Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 407

 

2016-07-08                                                   №407                                   Хэрлэн сум

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                      Хэргийн индекс: 156/2016/00395/И 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороолол, Жаргалантын 62-0968 тоотод оршин суух Хорлоогийн Мэндбаярын нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Хэнтий аймаг, Батширээт сумын Норовлин багт оршин суух Мөнхжаргалын Мөнхтэмүүлэнд холбогдох
     9 586 356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Х.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Мөнхтэмүүлэнд 2013 оны 10 дугаар сарын 20-25 ны өдрүүдэд 2 500 000 төгрөгийг өөрт байсан бэлэн мөнгийг, мөн 2013 оны 11 дүгээр сарын 11-15 ны өдрүүдэд               5 000 000 төгрөгийг Улаанбаатар хотын Москва салбар дахь Голомт банкнаас цалингийн зээл авч өгсөн ба нийт 7 500 000 төгрөгийг өгсөн. Мөнгийг авснаас хойш өдийг хүртэл биднийг цаг хугацаа, сэтгэл санаа, мөнгө санхүүгийн хүнд байдалд оруулж удаа дараа худлаа ярин хууран мэхэлсээр ирлээ. Сүүлийн 1 жилийн хугацаанд ор сураггүй алга болсон. 
     Иймд үндсэн мөнгө буюу 7 500 000 төгрөгийг цалингийн зээл авч өгсөн 5 000 000 төгрөгийг зээлийн гэрээнд заасны зээлийн хүүгийн хамт нийт 9 586 356 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

       Нэхэмжлэгч Х.Мэндбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:
       Миний бие М.Мөнхтэмүүлэнд холбогдуулан 9 586 356 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэн ярилцаж М.Мөнхтэмүүлэнгээс нь 7*8-ийн харьцаатай палкан байшингийн модыг (шалны банз, дээврийн банз,тааз) 2017 оны 02 дугаар улирал дуусахаас өмнө авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. 
       Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

      Хариуцагч М.Мөнхтэмүүлэн шүүхэд гаргасан тайлбартаа:
      Миний бие Х.Мэндбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан ярилцаж Х.Мэндбаярт 7*8-ийн харьцаатай байшингийн модыг (10*15 палк-150ш, 15*4 банз 2.5 куб, 15*3 банз-1.5 куб, 15*5 банз-1куб) 2017 оны 2 дугаар улирал дуусахаас өмнө өгөхөөр тохиролцож эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа. 
       Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

         Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч Х.Мэндбаяр нь хариуцагч М.Мөнхтэмүүлэнд холбогдуулан 9 586 356 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
      Нэхэмжлэгч нь Х.Мэндбаяр хариуцагч М.Мөнхтэмүүлэн нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ. Үүнд:
       Нэхэмжлэгч Х.Мэндбаяр нь М.Мөнхтэмүүлэнгээс нь 7*8-ийн харьцаатай палкан байшингийн модыг (шалны банз, дээврийн банз,тааз) 2017 оны 02 дугаар улирал дуусахаас өмнө авахаар, хариуцагч М.Мөнхтэмүүлэн нь Х.Мэндбаярт 7*8-ийн харьцаатай байшингийн модыг (10*15 палк-150ш, 15*4 банз 2.5 куб, 15*3 банз-1.5 куб, 15*5 банз-1куб) 2017 оны 2 дугаар улирал дуусахаас өмнө өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул  зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
  
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     1. Нэхэмжлэгч Х.Мэндбаярын хариуцагч М.Мөнхтэмүүлэнгээс  түүнд зээлдүүлсэн            9 586 356 /есөн сая таван зуун наян зургаан мянга гурван зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 168 335 төгрөгийн тал хувь болох      84 167 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 84 167 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн үлдэх 84 167 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн  нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                           
ШҮҮГЧ                                            Ж. БОЛДБААТАР