Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 01031

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 27 өдөр                     Дугаар 142/ШШ2016/01031                                      Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1979 онд төрсөн 37 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 16-04 тоотод оршин суух Тагдван овгийн Юндэнгийн Хүрэлчимэгийн /регистрийн дугаар РЙ79082401/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1975 онд төрсөн 41 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 44-08 тоотод оршин суух Их хотгойд  овгийн Түвшинжаргалын Намхайдэмидэд /регистрийн дугаар ИО75031714/-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.Хүрэлчимэг, хариуцагч Т.Намхайдэмид, нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Хүрэлчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.Намхайдэмидтэй 2004 оны 10 дугаар сарын 09-нд албан ёсоор айл болж 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Нөхөр Намхайдэмид нь өөр эхнэртэй болж 2005 оны 11 сард 2 сартай жирэмсэн салсан. 2007 оны 06 сарын 29-нд охин Сувд-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 2007 оны 11 дүгээр сард охин Сувд-Эрдэнэтэй хамт ирэхэд хашаа гэрээ зарсан байсан. 2007 оноос 2011 он хүртэл баруун задгай шандын 21-32 тоотод амьдарч байгаад дахин салсан. Баруун задгай шандад амьдарч байсан гэрээ дахин зарсан. Нөхөр Намхайдэмид нь одоо эхнэр хүүхдийн хамт Цагаанчулуутын 44-08 тоотод амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Сувд-Эрдэнийг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Бидний салахад дундын өмч болох 5 ханатай гэр, хашаа, сонота-6 машин, гүү 2, ишигтэй 2 ямаа нөхөр Намхайдэмидэд үлдсэн. Эдгээр эд хөрөнгөнөөс миний өмчид үлдээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ю.Хүрэлчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”..бид хэн аль нь гэр бүлтэй, хүүхэдтэй болцгоосон учраас одоо эвлэрч амьдрах боломжгүй. Охин Х.Сувд-Эрдэнийг би өөрийн асрамжинд авна.Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна.Эд хөрөнгийн хувьд Т.Намхайдэмидийн өгнө гэж байгаа унагтай гүү 1, ишигтэй ямаа 2-ыг тус тус авч бусад хөрөнгө болох 5 ханатай гэр, хашаа, сонота-6 машин зэргийг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэв.

Хариуцагч Т.Намхайдэмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хүүхдийн асрамж, гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй.Хүүхдийн тэтгэлэг төлнө. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хөрөнгөөс хашаа, авто машин, гэр байхгүй. Унагтай гүү 1, ишигтэй ямаа 2 байгаа эдгээр зүйлүүдийг нь өгнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.Хүрэлчимэг нь хариуцагч Т.Намхайдэмидэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэрлэгчид 2004 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2007 оны 06 дугаар сарын 29-нд охин Х.Сувд-Эрдэнэ төрсөн, зохигчид 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа, бие биенээ хүндэтгэн үзэж эвлэрч хамт амьдрах боломжгүй гэж байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

Х.Сувд-Эрдэнийг өөрийн асрамжинд авна гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байгааг, мөн Х.Сувд-Эрдэний санал, Х.Сувд-Эрдэнэ эхийнхээ асрамжинд эрүүл бойжиж байгаа зэргийг харгалзан үзэж түүнийг эхийн асрамжинд үлдээж, хариуцагч Т.Намхайдэмидээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгт түүний нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцохоор заасан.

Т.Намхайдэмидээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 29 145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Тодруулбал Т.Намхайдэмид нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2007 оны 06 дугаар сарын 29-нд охин Х.Сувд-Эрдэнэд 11 нас хүртэл нь амжиргааны доод түвшингийн 50 хувиар тэтгэлэг төлөх үүрэгтэй. 

Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 170 800 төгрөг ба үүнийг 1 жилээр тооцоход 2 049 600 төгрөг. үүний 50 хувь 1 024 800 төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөгийг хариуцагч Т.Намхайдэмидээсгаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “...Т.Намхайдэмидийн өгнө гэж байгаа унагтай гүү 1, ишигтэй ямаа 2-ыг тус тус авч бусад хөрөнгө болох 5 ханатай гэр, хашаа, сонота-6 машин зэргийг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас унагтай гүү 1, ишигтэй ямаа 2 тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.Хүрэлчимэг, хариуцагч Т.Намхайдэмид нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Х.Сувд-Эрдэнийг эх Ю.Хүрэлчимэгийн асрамжинд үлдээсүгэй.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар охин Х.Сувд-Эрдэнийг 11 нас хүртэл амжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр эцэг Т.Намхайдэмидээс тэтгэлэг тогтоон, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч хариуцагч Т.Намхайдэмидээс 29 145 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д заасныг баримтлан хариуцагч Т.Намхайдэмидээс унагатай гүү 1, ишигтэй ямаа 2 гаргуулан нэхэмжлэгч Ю.Хүрэлчимэгт олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Г.Энхбатад даалгасугай.

  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА