Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 0754

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: С.Нямсүрэн

улсын яллагч: Ц.Ганцэцэг

шүүдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:

шүүгдэгч: Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Б Ц холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906022420942 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Б Ц, 1994 оны 5 дугаар  сарын 08-ны  өдөр Баянхонгор аймгийн Гурванбулагт төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 3, эх, нөхөр нарын хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо   дугаар гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ВЛ94050803,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Алтан-өлгийн 37 дугаар гудамжны 673а тоот хашаан дотор М.О зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Б.Ц   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ байсан. Манай бэр эгч гаднаас эгчтэйгээ орж ирэн удаагүй гэрийнхээ тавилгаа ачиж эхэлсэн. Би  гэрт нүүрсээ хийх гэж гараад тавилгаа ачиж байхаар нь гэрт орж ирэн ээжид хэлсэн. Тэгсэн ээж гараад машины жолоочид чи дураараа айлын гэрийн тавилга ачаад гэж хэлсэн. Тэгсэн чинь бэр эгчийн эгч нь хажуугаас орж ирээд манай дүү гэрийнхээ тавилгыг ачиж байна гэсэн тэгсэн ээж та нар дураараа гэрийн тавилга ачлаа гэхэд манай дүү л энэ гэрийг авч явдаг биз дээ гэж хэлэхэд нь би манай ах л ажил хийж энэ гэрийг авч явдаг гэж хэлсэн. Тэгсэн тэр эгч нь намайг гичий минь чи дугаа бай гэж хэлсэн. Тэгэхэд нь миний уур хүрэнгүүт очиж барьж аваад үсдээд авсан. Тэгтэл намайг  зөрүүлж үсдэж аваад удаагүй байж байтал манай найз банди  гарч ирэн тавиулсан. Гэхдээ би тавихдаа санаандгүй нүүрийг нь маажсан юм гэв. 

         Шүүгдэгч  Б.Ц   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өнөөдөр гэртээ байж байтал манай хашаанд амьдардаг ах болох Б.Д гэрийн доторхи тавилгыг түүний эхнэр М.Н портер машинтай ирээд ачаад эхлэхээр нь манай ээж гараад яагаад та нар яагаад тавилгыг ачаад байгаа юм гэхэд түүний эхнэр нь гэрийн эзэн нь юмаа мэдэж байна гэхээр нь би та нар яагаад дураараа тавилга ачаад байгаа юм гэхэд манай бэр яадгийн янхан минь чамд хамаагүй гэсэн. Тэгэхээр нь би дуугаралгүй байж байтал М.Н эгчийн эгч нь болох эмэгтэй намайг янхан минь чамд хамаагүй гээд үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдээд авсан. Ээж биднийг салгасан. Тэгж байтал нөгөө эмэгтэй өөрийнхөө дүү болох З гэдэг эмэгтэйг наадхаа зод гэхэд нөгөөх нь ирээд намайг мөн үсдэж дарсан. Мөн ээж ирж салгасан. Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна гэжээ. /хх-ийн 15/

         Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би хөдөө Хэнтий аймгийн Бэрх тосгонд амьдардаг юм. 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод эгчийндээ ирсэн. 2019 оны 4 дүгээр сарын 7-ний өдөр манай төрсөн дүү Н очиж байж байтал орой 17.00 цагийн орчимд манай төрсөн дүү нөхрөөсөө сална гээд маргаантай байсан учраас гэрийнхээ эд зүйлийг ачаад авах гэтэл манай дүүгийн хадам ээж гэрийн эзэн байхгүй байхад та яагаад эд зүйлийг нь ачдаг юм бэ гээд уурласан. Тэгэхээр нь манай эмэгтэй дүү өөрийнхөө эд зүйлийг ачиж байна гэж хэлсэн чинь манай дүүгийн хадмын талын ээж болон 2 эмэгтэй дүү нь манай дүүтэй маргалдаад эхлэхээр нь би урдаас нь маргалдсан чинь нэг эмэгтэй дүү нь болох Я нь намайг янхан минь гээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдсэн. Гэтэл миний нүүрийг маажсан ба манай дүү цагдаад дуудлага өгсөн байсан гэжээ.  /хх-н 5-13/

         Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 17.00 цагийн орчимд би дөнгөж гаднаас орж ирсэн чинь Н эгч портертэй ирээд гэрийнхээ тавилгануудыг ачиж байсан. Тэгээд би гэрт ороод сууж байсан чинь Ц гаднаас орж ирээд хадам ээжид Н эгч гэрийнхээ тавилгыг ачиж байна гэж хэлсэн чинь хадам ээж гэрээс гараад явсан. Намайг гэрт байж байхад гадаа гэрээс юм ачлаа ачихгүй яах юм гээд маргаан гараад байсан. Тэдний хажуунаас Ц ороод гичий янхан гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гэрээс гартал Ц, Н эгчийн төрсөн эгч гэх эмэгтэйтэй үсдэлцээд зогсож байхаар нь би салгасан. Цохиж зодсоныг нь би хараагүй намайг гэрээс гараад хартал тэр хоёр үсдэлцсэн байсан гэжээ. /хх-н 19-21/

         Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би нөхрийнхөө дүүгийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэжээ. /хх-н 22-23/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 24-25/

         Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4380 тоот шинжээчийн дүгнэлт:

1.М.О биед тархи доргилт, дух, баруун хөмсөг, баруун хацар, шанаа, хамарт зулгаралт, зүүн чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 26/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 27-28/

           Б.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 33/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 38-45/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 48-52/

          Б.Ц Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 37/, прокурорын тогтоол /хх-н 38-39/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-32/

          Б.Ц хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол  /хх-н 43-44/ зэрэг болно.

          Б.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Алтанөлгийн  дугаар гудамжны  тоот хашаан дотор М.О зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. манай дүүгийн хадам ээж гэрийн эзэн байхгүй байхад та яагаад эд зүйлийг нь ачдаг юм бэ гээд уурласан. Тэгэхээр нь манай эмэгтэй дүү өөрийнхөө эд зүйлийг ачиж байна гэж хэлсэн чинь манай дүүгийн хадмын талын ээж болон 2 эмэгтэй дүү нь манай дүүтэй маргалдаад эхлэхээр нь би урдаас нь маргалдсан чинь нэг эмэгтэй дүү нь болох Янжка нь намайг янхан минь гээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдсэн. Гэтэл миний нүүрийг маажсан ба манай дүү цагдаад дуудлага өгсөн байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 5-13/ Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4380 тоот шинжээчийн дүгнэлтээр М.О биед тархи доргилт, дух, баруун хөмсөг, баруун хацар, шанаа, хамарт зулгаралт, зүүн чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна. /хх-26/, Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Намайг гэрт байж байхад гадаа гэрээс юм ачлаа ачихгүй яах юм гээд маргаан гараад байсан. Тэдний хажуунаас Ц ороод гичий янхан гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гэрээс гартал Ц, Н эгчийн төрсөн эгч гэх эмэгтэйтэй үсдэлцээд зогсож байхаар нь би салгасан. Цохиж зодсоныг нь би хараагүй намайг гэрээс гараад хартал тэр хоёр үсдэлцсэн байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 19-21/, Шүүгдэгч  Б.Ц   мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би та нар яагаад дураараа тавилга ачаад байгаа юм гэхэд манай бэр яадгийн янхан минь чамд хамаагүй гэсэн. Тэгэхээр нь би дуугаралгүй байж байтал М.Н эгчийн эгч нь болох эмэгтэй намайг янхан минь чамд хамаагүй гээд үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдээд авсан. Ээж биднийг салгасан. Тэгж байтал нөгөө эмэгтэй өөрийнхөө дүү болох З гэдэг эмэгтэйг наадхаа зод гэхэд нөгөөх нь ирээд намайг мөн үсдэж дарсан. Мөн ээж ирж салгасан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 15/ зэрэг  бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Б.Ц нь М.О маргалдаж улмаар үснээсээ харилцан зулгаалцаж байх үедээ тархи доргилт, дух, баруун хөмсөг, баруун хацар, шанаа, хамарт зулгаралт, зүүн чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, үүнтэй холбоотой ямар нэгэн зардал хохирогч нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Б.Ц энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж  тухайн зүйл хэсэгт заасан торгох оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. С овогт Б Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 166.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ц нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг   тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ц авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН