| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01122/И |
| Дугаар | 01037 |
| Огноо | 2016-08-05 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 01037
2016 оны 08 сарын 05 өдөр Дугаар 142/ШШ2016/01037 Орхон аймаг
МОНГОЛ УСЛЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж,
Нэхэмжлэгч 1975 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-20-64 тоотод оршин суух, Жанжин Цамба овгийн Дамдинсүрэнгийн Ганбатын /регистрийн дугаар ИЦ75042277/ хүсэлттэй гэрлэлт бүртгүүлсэн байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ганбат, гэрч Н.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дамдинсүрэн овогтой Ганбат, Наранхүү овогтой Алтанхуяг бид хоёр 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэний гэр бүлийн газарт очиж 52 дугаартай гэр бүлийн гэрчилгээ авсан. А бүл 6, 4 хүүхэдтэй. Миний бие ажлын шаардлагаар гэрлэлтийн лавлагаа авах гэтэл Орхон аймгийн иргэний бүртгэлийн архив болон, цахим сүлжээнд бүртгэгдээгүй байна. Бид цааш нь Улсын бүртгэлийн төв архивт шүүлгэхэд ХААТР 15 дугаар маягтад бүртгэгдээгүй байсан. Бид хоёрын гэрлэлтийн гэрчилгээ нь тамга тэмдэг бүрэн байсан. Иймд бид хоёрын гэрлэлтийн гэрчилгээ үнэн зөв болохыг тогтоож өгнө үү ” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хоёр 1999 онд 06 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Өдийг хүртэл 17 жил хамт амьдарч байна. Сая ажлын шаардлагаар гэрлэлтийн лавлагаа авах гэтэл Орхон аймгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй талаар мэдсэн. Гэрлэлтийн гэрчилгээ нь бид хоёрт байдаг ч улсын бүртгэлд бүртгэгдээгүй тулд шүүхэд хүсэлт гаргасан” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дамдинсүрэн овогтой Ганбат нь 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Наранхүү овогтой Алтанхуягтай гэрлэлтээ бүртгүүлсэн болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 840 дугаартай албан бичигт: “Дамдинсүрэнгийн Ганбат, Наранхүүгийн Алтанхуяг нар нь 1999 онд гэрлэсэн гэх боловч 1999-2001 оны гэрлэлт бүртгэлийн журналд шүүж үзэхэд бүртгэл байхгүй байна” гэжээ
2. Д.Ганбат, Н.Алтанхуяг нарын 1998 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн гэрчилгээ.
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 302 дугаартай албан бичигт: “Дамдинсүрэн овогтой Ганбат нь Хүрэнбулаг багийн 4 дүгээр хороолол 20 дугаар байрны 64 тоотод ам бүл зургуулаа эхнэр Н.Алтанхуяг, 4 хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн болно” гэжээ.
4. Ганбат овогтой Ууганбаярын 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Г-635 дугаартай төрсний гэрчилгээ
5. Ганбат овогтой Одбаярын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Г-1074 дугаартай төрсний гэрчилгээ
6. Ганбат овогтой Өсөхбаярын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Г-79 дугаартай төсрний гэрчилгээ
7. Ганбат овогтой Эрдэнэбаярын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Г-1343 дугаартай төрсний гэрчилгээ
8. Гэрч Н.Алтанхуяг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Д.Ганбат бид хоёр 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсон. Манай нөхөр Солонгос улс руу явах гээд гэрлэлтийн лавлагаа авах гэтэл улсын бүртгэлд байхгүй талаар мэдсэн. Бид хоёрт гэрлэлтийн гэрчилгээ байдаг ч улсын бүртгэлээс лавлагаа гарч ирээгүй. Улсын бүртгэлд бүртгэл байхгүй байгаа тул энэ байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно 135.2.3.төрөлт,үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал гэж заасан.
Дамдинсүрэн овогтой Ганбат нь Наранхүү овогтой Алтанхуяг нарын гэрлэлт бүртгүүлсэн байдлыг Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар бүртгэх боломжгүй болох нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1006 тоот Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан бичгээр тогтоогдож байх ба шүүхээс өөр газар тогтоох боломжгүй байх тул хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д заасныг баримтлан ердийн шүүх харъяалан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Дамдинсүрэн овогтой Ганбат нь 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Наранхүү овогтой Алтанхуягтай гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан, гэр бүл болж хамт амьдараад 4 хүүхэдтэй болсон, одоо хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4 дүгээр хороолол 20 дугаар байрны 64 тоотод оршин сууж байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч Н.Алтанхуягийн мэдүүлэг, Хүрэнбулаг багийн засаг даргын 302 тоот тодорхойлолт, 52 тоот гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Дамдинсүрэн овогтой Ганбатыг Наранхүү овогтой Алтанхуягтай 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг сэргээн тогтоосугай.
2.Дамдинсүрэн овогтой Ганбат, Наранхүү овогтой Алтанхуяг нарыг 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд нөхөн бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Ганбатын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА