Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01487

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01487

 

 

Х.,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/02770 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны зүйл болох ,,,,,,,,,, дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Н.Болд барьцаа хөрөнгөгүй тул 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр миний нэр дээр зээлийн гэрээ байгуулна, мөн миний эзэмшлийн ,,,,,,,,,, дугаарыг зах зээлийн үнэлгээний дагуу барьцааны гэрээг байгуулна хэмээн гэрээнд гарын үсэг зуруулж, дугаарыг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн. Зээлийн эргэн төлөлтийг Н.Болд төлж байсан боловч зээлийг төлөхөө байснаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдөж эхэлсэн.

Хариуцагч нь зээлийн мөнгөнөөс 38,673,500 төгрөгийг надад олгосон, 81,266,444 төгрөг нь ,,,,,,,,,,,, ХХК-д шилжүүлсэн учир гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Зээлийн гэрээ нь эргэн төлөгдөх хуваарьгүй, сардаа хүүгээ төлөх эсвэл 2 жилийн сүүлээр үндсэн зээлтэйгээ төлөх эсэх нь тодорхойгүй ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдүүлэгч болон зээлдэгч нар байгуулаагүй.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг заасан бөгөөд 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэжээ. Энэ тусгай зөвшөөрөл хариуцагчид байхгүй.

Ийм учир 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ,,,,,,,,,, дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Х.,,,,,,,,,, нь ,,,,,,,,,, дугаарыг зээлд хураагдах гээд байна гэж хандсаны дагуу ,,,,,,,,,,,, ХХК-д 81,266,444 төгрөг төлж, барьцаанд байсан ,,,,,,,,,, дугаарын эзэмших эрхийг шилжүүлж авсан, мөн зээл 38,673,500 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлэн өгсөн. Х.,,,,,,,,,, нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 17 сарын хүү болох 71,400,000 төгрөг төлөхөөс 13,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 58,400,000 төгрөгийн хүүг одоог хүртэл төлөөгүй.

Харилцан тохиролцсон гэрээгээр хүүгээ 2 сар өгөхгүй бол дугаарыг худалдан борлуулж, хүү, алданги болон зээлсэн мөнгөө үл маргах журмаар авна гэж тохиролцсон хэдий ч бүтэн жил хүү авахгүйгээр хүлээсэн. Мөн манай байгууллага барьцаалан зээлдүүлэх газар буюу зээл өгөх эрхтэй байгууллага биш.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-т заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №25 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны зүйл болох ,,,,,,,,,, дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай Х.,,,,,,,,,,гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу дутуу үнэлж, хууль бус шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

Зээлдэгч нь зээл авахдаа барьцааны гэрээ байгуулахгүйгээр өөрийн нэр дээр эзэмшиж, ашиглаж байсан ",,,,,,,,,,,-ийн өмчлөлийн ,,,,,,,,,, дугаарыг ",,,,,,,,,,,,," ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Зээлийг бүрэн олголгүй зарим хэсгийг ,,,,,,,,,,,, ХХК руу шилжүүлсэн.

Дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дах заалт, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог.

Зээлийн гэрээ байгуулсан гэх боловч гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох эргэн төлөх хуваарийг хийгээгүй нь зээлийн гэрээний 3.18, 5.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн.

Зээлдүүлэгч ",,,,,,,,,,,,," ХХК зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны ирүүлсэн бичгийн нотлох баримтаар нотлогддог. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гэрээнд заасан зээлийг бүрэн олгосон. Гэрээний үүргээ биелүүлээгүй учир бусад этгээдэд дугаар эзэмших эрхийг шилжүүлсэн. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Х.,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны зүйл болох ,,,,,,,,,, дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг тодруулах шаардлагатай байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

3.1. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь 120,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай Х.,,,,,,,,,,д зээлдүүлэхдээ түүний эзэмшлийн ,,,,,,,,,, дугаарыг барьцаалсан байна.

Энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардахдаа нэхэмжлэгч нь барьцаалсан гэх ,,,,,,,,,, дугаарыг өөрийн эзэмшилд буцаан авах шаардлага гаргасан ба хариуцагч нь уг дугаарыг эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн гэж тайлбар гаргасан.

 

3.2. Ийнхүү ,,,,,,,,,,-ийн өмчлөлийн ,,,,,,,,,, дугаарыг одоо хэн эзэмшиж буй эсэх нь маргааны зүйлд хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий байхад энэ талаарх үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан баримтаар тогтоогдоогүй байна.

Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч нь бусдад дугаар эзэмших эрхийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь эрх бүхий байгууллагын бүртгэлээр тогтоогдох ёстой үйл баримт юм.

 

3.3. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардаж буй утасны дугаар түүний эзэмшилд байхгүй талаар тайлбар гаргасан байхад уг дугаарыг эзэмших эрхийг буцаан шаардсан нэхэмжлэлийг тодруулах ажиллагаа хийгдээгүй байна.

Учир нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг.

Нэгэнт нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн өөрийн эзэмшилд байсан утасны дугаарын эзэмших эрхийг буцаан шаардаж буй тохиолдолд уг нөхцөл байдалтай холбогдуулан дугаарын эзэмших эрх, эсхүл түүний үнийг шаардаж байгааг тодруулах шаардлагатай.

 

3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар анхан шатны шүүх нь хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлан өгөх замаар тэдгээрийн эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангах, хэргийн үйл баримтыг тогтоох, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргийг хүлээнэ.

Энэ ажиллагааг давж заалдах шатны шүүхээс тодруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

3.5. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул маргаан бүхий харилцаанд материаллаг эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/02770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ