Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01461

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01461

 

 

,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/02381 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,ид холбогдох,

төрд учруулсан гэм хорын хохиролд 11,487,905 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,ар ажиллаж байхдаа 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар тус газрын Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ө.,,,,,,,,,,,,д сахилгын шийтгэл ногдуулан төрийн албанаас халах шийдвэр гаргасан.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 581 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 158 дугаар тогтоолоор төрийн албанаас халсан тушаалыг хүчингүй болгож, Ө.,,,,,,,,,,,,г улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01355 дугаар шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8,031,239 төгрөгийг Ө.,,,,,,,,,,,,д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу нийт 11,487,905 төгрөгийг Ө.,,,,,,,,,,,,д олгосон.

Төрд учруулсан хохиролтой холбоотой мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3/5134 дүгээр албан бичгээр ирүүлсний дагуу энэ талаар мэдэж, мэдсэн даруйдаа шаардах эрхээ хэрэгжүүлэн ,,,,,,,,,,,,,ид 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрд учруулсан хохирлыг нөхөн төлөхийг мэдэгдсэн.

Иймд 11,487,905 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх хэмжээ ,,,,,,,,,,,,д 2002 оны Төрийн албаны тухай хуулиар олгогдоогүй. Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус хугацаанд ,,,,,,,,,,,,,оос төлбөр шаардаж байгаагүй.

,,,,,,,,,,,,ийн хувьд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шаардах эрхийг олж авсан тул түүнээс өмнөх цаг хугацаанд олгосон нөхөн олговрыг буцаан шаардах эрхгүй.

Шүүхийн шийдвэрийн дагуу Ө.,,,,,,,,,,,,д олговрыг Хууль зүйн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/277 тоот тушаалын дагуу олгожээ. Хариуцагчаас хохирол шаардах эрх ийнхүү мөнгийг олгосон цаг үеэс эхлэн тоологдож эхлэх тул ,,,,,,,,,,,,,оос шаардах 5 жилийн хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон.

Ажилтан шууд санаатай байх, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас хохирлыг буцаан шаардах эрх үүснэ. Энэ маргааны тухайд хариуцагч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,ар ажиллах үедээ Ө.,,,,,,,,,,,,г ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай болон илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах санаа зорилго байгаагүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд заасан зөрчил тогтоогдсон гэж шүүх үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,оос төрд учирсан хохиролд 11,487,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Цалин хөлс олгох талаар шүүхийн шийдвэр хэдий гарсан ч бодитоор цалин хөлсийг олгосноор төрд хохирол учирсан гэж үзнэ. Түүнчлэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар 3,456,666 төгрөгийг, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 8,031,239 төгрөгийг Ө.,,,,,,,,,,,,д олгосон.

,,,,,,,,,,,,,ийн хууль бус шийдвэрийн улмаас захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр болсон тул түүний хөөн хэлэлцэх хугацааг арван жилээр тооцохоор байна. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтыг анхан шатны шүүх харгалзан үзээгүй.

Ө.,,,,,,,,,,,,д 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 8,031,239 төгрөг олгосон байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Мөн Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,ийг дээрх албан тушаалаас нь чөлөөлсөн тул өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,ид холбогдуулан төрд учруулсан гэм хорын хохиролд 11,487,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. ,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,ар ажиллаж байхдаа 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 811 дүгээр тушаалаар Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ө.,,,,,,,,,,,,г төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

3.1. Уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 581 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 158 дугаар тогтоолоор хүчингүй болгож, Ө.,,,,,,,,,,,,г улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг зохих журмын дагуу тооцож олгохоор шийдвэрлэсэн байна.

 

3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1887 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж Ө.,,,,,,,,,,,,г ажилд нь эгүүлэн томилсон.

 

3.3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01355 дугаар шийдвэрээр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8,031,239 төгрөгийг гаргуулж, Ө.,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

 

3.4. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/277 дугаар, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалуудаар 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 3,456,666 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 8,031,239 төгрөг, нийт 11,487,905 төгрөгийг Ө.,,,,,,,,,,,,д шүүхийн шийдвэрийн дагуу олгожээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3/5134 дүгээр албан бичгээр ,,,,,,,,,,,,д Ө.,,,,,,,,,,,,д холбогдох шүүхийн шийдвэр, шийдвэрийн дагуу олгосон олговрын талаар мэдэгдсэн.

 

3.5. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хариуцагч ,,,,,,,,,,,,, нь улсын бүртгэгч Ө.,,,,,,,,,,,,г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон, түүний энэхүү буруутай үйлдлийн үр дагаварт төрөөс 11,487,905 төгрөгийн олговрыг Ө.,,,,,,,,,,,,д төлж барагдуулсан. Үүнтэй холбогдуулаад төрд учирсан хохирлыг ,,,,,,,,,,,, шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан.

Мөн Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ,,,,,,,,,,,,д албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон.

Иймээс ,,,,,,,,,,,, нь төрд учруулсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

5. Харин нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учир анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт нийцжээ.

 

5.1. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар ,,,,,,,,,,,, нь албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан тул хариуцагчийн улсын бүртгэгч Ө.,,,,,,,,,,,,г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн үйл баримтыг тогтоосон шүүхийн шийдвэр гарснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байжээ.

Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн буруутай үйл ажиллагааны үр дагаварт 8,031,239 төгрөгийн олговор гаргуулах шийдвэрийг гаргаж одоо хэлэлцэж буй маргаанд холбогдох сүүлийн маргааныг шийдвэрлэсэн.

Энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар тоолоход 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон байх ба шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь уг хугацааг хэтрүүлсэн.

 

5.2. Нэхэмжлэгч нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн 3/5134 албан бичгийг ирүүлсний дагуу төрд хохирол учирсан талаар мэдсэн гэж маргасан.

Гэхдээ нэхэмжлэгч Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй байсан учир уг эрх зөрчигдсөн үеэс эхлэн энэ талаар мэдэх ёстой ба Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдэгдсэнээр хариуцагчид холбогдох үйл баримтыг мэдсэн гэж дүгнэхгүй.

Мөн шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар шүүхийн шийдвэрт заасан олговрыг Ө.,,,,,,,,,,,,д олгосон нь хариуцагч ,,,,,,,,,,,,,ид холбогдох маргаанд хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдах нөхцөл байдал үүсгэхгүй.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гаргасан үеэс эхлэн нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар тоологдоно.

 

5.3. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо заасан.

Нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар шаардсан төрд учирсан хохирол 11,487,905 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхийн шийдвэрээр урьд шийдвэрлээгүй тул энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг арван жилээр тоолохгүй.

 

5.4. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж буй Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтлалгүй алдаа гаргасныг залруулж өөрчлөлт оруулна.

 

6. Томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцсэн.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/02381 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 75 дугаар зүйлийн 75.2.4, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 гэснийг 498 дугаар зүйлийн 498.5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ