Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 383

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа би, Д.О*******гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамжийн Л.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, одоо миний амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ******* 15 дугаар гудамж, ******* тоот хаягт орших газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Тус шүүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 328 дугаар захирамжийн Л.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, одоо миний амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ******* 15 дугаар гудамж, ******* тоот хаягт орших газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 920 дугаар шийдвэрийг гаргасан. 

Шүүх хуралдаанаар гуравдагч этгээд маргаан бүхий газрыг эзэмшигч Л.М******* нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, мөн хуулийн 40.1.5-д зааснаар “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэснийг зөрчиж ашиглаагүй нь үнэн, уг газраа эзэмшихэд зардал их гарах байсан учир санхүүгийн боломж гараагүй гэсэн гуравдагч этгээдийн шүүх хуралдааны явцад өгсөн тайлбараар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох үндэслэл тогтоогдсон тул шүүхээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамжийн Л.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 328 дугаар захирамжийн Л.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тухай захирамж гаргасан. 

Миний бие хуульд заасан эрхийнхээ дагуу дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо ******* 15-ын ******* тоот хаягт байрлах 160 м2 газрыг эзэмшүүлэх тухай захирамж гарсан. Тус захирамжийн үндсэн дээр дүүргийн Газрын албатай Газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж 0006******* дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Би уг газраа өмчилж авах хүсэлтээ гаргасны дагуу Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас гэрчилгээний 0004******* дугаартай, улсын бүртгэлийн Г-2203******* дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. 

Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрх байдлаар хангагдсан байх тул гаргасан нэхэмжлэлээсээ энэ үндэслэлээр татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.О******* нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.О*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Д.О******* нь ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.  

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамжийн Л.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, одоо миний амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ******* 15 дугаар гудамж, ******* тоот хаягт орших газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Д.О******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны  дагуу  нэхэмжлэгчийн  улсын  тэмдэгтийн  хураамжид  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                       М.ЦЭЦЭГМАА