Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 408

 

 


2016-07-08                                                  №408                                                              Хэрлэн сум

 

 

 


Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Хэргийн индекс: 156/2016/00205/И 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
      Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн, Хэрлэн сум, 5 дугаар баг, Т-174 дүгээр байрны 08 тоотод оршин суух, Мижидын Алтантуулын нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Хэнтий аймгийн, Хэрлэн сум, 4 дүгээр багт байрлах нэгдсэн эмнэлэгт холбогдох
      сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шүүгч С.Оюунчимэгээс 2016 оны 06 дугаар сарын 23-нд хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ НЬ:
      Нэхэмжлэгч  М.Алтантуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
       Миний бие Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 1996 оноос одоог хүртэл дотрын эмч, дотрын тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр тасралтгүй ажиллаж байна.
       Би 2014 оны 08 дугаар сард гаргасан нэгдсэн эмнэлгийн дарга Н.Орхончимэгийн хууль зөрчсөн үндэслэлгүй тушаалын улмаас 1 жил гаруй хугацаанд ажилгүй, ажил үүрэг маань түдгэлзэж явж байгаад 2015 оны 12 дугаар сарын 17-нд шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орсон юм. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байх явцад буюу 2016 оны 02 дугаар сард нэгдсэн эмнэлгийн бичиг хэргийн ажилтан надад сахилгын шийтгэл оногдуулсан нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/23 тоот үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг өгсөн. Уг тушаалаар надад “ажлын бус цагаар дуудахад ирээгүй” гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбар хэлсэн. 
      2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүд нь амралтын өдрүүд байсан. Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс намайг амралтын өдрүүдэд дуудагдаж ажиллана гэж урьдчилан мэдэгдээгүй, 2015 оны 12 дүгээр сарын 31-ний орой ажил тарахад жижүүр эмч болон ажлын бус цагаар дуудагдаж ажиллах хуваарийг самбар дээр гаргаагүй, огт мэдэгдээгүй атал “ажлын бус цагаар дуудахад ирээгүй” гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.
    Ингээд миний бие тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрхэн ямар зөрчил гаргасныг шалган тогтоогоогүй мөртлөө хэт нэг талыг барьж буруу ногдуулсан, тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдсан шаардлагыг хангаагүй, хувийн үзэл бодлоор надад хандаж гаргасан гэж үзэж байх тул Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)         
    Нэхэмжлэгч М.Алтантуул нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 
    Миний бие тус шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр” сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд тус хэрэгт миний бие 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэгдсэн эмнэлгийн даргын Б/23 дугаартай тушаалын биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр гартал гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгуулж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргаж шүүх уг хүсэлтийг хангаж, 2016 оны 03 дугаар сарын 16-ны 667 дугаартай захирамжаар Б/23 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай холбоотой тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасан захирамж гарсан юм. Гэтэл Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг нь уг шүүгчийн захирамжийг биелүүлэлгүй 2016 оны 02 дугаар сар, 2016 оны 03 дугаар сарын цалингаас цалингийн 20 хувийг хассан. Иймд миний бие Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгээс 2016 оны 02 дугаар сарын цалин 247 844 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 278 803 нийт 526 647 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. (хх-ийн 1 тал)  
       Хариуцагч нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амгаланбуян шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 
      Нэхэмжлэгч М.Алтантуулын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 
      1.Тус эмнэлэг нь “яаралтай дуудагдах эмч, ажилчдын хуваарь”-ийг гаргахдаа өмнөх сарын 25-наас 29-ний өдрүүдэд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Амгаланбуян гаргаж эмнэлгийн даргаар батлуулан 103, хүлээн авах дээр байрлуулж, эмч ажилтан нар өөрсдөө хуваарьт тавигдсан эсэхээ очиж мэддэг. Олон арван жил энэ зарчмаар явж ирсэн. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Острый инфаркт (зүрхний шигдээс) оноштой үйлчлүүлэгч Н.Ганхуягт дотрын нарийн мэргэжлийн эмчийн яаралтай тусламж, зөвлөх эмчийн зөвлөгөөг авахаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10-ны хооронд яаралтай дуудагдах эмч ажилчдын хуваарьт албан ёсоор тавигдсан. М.Алтантуул эмчийг жижүүр эмч Ц.Цэрэндуламын шаардлагаар дуудлага хүлээн авч бага эмч Г.Ган-Эрдэнэ утсаар холбогдон дуудахад Улаанбаатарт байна гэсэн хариу өгч ирээгүй. Тухайн үед утсаар ярихад хуваарьтай танилцаагүй, мэдээгүй гэсэн тайлбар өгөөгүй. Нэгдсэн эмнэлэг нь зөвлөх 4 эмчтэй бөгөөд дотрын зөвлөх ганц эмч нь М.Алтантуул юм. 
     2.Ажлын бус цагаар дуудахад ирээгүй гэсэн үндэслэлээр арга хэмжээ авсан гэх гомдлыг эс зөвшөөрөх үндэслэл нь 2016 оны 01 дүгээр сарын яаралтай дуудагдах эмч, ажилчдын хуваарьт тавигдсан бөгөөд шаардлагатай тохиолдолд зөвлөх эмч, тасгийн эрлэгч нар хугацаа харгалзахгүй дуудагдахыг хуваарийн доод талд тогтмол жич анхааруулсан байдаг.  
    3. Хэрхэн ямар зөрчил гаргасан шалтгаан тогтоогоогүй гэснийг эс зөвшөөрөх үндэслэл нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар М.Алтантуулыг байлцуулан уг асуудлыг хэлэлцсэн. Уг хурал дээр М.Алтантуул нь гаргасан алдаа дутагдал, зөрчлөө зөвшөөрч буруугаа хүлээсэн байдаг. Гаргасан зөрчлийг тогтоож хурлын шийдвэр гарсан. Уг хурлын шийдвэрийг газар дээр нь хуралд эргүүлэн оруулж танилцуулсан гэжээ. (хх-ийн 60-61 тал)       
       Нэхэмжлэгч М.Алтантуул шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
        Миний бие Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдуулан “сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дулмаатай дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд:
        - 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан “сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдээсээ татгалзах
        - Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/23 дугаартай тушаалтай холбоотойгоор нэгдсэн эмнэлэг болон Н.Орхончимэгтэй холбогдох  ямар нэгэн нэхэмжлэл, өргөдөл гомдлыг дахин гаргахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгууллаа.Би энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах бичгийн нотлох баримт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 100 тал) 
       
       Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дулмаа шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
       Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож М.Алтантуултай дараах байдлаар харилцан тохиролцлоо. Үүнд:
        -Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгох,
        -М.Алтантуулын 2016 оны 02, 03 дугаар сарын цалин хөлснөөс суутгасан 526 647 төгрөгийг 2016 оны 07, 08 дугаар саруудад буцаан олгохоор болж эвлэрлийн гэрээ байгууллаа.
Би энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах бичгийн нотлох баримт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 100 тал) 
   
ҮНДЭСЛЭХ НЬ:
      Нэхэмжлэгч М.Алтантуул нь хариуцагч Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдуулан “сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах”, “2016 оны 02, 03 дугаар сарын цалин 526 647 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
      Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч М.Алтантуул нь шүүхэд гаргасан “сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж” 2016 оны 02,03 дугаар саруудын цалин 526 647 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дулмаа нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын “сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, М.Алтантуулын 2016 оны 02, 03 дугаар сарын цалингаас суутгасан 526 647 төгрөгийг 2016 оны 07, 08 дугаар саруудад буцаан олгохоор харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Хариуцагч Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдох, М.Алтантуулын нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч М.Алтантуул нь “сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж”, 2016 оны 02,03 дугаар саруудын цалин 526 647 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дулмаа нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын “сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж”, М.Алтантуулын цалингаас суутгасан 526 647 төгрөгийг 2016 оны 07, 08 дугаар саруудад буцаан олгохоор харилцан тохиролцож эвлэрсэн байх тул  зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжид зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
                         


ШҮҮГЧ                                            Л.ЦЭРЭНДУЛАМ