрхийлээгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй учир гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23/02-67 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр биелүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардсан нь нэхэмжлэл гаргах үндэслэлд хамаарч байх тул үүнийг бие даасан шаардлагад тооцож шийдвэрлэхгүй.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 413 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалаар ,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлээр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан М,,,,,,,,,,,,,,ийн 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож, М,,,,,,,,,,,,,,ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

 

3.1. Дээрх шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08647 дугаартай захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, үүний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

 

3.2. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23/02-67 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-оор дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-т зааснаар дуусгавар болгосон.

 

3.3. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хэргийн үйл баримтын талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулан дүгнэнэ.

 

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 413 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан М,,,,,,,,,,,,,,ийн 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгууль хүчингүй болсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг нэгэнт хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар сонгууль хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг албадан гүйцэтгэхгүй.

Иймд М,,,,,,,,,,,,,,ийн 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүй болгосон шийдвэрт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасан тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэлгүй.

 

4.2. Анхан шатны шүүх М,,,,,,,,,,,,,, нь хүчингүйд тооцогдсон хурлын сонгуулиар сонгогдсон бүрэлдэхүүнээр үйл ажиллагаагаа явуулсаар байгааг шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлсэнд тооцохгүй гэж алдаатай дүгнэснийг дээрх байдлаар залруулан дүгнэв.

М,,,,,,,,,,,,,,ийн 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгууль хүчингүй болсны үр дагаврын асуудлаар эрх ашиг нь хөндөгдөж буй аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.

 

5. Хэдийгээр М,,,,,,,,,,,,,,ийн 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгууль хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг албадан гүйцэтгэх үндэслэлгүй байх боловч шийдвэр, гүйцэтгэх хуудаст заасан төлбөр төлөгч М,,,,,,,,,,,,,,ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж төлбөр авагч ,,,,,,,,,,,ид олгох шийдвэр биелэгдээгүй байна.

 

5.1. Гуравдагчийн этгээдийн зүгээс давж заалдах гомдолдоо 70,200 төгрөгийн төлбөрийг төлсөн гэж дурдсан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх баримтыг гаргаж өгөх, уг асуудлыг нотлох үүрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид ногдоно.

 

5.2. Гүйцэтгэх хуудсанд заасан төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23/02-67 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-т зааснаар дуусгавар болгосон нь үндэслэлгүй.

Иймд уг тогтоолыг хүчингүй болгох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заахаар хуульчилсан, уг заалтыг анхан шатны шүүх шийдвэр үйлдэхдээ хэрэгжүүлэлгүй орхигдуулсныг засч шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01630 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23/02-67 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол"-ыг хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ