Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 184/2024/01501/И |
Дугаар | 210/МА2024/01486 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/01486
2024 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 210/МА2024/01486 |
Г.,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2024/03432 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: О.,,,,,,,,,,,т холбогдох,
Гэм хорын хохирол 23,925,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
О.,,,,,,,,,,, нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Баянбүрд "М-Ойл" шатахуун түгээх станцын урд замд 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ,,,,,,,,,,,, улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 ба 12.3 заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч явсан намайг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан.
Миний бие өөрийн эзэмшлийн бага оврын ачааны машинаар тээвэр хийж амьжиргаагаа залгуулахын сацуу Юбикаб ХХК-ийн UBCab Driver болон Грөүв ложистик технологи ХХК-ийн Papa Logistic аппликэйшн ашиглан нэмэлт орлого олдог байсан. Гэвч ослын улмаас машинаа сайн барьж ачаа тээвэрлэх чадваргүй болж, цалин орлого буурсан.
Осолд орохоос өмнө буюу 2023 оны 02 дугаар сараас 08 дугаар cap хүртэл дундаж цалин, орлого сарын 4,785,010 төгрөг байсан. Дээрх ослоос үүдэн ажил хөдөлмөр эрхэлж, орлого олж амьдралаа залгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул ажилгүй байгаа хугацааны цалин, олох байсан орлогод 23,925,050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээр шийдвэрлэсний дараа сэтгэл санааны хохиролд 1,815,000 төгрөг, гэмт хэргийн хохиролд 4,000,000 төгрөг зэргээр нийт 5,815,000 төгрөгийг төлсөн.
Нэхэмжлэгчийн сарын цалин, орлогыг ирээдүйд олох ёстой байсан орлого гэж тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй гэж заасан. Дансны хуулгаар олох ёстой байсан орлого нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтсэн нэг сарын олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжлэлээс 660,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.,,,,,,,,,,,оос 20,160,012 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,,,,ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,765,038 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч О.,,,,,,,,,,,оос улсын тэмдэгтийн хураамж 258,750 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нийт 20,160,012 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хэдэн төгрөг нь дутуу авсан цалин хөлс болох, хэдэн төгрөг нь олох байсан орлого гэж үзэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй.
Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг харахад ямар нэгэн газарт тогтмол ажиллаж цалин хөлс авдаг болох нь тогтоогдоогүй байна. Мөн нэхэмжлэгчийн орлого нь харилцан адилгүй байх бөгөөд их орлоготой сар, бага орлоготой сар байх боломжтой учраас нэг сарын дундаж орлого нь 4,785,010 төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тус орлогыг олдог байсан бол хүн амын орлогын албан татвар төлөх ёстой байсан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтсэн нэг сарын олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 660,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Иймд 19,500,012 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Эрүүл мэндийн байдал хэвийн болоогүй. Осолд орохоос өмнө хөдөлмөр эрхэлж орлого олж байснаа баримтаар гаргаж өгсөн. Орлого буурсан нь баримтаар тодорхой харагдаж байгаа. Иймд гомдлыг зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,,,, нь хариуцагч О.,,,,,,,,,,,т холбогдуулж эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас учирсан хохирол буюу дутуу авсан цалин орлого 23,925,050 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/788 дугаар шийтгэх тогтоолоор О.,,,,,,,,,,,ийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Баянбүрд М-ойл шатахуун түгээх станцын урд замд 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Т.акуа маркийн ,,,,,,,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 12.3 заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуй унаж явсан Г.,,,,,,,,,,,,,ийг мөргөж эрүүл мэндэд нь зүүн гуяны хууларсан том шарх, шархны үхжилт үрэвсэл /шархны үхэжсэн эдийг өөлж авах, арьс нөхөх мэс засал/, зүүн зулайн няцарсан шарх, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
3.1. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн бага оврын ачааны машинаар тээвэр хийхийн зэрэгцээ Юбикаб ХХК-ийн UBCab driver, Грөүв ложистик технологи ХХК-ийн Paра Logistic аппликейшн ашиглан тээвэр хийдэг болохыг Грөүв Эс Эс Ложистик технологи ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А24/13, Юбикаб ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24/21 тоот албан бичгээр тодорхойлсон байна.
Эдгээр үйл ажиллагааны дагуу нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр осолд орохоос өмнөх 6 сарын хугацаанд 28,710,067 төгрөгийн буюу сард дунджаар 4,785,010 төгрөгийн, өдрийн 165,246 төгрөгийн орлоготой байжээ.
3.2. Харин 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сард нэхэмжлэгчийн сарын дундаж орлого нь 1,149,596 төгрөг болж буурсан байна.
3.3. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, албан бичиг, дансны хуулга, тооцоололд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.,,,,,,,,,,, нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэм хор, хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, орлогоо төлүүлэхээр шаардах эрхтэй, нэхэмжлэгчийн орлого буурсан нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаантай холбоотой гэж хуулийг зөв тайлбарлаж, үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.
4.1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн түүний эрүүл мэндэд учруулсан хүндэвтэр гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хор уршиг арилаагүй хугацааны дутуу авсан цалин орлогоо нэхэмжлэх эрхтэй.
4.2. Хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд зүүн гуяны хууларсан оноштой хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгээс гарахад өвчний төгсгөлийг сайжирсан, мэс заслын дараах хүндрэлгүй, биеийн байдал хүндэвтрээс дунд түвшинд шилжсэн гэж оношилсон.
Энэхүү эмчилгээний үргэлжлэл болгож нэхэмжлэгч нь Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдөр хүртэлх хугацаанд нөхөн сэргээх тусламж үйлчилгээ оноштой хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгээс гарахад өвчний төгсгөлийг сайжирсан, хүндрэлгүй, биеийн байдал дундаас хөнгөн түвшинд шилжсэн онош тавигдсан байна.
Мөн нэхэмжлэгч нь Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 17-ны өдөр хүртэлх хугацаанд нөхөн сэргээх тусламж үйлчилгээ оноштой хэвтэн эмчлүүлжээ.
4.3. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийвэл нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хүндэвтэр гэмтэлд зохих эмчилгээ хийлгэсний үр дүнд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гарахад биеийн байдал хөнгөн түвшинд хүрч хүндэвтэр гэмтлийн хор уршиг арилсан байна.
Иймд энэ хугацаагаар хүндэвтэр гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалин орлогоо дутуу авсан хугацааг тасалбар болгон тооцно.
Мөн нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 22-ны өдөр хүртэлх 7 хоногийн хугацааг дээрх хугацаанд оруулах нь зүйтэй.
4.4. Нэхэмжлэгч нь 2023 оны 08-10 дугаар сар буюу 2 сарын хугацааны 7,270,828 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 15-22-ны өдөр буюу 7 хоногийн 1,156,722 төгрөгийн, нийт 8,427,550 төгрөгийн цалин орлогоо хариуцагчийн түүнд учруулсан гэмтлийн улмаас дутуу авсан байна.
Иймд нэхэмжлэлийг энэ хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцнэ. Нэхэмжлэлийг хангасан хэмжээг эс зөвшөөрч гаргасан хариуцагч талын гомдлын зарим хэсгийг энэ үндэслэлээр хангана.
Үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг мөн өөрчилнө.
4.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн олж байсан цалин орлого, түүний буурсан хэмжээг зөв тогтоосон боловч эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад харгалзан үзэх хор уршиг үргэлжилж буй эсэх, эсхүл эдгэрсэн эсэх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулсныг ийнхүү залруулан дүгнэв.
4.6. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулж дээрх дүгнэлтийг шүүхээс өгч буйг дурдвал зохино.
5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2024/03432 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад 20,160,012 гэснийг 8,427,550, 3,765,038 гэснийг 15,497,500 гэж,
2 дахь заалтад 56.1 гэснийг 56.2, 258,750 гэснийг 149,791 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ