Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/155

 

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч У.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Дд холбогдох эрүүгийн 1938003160188 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч У.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Асгат түрүүний ам” гэх газарт иргэн Б.Дмаргалдан улмаар түүний зүүн далны хэсэгт хутгалж биед нь шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Найз Б.Дг зүүн тал хэсэгт нь 1 удаа хутгалж, түүний биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээнд гарсан зардлыг нь барагдуулсан. Бид хоёр одоо эвлэрсэн байгаа...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...У.Д малын хашаанд нь ямаа самнаж байхаар нь би очоод мотоциклийн түлхүүрийн юунд аваад явсан юм бэ? гэсэн чинь У.Д уурлаад бид 2 маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад У.Д Чөөмбөрлөн ахын гэрлүү гүйгээд орохоор нь араас нь яваад орсон чинь хутга барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би хутгыг нь авах гээд булаацалдаж байхад би У.Дд хандан больё гэж хэлээд доошоо суусан чинь нуруу хэсэгт хутгалах шиг болохоор нь би У.Дд хутгалчихлаа гээд баруун гараараа У.Дын зүүн шанаа хэсэгт нь цохиод авсан. У.Д, Бор ахын эхнэр нар шар өнгийн бүсээр миний хутгалуулсан газрыг боож өгөөд У.Д мотоциклио унаад яваад өгсөн. Би тэгэхээр нь тэнд байсан Соёлоо эгчийг гуйж машинаар нь Дамбага ахын гэрт нь хүргүүлж тэгээд эмнэлэг цагдаа дуудуулсан...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-17 дугаар хуудас/,

Гэрч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Д, У.Д 2 зууралдаад гэрт ороод ирсэн. Тэгэхээр нь би та хоёр боль гээд салгах гэсэн чинь хүчрэгдэхгүй байсан. Манайд Мөрөнгөөс ямаа самнах гэж байсан Соёлоо гэх эмэгтэй бид хоёр салгаж би Б.Дг хойш нь болгосон чинь гэрийн унь унаад Соёлоо У.Дыг хойш нь болгосон чинь тогооны шүүгээнээс хутга аваад далайгаад У.Д, Б.Д нар хүчрэгдэхгүй зууралдаад байсан. Тэгэхээр нь бид хоёр салгаад Б.Дг гэрээс гаргасан чинь нуруу хэсэгт хүйт оргиод байна гэхээр нь Б.Дгийн нурууг үзсэн чинь зүүн дал хэсгээс нь цус гарч байсан. Тэгэхээр нь У.Дыг гэрээс гаргаад чи найзыгаа хутгалсан байна гэж хэлсэн чинь У.Д бүсээ цуулаад Соёлоо бид хоёртой цус гарч байгаа газрыг нь боож өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хонио уруудуулаад гэртээ ирсэн чинь манай гэрт У.Д, Б.Дг хутгалсан гэсэн...Багийн дарга эмч, цагдаа нар ирээд манай гэрээс хутга аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Н.Г-мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Жижүүрийн сувилагч миний гар утас руу залгаад Тосон 3-р багт хутганы хэрэг гарсан юм шиг байна. Багийн дарга, цагдаа нар явах гэж байна. Ерөнхий эмч таныг яв гэж байна гэсэн...Б.Дгийн зүүн дал хэсэгт 7-8 дугаар хавирга орчимд 1 см орчим зүсэгдсэн шархтай, цус нэлээд гарсан байдалтай тухайн үед юмаар дарж боогоод цус тогтсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 228 дугаартай:

         1 .Б.Дгийн биед нурууны дунд хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

         3. Б.Дгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 36-37, 41 дүгээр хуудас/,

       Хохирогч Б.Д нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938003160188 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч У.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Асгат түрүүний ам” гэх газарт иргэн Б.Дмаргалдан улмаар түүний зүүн далны хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч У.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-17 дугаар хуудас/, гэрч Т.Н-ын /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Д.Ч-ын /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/,  гэрч Н.Г-ийн /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 228 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 30-р хуудас/, хохирогч Б.Д нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 38 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч У.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 37 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч У.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Б.Д нь шүүгдэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1938003160188 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй, ишэн дээрээ нүхтэй, ажлын хэсэг нь 12 см урттай, ирэн дээрээ 3 ширхэг нүхтэй, ирэн дээрээ 6 см цавуу асгарч наалдаж хатсан хутга нэг ширхэгийг устгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 1938003160188 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч У.Дхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч У.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938003160188 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй, ишэн дээрээ нүхтэй, ажлын хэсэг нь 12 см урттай, ирэн дээрээ 3 ширхэг нүхтэй, ирэн дээрээ 6 см цавуу асгарч наалдаж хатсан хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      5.  Эрүүгийн 1938003160188 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР