Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0209/З |
Дугаар | 001/ХТ2018/0406 |
Огноо | 2018-10-24 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2018/0406
“Х х у” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Х х у” ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 03 тоот албан бичгээр хандсан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Санхүүгийн зохицуулах хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0378 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0482 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0378 дугаар шийдвэрээр: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасныг баримтлан “Х х у” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг орон нутагт шилжүүлэх хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч, судлан шийдвэрлэх хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны “Х х у” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолыг түдгэлзүүлжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0482 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0378 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.3, 6.2, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Х х у” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Х х у” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот албан бичгээр хандсан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Санхүүгийн зохицуулах хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “Х х у" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 482 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2018 оны 378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж, ойлгож хэрэглэсэн тул магадлал үндэслэлгүй гарчээ гэж үзэж байна.
5. Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоосон тогтоолыг хэрэгжүүлж ажиллагаагүй гэж үзэн манай компанийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатай буюу 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үйл ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.
6. Дээрх тогтоол гарсантай холбогдуулж ББСБ-аас “...манайх 800 сая төгрөгийн дүрмийн санд хүрч чадахгүй байгаа тул хөдөө орон нутаг руу шилжүүлж өгнө үү гэж мөн компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотой бүртгэлийг хийж өгөхийг хүссэн хүсэлтийг түдгэлзүүлсэн хугацаа арилаагүй байхад буюу 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр компанийн зүгээс албан бланк дээр хүсэлтээ гаргасан байдаг.
7. Гэвч дээрх хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хорооны албан тушаалтан Д.Дашмягмарт Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өгч, хариуцагч нь хүлээн авч, хэлтсийн дарга Б.Итгэлсүрэн авч, Б.Итгэлсүрэн нь өрөөндөө шийдвэрлэхгүй хадгалсан гэдгээ шүүхэд хүлээн зөвшөөрсөн байдаг.
8. Энэ хариуцагчийн үйлдэл нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, тухайлбал уг хуулийн 12, 14, 15, 16 дугаар зүйлийг зөрчсөн болохыг анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуульд заасан нөхцөлийг хариуцагч байгууллага биелүүлээгүй байгаа хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрсөн дүгнэлтийг хийсэн нь хууль бус болжээ.
9. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан боломжоо эдэлж хүсэлт гаргасаар байтал түүнийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг мөн хэрвээ шаардлагатай байсан бол СЗХЭЗБТХ-ийн 27 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотой баримт тодруулга хийх боломжтой байсан болохыг дүгнэж, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй болохыг дүгнэж, ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах боломжоор захиргаа хангаагүй нь үндэслэлгүй гэж үзсэн.
10. ББСҮАТ хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т ББСБ-ын хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн, хаяг байршил өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлтийг эхлээд Санхүүгийн зохицуулах хороонд эхлээд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй байдаг.
11. Энэ үүргийнхээ дагуу хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлснийг давж заалдах шатны шүүх буруутгаж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг үндэслэж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
12. Учир нь компанийн хувьцаа эзэмшигчийн эрх шилжсэн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хийж улмаар улсын бүртгэл, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх эрх нь нээгдсэн бөгөөд түдгэлзүүлсэн хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ гаргаж өгөх нь бидний үүрэг байсан учраас хугацаандаа үүргээ гүйцэтгэх зорилгоор дүрмийн сангаа нэмэгдүүлэх боломжгүйд хүрсэн тухайгаа албан ёсоор албан бичгээр хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн буруутгах үндэслэлгүй. Харин ч тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохоос өмнө хүсэлтийг нь шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан.
13. Нэхэмжлэгч байгууллага нь 2009 оноос хойш тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар ирсэн бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоолыг биелүүлэх бодит боломж байхгүй байгааг харгалзан үзэж, орон нутаг шилжүүлж өгөх хүсэлт нь хуулиараа нээлттэй түүнийг шийдвэрлэх эрх нь хариуцагчид байгаа учраас хүсэлтийг эхний ээлжинд шийдвэрлэх нь шударга ёсонд нийцэхийн зэрэгцээ, ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлага нийцэхээр байна.
14. Мөн захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрх нь байсаар байтал түүнийгээ хэрэгжүүлэхээс зайлсхийж, бусдад сонгох боломжийг олгохгүй байгаа нь өөрөө дээр дурдсан хуулиудад нийцэхгүйн зэрэгцээ, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нь хүсэлтүүдийг нь шийдвэрлэхгүйгээр шууд цуцалсан нөхцөл байдлыг үүсгэсэн нь буруу гэж маргаж байгаа болно.
15. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ББСБ-ын 2017 оны 06 дугаар сарын 09, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэсний дараа тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
16. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
17. Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” 59 дүгээр тогтоол гаргаж улмаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 201 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “Хосхолбоо уул” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
18. Нэхэмжлэгчээс тус хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 201 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч “... хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх боломжийг олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан, ...компанийн эрх шилжсэнтэй холбогдуулан шилжүүлэн авсан тал “Х х у ББСБ” ХХК-ийг Төв аймгийн Баянчандмань суманд хаяг шилжүүлж дүрмийн санд өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь илт хууль бус, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус...” гэж, хариуцагчаас “...түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг Хороонд ирүүлээгүй...” гэж тус тус маргажээ.
19. Нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хороонд хандаж “Х х у” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн эрхийг Төв аймгийн Баянчандмань суманд шилжүүлэх, үүнтэй холбоотойгоор дүрмийн сангийн хэмжээг өөрчлөн бүртгүүлэх тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч хариуцагчаас тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хуулийн хугацаанд хариу өгөлгүй орхигдуулсан, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйн талаар нэхэмжлэгч тухайн үедээ маргаагүй атлаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хамт шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтэрсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д нийцсэн байна.
20. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан, маргаан бүхий тогтоол нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гарснаас үзэхэд хуульд заасан нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтэрсэн, нэхэмжлэгч энэ хугацааг мэдэх боломжгүй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн болохыг анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүхээс хуульд заасан нөхцөлийг хариуцагч байгууллага биелүүлээгүй хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт хийсэн” гэх гомдлын үндэслэлд хяналтын шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх шаардлагагүй байна.
21. Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд энэ чиг үүргийнхээ хүрээнд санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй юм.
22. “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоол гарахаас өмнө 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Улсын байцаагчийн 73 дугаар албан шаардлага, “Х х у” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Хорооны хурлаар хэлэлцэх болсныг мэдэгдэх тухай 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг зэргээр нэхэмжлэгчид мэдээлэл хүргүүлсээр байхад тогтоосон хугацаанд “хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх үүргийг хэрэгжүүлж, биелэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд танилцуулаагүй байхад хариуцагчийг буруутгах эрх зүйн үндэслэлгүй, энэ талаарх “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т нийцсэн гэж үзнэ” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
23. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0482 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН