Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 50

 

 

Э.Х холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар магадлалтай, Э.Х-т холбогдох 1930000000057 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч боловсролтой, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт зохицуулагч ажилтай, ял шийтгэлгүй, Х овогт Э.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ыг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, эдлэх ялаас тооцон хасаж шүүгдэгч Э.Х-ыг шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан гэж дүгнэн шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Х нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зориуд худал мэдүүлэг өгсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Э.Х-ыг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд шийтгэх тогтоол 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Тийм учраас тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хөөн хэлэлцэх хугацааны дотор хүчин төгөлдөр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Г.Б, Э.Х нарт холбогдох хэргийг урьд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Г.Б-д холбогдох анхан шатны шүүхийн шийдвэр, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Х-т холбогдох хэсгийг тусгаарлан УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзүүлсэн билээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнэлт хийн бүхэлд нь хүчингүй болгосныг хэргийг түдгэлзүүлэх үндэслэл арилсанд тооцон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн нь  одоо хүчин төгөлдөр үйлчилж буй билээ.

 

Хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг дээрх байдлаар өөрчилсөн тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох учиртай.

 

Өөрөөр хэлбэл, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон цаг хугацаанаас хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох” зохицуулалтыг баримтлахгүй, харин шинэ агуулга буюу “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэнэ.

 

Прокуророос Э.Х-ын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт түүнийг холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор яллагдагчаар татсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э.Х нь эрүүгийн 1930000000057 дугаартай эрүүгийн хэрэгт Г.Б нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Чандманийн **** тоотод иргэн Ц.Н-ийн хэвлийн тус газар хөлөөрөө өшиглөж улмаар зодож алсан гэх хэрэгт гэрчээр 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлэг өгөхдөө “...цагдаа Г.Б хүртэл цохиж зодоогүй, Г.Б нь Ц.Н-г гавлах гэж л хананд шахаж байгаад гарыг нь гавласан...” гэж хэргийн шууд гэрч атлаа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Э.Ххолбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Х-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, шүүгдэгчид шударга ёсны зарчимд нийцүүлэн гэм бурууд нь тохирсон төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

 

Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Х-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Х-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                 Б.БАТЦЭРЭН

           Ч.ХОСБАЯР

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН