| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01141/И |
| Дугаар | 01039 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 01039
2016 оны 08 сарын 11 өдөр Дугаар 142/ШШ2016/01039 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол 11 дүгээр байр 90 тоотод оршин суух, Наеийгийн Сэлэнгийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Сэлэнгэ миний бие 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “Эрдэнэт ноолуур” ХХК-д эдийн засагчаар ажилласан. Ажлаас халагдсан тушаал байна. Ажилд орсон тушаал олдохгүй байна.Иймд намайг 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Орхон аймгийн Монгол Швейцарийн хамтарсан “Эрдэнэт ноолуур” ХХК-нд эдийн засагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Сэлэнгэ нь 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Орхон аймгийн Монгол Швейцарийн хамтарсан “Эрдэнэт ноолуур” ХХК-нд эдийн засагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Монгол Швейцарийн хамтарсан “Эрдэнэт ноолуур” ХХК-ийн 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/02 хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд “...”эдийн засагч Н.Сэлэнгэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тасалбар болгох” гэжээ.
2.1997 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Анхдагчийн гэрчилгээнд “Эдийн засагч Н.Сэлэнгэ танд үйлдвэрийг барьж байгуулах, угсрах, тохируулах ажилд оролцож анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж үйлдвэрийн “анхдагчийн гэрчилгээ” олгов гэжээ.
3.Гэрч Л.Цэдэнсодном шүүхэд мэдүүлэхдээ: “Н.Сэлэнгэ нь 1996 оноос 2003 он хүртэл Монгол Швейцарийн хамтарсан “Эрдэнэт ноолуур” ХХК-нд эдийн засагчаар ажиллаж байсан нь үнэн. Би тэр үед Монгол Швейцарийн хамтарсан “Эрдэнэт ноолуур” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан” гэжээ.
Нэхэмжлэгч Н.Сэлэнгэ нь 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Монгол Швейцарийн хамтарсан “Эрдэнэт ноолуур” ХХК-нд эдийн засагчаар ажиллаж байсан болох нь Монгол Швейцарийн хамтарсан “Эрдэнэт ноолуур” ХХК-ийн 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/02 хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, нэхэмжлэгчид 1997 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон Анхдагчийн гэрчилгээ, гэрч Л.Цэдэнсодномын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Цэдэнсодномоос мэдүүлэг авсан ба гэрч Л.Цэдэнсодном 1996-2002 оны хооронд Эрдэнэт хотын Монгол Швейцарийн хамтарсан “Эрдэнэт ноолуур” ХХК-нд захиралаар ажиллаж байсан нь гэрчийг ажилд томилсон 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 19 к тушаал, 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/02 хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн нэхэмжлэгчийн ажилласан байдлын талаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Н.Сэлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хүнхэр овгийн Наеийгийн Сэлэнгийг 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Монгол Швейцарийн хамтарсан “Эрдэнэт ноолуур” ХХК-нд эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Сэлэнгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА