Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 142

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

хохирогч С.А, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.А холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....................дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааран дотор иргэн С.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан пивоны сэнжтэй шилэн аягыг /бакал/ шидэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.А мэдүүлэхдээ:

“...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гурван найзтайгаа цуг явж бааранд бүжиглэж байхад нэг найз нэг хүнтэй маргалдаж байсан. Тэгээд салгах гээд очиход намайг үсдсэн. Тэгээд үсдэлцэж байхад хамгаалагч нар ирээд салгасан. Тэгээд салаад байж байтал над руу грушик шидсэн тэгээд би хүн битгий гаргаарай камер шүүнэ гэж хэлсэн. Маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Нүүр нилээн хавдсан байсан тул ажлаа хийх боломжгүй болсон. Би одоо амьдарч байгаа байраа түрээслэдэг, машины лизингтэй, ажлын байраа мөн түрээслэдэг. Манай гэрт ажил хийдэг хүн байхгүй. Нэг сарын турш ажлаа хийгээгүй тул эдгээр бүх түрээсүүд нэхэгдээд байгаа. Эмчилгээнд 1.369.000 төгрөг гарснаас шүүгдэгчийн зүгээс 500.000 төгрөгийг нь төлсөн. 869.000 төгрөгийн хохирол үлдсэн, ажлын байрны түрээс, байрны түрээс, лизинг нийлүүлээд 3.329.000 төгрөгийг одоогийн байдлаар нэхэмжилж байгаа...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Агийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найз эмэгтэй болох У манай гэрт ирээд манай гэрт хамт пиво уусан юм. Пиво ууж байгаад манай гэрээс гараад 10-р хорооллын Стелла баарлуу явсан. Стелла бааранд шөнийн 23 цагийн орчимд орсон. Стеллад ороод бүжгийн талбайн хажуу талын ширээнд суугаад 1, 1 шил пиво захиалж уусан. Стеллад ороход манай нутгийн эгч болох Бтэй тааралдсан Б эгч хуурай дүү нь гэх нэг эмэгтэйтэй хамт сууж байсан. Бид 4 хамт нэг ширээнд суусан тэр ширээ нь бүжгийн талбайн яг хажууд байсан юм тийм болохоор ширээнээсээ холдолгүй бүжиглэсэн. Би толгой эргээд байхаар нь суудалдаа суугаад толгойгоо хойш нь болготол тайрмал үстэй хар палаажтай хүүхэн толгой шүргэчихээр нь жаахан цаашаа бүжиглэчих гээд гараараа түлхтэл тэр эмэгтэй за за уучлаарай гэж хэлээд цаашаа болоод бүжиглэсэн. Сууж байгаад дахиад босож бүжиглэж байгаад суух гэтэл цагаан цамцтай эмэгтэй намайг араас үсдсэн энэ үед У намайг үсдсэн эмэгтэйг салгах гэж араас нь татахад миний нүүр лүү нь юм шиддэг эмэгтэй ирж намайг үсдсэн бид 2 хоёулаа үсдэлцээд шалан дээр унасан байхад намайг үсддэг эмэгтэйгийн найзууд тал талаас өшиглөөд үсдээд байсан энэ үед хамгаалагч нар ирж салгасан. Хамгаалагч нар ирээд Уийг баарнаас түр гаргасан. Би Б, Болороо нартай ширээнийхээ хажууд зогсож байтал нөгөө эмэгтэйчүүд бөөгнөрсөн зогсож байсан. Энэ үед У үс нь сэгсийсэн нулимс нь цийлэгнэсэн орж ирээд 3 талаас үсдлээ гэж надад хэлсэн би тэгэхээр нь уур хүрээд ширээн дээр байсан пивоны шилэн бакал аваад тэр эмэгтэйчүүдийн зогсож байсан зүгрүү шидсэн. Би яг нэрийг нь сайн мэдэхгүй байна тэнд байсан нэг эмэгтэйгийн нэгийг нь оносон тэр эмэгтэй нь би хохирчлоо одоо цагдаа дуудна гэсэн. Тэр дөрвөн эмэгтэйг хамгаалагч нар тухайн баарны хувцасны өлгүүрийн хажууд байдаг шатны дээр цагдаа иртэл гээд суулгасан. Удалгүй цагдаа ирээд бид нарыг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр авчирсан.

Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр гаргасан .... дугаартай дүгнэлттэй танилцсан. Энэ гэмтлийн Агийн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрүүл зодоон бол тэнд байсан цагаан цамцтай эмэгтэй намайг үсдэснээс болсон. А бид 2 газар үсдэлцээд унаад хамгаалагч салгаад босгож байхад Агийн найзууд тал талаас дайраад миний гуяруу, салтааруу өшиглөснөөс болж миний гуя хөхөрч цавины хажууд хавдсан байна. Давсагны дээд хэсэгт хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг /хх-н 36-37, 43-44/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Агийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найз эмэгтэйчүүд болох Б, О, Э нарын хамт 10-р хороололд байрлах Стелла баарлуу 23 цаг өнгөрч байхад орсон. Бааранд ороод бид тайзны ертөнцийн зүгээр зүүн талд байх ширээнд сууж бид 4 ус захиалж уусан. Би сууж үлдээд О, Б, Э 3 гарч бүжиглэсэн. Бүжиглэж байснаа манай 3 найз хүмүүстэй муудалцаж байх шиг болохоор би босож очсон. Намайг босож очиход манай найзуудтай маргалдаж байсан эмэгтэйчүүдийн нэг нь болох ногоон эрээн цамцтай эмэгтэй энэ чинь юу юм гээд над дээр ирээд намайг үсдээд авсан. Би үсдүүлээд газар унасан намайг газар унасан байхад толгойруу хэд хэдэн удаа цохиод байсан. Энэ үед хамгаалагч нар ирээд салгасан. Бид нар больцгооё хамгаалагчаа уучлаарай гээд зогсож байтал миний нүүрэн дээр юу нь мэдэгдэхгүй юм ирээд оносон би шууд газар саваад унасан. Би уначихаад босож ирээд хаалган дээр очоод хүн гаргаж болохгүй шүү би камер шүүмээр байна гээд тэр баарны зохион байгуулагч гэх эмэгтэйтэй хамт очиж камер шүүж үзсэн. Камер шүүж үзэхэд намайг үсдэж унагаадаг эрээн цамцтай эмэгтэй ширээнийхээ хажууд үсээ янзлаад зүгээр зогсож байснаа ширээн дээрээсээ пивоны бакалаа аваад надруу шидсэн байсан. Камерын бичлэгээ үзчихээд би цагдаа дуудсан.

Эмчилгээ хийлгэж хагалгаанд орох бүх зардлаа төлүүлмээр байна. Би ажилгүй байх хугацааны орлогыг энэ хүнээр төлүүлмээр байна. Би Чингэлтэй дүүрэгт байрлах Алтай центрийн 5 давхарт “Орчид” гоо сайхны солоныг сарын 1.500.000 төгрөгөөр түрээслэж ажиллуулдаг юм. Миний ажиллуулдаг салон сарын 5.000.000 төгрөгийн орлоготой...” гэх мэдүүлэг /хх-н 17-18, 45-46/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Бгийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр найзууд болох О, Э, А бид дөрөв 10-р хороололд байдаг Стелла бааранд 23 цагийн үед орсон. Э, О бид 3 ус авч уугаад А 1 шил пиво авсан. Э, О бид 3 босож бүжгийн талбай орж бүжиглэсэн. А болохоор бүжиглэхгүй суугаад үлдсэн юм. Бүжиглэж байтал араас нэг хүн тохойгоороо цохиод түлхээд байсан юм би тэгэхээр нь гайхаж эргэж хараад яагаад байгаа юм бэ гэж хэлээд бүжиглэж байсан байраа Отэй сольж бүжиглэсэн. Бид 2 байраа сольтол Оийг нэг эмэгтэй үснээс зулгаагаад унагасан. Тэнд байсан бүх хүмүүс шаагилдаад хамгаалагч нар ирж салгасан. Бид нар учраа ч олохгүй гайхаад зогсож байтал А зодоон болж байгааг хараад босож ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд нэг эмэгтэй чи хэн юм гээд Аг үсдэж авсан чинь хамгаалагч нар ирээд болиулсан. Хамгаалагч нар нь бид нарын урд зогсон зодооныг салгаад байж байтал Аг үсддэг эмэгтэй ширээн дээрээ очсноо пивоны том бакал авч шидээд Агийн нүүрэнд нь оносон. А нүүрээ дараад доошоо суухаар нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Оийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр найз Бг хүргэж өгөх гээд А, М бид 4 явж байгаад ганц цаг Стелла оръё гээд 10-р хорооллын Стелла баарлуу 00 цагийн үед орсон. Ороод бид 4 нэг нэг ус захиалаад ширээнд сууцгаасан угаасаа бүжиглэх гэж орсон болохоор удалгүй бүжгийн талбайруу бүжиглэцгээсэн. Бүжиглэж байтал бүжгийн талбайн яг залгаа ширээн дээр сууж байсан 5 эмэгтэй бид нарыг ерөөсөө зүгээр бүжиглүүлэхгүй байсан. Хажуугаар өнгөрөхдөө мөрлөх ч юмуу, бүжиглэж байхад нуруугаараа түлхээд байх шиг байсан. Тэгээд бүжиглээд байж байтал миний ард бүжиглэж байсан эрээн цамцтай хүүхэн намайг нуруугаараа түлхэхээр нь би эргэж хараад тэр эмэгтэйг гараараа түлхэж цааш нь болгосон. Тэгтэл Б намайг татаж хойшлуулаад боль гэтэл нөгөө миний түлхдэг эрээн цамцтай эмэгтэй намайг араас үсдсэн тэгтэл тэр баарны хамгаалагч нар ирж болиулсан. Хамгаалагч нар бид хэдийг бүгдийг нь баарнаас гаргах гээд байж байтал Алимаа ширээн дээр сууж байснаа юу болоод байгаа юм бэ гээд босоод ирсэн. Аг тэр эмэгтэйчүүдтэй хамт явж байсан хар хувцастай эмэгтэй үсдээд доош нь дараад шалан дээр хэвтүүлэхээр нь би найзыгаа салгаж авах гээд хар хувцастай хүүхэнтэй үсдэлцэж байтал хамгаалагч нар салгаад байж байтал эрээн хувцастай эмэгтэй ширээн дээрээ очсон үс хувцсаа янзлаад зогсож байснаа пивоны бакал аваад Арүү шидсэн...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Эын өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 23 цаг өнгөрөөд 00 цаг болж байх үед найз Б, А, О нарын хамт 4-үүлээ 10-р хорооллын Стелла бааранд орсон. Бааранд ороод А ганцаараа 1 шил пиво захиалсан бид 3 ус авч ууцгаасан. Ширээн дээр хэсэг сууж байгаад бүжгийн  талбайруу гарч бүжиглэцгээж байтал хажуугийн ширээнд сууж байсан эмэгтэйчүүд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад бид нарыг бөгсөөрөө түлхээд байхаар нь уучлаарай гэж хэлээд тэд нараас холдож бүжиглэсэн. Оийг билүү Бг тэр бид нарыг бөгсөөрөө түлхээд мөрлөөд байсан эмэгтэйчүүдийн нэг нь үсдээд байж байхад нь А ширээн дээр сууж байснаа зодоон болохыг хараад босож ирээд салгах гэж оролдох үед нь ногоон эрээн цамцтай эмэгтэй ширээн дээрээ байсан шил авч шидээд Агийн нүүрийг оносон. Хамгаалагч ирээд тэр эмэгтэйчүүдийг бид нараас холдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Уийн өгсөн:

“...Тэр өдөр би найз А-гийн гэрт ирээд хамт 2,5 литрийн том савтай пиво 2-ыг уучихаад 10-р хороололд байдаг Стелла баарлуу 22 цаг өнгөрч байхад орсон. Бааранд ортол А-гийн хуурай эгч нь гээд 2 эмэгтэйтэй тааралдаад нэг ширээнд хамт суусан. Бааранд А- бид 0,5 литрийн пиво 1, 1 шилийг уусан. Би ширээн дээр тухайн үед сууж байсан юм А- нөгөө 2 эмэгтэйтэй хамт бүжгийн талбай гарч бүжиглэсэн. Бид нарын ширээ бүжгийн талбайн яг хажууд байсан юм. Би хараад сууж байтал А- ширээрүүгээ ирж байтал хойноос нь цагаан сорочкин цамцтай эмэгтэй ирээд А-гийн үснээс хойноос нь зулгаасан би босож очоод голоор нь ороод салгах гэтэл намайг бас нэг эмэгтэй ирээд хойноос үсдсэн би эргэж хараад намайг үсдсэн эмэгтэйг үсдсэн тэгээд бөөн бужигнасан юм болсон баарны хамгаалагч ирээд намайг гар гар гээд би баарнаас гарсан. Баарнаас гараад гадаа зогсож байтал А- бид хоёртой маргалдсан эмэгтэйчүүд гарч ирэхээр би цагаан цамцтай эмэгтэйрүү дайрсан тэгтэл тэр эмэгтэйчүүд намайг тал талаас үсдсэн хамгаалагч нар салгасан тэгээл удалгүй цагдаа ирээд баарнаас гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 47-48/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .... тоот:

               1. С.А-н биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

               3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

               4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 32/,

 

               - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 53-58/,

- Хохирлын баримтууд /хх-н 60-69/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 74/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 75/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.А нь ... Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааран дотор иргэн С.Атэй маргалдан пивоны сэнжтэй шилэн аягыг /бакал/ шидэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Г.Агийн “...найз эмэгтэй болох У манай гэрт ирээд манай гэрт хамт пиво уусан юм. Пиво ууж байгаад манай гэрээс гараад 10-р хорооллын Стелла баарлуу явсан. ...бүжиглэж байгаад суух гэтэл цагаан цамцтай эмэгтэй намайг араас үсдсэн энэ үед У намайг үсдсэн эмэгтэйг салгах гэж араас нь татахад миний нүүр лүү нь юм шиддэг эмэгтэй ирж намайг үсдсэн бид 2 хоёулаа үсдэлцээд шалан дээр унасан байхад намайг үсддэг эмэгтэйгийн найзууд тал талаас өшиглөөд үсдээд байсан энэ үед хамгаалагч нар ирж салгасан. Хамгаалагч нар ирээд Уийг баарнаас түр гаргасан. Би Б, Болороо нартай ширээнийхээ хажууд зогсож байтал нөгөө эмэгтэйчүүд бөөгнөрсөн зогсож байсан. Энэ үед У үс нь сэгсийсэн нулимс нь цийлэгнэсэн орж ирээд 3 талаас үсдлээ гэж надад хэлсэн би тэгэхээр нь уур хүрээд ширээн дээр байсан пивоны шилэн бакал аваад тэр эмэгтэйчүүдийн зогсож байсан зүгрүү шидсэн. Би яг нэрийг нь сайн мэдэхгүй байна тэнд байсан нэг эмэгтэйгийн нэгийг нь оносон тэр эмэгтэй нь би хохирчлоо одоо цагдаа дуудна гэсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч С.Агийн “...найз эмэгтэйчүүд болох Б, О, Э нарын хамт 10-р хороололд байрлах Стелла баарлуу 23 цаг өнгөрч байхад орсон. ... Намайг босож очиход манай найзуудтай маргалдаж байсан эмэгтэйчүүдийн нэг нь болох ногоон эрээн цамцтай эмэгтэй энэ чинь юу юм гээд над дээр ирээд намайг үсдээд авсан. Би үсдүүлээд газар унасан намайг газар унасан байхад толгойруу хэд хэдэн удаа цохиод байсан. Энэ үед хамгаалагч нар ирээд салгасан. Бид нар больцгооё хамгаалагчаа уучлаарай гээд зогсож байтал миний нүүрэн дээр юу нь мэдэгдэхгүй юм ирээд оносон би шууд газар саваад унасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Бгийн “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр найзууд болох О, Э, А бид дөрөв 10-р хороололд байдаг Стелла бааранд 23 цагийн үед орсон. ... Хамгаалагч нар нь бид нарын урд зогссон зодооныг салгасан байж байтал Аг үсддэг эмэгтэй ширээн дээрээ очсноо пивоны том бакал авч шидээд Агийн нүүрэнд нь оносон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Оийн “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр найз Бг хүргэж өгөх гээд А, М бид 4 явж байгаад ганц цаг Стелла оръё гээд 10-р хорооллын Стелла баарлуу 00 цагийн үед орсон. ...Аг тэр эмэгтэйчүүдтэй хамт явж байсан хар хувцастай эмэгтэй үсдээд доош нь дараад шалан дээр хэвтүүлэхээр нь би найзыгаа салгаж авах гээд хар хувцастай хүүхэнтэй үсдэлцэж байтал хамгаалагч нар салгаад байж байтал эрээн хувцастай эмэгтэй ширээн дээрээ очсон үс хувцсаа янзлаад зогсож байснаа пивоны бакал аваад Арүү шидсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Л.Эын “...найз Б, А, О нарын хамт 4-үүлээ 10-р хорооллын Стелла бааранд орсон. ...А ширээн дээр сууж байснаа зодоон болохыг хараад босож ирээд салгах гэж оролдох үед нь ногоон эрээн цамцтай эмэгтэй ширээн дээрээ байсан шил авч шидээд Агийн нүүрийг оносон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .... тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч С.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан шатахууны зардлуудыг хохирлоос хасаж эмчилгээнд зарцуулагдсан баримтаар тогтоогдсон 1.309.040 төгрөгөөс шүүх хуралдаанд 500.000 төгрөгийг хохиролд төлсөн гэх мөнгөн шилжүүлгийн баримт шүүгдэгчийн зүгээс гаргаж өгсөн тул 809.040 төгрөгийг шүүгдэгч Г.Агаас гаргуулж хохирогч С.Ад олгож, хохирогч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.Ад 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Ад 300  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Агаас 809.040 төгрөг гаргуулж хохирогч С.Ад олгож, хохирогч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ