Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 181/2023/04784/И |
Дугаар | 210/МА2024/01500 |
Огноо | 2024-07-26 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01500
2024 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 210/МА2024/01500 |
,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01953 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,,,,,-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
,,,,,,,,,,,,,-д гэрээний мэргэжилтнээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/470 тушаалаар ажлаас халагдсан.
2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалж буй мэдэгдэх хуудсыг нийт ажилтнуудад өгсөн. Энэхүү мэдэгдэх хуудсаар орон тоо цөөрсөн гэж мэдэгдэж, цөөрсөн орон тоон дээр томилсон мэргэжилтнүүдийг ямар шалгуур, шаардлагыг үндэслэл болгон томилсон нь тодорхойгүй.
Ажил олгогч нь эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор өөр ажил, албан тушаал санал болгон ажиллуулах үүргээ биелүүлээгүй.
Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
,,,,,,,,,,,,,-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолоор баталсан. Үүний дагуу Хуулийн алба нь нийт 9 орон тоотой байсан нь татан буугдаж, Захиргаа, удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст харьяалагдан гэрээний мэргэжилтэн-1, хуулийн мэргэжилтэн-2, нийт 3 орон тоотой болж ажлын байр цөөрч бүтэц, орон тоо хасагдсан.
Энэ талаар 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр цөөрсөн буюу тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Захиргаа, удирдлагын газрын Хууль, эрх зүйн албаны гэрээний мэргэжилтний ажлын байр цөөрсөн үндэслэлээр ,,,,,,,,,тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
Иймд ,,,,,,,,,,,,,-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/470 дугаар тушаал нь хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,ыг урьд эрхэлж байсан ,,,,,,,,,,,,,-ийн Гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ,,,,,,,,,,,,,-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,500,633 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,д олгож, ,,,,,,,,,ы эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ,,,,,,,,,,,,,-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,-иас улсын тэмдэгтийн хураамжид 240,453 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дүгээр тогтоолоор "Монголын төмөр зам" ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг баталсан бөгөөд нийт 9 орон тоотой байсан Хууль, эрх зүйн алба нь тус тогтоол батлагдсанаар татан буугдаж, Захиргаа, Хүний нөөцийн хэлтэст гэрээний 1 мэргэжилтэн, хууль эрх зүйн 2 мэргэжилтэн харьяалагдан ажиллаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан "ажлын байр цөөрсөн" буюу тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц зохион байгуулалтаар гэрээний мэргэжилтний ажлын байр цөөрсөн үндэслэлээр ,,,,,,,,,тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан
Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг тогтоолгон авсан атлаа "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй. Гэрээний мэргэжилтэн гэсэн албан тушаал байхгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Тухайн ажлын байр одоо байгаа, яагаад энэ ажлын байранд өөр хүн томилсон шалтгаан тодорхойгүй байгаа. Өөр ажил санал болгосон боловч олговор олгохгүй, өөр байгууллагад ажилд оруулж өгнө гэж санал тавьж байсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Уг маргаанд хамаарах урьдчилан шийдвэрлэгдэх ажиллагаа хийгдсэн, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй.
3. ,,,,,,,,,,,,,-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлахдаа байнгын ажлын байрыг 669 орон тоотой байхаар заасан байна.
Харин энэхүү 669 орон тооны дэлгэрэнгүй бүтцийг хариуцагч хэрэгт баримтаар өгөөгүй.
3.1. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоол, ,,,,,,,,,,,,,-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23/18 дугаар тогтоолоор ,,,,,,,,,,,,,-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг 550 ажлын байртайгаар баталж, 119 орон тоогоор цомхотгосон.
3.2. ,,,,,,,,,,,,,-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/470 дугаар тушаалаар тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Захиргаа удирдлагын газрын Хууль, эрх зүйн албаны гэрээний мэргэжилтэн ажлын байр цөөрсөн тул ,,,,,,,,,тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ийнхүү ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан орон тоо цөөрсөн гэх үндэслэлийг заасан байна.
3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тоо цөөрсөн тохиолдолд ажил олгогч нь гэрээний мэргэжилтний орон тоо хэдээс хэд болж цөөрсөн, ямар шалгуураар гэрээний мэргэжилтний орон тоонд үлдэж ажиллах ажилтныг шалгаруулж авч үлдсэн, мөн цөөрч буй орон тоонд хамрагдан ажлаас чөлөөлөгдөх ажилтныг ямар шалгуураар сонгосон болохыг урьдчилж тодорхойлсон, зохих шалгаруулалтыг хийсэн байх ёстой.
Хэрэгт авагдсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоол, ,,,,,,,,,,,,,-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23/18 дугаар тогтоолоор Захиргаа удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст гэрээний мэргэжилтэн-1 байхаар баталсан боловч үүнээс өмнөх зохион байгуулалтын бүтцээр хэдэн гэрээний мэргэжилтний орон тоо байсан, чухам ямар үндэслэлээр одоо ажиллаж буй 1 гэрээний мэргэжилтний орон тоонд нэхэмжлэгчийг ажиллуулах боломжгүй болсон шалтгаан нөхцөл тодорхойгүй.
Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
3.4. Мөн хариуцагчийн зүгээс гэрээний мэргэжилтний ажлын байр хасагдсан гэж байгаа боловч дээр дурдсан тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Захиргаа удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст гэрээний мэргэжилтний 1 орон тоо байгаа нь баримтаар тогтоогдсон.
Энэхүү гэрээний мэргэжилтний ажлын байранд хийж гүйцэтгэх ажил, үүрэг нь нэхэмжлэгч ,,,,,,,,,ы ажиллаж байсан гэрээний мэргэжилтний ажил, үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтоос өөрчлөгдсөн болохыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, шинэчлэгдэн батлагдсан гэрээний мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй.
Хэрэгт зөвхөн ,,,,,,,,,ы танилцаж гарын үсэг зурсан, өмнө нь ажиллаж байсан гэрээний мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт авагдсан.
3.5. Мөн хэрэгт авагдсан баримтаар шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар тус компанийн байнгын ажлын байр 669 орон тооноос 550 болж цөөрсөн баримт тогтоогдсон.
Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.3-т зааснаар бөөнөөр халах үеийн зохицуулалт үйлчлэх бөгөөд холбогдох ажиллагааг ажил олгогч хэрэгжүүлээгүй байна.
Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны төлөөлөгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл, хамрагдах ажилтны нэр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох өдрийн тухай мэдэгдэж, халагдах ажилтны тоог багасгах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлаар хэлэлцээ хийх ёстой.
Уг үүргээ ажил олгогч огт хэрэгжүүлээгүй болохыг шүүх зөв тогтоосон.
3.6. Иймд анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцсэн гэж дүгнэв.
4. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосны үр дагавар болох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,500,633 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгасан шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дахь хэсэгт нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,453.17 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ