Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01488

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01488

 

 

,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/02043 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,т холбогдох,

635,811.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,, нь манай салонд 2 сар ажиллаж 3,271,800 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авсан ч ажлын байраа хүлээлгэж өгөлгүй ажлаас гэнэт гарсан.

Манай байгууллага тус ажилтны 7 сарын цалин 2,131,600 төгрөг, 8 сарын 1,140,200 төгрөгийг тус тус ,,,,,,,,,,ийн дансанд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хасалгүйгээр шууд шилжүүлсэн.

Иймд ,,,,,,,,,,ээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар нийт 635,811.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Байгууллага нь цалин болон түүнтэй адилтгах хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, татварыг суутган авч төрийн байгууллагад сар бүр тайлагнах үүрэгтэй. Иймээс ,,,,,,,,,,,,,-ийн хууль бус үйлдлийн хариуцлагыг хариуцахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,ээс нийт 635,811.3 /зургаан зуун гучин таван мянга найман зуун арван нэгэн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч,,,,,,,,,,,,,-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,ээс улсын тэмдэгтийн хураамжид 19,724 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

,,,,,,,,,,,,, нь ажилчдад олгосон цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр цалин тавьж олгох бүрдээ суутган авч, тайлан гаргах үүрэгтэй. ,,,,,,,,,, нь 2023 оны нийгмийн даатгал, татвар төлсөн эсэхийг шалгахад ямар ч мэдээлэл байдаггүй. ,,,,,,,,,,,,, хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй нь иргэн ,,,,,,,,,,ийн буруутай үйлдэл биш юм.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн нийгмийн даатгалын байцаагчийн актаар ,,,,,,,,,,ийг буруутай гэдгийг тогтоогоогүй. Цалингаас суутгасан татвараа татварын байгууллагад тайлагнасан, төлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,т холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төлбөрт нийт 635,811.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг дутуу тогтоож, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хариуцагчийг маникюрчин ажлын байранд ажилд авч ажиллуулахдаа цалин хөлсний хэмжээг хөдөлмөрийн гэрээний 1.5-д нийт орлогын 40 хувиар тооцон олгохоор заажээ.

Уг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчийн санаачилгаар цуцалсан.

 

3.1. Ажил олгогчоос ажилтанд 2023 оны 07 дугаар сард 2,131,600 төгрөг, 08 дугаар сард 1,140,200 төгрөг, нийт 3,271,800 төгрөгийн цалин олгосон.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн актаар ,,,,,,,,,,,,, нь ажилтан ,,,,,,,,,,т олгосон цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцож тайлагнаагүй зөрчил гаргасан үндэслэлээр 785,232 төгрөгийн шимтгэл нөхөн төлүүлж, 235,570 төгрөгийн алданги ногдуулсныг хариуцагч төлжээ.

 

3.2. Дээрх үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдсон.

 

4. Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.10, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд олгосон цалин хөлсөнд ногдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй.

 

4.1. Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19, Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тайлагнах үүргийг эрх бүхий байгууллагын өмнө хүлээнэ.

Энэхүү үүргээ ажил олгогч биелүүлээгүй нь хуулиар хүлээсэн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс ажилтныг чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.2. Гэхдээ хөдөлмөрийн гэрээний 1.5-д цалинг нийт орлогын 40 хувиар тооцон олгохоор талууд тохиролцсоны дагуу хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хэдий хэмжээний орлого олсон, үүний 40 хувь нь хэдэн төгрөг болсон, мөн хариуцагчид шилжүүлсэн 3,271,800 төгрөгийн цалин нь нийгмийн даатгалын шимтгэл, татвар суутган тооцолгүй шилжүүлсэн үнийн дүн болохыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

 

4.3. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн актаар ,,,,,,,,,,т олгосон цалингаас нийгмийн даатгал шимтгэл тооцож тайлагнаагүй зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгчээр 785,232 төгрөгийн шимтгэл нөхөн төлүүлсэн нь хариуцагчид олгосон цалинд дээрх үнийн дүн бүхий шимтгэл багтсан гэж тооцох үндэслэл болохгүй.

Мөн хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөх ёстой хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлсөн баримт авагдаагүй.

 

4.4. Хэргийн баримтаар хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдал тогтоогдохгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой буцаан шаардах шаардлага гаргах эрхгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 181/ШШ2024/02043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ,,,,,,,,,,т холбогдох 635,811.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,724 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ