| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2019/0018/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Хохирогч: А.И,
Шүүгдэгч: Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Ш ургийн овогтой Ягийн Бид холбогдох 1835000000188 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6-р баг задгайд оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1-д заасан гэмт хэрэгт Увс аймгийн сум дундын шүүхээс 50.000 төгрөгөөр торгох, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1.2-д заасан гэмт хэрэгт Увс аймгийн сум дундын шүүхээс 1 жил хорих ял, 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Увс аймгийн сум дундын шүүхийн 217 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын шүүхийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоног хорих ял, 2005 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д заасан гэмт хэрэгт Баян-өлгий аймгийн сум дундын шүүхээс 2 жил хорих ял, 2006 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Сум дундын 24 дүгээр шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100000 /нэг зуун мянга/ төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 27 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, РД: ...................................., Ш ургийн овогтой Ягийн Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Я.Б нь 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг Тээлийн боом гэх газраас хохирогч А.Игийн 39 тооны бог /хонь/ мал буюу олон тооны малыг хулгайлж 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Я.Бийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
2018 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг Тээлийн боом гэх газраас хохирогч А.Игийн 22 тооны бог /хонь/ хулгайлагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох хохирогч А.Игийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай малыг ихэвчлэн би хариулдаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн бог малаа бэлчээрт гаргаж өдөржин дагаж хариулж яваад орой гэрийн гадаа авчирсан. Бэлчээрээс ирэхэд манай мал бүрэн байсан. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 9-10 цагийн орчимд малаа сааж байгаад харахад гэрийн гадна байгаа мал дутуу / цөөн/ байгаа юм шиг санагдсан. Тэгээд бог малаа тоолж үзэхэд 39 тооны хонь дутсан. Тэр өглөө би босоод гэрээс гарахад манай гэрээс хойд зүгт 1 км орчим зайд хэсэг хонь байсан, тухайн үед манай хонь гэж мэдээгүй. Харин манай эхнэр Н сарлаг тууж явахдаа тэр хонийг очиж хараад манайх мөн болохыг таньсан байсан. Тэгээд би очиж үзэхэд манай нийт 17 тооны хонь байсан бөгөөд гэрээс хойд зүгт намагтай харгана, дэрс бүхий саадтай газарт үлдэж хоцорсон бололтой, нэлэнхүйдээ шавар болчихсон хонь байсан. 13 тооны хонь гэрээс хойд зүгт 900 м орчим зайд, 4 хонь нь арай нь цаана 1,2 км орчим зайд байсан юм. Бусад 22 тооны хонио эргэн тойрондоо хайгаад олоогүй юм. Тэгээд бид Цагдаагийн газарт дуудлага өгсөн.
2018 оны 10 дугаар сарын 05-ны шөнө алга болсон нийт 39 тооны хонийг алдагдсан нийт хонийг нас, хүйсээр нь ангилвал: 1 настай эм хонь буюу хурга 2, 2 настай эм хонь буюу төлөг 5, 3 настай эм хонь 4, 4 настай эм хонь 5, 5 настай буюу нас гүйцсэн эм хонь 15, 1 настай эр хонь буюу эр хурга 1, 2 настай эр хонь буюу эр төлөг 2, 3 настай эр хонь 2, 4 настай эр хонь 2, 5 настай буюу нас гүйцсэн эр хонь 1 тооны тус тус байсан юм.
2017 оны жилийн эцсийн мал тооллогоор манайх нийт 388 тооны мал тоолуулсан. Үүнээс адуу 9 тооны, үхэр 22 тооны, хонь 280 тооны, ямаа 77 тус тус тоолуулсан. 2017 оны мал тооллогын А данснаас харахад ч манайх нийт 280 тооны хонь тоолуулсан байсан. Манайх бог малаа байнга хариулдаг, нүүдэл суудал ихтэй тул бог малаа байнга тоолж бүртгэж байдаг бөгөөд мал хулгайд алдагдахаас 2 хоногийн өмнө тоолоход манай хонь бүрэн буюу 288 тооны байсан.
Манайх 2017 онд 12 дугаар сарын дундуур малаа тоолуулснаас хойш буюу 2018 онд хонины төл буюу хурга 93, ишиг 27 төл хүлээж авсан. Манайх авсан төлөө үндсэн малдаа оруулж тоолж байсан бөгөөд үүнээс 2017 оны мал тооллогын дараа оюутны төлбөр төлөх гэж хониноосоо зарж борлуулсан бөгөөд 209 хонь үлдсэн юм. Тэгээд манайх 2018 оны 3 сарын байдлаар 209 хонь дээр 93 хурга нэмээд 302 тооны хоньтой болсон. Үүнээс зарлага буюу идэш, ууш, бусад хэрэгцээнд хэрэглэсэн 14 хонийг хасаад 288 хоньтой үлдсэн байсан юм.
Манай бүх хонь сүүлэндээ ногоон өнгийн будагтай, зүүн чих нь гөлөм, баруун чих нь араасаа цөгрөг имтэй ба зарим богзог /2настай хонь/-ийн зөвхөн зүүн чих нь гөлөм имтэй, мөн сүүлний хэсэгт нь ногоон өнгөөр тэмдэг тавьсан байдаг. Сая хулгайд алдсан 39 тооны хонь мөн дээрх имтэй, сүүлэн хэсэг нь ногоон будагтай.
Манайх 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Тээлийн талбайд очиж буусан бөгөөд тухайн үед манайх 288 хоньтой байсан. Би өөрөө малынхаа тоог бүртгэж тэмдэглэдэг жижиг дэвтэртэй бөгөөд уг дэвтэр дээр би нийт малын тоо, хүлээж авсан төл малын тоо, нийт малаас зарлагадсан малын тоо, мал тооллогоор тоологдсон малын тоог нэг бүрчлэн бичсэн байдаг. Уг малын тоог бичсэн дэвтэр дээр бүгд байгаа.
Цагдаагийн газраас эрж хайж байж Я.Бийг илрүүлсэн байсан. Я.Бийн гэрт нядалсан байсан 6 тооны хонины мах, 5 ширхэг хонины толгойг би үзэж харсан, манай хулгайд алдсан хонинууд мөн байсан. Цагдаа нар хонины гулууз мах, арьсыг хурааж аваад надад буцааж өгсөн, би уг мах, арьсыг нь зарж борлуулсан. Нядалсан хонины 5 толгойг нь харахад хар толгойтой 2 настай эр хонь 1, хар толгойтой 4 настай эм хонь 2, шар галзан нас гүйцсэн эх хонь 2 тус тус байсан.
Манайх 39 тооны хониноос 17 тооны хонио гэрийн ойролцоо газраас олж авсан. 6 хонины гулууз мах буцааж авсан. Одоо миний нийт 16 хонины хохирол төлөгдөөгүй байгаа тул нэхэмжилж байна. Надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй тул гомдолтой байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, надад учирсан хохирлыг зохих журмын дагуу барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
-хохирогч А.Игийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би 39 тооны малаа алдсан нь үнэн. Үүнээс 17 хонийг нь гэрийнхээ ойролцоо байсныг олж авсан. Тухайн үед 3 морьтой хүн мал тууж явсан мөр гарсан байсан. Энэ хүн болохоор ганцаараа 6 хонь тууж авч явсан гэж ярьж байгаа. Би энэ хүнд гомдолтой байгаа. Хотноос 39 тооны мал тасалж аваад 17 нь үлдсэн. Бусдыг нь авсан гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл надтай уулзаагүй, хохирол төлж өгөөгүй байгаа. Үнэхээр идэх хоолгүй, өвчин зовлонтой хэцүү байсан бол манайд ирээд үнэн учраа хэлсэн бол би хоттой хониноосоо бариад өгөх, хүнд туслах сэтгэлтэй хүн. Манайх байнга бог малаа тоолж бүртгэж байдаг юм. 2018 оны 10 дугаар сарын 5-ны шөнө хулгай орохоос өмнө нийт 288 тооны хонь байсан нь үнэн, үүнд эргэлзэх юм байхгүй. 10 дугаар сарын 6-ны өглөө хонио тоолж үзэхэд 39 тооны хонь дутсан. Буруу зөрүү тоолсон асуудал байхгүй. Одоо 16 тооны хонины үнийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
-гэрч Б.Нгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: "2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед өөрийн бог малаа сааж байгаад мал дутаад байх шиг харагдахаар нь малаа тоолоход 39 тооны хонь дутсан. Тэгээд нөхөр бид хоёр цагдаад дуудлага өгчихөөд би сарлагаа туугаад явж байтал манай гэрээс 1 километр орчмын зайнд манай 13 тооны хонь харгана дотор бөөгнөрсөн байсан бөгөөд тухайн малууд нь намагтай харгана дотор нэлэнхүйдээ шавар болсон байдалтай тасарч үлдсэн байсан, мөн манай гэрээс 1.2 км зайнд манай 4 тооны хонь байсан, мөн адил шавар болсон байдалтай тасарч үлдсэн байсан. Тэгээд нөхөр бид хоёр хулгайлагдсан 39 тооны малаас 22 тооны бог малаа эргэн тойронд хайгаад олоогүй. Тухайн үед манай бог мал манай гэрийн ар талд задгай газар хэвтэж хонодог байсан бөгөөд манайд ямар нэгэн малын хашаа, саравч байгаагүй, мал задгай газар хонодог байсан.
2018 оны 10 дугаар сарын 01-ний үед Тариалан сумын Тээл гэх газарт ирж буусан байсан бөгөөд манайх Тээлд нүүж ирэхэд нийт 288 тооны хонь, 155 тооны ямаа, уналгын 1 морь, 18 тооны сарлагтай байсан. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө нөхөр бид хоёр өөрсдийн бог малаа тоолоход манай малаас 39 тооны хонь дутсан. Манайх бог малуудаа байнга тоолж байдаг бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө 2 хоногийн өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой малаа тоолоход манай хонинууд бүрэн гүйцэд байсан юм. 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 388 тооны мал тоолуулсан.
Үүнээс адуу 9, үхэр 22, хонь 280, ямаа 77 тооны мал тоолуулсан. 2017 онд мал тооллогоос хойш буюу мал тооллого явагдсаны дараа оюутны төлбөр төлөх гэж хонинуудаасаа 70 тооны хонь зарсан бөгөөд 3 тооны хонь үхэж хорогдсон бөгөөд нийт 209 тооны хоньтой үлдсэн. Тэгээд манайх 2018 оны 3 дугаар сард төл хүлээж авсан бөгөөд 93 тооны хурга хүлээж авсан. Ингээд манайх 302 тооны хоньтой болсон юм. Үүнээс зарлага, идэш, хэрэглээнд 14 тооны хонь хасагдаад 288 тооны хоньтой үлдсэн бөгөөд манайх Тээлд ирэхдээ 288 тооны хоньтой ирсэн юм. 2018 оны 10 дугаар сарын 05-ны шөнө нийт 39 тооны хонь хулгайд алдсан бөгөөд үүнээс 17 тооны хонийг хоёр хэсэг газраас олж авсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүний гэрээс манай 6 тооны хонины мах, арьс, толгой, дотор гэдэс байсныг нь хураан авч хүлээлгэн өгсөн. Одоо манай малаас 16 тооны хонь дутаж байгаа юм. Дутаж байгаа 16 тооны хонийг нас хүйсээр нь ангилвал 1 настай эм хонь-1, 2 настай эм хонь 1, 3 настай эм хонь 3, нас гүйцсэн эм хонь 11 дутаж байгаа юм" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-116 х/,
-гэрч Э.Эын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Игийн гэрт хоносон бөгөөд орой малаа хотлуулаад унтаж амарцгаасан. Шөнө 01:00 цагийн орчимд би Игийн хамт гарч малаа харахад мал үргэсэн шинжгүй, тайван хэвтэж байсан. Өглөө босоод харахад гэрээс холхон хэсэг мал харагдаж байсан бөгөөд тухайн үед түүнийг Игийн мал гэж мэдээгүй, өөр айлын мал тасарч үлдсэн байх гэж ярилцаад байж байтал хадам ээж болох Н сарлаг туухдаа тэдгээр малын хажуугаар өнгөрч хараад өөрийнх нь мал болохыг мэдэж тууж ирсэн юм. Тэгээд бид яагаад эдгээр мал тасарсан бол, хулгай орсон байж магадгүй гэж сэжиглээд малаа бүртгэж үзэхэд 39 тооны мал дутсан. Тэдгээр 39 малаас 17 мал нь 2 хэсэг тасарсан байсныг Н тууж ирсэн байсан. Үлдсэн 22 тооны хонийг хайхад ойр хавьд байгаагүй. Гэрээс эгц хойшоо Улаангом чиглэлд 3 морины мөр гарч мал тасалж туусан бололтой байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхэд би хамт явж мөрийг мөшгихөд хойшоо яваад дахин зүүн тийш эргэж явсаар самбартай хөтөлийн урдуур зам хөндлөн гарч нуур луу явдаг замын хажуугаар яваад оршуулгын газартай уулын урдуур яваад доогуур нь тойрч хойшоо гараад гашууны гол гатлаад эгц хойшоо яваад 640 сургуулийн араар доош явж улиасны хэв рүү эргэдэг замын урд талын гудамжны адагт хүрээд харанхуй болж мөр алдсан юм. Энэ хооронд замд нэг ташуур хэвтэж байсныг олсон” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 81 х/ зэргээс дүгнэхэд 2018 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө хохирогч А.Игийн хоттой хониноос 22 тооны хонь хулгайлагдсан, уг 22 тооны хонийг шүүгдэгч Я.Б хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч А.И 39 тооны хонь хулгайд алдсан талаараа 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 10 цаг 15 минутад Увс аймгийн Цагдаагийн Газарт дуудлага өгсөн байх бөгөөд дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хонь хулгайлагдсан гэх газар очиж, тухайн газар нутгаас хонь, морины мөр мөрдөж Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал хүртэл явсаар мөр бүдгэрч алга болсон гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хэрэгт авагдсан, мөн 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн өглөөний 8 цаг 10 минутад Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэр Тээврийн хорооны эцэст байх 4 айлын хашааны эргэн тойрны газар оронд үзлэг хийсэн тухай тэмдэглэл хэрэгт авагдсан, үзлэгээр бог малын сэвс бүхий 4 ширхэг гүзээ, гүзээнээс асгарсан шингэн сэвс /асгаад удаагүй байдалтай/, хонины толгой 3 ширхэг, мөн хэргийн газарт байрлах 2 айлын гэр /шүүгдэгч Я.Б-ийн гэр болон тэднийхтэй хамт байх түүний хамаатны гэх Г.Б-ийн гэр/, гэрийн гадна байсан машин, гэрийн ойролцоо амбаар зэрэгт үзлэг явуулж, машинаас 6 ширхэг хонины гулууз мах, гэрээс хонины толгой 2 ширхэг, хонины арьс 6 ширхэг, өлөн гэдэс 6 ширхэг, бог малын сэмж өөх, цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 2 ширхэгийг тус тус илрүүлэн хураан авч, гэрэл зургаар бэхжүүлсэн байна.
Мөн хэргийн газрын үзлэгээр илрүүлсэн, 6 тооны хонины мах хадгалсан байсан автомашин дээрээс илрүүлж бэхжүүлсэн гарын мөр нь шүүгдэгч Я.Б-ийнх мөн болох нь хэрэгт авагдсан Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/53 дугаартай шинжээчийн /мөр судлалын/: “Хэргийн газрын үзлэгээр автомашин дээрээс илрүүлж бэхжүүлсэн мөр нь гарын мөр мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай 3 ширхэг мөрнөөс 1 ширхэг гарын мөрний папиляр шугам тод, тэдгээрт илрэх хувийн онцлог шинж тэмдэг хангалттай байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин бусад гарын мөрнүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн гарын мөр нь МN004510005591 дугаартай Я овогтой Б /РД:008Ю12811/ гэх хүний зүүн гарын дунд хурууны дардастай онцлог шинж тэмдгээрээ тохирч байна" гэх дүгнэлтээр нотлогдсон.
Эдгээр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
Хохирогч А.И хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтад удаа дараа, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн бог малын тоо болон 2018 оны 10 дугаар сарын 05-аас 6-нд шилжих шөнө 39 тооны хонь алдагдсан, үүнээс 17 тооны хонь гэрийнх нь ойролцоо байсан талаар тогтвортой, хоорондоо зөрүүгүй мэдүүлсэн, мөн мал хулгайлагдсаныг мэдсэн даруйдаа Цагдаагийн Газарт мэдээлсэн зэрэг нь түүний мэдүүлгийг үнэн, зөв эргэлзээгүй гэж дүгнэх үндэслэл болно.
Шүүгдэгч Я.Б сэжигтнээр: “2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 8 цагийн үед “Хулсны халх” гэх газар намаржиж байсан аав Ягийн гэрт очиж, өөрийн 6 тооны хонь аваад гэртээ ирж, гэрийнхээ зүүн урд талд би ганцаараа уг 6 хонио нядалсан, зүрх, бөөрийг нь аваад бусдыг нь нохойд хаяж өгсөн, арьсыг ченжид зарсан, махыг гэрийн гадна байдаг эвдэрхий машинд хадгалж байсан. Би өөрийн морийг унаж 6 тооны хонио тууж харьсан” гэж мэдүүлсэн нь гэрч Ж.Б-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Хадам ах Я.Б 2018 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд манай гэр болон хадам аав Ягийн гэрт ирээгүй, манайхаас болон аав Я-гийнхаас хонь аваагүй юм” мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Я-гийн мөрдөн байцаалтад өгсөн: "Я.Б-д өөрт нь ямар нэгэн мал байхгүй. Я.Б нь 2018 оны 10 дугаар сарын эхээр манайд ирээд надад "гэр зуур унах унаа мал хэрэгтэй байна, явган хэцүү байна, та хэд хоног унах морь өгөөч" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бид өөрийн 8 настай, баруун гуяндаа буйл тамгатай эр морийг өгөөд явуулсан юм” гэх мэдүүлэг, гэрч Я.Шагдарсүрэнгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 05-ний шөнө Улаангом сумын нутаг Хусны халх нэртэй газар гэртээ байсан ба манай гэрт эхнэр Б, хүү Тэгшбуян нар байсан. Аав Ягийнх манайхтай айл хамт байдаг юм. Ах Я.Б 2018 оны 10 дугаар сарын 05-06-ний өдрүүдэд манай гэрт ирээгүй, манайхаас хонь авсан удаа байхгүй” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа, мөн тэрээр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “ Би хохирогч А.Игийн малын хотноос 20 гаруй тооны хонь тасалж, тэдний гэрээс хойшоо аймгийн төвийн чиглэлд тууж явсан. Би тухайн 20 гаруй хонийг хойд зүгт 2 орчим километр мориороо тууж Тээлийн голын эрэгт авч ирээд 4 эм хонь / нас гүйцсэн байх/, 2 богзогийг ялгаж аваад, үлдсэн 14 тооны хонийг буцааж гэр тийш нь тууж явуулсан. Уг 6 тооны хонийг тууж явсаар Улаангомд Улиасны хэвд байх гэртээ авчирж гэрийн ойролцоо байдаг эзэнгүй амбаарт хийж хонуулаад маргааш нь нядалсан. Миний хувьд тасалж авсан 20 малаа бүгдийг нь аваад явах боломжтой байсан боловч би уг 6 хонийг л авсан, олон тооны мал хулгайлсан гэж зүйлчилж яллаж байгааг зөвшөөрөхгүй” гэж тус тус өөрөөр мэдүүлсэн байх ба түүний мэдүүлгийг нотолсон өөр бусад баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй юм.
Хохирогч А.Игийнх 2018 оны 10 дугаар сарын 05-аас 6-нд шилжих шөнө хонь хулгайлагдахаас өмнө 288 тооны хоньтой байсан, хонио байнга тоолж бүртгэж байсан, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө хонио тоолоход 39 тооны хонь дутсан, үүнээс 17 тооны хонь нь гэрийнхээ ойролцоо байсан зэрэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч А.Игийн 2017 оны мал тооллогын тухай тодорхойлолт, хохирогч А.Игийн 2017 оны мал тооллогын А дансны хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч А.Игийнх бог малаа гэрийнхээ ар талд задгай газар /хашаа, саравчгүй/ хотлуулдаг байсан байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө гэрийнх нь ойролцоо буюу 900 м болон 1.2 км орчим зайд байсан 17 тооны хонийг хулгайлагдсан гэж үзэх боломжгүй. Учир нь шүүгдэгч Я.Б тасарч үлдсэн гэх уг 17 тооны хонийг хулгайлж тууж явсан, өөрийн эзэмшил өмчлөлд оруулсан, эсхүл өмчлөлдөө авахыг завдсан үйлдэл хийсэн гэх хангалттай нотолгоо хэрэгт авагдаагүй байна.
Нөгөөтэйгүүр хохирогчийнх бог мал хашаа, хороогоор тусгаарлаагүй, шөнийн цагаар харуул манаагүй байлгасан байх тул тухайн үед хүний оролцоогүйгээр хонь сүргээсээ тасарч бэлчээрт гарсан, эсвэл дуу чимээнээр үргэж ижлээсээ тасарч холдсон байхыг үгүйсгэхгүй юм.
Иймд хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон дээрхи үйл баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Я.Б хохирогч А.Игийн 22 тооны хонийг хулгайлсан гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид: “Бусдын мал хулгайлсан” бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэгт тооцохоор, “Бусдын олон тооны мал хулгайлсан” бол мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхээр тус тус хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар хэсэгт: “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна, энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж тус тус заасан бөгөөд Прокуророос шүүгдэгч Я.Бийг хохирогч А.Игийн 39 тооны бог мал буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, ялласан нь үндэслэлгүй гэж дүгнэж шүүгдэгч Я.Бийг 22 тооны бог мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Я.Бид Прокуророос бусдын олон тооны мал хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Увс Финанс-Аудит ХХК-ийн 106 дугаар : “2018 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Тариалан суманд 5 настай эр хонины зах зээлийн үнэ 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөг, 4 настай эр хонины зах зээлийн үнэ 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, 3 настай эр хонины зах зээлийн үнэ 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөг, 5 настай эм хонины зах зээлийн үнэ 90.000 /ерэн мянга/ төгрөг, 4 настай эм хонины зах зээлийн үнэ 80.000 /наян мянга/ төгрөг, 3 настай эм хонины зах зээлийн үнэ 70.000 /Далан мянга/ төгрөг, эр эм төлөгний зах зээлийн үнэ 65.000 /жаран таван мянга/ төгрөг, эр эм хурганы зах зээлийн үнэ 25.000 /хорин таван мянга/ төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх үнэлгээний тайлангаар бүх насны хонины үнийг тогтоосон байх бөгөөд нийт хулгайлагдсан 22 тооны хонийг нас хүйсээр нь ялгаж үнэлбэл нийт 1.725.000 төгрөг болж байх тул энэ гэмт хэргийн улмаас нийт 1.725.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэв.
Хохирогч А.И шүүхийн хэлэлцүүлэгт “хулгайд алдсан 22 хониноос 6 тооны хонины махыг буцааж авсан тул үлдсэн 16 тооны хонины үнийг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн тул 16 тооны хонийг нас, хүйс /эм хурга 1, эм төлөг 1, 3 настай эм хонь 3, 5 настай буюу нас гүйцсэн эм хонь 11/-ээр ялган үнэлж , нийт 1.290.000 төгрөгийг шүүгдэгч Я.Боос гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Я.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.Б бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Б-ийн хувийн амьдрал, зан байдлын талаар гэрч Э.Нийн: “Я.Б бид хоёр одоогоор Улаангом сумын 6-р баг Тээврийн хорооны эцэст задгай хашаанд бага насны 4 хүүхдийн хамтаар амьдарч байна. Я.Б нь тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд нөхөр бид хоёр 4 хүүхдийн мөнгөөрөө амьдардаг ба Б нь өөрийн аав Ягийн малыг хааяа хариулж тэндээсээ мал, мах авч амьдарлаа залгуулдаг юм. Я.Б нь зан аашийн хувьд даруухан зантай, ямар нэгэн зүйлд маш хурдан уурлаад буцаад уур нь гарчихдаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг боловч агсам согтуу тавиад байдаггүй, тамхи байнга татдаг юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-86х/,
гэрч Э.Нгийн “Я.Б нь 2010 онд манай дүү Нтэй гэр бүл болсон. Тэрнээс хойш Я.Бийг танина. Я.Б нь илүү дутуу зангүй, гэр бүл үр хүүхдүүддээ сайн харьцдаг, Я.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи байнга татдаг юм. Б нь хүнд тусархаг, сэтгэл сайтай, хар бор ажил сайн хийдэг хүн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94х/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Я.Б урьд нь удаа дараа буюу 7 удаагийн шийтгэх тогтоолоор тус тус ял шийтгүүлж байсан байх ба хамгийн сүүлд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байгаад Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, тэнсэж хянан харгалзах хугацаа дууссаны дараа дээрхи гэмт хэргийг үйлдсэн /хх-ийн 206-236-р тал/-ийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Я.Б мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээхгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.Бийн гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн эцэг Ц.Ягийн эзэмшлийн нас гүйцсэн морийг унаж ашигласан нь тогтоогдсон тул уг морины үнэ 800.000 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины эмээл / 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий/ 1 ширхэг, тохом / хуучин, 10.000 төгрөгийн үнэлгээтэй/ 1 ширхэг, хазаар/ 8.000 төгрөгийн үнэлгээтэй/ 1 ширхэг, ногт /5.000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг, ташуур / 7.000 төгрөгийн үнэлгээтэй/ 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлогод оруулж, шүүгдэгчийн хонь нядлахдаа хэрэглэсэн хутга 2 ширхэг, хэргийн газраас ул мөр мөрдөх явцад олсон / эзэмшигч нь тодорхойгүй/ ташуур 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт иргэний нэхэмжлэгч Ц.Ягийн эзэмшлийн нас гүйцсэн морь 1ширхэг, Я.Бийн дундын өмчлөлийн найман ханатай гэр 1ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.Бийн энэ хэрэгт баривчлагдсан нэг хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй болно.
Шүүхээс шүүгдэгч Я.Бид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас шүүгдэгч Ш ургийн овогтой Ягийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Ш ургийн овогтой Ягийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-д хоёр жил хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бид оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бийн энэ хэрэгт баривчлагдсан нэг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Я.Бийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан морины үнэ 800.000 төгрөг, морины эмээл / 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий /1 ширхэг, тохом /хуучин, 10.000 төгрөгийн үнэлгээтэй/ 1ширхэг, хазаар /8.000 төгрөгийн үнэлгээтэй/ 1 ширхэг, ногт /5.000 төгрөгийн үнэлгээтэй / 1 ширхэг, ташуур /7.000 төгрөгийн үнэлгээтэй/ 1 ширхэгийг тус тус хураан улсын орлогод оруулж, хар өнгийн иштэй, 28 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн иштэй 22 см урттай хутга 1 ширхэг, ташуур 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Хэрэгт иргэний нэхэмжлэгч Ц.Ягийн эзэмшлийн нас гүйцсэн морь 1 ширхэг, шүүгдэгч Я.Бийн дундын өмчлөлийн найман ханатай гэр 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Боос 1.290.000 /нэг сая хоёр зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багт оршин суух А.Ид олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АЛТАН