| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00409/И |
| Дугаар | 01036 |
| Огноо | 2016-08-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 01036
| 2016 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 142/ШШ2016/01036 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж
Нэхэмжлэгч: 1977 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 35-12 тоотод оршин суух, Харчуу овгийн Юрагийн Наранцэцэгийн /Регистрийн дугаар ФБ77030621/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1973 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 35-11 тоотод оршин суух, Боржигон авгийн Наянтайн Наранхүүд /регистрийн дугаар ФА73122419/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрт сар бүр 150 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.Наранцэцэг, хариуцагч Н.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Наранхүү бид хоёр 1997 онд танилцаж, 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүү Н.Бат-Амгалан төрсөн. Бид хоёр 2000 онд хурим хийн, аав, ээжийнх нь өгсөн хашаа байшинд амьдарч байсан. Ингээд Наранхүү 2008 оны 03 дугаарсард Солонгос улс руу ажил хийхээр явсан бөгөөд энэ үед хашаа байшингаа ээжийнхээ нэр дээр болгоод явсан учир би өөрийн аав, ээж дээрээ ирж тэд нартайгаа хамт амьдрах болсон. Би араас нь 2011 оны 03дугаар сард очиж хамт амьдарч байсан боловч намайг байнга хардаж, хэл амаар доромжилж эрх чөлөөнд минь халдаж, цалингаа буухаар цалин мөнгөө ч өгдөггүй байж байгаад 2013 оны 12 дугаар сард Монгол руу буцсан бөгөөд буцахдаа хүүгээ би авахгүй хүүхдийн хэрэг надад байхгүй гэж хэлээд явсан. Н.Наранхүү нь ааш авир ихтэй бөгөөд 2005 онд өөрийн төрсөн эх Энхжаргалынхаа дэргэж намайг хутгалах гээд хутга бариад хөөж байсан. Бид хоёр 2000 онд гэрлэлтээ Баян-Өндөр суман дээр очоод батлуулсан боловч гэрлэлтийн бүртгэл маань архивт ороогүй, олдохгүй байгаа учир хүүхэддээ эцэг тогтоолт хийлгэн тэтгэлэг гаргуулах шаардлагатай боллоо. Би нэгэнт эхнэр хүүхэдтэй болсон хүнтэй хойшид амьдрах боломжгүйн дээр 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа учир цаашид хамт амьдрах боломжгүй. Миний хүү Н.Бат-Амгалан намайг Солонгос улс руу явахаад миний эцэг эх дээр үлдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл миний эцэг эхийн асрамжинд байгаа болно. Н.Наранхүү Монголдоо амьдарч байгаа боловч хүүгээ өөрийн асрамжинд авч харж хандаж байгаагүй. Иймд Н.Наранхүүг 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бид 2-ын дундаас гарсан хүү Н.Бат-Амгалангийн эцгээр тогтоож, эцэг Н.Наранхүүгээр 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлэх тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн хүүгийнхээ морин хуурын дугуйлангийн төлбөрийн 50 хувь болох 150 000 төгрөгийг сар бүр гаргуулан авах хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч Н.Наранхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Ю.Наранцэцэг бид хоёр 2002 онд гэрлэн хамт амьдарсаар 2008 онд би өөрийн гэсэн орон гэртэй болохын тулд Солонгос улс руу явсан бөгөөд энэ хугацаанд эхнэр хүүхэддээ хангалттай мөнгө явуулдаг байсан. Мөн Ю.Наранцэцэгийн өргөдөлд бичсэн Н.Наранхүү миний бие архи ууж, агсам согтуу тавих, зодож дарамтлах зүйлийг гэрлэсэнээс хойш нэг ч удаа гаргаж байгаагүй. Миний бие гэр бүлээ цуцлуулж салах бодолгүй, үр хүүхдээ өнчрүүлэх хүсэлгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгч Ю.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардалагаа өөрчлөхдөө: “Би Н.Наранхүүтэй 1995 онд танилцаад найз нөхдийн холбоотой байж байгаад 2000 онд нэг гарт орцгоож хамтын амьдралтай байж байгаад 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүү Бат-Амгалан төрсөн. Хүүгээ Н.Наранхүү өөрөөрөө овоглосон байсан бөгөөд намайг жирэмсэн байхад буюу 2001 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байна. Бид гурав 2000 оноос эхлээд Н.Наранхүүгийн эцэг эхийн хашаа байшинд 2008 оны 3 дугаар сар хүртэл амьдраад. Н.Наранхүү нь 2008 оны 3 дугаар сард Солонгос улс руу ажиллахаар явсан. Би энэ үеэс хүүгийнхээ хамт өөрийн эцэг эх дээрээ очсон. Н.Наранхүү Солонгос улсад очсоноосоо хойш хүү бид хоёрыг мартсан. Мөнгө төгрөг явуулдаггүй байсан. Н.Наранхүү Солонгос улс руу явахаасаа өмнө хашаа газар хамтран өмчилж байснаа хүү бид хоёрыг хасаад хашаа газраа өөрийн төрсөн ах Энхжаргалынхаа нэр дээр болгочихоод явсан. Би 2011 оны 3 дугаар сард гэрээгээр Солонгос улс руу ажиллахаар очоод байж байхад өдрийн од шиг над дээр ирэхээрээ хэрүүл хийж хэл амаар доромжилж зоддог байсан. Ингээд Н.Наранхүү 2013 оны 12 дугаар сард Монголд ирсэн боловч хүүгээ харж ханддаггүй байсан. Н.Наранхүү бид хоёр 2008 оны 3 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа бөгөөд Н.Наранхүү 2013 оноос хойш хэд хэдэн эмэгтэйтэй амьдарч одоо ч нэг эмэгтэйтэй хамтын амьдралтай байгаа. Бид хоёр хойшид хамт амьдрах боломжгүй. Иймд Н.Наранхүү бид хоёрын гэрлэлтийг цуцалж, 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Н.Бат-Амгаланг эх миний асрамжинд үлдээн эцэг Н.Наранхүүгээс насанд хүртэл нь тэжээн тэтгүүлэх тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ю.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Бид 2 удаан хугацаанд тусдаа амьдарсан, одоо эвлэрч амьдрах боломжгүй. Хүүгээ өөрийнхөө асрамжинд авч тэтгэлэг тогтоолгоно. Хүүгийнхээ морин хуурын дугуйлангийн төлбөрийн 50 хувь болох 150 000 төгрөгийг сар бүр гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.Эд хөрөнгийн маргаангүй” гэв.
Хариуцагч Н.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Энэ хүн гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа учраас зөвшөөрч байна.Хүүгээ би өөрийнхөө асрамжинд авна.Эд хөрөнгийн маргаангүй” гэв.
ҮНЭДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Наранцэцэг нь Н.Наранхүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 1997 онд танилцаж хамтран амьдарч байгаад 2001 оны 03 дугаар сарын 19-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүргүүлэн тэдний дундаас 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүү Н.Бат-Амгалан төрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн 37 дугаартай гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 906 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Зохигчид хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа, бие биенээ хүндэтгэн үзэж эвлэрч хамт амьдрах боломжгүй гэж байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.
Зохигчид хүү Н.Бат-Амгалангийн асрамжийн асуудлаар маргаантай байгаа.
Шүүх зохигчдын хүсэлтээр Орхон аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэсийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба шинжээч дүгнэлтэндээ “...хүү ээжтэйгээ амьдарна гэж хариуллаа.Яагаад гэж асуухад аав, ээж хоёрыг Солонгос явчихсан байхад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-13-57 тоотод ээжийнхээ ээж, аав хоёртой амьдарч байсан.Хааяа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 35-12 тоотод амьдарч байгаа аавдаа очдог.Одоо ч хэвээрээ байгаа.Ээжийг Солонгост ажиллаж амьдарч байхад ч гэсэн Уурхайчин баг 3-13-57 тоотод ихэнхдээ амьдарч байсан.Учир нь Эрдэнэт цогцолбор сургуульд сурдаг учраас сургуульдаа явахад ойрхон байдаг” гэж дурьдсан байх ба хүүхэд одоо ээжийнхээ асрамжинд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-13-57 тоотод амьдарч Эрдэнэт цогцолбор сургуульд сурч байгаа, хүүхдийн шинжээчид өгсөн ээжтэйгээ амьдарна гэсэн санал, эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавих халамж зэргийг харгалзан хүүгийн одоогийн амьдарч буй орчин нөхцөлийг заавал өөрчлөх шаардлагагүй гэж үзэж Н.Бат-Амгаланг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.Хүү Н.Бат-Амгаланг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн тул хариуцагч Н.Наранхүүгээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.
Н.Наранхүүгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 47 744 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Тодруулбал Н.Наранхүү нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Н.Бат-Амгаланг 11-16 нас, сурч байгаа бол 18 нас хүртэл нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг төлөх үүрэгтэй.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 170 800 төгрөг ба үүнийг 1 жилээр тооцоход 2 049 600 төгрөг ба энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 47 744 төгрөгийг хариуцагч Н.Наранхүүгээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч хүү Н.Бат-Амгалангийн морин хуурын дугуйлангийн төлбөрийн 50 хувь болох 150 000 төгрөгийг сар бүр гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.Наранцэцэг, хариуцагч Н.Наранхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Н.Бат-Амгаланг эх Ю.Наранцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Н.Бат-Амгаланг 11-16 нас, сурч байгаа бол 18 нас хүртэл нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Наранхүүгээс тэтгэлэг тогтоон, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Нэхэмжлэгч хүүхдийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч Н.Наранхүүгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю.Наранцэцэгт, 47 744 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА