| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01078/И |
| Дугаар | 01032 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 01032
2016 оны 07 сарын 28 өдөр Дугаар 142/ШШ2016/01032 Орхон аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 16-04 тоотод оршин суух Илжгэн овгийн Годонгийн Мөнхбаярын /регистрийн дугаар УС66070638/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1986 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр Дэнж баг Баруун дэнжийн 18-07 тоотод оршин суух Гэрэлтам овгийн Пүрэвхүүгийн Тэгшжаргалд холбогдох 1 825 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Мөнхбаяр, хариуцагч П.Тэгшжаргал, нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Тэгшжаргал нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1 120 000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр 9 сарын хугацаатай зээлсэн боловч зээлээ төлөхгүй өдий хүрлээ. Удаа дараа уулзаж нэхэхэд өгнө гэдэг боловч нэг ч төгрөг өгөөгүй тул үндсэн зээл 1 120 000 төгрөг, 9 сарын хүү 705 600 төгрөг, нийт 1 825 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч П.Тэгшжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 825 000 төгрөгнөс 1 500 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж, нэхэмжлэгчтэй 1 500.000 төгрөгөөр тохирч эвлэрэх хүсэлтэй байна” гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: “Миний бие Г.Мөнхбаяр нь хариуцагч П.Тэгшжаргалаас 1 825 000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлага болох 1 825 000 төгрөгийг бууруулж, 1 500 000 төгрөг болгож байна. Энэ мөнгийг хариуцагч П.Тэгшжаргал нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхбаяр хариуцагч П.Тэгшжаргалд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 1 825 000 төгрөг гаруулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрч дараах эвлэрлийн гэрээг байгуулсан.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжилсэн 1 825 000 төгрөгний 325 000 төгрөгнөөс татгалзаж, 1 500 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч П.Тэгшжаргал төлөхийг зөвшөөрч, уг мөнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр тохиролцоогүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 64 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 38 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.Мөнхбаярын нэхэмжлэлтэй П.Тэгшжаргалд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжилсэн 1 825 000 төгрөгний 325 000 төгрөгнөөс татгалзаж, 1 500 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч П.Тэгшжаргал төлөхийг зөвшөөрч, уг мөнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Тэгшжаргалаас 38 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхбаярт олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
000
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА