Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 182/2022/00180/И |
Дугаар | 210/МА2024/00374 |
Огноо | 2024-02-23 |
Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2024/00374
Дугаар 210/МА2024/00374 |
Ц.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/04210 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч:,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,,,,,-д холбогдох,
Даатгалын гэрээний үүрэг болон хохиролд 191,420,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,, ,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Шүүхийн ерөнхий зөвлөл нь ,,,,,,,,,,,,,-тай Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г байгуулсан, уг гэрээний дагуу 90 хүртэл хоног өвчтэй байсан хугацааны болон хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотой эрүүл мэндийн нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч ,,,,,,,,,,,,, нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/284 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан. Санхүүгийн зохицуулах хороонд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргасан боловч нөхөн төлбөр олгох эсэх маргааныг урьдчилан шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүл гэж хариу өгсөн.
Миний бие 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс хүндээр өвчилж Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв эмнэлгээр эмчлүүлж, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орж, 2021 оны 08 дугаар сарын 02-нд эмнэлгээс гарсан. Одоо Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн хяналтанд эмийн эмчилгээтэй байна. Мэс засалд орсны дараа 2021 оны 07 дугаар сарын 11, 18-ны өдрүүдэд ходоодноос гэнэт цус алдаж эмчилгээ удааширсан бөгөөд эмнэлгээс гарснаас хойш Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Z94 буюу эд, эрхтэн шилжүүлэн суулгасан гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 06 сарын хугацаагаар тогтоосон.
2020 оны 12 дугаар сарын 19-нд нөхөр ,,,,, хүнд өвчний учир 56 насандаа насан эцэслэж, би 4 өнчин хүүхдийн хамт үлдэж, миний амьдралд үнэхээр хүнд цохилт болсон байсан. Магадгүй, стресс, сэтгэл санааны гүн цочролоос болж эрхтэн шилжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болсон ч байх боломжтой. Гэтэл Даатгалын байгууллага намайг дээрх өвчний улмаас элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр хүлээж байсан мэтээр бичсэнд үнэхээр гайхаж байна.
Мөн анх өвчилсөн өвчний онош нь К74 гэсэн кодтой байсан нь 6 ширхэг эмнэлгийн хуудаснуудаас харагдах бөгөөд харин эрхтэн шилжүүлэн суулгасантай холбоотой нөхцөл байдал-тай холбоотой Z94 гэсэн онош нь доорх өвчнөөс огт өөр онош байгаа болох нь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0449865 дугаартай акт зэргээр тогтоогдож байгаа.
Иймд Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.2.2-т тус тус заасны дагуу ,,,,,,,,,,,,,-аас 102,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.2. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орохын өмнө болон дараа өвчтэй байсан хугацааны листүүдийг үндэслэн даатгалын гэрээний 5.3, 6.2.1-т заасан хөдөлмөрийн чадвар алдсан 76-90 хүртэлх хугацааг 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний 40 хувиар тооцон 13,680,000 төгрөг, эхний мэс заслын дараа хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсаны улмаас нэхэмжилсэн 102,600,000 төгрөг дээр нэмж нийт 116,280,000 төгрөг болно.
Гэрээний 9.2-т зааснаар алдангийг хуульд нийцүүлэн нийт үүрэг 116,280,000 төгрөгийн 50 хувь буюу 58,140,000 төгрөгийг нэхэмжлэлийн нийт шаардлага дээр нэмж нийт 174,420,000 төгрөгийг нэхэмжилж байна.
1.3. ,,,,,,,,,,,,, нь даатгалын нөхөн төлбөрийг үндэслэлгүйгээр олгохоос татгалзсан бөгөөд энэхүү татгалзлаас болж зөрчигдсөн эрхээ хамгаалахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрийг нь өгсөн. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар өмгөөллийн хөлс 17,000,000 төгрөгийг хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад учирсан хохирол гэж үзэн хариуцагчаас нэхэмжилж, 17,000,000 төгрөгөөр өмнө гаргасан шаардлагыг нэмэгдүүлж, нийт 191,420,000 төгрөгийг нэхэмжилж байна.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Даатгалын гэрээний 4.1-д зааснаар гэрээний эрсдэлд гэнэтийн аюулд өртсөнөөс үүдэх эрсдэл, гэнэтийн өвчлөл хамаарна. Гэнэтийн гэдэг чанарт харьцангуй богино хугацааны нөлөөлөл тооцогддог ба суурь өвчин нь урт хугацаандаа үргэлжилсэн бол шинж тэмдэг нь сүүлд дахин гэнэт илэрсэн ч гэнэтийн өвчлөлд хамаарахгүй.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зохицуулалтын агуулгыг харахад мөн л гэнэтийн осол, өвчлөлөөс хамгаалах агуулгатай даатгал байгаа. Энэ нь шүүгч нар албан үүргээ гүйцэтгэхдээ аливаа гэнэтийн осол, өвчлөлд өртөх эрсдэлээс даатгуулах зорилготой болно.
Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлгээс гарах үеийн эпикриз дээр Primary biliary liver cirrhosis оношоор 2021 оны 06 дугаар сарын 10-нд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, 2013 онд анх элэгний циррозтой гэдгээ Грандмед урьдчилан сэргийлэх үзлэгээр мэдсэн. 2016 онд ходоод, улаан хоолойноос цус алдан боолт, тариа эмчилгээ БНСУ-д очиж хийлгэсэн. Тухайн үед элгээ үзүүлэхэд Primary biliary cholangitis гэсэн онош тавьсан. Түүнээс хойш БНСУ-ын Аннам эмнэлэгт хяналтад 2019 он хүртэл байсан. 2016 ноос хойш тасралтгүй урсофалк эмийг өдөрт 1000 мг-аар ууж байгаа. 2019 оноос хойш Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 6 удаа хэвтэн эмчлүүлсэн хэмээн тэмдэглэснээс үзвэл даатгуулагчийн өвчлөл нь 8 жилийн өмнөөс эхлэн оношлогдсон архаг хууч өвчин юм.
Иймд өвчнийг гэнэт илэрсэн гэж үзсэн ч тийнхүү илэрсэн нь гэрээ эхлэхээс өмнө бий болсон байхад гэнэтийн өвчлөл хэмээн нөхөн төлбөр нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.
2.2. Даатгалын гэрээний 2.1.10-т Гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчин гэж заасныг даатгуулагч нь өвчин ийнхүү хүндэрч хагалгаанд орох хэмжээнд хүрэхийг мэдээгүй, гэнэтийн байсан гэж тайлбарладаг. Энэ тохиолдолд хүлээгдэж байгаагүй, гэнэтийн гэдгийг даатгуулагчийн субъектив төсөөлөлд бус объектив байдлаар тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, даатгуулагч архаг өвчин байсан ч даатгалын нөхөн төлбөр авахын тулд өвчлөл өөрийнх нь хувьд гэнэтийн байсан хэмээн тайлбарлах нь тодорхой бөгөөд гол нь тухайн өвчний тавилан буюу элэгний цирроз нь урт хугацаандаа элэг шилжүүлэн суулгахад хүргэхүйц эрсдэлтэй өвчин гэдэг нь нийтэд тодорхой ойлголт юм.
Нэхэмжлэгч Анх өвдсөн өвчний онош К74 гэсэн кодтой байсан, элэг шилжүүлэн суулгасантай холбоотой нөхцөл байдалтай холбоотой Z94 гэсэн онош нь дээрх өвчнөөс огт өөр онош байгаа хэмээн хоёр онош хоорондоо хамааралгүй талаар маргадаг. Гэвч К74 буюу элэгний фиброз ба цирроз, Z94 Эд эрхтэн шилжүүлэн суулгасантай холбоотой байдал нь огт өөр бус К74 оношийн улмаас элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон тул Z94 гэх онош тавьсан тухай асуудал юм.
2.3. Гэрээний 4.1-д заасны дагуу даатгалын эрсдэл үүссэн гэж үзэхийн тулд даатгуулагчийн өвчлөл нь албан үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан байх шаардлагатай. Гэтэл тус тохиолдолд даатгуулагчийн өвчлөл анх 2013 онд оношлогдсон байх бөгөөд даатгуулагч сүүлд өвчин хүндэрсэн нь гэнэтийн өвчлөл юм гэж тайлбарлахдаа яг хэзээ өвчлөл үүссэн гэж байгааг тодорхой заагаагүй байгаа юм. Тодруулбал, өвчлөлийг гэнэтийн байдлаар үүссэн гэж үзэж байгаа бол тэр нь ажил үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан байх ёстой атал ийнхүү үүссэн гэдгийг нотлох баримтыг огт ирүүлээгүй болно.
Ийнхүү, даатгуулагчийн өвчлөл нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,-иас 35,910,000 төгрөг гаргуулж,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 155,510,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,,-иас улсын тэмдэгтийн хураамжид 337,500 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх даатгалын тохиолдолд бий болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч өвчтөний эмнэлгийн хуудас, хөдөлмөрийн чадвар алдалтыг 1 удаа 70 хүвиар тогтоосон комиссын акт зэргийг үндэслэн шүүгчийн 3 жилийн цалингийн хэмжээ 102,600,000 төгрөгөөс 6.2.1-д заасан 30 хувиар тооцож, 30,780,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 09 дүгээр сарын 07, 2022 оны 03 дугаар 07, 2023 оны 02 дугаар 28-ны өдрүүдийн актууд болон Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний 5.2, 5.3, 6.2.1,6.2.2 дахь заалтуудыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж чадаагүй явдал болсон.
Даатгалын гэрээний 5.2-т заасан үнэлгээ нь уг гэрээний 6.2.2-т заасан нөхөн олговрын хэмжээг тооцоход, харин гэрээний 5.3-т заасан үнэлгээ нь уг гэрээний 6.2.2-т заасан нөхөн төлбөрийн хэмжээг тооцоход тус тус хамааралтай.
Даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар 70-аас дээш хувиар алдсан бол даатгагч нь 5.2-т заасан сүүлийн 3 жилийн цалингийн хэмжээ болох 102,600,000 төгрөгийн 100 хувиар тооцсон нөхөн олговрыг 6.2.2-т зааснаар, даатгуулагч нь эмнэлэгт хэвтсэн, амбулатори, гэрээр эмчилгээ хийлгэсний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар буюу ажлын 1-90 хоногийн хугацаанд алдсан бол даатгагч нь 5.3-т заасан сүүлийн 1 жилийн цалингийн хэмжээ болох 34,200,000 төгрөгийн 0,7-40 хүртэлх хувиар тооцсон нөхөн төлбөрийг 6.2.1-д зааснаар олгохоор тохирсон.
Гэтэл анхан шатны шүүх 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан нь 30 хувьтай тэнцэх нөхөн төлбөр авах хөдөлмөрийн чадвараа ажлын 61-75 хоног алдсан үндэслэлд хамаарна гэж үзэж, 102,600,000 төгрөгийн үнэлгээний 30 хувиар тооцсон 30,780,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нөхөн төлбөр, нөхөн олговор хоёрыг хооронд нь хольсон, алдаатай дүгнэлт болсон.
Иймд анхан шатны шүүхийн дээрх алдаатай дүгнэлт, тооцооллын алдааг засаж, Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний 5.2, 6.2.2-т зааснаар 102,600,000 төгрөгийн нөхөн олговор, гэрээний 5.3, 6.2.1-д зааснаар 13,680,000 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулсан өөрчлөлт оруулж өгнө үү.
4.2. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрхтэй нөхөн олговор, нөхөн төлбөрийн хэмжээг дээр дурдсанаар буруу дүгнэлт, тооцооллын алдааны улмаас 116,280,000 төгрөгөөр бус харин 30,780,000 төгрөгөөр тогтоосон нь алданги тооцох гүйцэтгээгүй үүргийн хэмжээ буруу тогтоогдох үндэслэл болсноос гадна хэтэрсэн хугацааг 33 хоногоор тооцсон нь ч алдаатай дүгнэлт болсон.
Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэх хүртэл 782 хоногийн хугацаанд гэрээний 9.2-т зааснаар хуульд нийцүүлэн алданги 58,140,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.
4.3. Нэхэмжлэгч нь байнгын эмчлэгч эмчийн хяналтанд байж эмчилгээ хийлгүүлж байсан тул өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн.
Үүний улмаас өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 17,000,000 төгрөгийн нэмэлт зардлыг гаргасан. Хэрэв хариуцагч ,,,,,,,,,,,,, нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж даатгалын нөхөн төлбөрийг олгосон бол нэхэмжлэгч,,,,,,,,,,,,ийн хувьд өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 17,000,000 төгрөгийн нэмэлт зардлыг гаргаж хохирохгүй байх байсан.
Иймд хариуцагч нь хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчээс хууль зүйн үйлчилгээний хөлс төлж, нэмэлт зардал гаргасан тул хариуцагчаас 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
4.4. Нэгтгэн хүсэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагч ,,,,,,,,,,,,,-аас даатгалын нөхөн олговорт 102,600,000 төгрөг, даатгалын нөхөн төлбөрт 13,680,000 төгрөг, хэтэрсэн хугацааны алдангид 58,140,000 төгрөг, хохиролд 17,000,000 төгрөгийг буюу нийт 191,420,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга
5.1. Шүүх Элэгний хатуурал өвчин нь архаг, удаан хугацаанд үргэлжлэх өвчин гэж зөв дүгнэсэн боловч, өвчтөний элэг солиулах мэс засал нь гэрээний хугацаанд хийгдсэн, гэрээнд заасан бусад гэнэтийн өвчлөлд хамаарахаар байна гэж алдаатай дүгнэсэн. Учир нь даатгалын гэрээний 2.1.10 дахь заалтад гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг хэлнэ. гэж талууд харилцан тохиролцож, тодорхойлсон билээ.
Даатгуулагч,,,,,,,,,,,, нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй даатгалын гэрээ байгуулахаас өмнө буюу 2013 онд элэгний анхдагч билиарны цирроз, 2016 онд анхдагч цөсөн хатуурал (К74) буюу цөсний сувгуудын хатуурлаас болж элэг хатуурах оношоор оношлогдож, 2019 оноос хойш Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зургаан удаа хэвтэн эмчлүүлж, байнгын эмчийн хяналтад байсан бөгөөд ирээдүйд элэг ээнэгшлээ алдсаар элэг солиулах хагалгаанд (Z94.4) орох нь тодорхой байсан болох нь тогтоогдож байхад шүүх элэг солиулах хагалгаа нь гэнэт үүссэн өвчин мэт нотлох баримтуудыг мушгин, гуйвуулж, буруу үнэлсэн.
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар тушаалаар батласан Элэг шилжүүлэн суулгах тухай заавар-т элгийг гэнэтийн өвчний улмаас солих боломжгүй бөгөөд элгийг архаг өвчин хүндэрснээр солих тухай тодорхой тусгасан бөгөөд элэгний архаг эмгэг, хатуурлын улмаас элэг шилжүүлэн суулгах шалгуур Чайлд Пью оноо 9-с их, MELD оноо 20 с их эсвэл элэгний архаг дутагдал ээнэгшил алдарсан үед элэг шилжүүлэн суулгахаар тус тус заажээ.
5.2. Даатгуулагч,,,,,,,,,,,,ийн аажим явцтай архаг өвчин нь даатгалын гэрээний 4.1.8-д заасан гэнэтийн өвчлөл гэсэнд хамаарахгүй болно.
Иймд, шүүх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10 дахь заалтад тодорхойлсон гэнэтийн өвчлөл тодорхойлолтын үгийн шууд утгыг анхаарч, ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дэх заалтуудыг хэрэглээгүй явдал нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
5.3. Мөн шүүх Эрүүл мэндийн сайдын тушаал заавар зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй гэж алдаатай дүгнэсэн.
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар тушаалаар батлагдсан Элэг шилжүүлэн суулгах тухай заавар-ын хуулбарыг шүүхэд хүргүүлэхдээ Эрүүл мэндийн яамны албан ёсны вэб хуудаснаас хэвлэн, хуулбарлаж эх сурвалжийг дурдан, хүргүүлсэн. Хэрхэн яаж уг тушаалыг нотлох баримтын шаардлага хангуулах эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Иймд, дээрх үндэслэл, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:
Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг эс зөвшөөрч байна.
7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
Өмнө нь 4 удаа хэвтэн эмчлүүлж байсан гэх тайлбар хэлж байгаа боловч элэг шилжүүлэн суулгах шаардлагатай, энэгшил алдсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Энэхүү тохиолдол гэнэтийн шинжтэй байсан. Элэг шилжүүлэн суулгахаас өмнө гэр бүлийн хүнээ алдсан бөгөөд үүнтэй холбоотойгоор цочролд орсон. Өөрт нь гэнэт эрүүл мэндэд хохирол учирч гэнэтийн өвчлөлд автсан. Нэхэмжлэгч нь К74 оноштой байсан бөгөөд элэг шилжүүлсний дараах Z94.4 оноштой гэнэтийн өвчлөл бий болсон.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,-д холбогдуулан Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасны дагуу 102,600,000 төгрөг, гэрээний 5.3, 6.2.1-т заасны дагуу 13,680,000 төгрөг, алданги 58,140,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 17,000,000 төгрөг, нийт 191,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.,,,,,,,,,,,,ийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхад Шүүхийн ерөнхий зөвлөл нь ,,,,,,,,,,,,,-тай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулжээ /1хх 19, 53-57/.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч,,,,,,,,,,,, нь 2013 онд элэгний хатуурал, 2016 онд цөсний гаралтай элэгний хатуурал онош тогтоолгож эмчилгээ хийлгэж байсан, энэ нь удаан явцтай архаг өвчин хэдий ч түүний шүүгчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон нь талуудын байгуулсан гэрээний 4.1.9-д заасан бусад гэнэтийн өвчлөл гэх даатгалын эрсдэлд хамаарна гэж хэрэгт авагдсан баримтад үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон.
3.2. Хэдийгээр нэхэмжлэгч нь 2013 оноос элэгний хатуурал өвчин туссан байх боловч 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үеэс анхдагч цөсөн элэгний хатуурал ээнэгшлээ алдсан нь хүлээгдэж байгаагүй гэнэтийн шинжийг агуулсан байна /1хх 72, 3хх 220-241/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 913 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийн туссан анхдагч цөсөн холангит өвчин нь эмгэг жамын дагуу хүндэрч ээнэгшил алдагдсан учраас элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь анхдагч цөсөн элэгний хатуурал оноштойгоор Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт удаа дараалан эмчилгээ хийлгэж байсан боловч 2023 онд уг өвчний улмаас элэг ээнэгшлээ алдаж элэг шилжүүлэн суулгах шаардлага бий болсон нь гэнэтийн өвчлөлд тооцогдоно. Учир нь ээнэгшлээ алдсаны улмаас элгийг шилжүүлэн суулгасан нь урьд хийгдэж байсан эмчилгээг үргэлжлүүлж хийгээгүй, харин гэнэтийн буюу 1 удаагийн шинжтэй өвчлөл байна.
3.3. Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар тушаалаар батлагдсан Элэг шилжүүлэн суулгах тухай заавар нь эх сурвалжийн хувьд нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаж байна.
Уг зааварт элгийг гэнэтийн өвчний улмаас солих боломжгүй бөгөөд элгийг архаг өвчин хүндэрснээр солих талаар заасан бөгөөд маргааныг шийдвэрлэхэд элэг шилжүүлэн суулгаж буй нь архаг өвчнөөс үүдэлтэй боловч ийнхүү мэс засалд орох шаардлага үүссэн нь гэнэтийн шинжтэй талаарх дүгнэлтийг дээр өгсөн болно.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох даатгалын нөхөн төлбөрийг буруу тооцож олгосныг давж заалдах шатны шүүх залруулах дүгнэх боломжтой байна.
4.1. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0449865 дугаар актаар ердийн өвчний 7-29 дэх заалтаар Z94 буюу эд эрхтэн шилжүүлэн суулгасантай холбоотой байдал оношоор,,,,,,,,,,,,ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, 6 сарын хугацаатайгаар тогтоосон /1хх 23/.
Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/39, А/12 дугаар баталсан Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 7-29 дэх заалтад эрхтэн шилжүүлэн суулгасан хагалгааны дараах үеийн өвчин нь 2 жилийн хяналтын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг 70-79% алдагдуулах болохыг заажээ.
Ийнхүү нэхэмжлэгч элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдсан байх тул даатгалын гэрээний 5.2, 6.2.2-т заасан хөдөлмөрийн чадвараа 61-70 хүртэл хувиар алдсан нь тогтоогдвол тухайн шүүгчийн сүүлийн гурван жилийн цалин болох 102,600,000 төгрөгийн 70 хувиар нөхөн төлбөр олгох нөхцөл бүрдсэн байна.
Дээрх гэрээний нөхцөлөөр тооцоод хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 71,820,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцнэ.
Харин нэхэмжлэгчид даатгалын 1 удаагийн тохиолдол бий болсон байхад гэрээний 5.3, 6.2.1-т заасны дагуу 13,680,000 төгрөгийг давхардуулан шаардсан нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
4.2. Даатгалын гэрээний 9.2-т заасан алдангийн талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заасан шаардлагыг хангасан байна.
Хариуцагч нь даатгалын тохиолдол бий болсноос шүүхэд нэхэмжлэл гарах хүртэлх хугацаанд гэрээнд зааснаар нөхөн төлбөр олгох үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар олговол зохих нөхөн төлбөр 71,820,000 төгрөгөөс тооцон 35,910,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Анхан шатны шүүх алдангийн талаар дүгнэлт хийхдээ алданги тооцох хугацааг 33 хоногоор хязгаарласан нь хуулийн зохицуулалтад нийцээгүйг дээрх байдлаар залруулж дүгнэлээ.
4.3. Анхан шатны шүүх өмгөөллийн хөлс 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож зөв шийдвэрлэсэн боловч хуулийг буруу тайлбарласан байгааг зөвтгөх нь зүйтэй.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Харин иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөллийн хөлс төлж буй нь түүний эрхийн асуудал бөгөөд энэ нь гэрээний улмаас учирсан хохиролд тооцогдохгүй болно.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ өөрчлөгдсөн, мөн шүүх тэмдэгтийн хураамж хуваарилахдаа холбогдох хуулийг баримтлаагүйг залруулж шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулна.
Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5, 118.6 дахь хэсэгт зааснаар хуулийн заалт баримтлаагүй, захиран тушаах хэлбэрээр бичээгүй техникийн шинжтэй алдааг засч зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/04210 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,-аас 107,730,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 83,690,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч,,,,,,,,,,,, нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ,,,,,,,,,,,,,-аас улсын тэмдэгтийн хураамжид 696,600 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 935,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,115,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.БАДРАХ