Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0584/З |
Дугаар | 221/МА2019/0553 |
Огноо | 2019-10-24 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2019/0553
2019 оны 10 сарын 24 өдөр Дугаар 221/МА2019/0553 Улаанбаатар хот
Х.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Х.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.З нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0514 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Х.Д-ийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0514 дүгээр шийдвэрээр: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль (1996 он)-ийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль (2002 он)-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.2, 137 дугаар зүйлийн 137.2-т заасныг тус тус баримтлан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/346 дугаар тушаалын 1 дэх заалтын “... цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор ...” гэсэн хэсгийг болон 2, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгох, Х.Д-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт биеэр 23 жил 1 сар 17 хоног, хуулиар олгох нэмэгдэл 2 жил 4 сар, нийт 25 жил 5 сар 17 хоног ажилласан хугацааг цэргийн албанд ажилласнаар бүрэн тооцоолохгүй, зөвхөн 10 жил 3 сар 29 хоногоор тооцсон байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, цэргийн тэтгэвэр бүрэн тогтоох, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэгч Х.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэр нь хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тул тус шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч нь нийт 23 жил гаруй ажилласан бөгөөд энэ ажиллах хугацаанд шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтцийн өөрчлөлтөөс хамаарч тодорхой хугацаанд энгийнээр ажиллан нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан баталгаагаар хангагдан ажиллаж байсан бөгөөд түүний ажилласан хугацааг цэргийн алба хаасан болон энгийнээр ажилласан гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна” гэж дүгнэхдээ Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль /1996 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.2, 137 дугаар зүйлийн 137.2, 137.3-д заасан зохицуулалт нь 2007 оны 08 сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон байхад, нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхийн шийдвэрээр эргэн томилогдох болсон 2004 оны 04 сарын 02-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан хугацааг буюу тус өөрчлөлт орох хүртэлх хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулж тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Мөн дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Тодруулбал, нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан хугацаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... гэсэн шаардлагыг хангаагүй” гэж үндэслэсэн нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1—д Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно” гэж заасныг зөрчиж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцох зүйтэй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон буюу шийдвэрийн үндэслэх хэсэгт “Түүнчлэн, нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа цэргийн цол, дүрэмт хувцастай ажиллуулаагүй, мөн ... энэ талаараа тухайн үед эрхээ хамгаалуулахаар эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй байна” гэсэн үндэслэл нь Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль /1996 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.3, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2, 137 дугаар зүйлд тус тус заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий ахлах болон шийдвэр гүйцэтгэгчээр томилогдох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар цэргийн цолтой томилогдох ёстой атал энгийнээр томилсон, мөн цэргийнээр ажилласан хугацааны нэмэгдлийг олгоогүй, дутуу олгосон нь нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл юм. Тухайн үед нэхэмжлэгч нь энэ талаар маргалгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Гэвч тухайн үеийн албан тушаалд томилохтой холбоотой хөдөлмөрийн харилцаанд маргаан үүсгээгүй явдал нь одоо цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтоохтой холбоотой харилцаанд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, тухайн үед цэрийн цолтой томилогдсон адил албан тушаал эрхэлж байсан албан хаагч нараас тэгш бус, ялгавартай хандах үндэслэл болохгүй. Мөн адил албан тушаалд ажиллаж тэтгэвэрт гарсан бусад албан хаагчдын энгийнээр ажилласан бүх хугацааг цэргийнээр тооцож олгосон атлаа нэхэмжлэгийн мөн адил хугацааг энгийнээр тооцож ялгавартай хандсан байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн тухайн үед энгийнээр томилсонд биш харин тэтгэврийн харилцаа үүсэхэд хуульд заасны дагуу цэргийнээр ажиллах ёстой хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцоогүй нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол гэж үзэх нь зөв юм. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн харилцаа үүсэхэд энэ зөрчил илрээд тогтоогдоод байгаа юм. Тухайн үед тэтгэврийн харилцаа үүсээгүй байсан болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар хошууч Х.Д-г Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас нь цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлж, цэргийн албанд биеэр 10 жил 03 сар 29 хоног, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл 2 сарыг нэмж тооцон, цэргийн албанд нийт 10 жил 05 сар 29 хоног ажилласнаар тооцож, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгуулахыг даалгуулахаар “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацааг цэргийн албанд ажилласнаас бүрэн тооцохгүй байгаа” гэсэн үндэслэлээр маргажээ.
Хариуцагчаас нэхэмжлэгч Х.Д-ийн цэргийн цолтой ажилласан хугацааг 10 жил 5 сар 29 хоног, энгийн албан хаагчаар 10 жил 01 сар 20 хоног, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан талаар маргаагүй харин нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энгийнээр ажилласан хугацааг цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтоохдоо тооцоогүй байна.
Хариуцагчаас Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.5 дахь хэсэгт зааснаар “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч” цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж заасныг үндэслэл болгож “шийдвэр гүйцэтгэх байгууллага нь алба хаагчийн нийгмийн даатгал төлсөн хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцож, цэргийн бүрэн тэтгэвэр тогтоох үндэслэл байхгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энгийнээр ажилласан хугацааг цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтоохдоо тооцоогүй нь дараах байдлаар энэ харилцааг зохицуулсан хуульд нийцээгүй байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.5 дахь хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж зохицуулсан нь цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацааг биш цэргийн алба хаасны тэтгэвэр, тэтгэмж авах эрх бүхий этгээд хэн байхыг заасан зохицуулалт байна.
Харин Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно” гэж заасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг цэргийн цолтой байсан эсэхээс үл хамааран цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд тооцохоор тухайлан зохицуулсан заалт байна.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энгийнээр ажилласан хугацааны талаар “... цэргийн цол, дүрэмт хувцастай ажилласан хугацааг цэргийн алба хааснаар, харин бусад хугацааг энгийнээр ажилласан гэж үзсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл нэхэмжлэгч Х.Д-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энгийнээр ажилласан хугацааг цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд тооцож, цэргийн бүрэн тэтгэвэр тогтоох үндэстэй. Учир нь нэхэмжлэгч нь цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад офицероор (хошууч цолтой) ажиллаж байжээ
Түүнчлэн, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 20-оос дээш жил ажиллаад тэтгэвэрт гарч байгаа тул түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0514 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/346 дугаар тушаалын 1 дэх заалтын “... цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор ...” гэсэн хэсгийг болон 2, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, Х.Д-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт биеэр 23 жил 1 сар 17 хоног, хуулиар олгох нэмэгдэл 2 жил 4 сар, нийт 25 жил 5 сар 17 хоног ажилласан хугацааг цэргийн албанд ажилласнаар бүрэн тооцоолохгүй, зөвхөн 10 жил 3 сар 29 хоногоор тооцсон байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, цэргийн тэтгэвэр бүрэн тогтоох, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ