Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 325

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л овогт Л-ийн Эт холбогдох эрүүгийн 18100 1978 0270 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, “Гранд плаза” худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төв зөвлөлийн 52/1 байрны 14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Л овогт Л-ийн Э /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Л.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юу Би таун” хотхоны 81а байрны 29 тоотод М.Б-тай маргалдан, улмаар түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтээ тус шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэггүй, хааяа баяр ёслолын үеэр хэрэглэдэг. Цаашид өөрийн үйлдлээ хянаж, аавыгаа асарч халамжилна. Одоо ажлаа хийж байгаа, сард тогтмол орлоготой.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 1978 0270 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-гийн хохирогчоор өгсөн:

“...2018 оны 08 сарын 19-ний өдөр манай найз Оюунаагийн төрсөн өдөр болоод, 21 цагийн үед Оюунаа “намайг хүрээд ирээч, Зайсанд нэг ресторанд байна” гэж утсаар ярьсан. Би тэр үед 2 сартай жирэмсэн байсан болохоор очмооргүй байсан боловч Оюунаа өмнө нь миний төрсөн өдөрт ирээд “дуу дуулж өгөөрэй” гэж ярьж байсан тул 22 цагийн үед байгаа газарт нь очсон. Намайг очиход 30 орчим хүмүүс ирсэн байсан бөгөөд бүгдээрээ хоол идэж, уугаад 2018 оны 8 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед ресторанаас гарч, цааш үргэлжлүүлэн баар руу орохоор болсон юм.

Гэхдээ бүгдээрээ яваагүй, 10 гаруй хүн явахаар болж, би “Хүүхдийн 100”-д байдаг “Choco metropolis” бааранд таньдаг хүнтэй учир “тэнд орцгооё” гээд явцгаасан. Бааранд ороод шөнө 03:00 цагийн орчим Оюунаа найзуудтайгаа баарнаас түрүүлж гарсан, харин би араас нь гарч ирэхэд Оюунаагийн найз Номуун нь “Оюунаа, Э хоёр хоорондоо муудалцаад зодолцсон” гэж хэлсэн.

Ингээд Оюунаа, Оюунаагийн найз Э, Номуунаа, бас нэг эмэгтэй, нэрийг нь мэдэхгүй байна, бид тавуулаа Оюунаагийн гэрт очихоор болж, бусад нь тараад явсан. Шөнө 04:00 цагийн орчимд Оюунаагийн гэрт юм яриад сууж байхад Э гэх эмэгтэй Оюунаа эгч рүү агсам тавиад, хэлэх хэлэхгүй үг хэлээд, бид нар луу лаазтай пиво авч шидээд байсан.

Тухайн үед би Номуунаа эгчтэй юм яриад сууж байсан болохоор юунаас болоод агсраад байсныг нь анзаараагүй. Тэгээд Э нь агсраад болихгүй болохоор нь би түүнд “чи айлд байж болиоч ээ, гэр орон, гэрийн эзнийг нь хүндлэхгүй агсам тавиад байх юм” гэж хэлсэн чинь намайг үсдээд авсан. Тухайн үед би түүний хоёр гарыг үснээсээ тавиулах гээд 2 гарын шуунаас нь барихад Номуунаа, Оюунаа хоёр Эгаас зуураад надаас салгах гээд дийлдэхгүй байсан. Би өөрөө жирэмсэн болохоор түүнийг гэдэс рүү л цохичих вий  гэж айгаад гэдэс рүүгээ анхаарч байхад ямар ч байсан гэдэс рүү 1 удаа жийснийг мэдэж байна, өөр миний хаашаа, хэдэн удаа, яаж цохисоныг нь анзаараагүй.

Тэгээд Оюунаа, Номуунаа хоёр Эг надаас салгасан. Би түүнээс салаад толинд өөрийгөө хартал миний нүдний доод хэсэг, хамар зулгарсан, мөн гуя хөхөрсөн байсан. Э гэх эмэгтэй нь намайг зодох үед үүр цайгаад өглөөний 06 цаг болсон байх. Ингээд би Оюунаагийн гэрээс гараад шууд Цагдаагийн байгууллагад очиж, өргөдөл өгсөн юм.    

Би өмнө нь Э гэх эмэгтэйтэй муудалцаж байгаагүй. Мөн би тухайн өдөр огт архи, дарс уугаагүй. Төрсөн өдөр болж байсан тул хүмүүс надад архи, пиво өгөх нь өгсөн ч би урдаа тавиад байсан. Э гэх эмэгтэй нилээн согтсон байсан юм. Оюунаа, Номуунаа хоёр намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан, харин Э гэх эмэгтэй мэдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Эг би өмнө нь зүс л харж байснаас биш сайн танихгүй. Э нь бол Оюунаагийн найз нь байгаа юм.

Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би толгойныхоо томограф зураг авахуулаагүй, жирэмсэн болохоор авахуулж болохгүй гэж байсан. Нэг хэсэг толгой өвдөөд байсан, мөн тэр асуудлаас болоод жирэмсэний тонус өгөөд байгаа. Надад учирсан гэмтлийг Э гэх эмэгтэй учруулсан. Надаас уучлалт гуйхыг хүсэж байна, мөн учирсан хохирлоо барагдуулмаар байна. Асуудлыг хуулийн дагуу шалгаж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Номуны гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 08 сарын 20-ны шөнө 05 цагийн орчим найз Оюунчимэг, Б, Энхчимэг, Туул нарын хамт ”Юу би таун” хотхонд байрлах Оюунчимэгийн гэрт очоод Сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво нэг нэг ширхэгийг уугаад сууж байхад Энхчимэг ууж байсан пивоо шалан дээр асгаснаас болоод Оюунчимэгтэй маргалдсан. Тэр үед Б тэдний дундуур орж ирээд “Э эгчээ, та болиоч” гээд л маргахад Оюунчимэг бид хоёр Бг авч гараад тагтан дээр тамхи татаж байгаад “одоо болно, хоорондоо битгий муудалцаад бай, дээд, доод айл амьтан унтаж байна” гээд хэлэд байж байтал Б гэр рүү буцаж гүйж ороод тэд хоорондоо үсдэлцэж байсан. Тэгээд Оюунчимэг бид хоёр гэрт ороход Э дээр нь Б доор нь орсон байхаар нь Оюунаа бид хоёр салгасан.

Дараа нь Б ширээн дээр байсан пивоноос 2 ширхэгийг аваад гүйгээд явахаар нь бид гурав унтаад өгсөн юм. Э ариун цэврийн өрөө лүү ороод нүүр амаа угааж, үс гэзгээ янзлаж байгаад гарахдаа “би явлаа шүү, хаалга үдээ түгжиж аваарай” гэсэн. Оюунчимэг тагтан дээр тамхи татаж байхад “та хоёр ингэж байхаар зодолдсон нь дээр юм биш үү” гэж хэлтэл Б гүйж ороод зодолдсон. Бид тавуулаа адилхан согтолттой байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Оюунчимэгийн гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 08 сарын 20-ны шөнө 05 цагийн орчим найз Номун, Б, Энхчимэг, Туул нарын хамт “Юу би таун” хотхоны 81а-29 тоотод байрлах манай гэрт очоод Сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво нэг, нэг ширхэгийг уугаад сууж байхад Энхчимэг над руу шалихгүй жижиг юм яриад хэрүүл маргаан хийгээд байсан чинь Б хажуу талаас орж ирээд “та болиоч, түрүүнээс хойш тэнэг тэнэг юм яриад байна” гэж хэлэхэд Э Бг “мангар бацаан чамаар заалгахгүй” гэх мэтчилэн хараал хэлээд байсан.

Тэндээс Бг аваад тагтан дээр гараад тамихи татаж байхад “Э ямар ядаргаатай зэвүүн байна аа, зодоод хаячих юмсан” гэж яриад зогсож байхад Б алга болсон байсан байхаар нь гэр рүү ортол Э, Б хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад байж байсан. Тэр хоёрыг салгаад Бг “чи одоо яв, наад Э чинь зодолдоод салахгүй” гээд гэрээс гаргаад явуулсан. Тэгээд бид гурав унтаад өгсөн ба Э ариун цэврийн өрөө орж нүүр амаа угааж, үс гэзэгээ янзалж байгаад “би явлаа шүү, хаалга үдээ түгжиж аваарай” гэж хэлээд гараад явсан. Би тагтан дээр тамхи татаж байхдаа “Э ямар ядаргаатай байна аа, хашраах юмсан” гэж ярьсан болохоос тэр хоёрыг зодолд гэж хэлээгүй. Туул, Э бид 3 зөндөө уусан. Б, Номун хоёр эрүүл шахуу байсан. Би 2012 оноос хойш Этай найзалж нөхөрлөж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 10113 дугаартай актын:

1. М.Б-гийн биед хамрын нурууны баруун хэсэг, зүүн нүдний доод зовхинд шалбархай, цээжний урд дунд хэсэг, зүүн бугалганы гадна хэсэг, зүүн өвдөгний дотор хэсгүүдэд зулгаралт, зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 30х/,

 

5. Гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 33-34х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Э-ийн яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 08 сарын 19-ний өдөр найз Оюунчимэгийн төрсөн өдрийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ред сон” нэртэй ресторан пабад тэмдэглэсэн. Тэндээсээ гараад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” бааранд очсон. Ингээд шөнө 02 цагийн үед тэр баарнаас гараад, Гэрэлт гудамжны задгай пабад сууж архи, виски уусан. Тухайн үед найз Оюунчимэгтэй маргалдахад, тэрээр лаазтай ундаагаа шидэхээр нь би ч гэсэн эргүүлээд лаазтай пиво шидэхэд манай найзууд бид хоёрыг салгасан.

Тухайн үед бидний хэн хэний биед гэмтэл учраагүй. Ингээд Оюунчимэг бид хоёр ярилцаж байгаад эвлэрээд, тэдний гэрт очиж архи уухаар болж, шөнө 03 цагийн үед Намуун, Туул, Б, Оюунчимэг, бид тавуулаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Юу би таун” хотхоны 81а байрны 29 тоот дахь Оюунчимэгийн гэрт очсон. Бид Оюунчимэгийн гэрт очоод пиво уунгаа юм ярьж байтал би санаандгүй шилтэй пивоо унагаж асгасан.

Тэгтэл миний өөдөөс хараад сууж байсан Б нь “чи муу балиар авгай, Оюунчимэг эгчийн төрсөн өдөр болж байхад түрүүнээс хойш агсам согтуу тавьлаа” гэж орилж хашгирахаар нь би түүнтэй маргалдсан. Б бид хоёр бие биенээ “янхан, гичий, ална тална” гэж хэл амаар доромжилсон. Тэгсэнээ Б над руу гүйж ирээд үснээс зулгаахаар нь би ч гэсэн үснээс нь зулгаасан. Тухайн үед миний хамарнаас цус гарсан ба хажууд байсан Оюунчимэг, Намуунаа нар Б бид хоёрыг салгасан.

Би нилээн согтолттой байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн Бг гэрээс гаргаад явуулсан. Тэр үед би Бд өөрийгөө зодуулчихлаа гэж бодоод стресдэж орилж чарласан. Тухайн үед Бгийн биед гэмтэл шарх учирсан эсэхийг би анзаарч хараагүй. Би тухайн үед Бг жирэмсэн гэдгийг мэдээгүй. Тэр өдөр Б архи, пиво уугаад, тамхи татаад, бүжиглээд л явж байсан шүү дээ. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Асуудлыг үнэн зөв шидэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 73х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 56х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 57х/, Хан-Уул дүүргийн прокурорын газарт шүүгдэгч Л.Эээс “өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 79х/, хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх тухай прокурорын 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 86 дугаартай тогтоол /хэргийн 81х/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай Прокурорын санал /хэргийн 82х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Л.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч М.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг бүрэн арилгасан үндэслэлээр “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт тус тус гаргасныг /хэргийн 79-80х/ 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 86 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгч нарт тус тус танилцуулж, Л.Эт холбогдох эрүүгийн 18100 1978 0270 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Э-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юу Би таун” хотхоны 81а байрны 29 тоотод үл ялих зүйлээс болж М.Б-тай маргалдан, улмаар түүний үснээс нь зулгаах, түлхэх, маажих зэргээр цохиж зодон биед нь “...хамрын нурууны баруун хэсэг, зүүн нүдний доод зовхинд шалбархай, цээжний урд дунд хэсэг, зүүн бугалганы гадна хэсэг, зүүн өвдөгний дотор хэсгүүдэд зулгаралт, зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.Б-гийн /хэргийн 18-19х/ мэдүүлэг, гэрч Б.Номун /хэргийн 25-26х/, Д.Оюунчимэг /хэргийн 27-28х/ нарын мэдүүлэг болон

- хохирогч М.Б-гийн биед “хамрын нурууны баруун хэсэг, зүүн нүдний доод зовхинд шалбархай, цээжний урд дунд хэсэг, зүүн бугалганы гадна хэсэг, зүүн өвдөгний дотор хэсгүүдэд зулгаралт, зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл тогтоогдсон” тухай шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 10113 дугаартай дүгнэлт /хэргийн 30х/,

- гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 33-34х/,

- шүүгдэгч Л.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 73х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч М.Б-гийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...хамрын нурууны баруун хэсэг, зүүн нүдний доод зовхинд шалбархай, цээжний урд дунд хэсэг, зүүн бугалганы гадна хэсэг, зүүн өвдөгний дотор хэсгүүдэд зулгаралт, зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралт,..” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.Э нь түүнийг үснээс нь зулгаах, түлхэх, маажих зэргээр цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Шүүгдэгч Л.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юу Би таун” хотхоны 81а байрны 29 тоотод үл ялих зүйлээс болж М.Б-тай маргалдан, улмаар түүний үснээс нь зулгаах, түлхэх, маажих зэргээр цохиж зодон биед нь “...хамрын нурууны баруун хэсэг, зүүн нүдний доод зовхинд шалбархай, цээжний урд дунд хэсэг, зүүн бугалганы гадна хэсэг, зүүн өвдөгний дотор хэсгүүдэд зулгаралт, зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Л.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Л.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.    

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч М.Б-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.    

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Хэргийн хохирогч М.Б нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй ба хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгт болон тус прокурорын хяналтын шатанд “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” хэмээн хүсэлт гаргасан, мөн шүүгдэгч Л.Эээс хохирогч М.Б-д гэм хорын хохирол төлбөрт тооцон 400.000 төгрөг нөхөн төлсөн тухай Хаан банкны депозит дансны хуулга баримт /хэргийн 78х, 80х/ тус тус хэрэгт авагдсан байна.

 

Иймээс шүүгдэгч Л.Э-ийн хувьд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүгдэгч Л.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад /хэргийн 52х/ тэмдэглэгдсэн тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Л.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Түүнчлэн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал болон хохирогч М.Б нь “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, улсын яллагчаас санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Л овогт Л-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Э-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт Л.Э цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Б нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Л.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД