Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 01038

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 05 өдөр                     Дугаар 142/ШШ2016/01038                                      Орхон аймаг

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 5а дугаар гудамжны 11 тоотод оршин суух Боржигон овгийн Тоолъяагийн Мөнхтуяагийн /регистрийн дугаар ФМ78081603/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1973 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багт оршин суух Сартуул овгийн Бадамсэрээжидийн Даваадалайд /регистрийн дугаар КЮ73040278/ холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Мөнхтуяа, хариуцагч Б.Даваадалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.Мөнхтуяа нь 2004 оноос Б.Даваадалайтай гэр бүл болж 2005 онд хүү Д.Далайбаяр төрсөн. Амьдарч байх хугацаандаа хэрүүл зодоон удаа дараа үүсч хамт амьдрахад хэцүү болсон. Одоо нөхөр Б.Даваадалай нь гэр бүлтэй болсон тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Уг хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол нэхэмжлэлээ нэмэгдүүлэх болно” гэжээ.

Хариуцагч Б.Даваадалай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Т.Мөнхтуяатай хамтран амьдарч байсан бөгөөд амьдарч байх хугацаандаа үргэлж хэрүүл хийж, намайг салаад өг гэж үргэлж хэлдэг байсан. Т.Мөнхтуяа нь сэтгэлээ урвуулж өөр хүнтэй явалдаж, амьдралдаа хуурамч байдал үүсгэж гэр орондоо ирэхгүй удаан хугацаагаар алга болдог байсан. Т.Мөнхтуяа нь хөдөө гэртээ ирэхгүй байнга ямар нэгэн шалтаг хэлж ирэхгүй байсаар байгаад салсан. Хааяа ирэхээр үргэлж хэрүүл маргаан үүсгэнэ. 1 жилийн өмнө гэр малаа авч явсан. Хэл ам хийхгүй өгвөл дахиж юм нэхэж зовоохгүй, элдэв зүйл гуйхгүй гэж амладаг байсан. Хэрэв хэл ам хийвэл мал ахуйг чинь 3 хуваалгаж, чамайг яаж ийж байгаад чадна гэж заналхийлдэг байсан. Тэр үед хүүгээ чи өсгө, өөрөө өсгө би чиний хүүгээр яах юм гэж хэлж байсан. Хүүгээ чи өсгөх ёстой гэж байнга утсаар ярьж, хүүдээ хувцас тоглоом зэрэг хэрэгцээний зүйлсийг авч өгөхөөр үргэлж голж, өө сэв хайдаг байсан. Мөнхтуяа нь зан аашны хувьд тогтворгүй, олон ааштай, ах дүү нар нь архи уудаг, хэрүүл маргаан хийдэг тогтворгүй хүмүүс байдаг. Т.Мөнхтуяа нь хүүхдийн зан ааш эвдэж, хараа хяналтгүй байлгаж тоглоомын газраар үргэлж тоглуулж, сурлага хүмүүжилд нь анхаарал хандуулдаггүй тул миний бие ганц хүүгээ өөрөө өсгөх хүсэлтэй байна. Миний бие хуурай ам гэдэг газар ах дүү нар хүний цөөн хэдэн мал маллан амьдардаг. Тогтмол орлогогүй учир тэтгэлэгийг сар бүр төлөх боломжгүй юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа нь хариуцагч Б.Даваадалайд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа хариуцагч Б.Даваадалайтай гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү Д.Далайбаяр төрсөн, хүүгээ хариуцагч өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан нь Г-259 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Хүү Д.Далайбаяр нь одоо эхийн асрамжинд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 5а-11 тоотод амьдарч, эрүүл бойжиж байгаа нь Баян-Өндөр сумын Их залуу багийн засаг даргын тодорхойлолт, “Энхжин Мандариваа” ӨЭМТ-ийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч “...эрхэлсэн ажилгүй, орлогогүй” гэсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж боловч түүний энэ тайлбар нь түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Б.Даваадалайгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Б.Даваадалайгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 47 744 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Тодруулбал Б.Даваадалай нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.Далайбаярыг 11-16 нас, сурч байгаа бол 18 нас хүртэл нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг төлөх үүрэгтэй. 

Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 170 800 төгрөг ба үүнийг 1 жилээр тооцоход 2 049 600 төгрөг ба энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 47 744 төгрөгийг хариуцагч Б.Даваадалайгаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д  тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагчаас 47 744 төгрөг гаргуулан төрийн санд оруулах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.Далайбаярыг эх Т.Мөнхтуяагийн асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.Далайбаярыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Б.Даваадалайгаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Даваадалайгаас 47 744 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА