Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 0772

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Г.Цэрэнжамц

хохирогч : Б.Ө

шүүгдэгч: С.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөв/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт С Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906017140753  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт С Э, 19  оны 8 дугаар  сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт Баянзүрх  дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Сум дундын 9 дүгээр шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.,60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 423 дугаар ангид эдлэж байгаад 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаартай Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж бүгд эдлэх ялыг 6 жил 3 сар 05 хоногийн хугацаагаар тогтоосон, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 227 дугаартай шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж 1 жил  05 хоногийн хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн, уг хорих ялаа эдлэж байгаад 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1651 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          С.Э нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр   Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буунан бунжаахай  хүнсний  дэлгүүрийн гадна байсан Б.Ө улсын дугаартай Киа  маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч  С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн эмнэлэгт хөлөө үзүүлээд гараад явж байгаад найзтайгаа тааралдсан. Миний хөл өвдөөд явж чадахгүй байсан чинь манай найз архи уувал зүгээр болно гэхээр нь хамт нэг найзтай нь гурвуулаа архи уусан. Тэгээд гэр лүүгээ харих гээд Хужирбулангийн эцэс дээр байж байтал хөл өвдөөд маш их өвдөөд байсан. Тэгээд нэг машин асаалттай, хаалга  нь түгжээгүй байхаар нь унаад гэр лүүгээ явсан. Шар хаданд нэг найз дээрээ очоод энэ машиныг нь яах уу гэж асуугаад, цагдаагийн хашаанд аваачаад тавьчихая гээд явж байгаад машиныг нь нэг товгор газар гарах гэж байгаад гэмтээсэн. Хохирогч машиндаа гар утсаа цэнэглээд үлдээсэн байсан. Тэгээд дуугараад байхаар нь автал Ө байсан. Би ах нь машиныг нь өгнө мөн гэмтлийг нь засуулж өгнө гэж хэлсэн. Хохирогч цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд оруулсан гэв.

           Хохирогч Б.Ө  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хэрэг гардаг өдөр ажлаасаа тараад шөнө 12.00 цаг болох гэж байсан. Манайх Хужирбуланд нүүж очоод удаагүй байсан. Гэртээ харих замаараа нохойны хоол авах гээд дэлгүүр ороод гараад иртэл машин байхгүй байсан. Миний машин Киа 5 загварын 28-27 УБП улсын дугаартай машин байсан. Би машинаа цоожлоогүй байсан. Дэлгүүр ороод 5 минут арай болоогүй гарч ирэхэд миний машин яг хөдлөөд гудам руу эргээд явахаар нь автобусны буудал дээр байсан хүний гар утсаар цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нэг цагийн дараа ирэхээр нь цагдаагийн гар утсаар өөрийн утас руу залгахад энэ ах авсан. Тэгээд би ахаа машинаа авъя гэхэд машин чинь нэг юман дээр гараад хөдлөхгүй байна. Чи цагдаатай хамт ирж байгаа бол би зугтлаа гэж хэлсэн. Тэгээд хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн машинтай хамт хайж барьж авсан. Миний машины урд гүпэр, хороп, арын карлан, машины доогуур нь байдаг хамгаалалт зэрэг зүйлүүд эвдэрсэн байсан. Хойд гүпэр баруун талын хэсэг хагарсан байсан. Одоо машинаа зарсан гэв.

          Шүүгдэгч  С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 6-ны орой цагийг нь сайн мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буунан бунжаахай дэлгүүрийн урд согтуу явж байгаад асаалттай байсан дотор нь хүн байгаагүй к-5 маркийн цагаан билүү саарал өнгийн автомашиныг эзнийх нь зөвшөөрөлгүй хулгайлж  унаж яваад гэрлүүгээ очоод гэртээ хальт орчихоод дээгүүрх цамцаа тайлчихаад буцаж гараад гэрийнхээ ойролцоо гудамжаар яваад, тэгээд параад нь шар хадны эцэс рүү найз Б очих гэж яваад шар хадны давсны булгийн тэнд байдаг гол дагуу байдаг довруу явж ороод машин тэгнээд унтарчихсан. Машин дотор голын тавиур дээр гар утас байсан, машин нь тэгнээд унтраад зогсчихсон болохоор машины эзэнтэй нь утсаар яриад байгаа газраа зааж өгсөн. Гэнэт цагдаа ирээд барьж авсан. Би тухайн өдөр 4 шил архи уусан. Нилээн согтолттой байсан. Гэрлүүгээ явж байхад хөл өвдөөд байсан тэгэхээр нь гэртээ очоод тэндээ орхичихий гэж л бодсон. Би 3 удаа согтуугаар машин хулгайлж байна гэжээ. /хх-ийн 21/             

          Хохирогч Б.Ө  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр оройны 23.30 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн 28-27 УБП улсын дугаартай К-5 маркийн машинтай Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн Бунан бунжаахай дэлгүүрийн замын эсрэг талд машинаа унтраагаад түлхүүрээ зоолттой орхиод машинаасаа буугаад дэлгүүрлүү орчихоод мах авчихаад буцаад гараад ирсэн чинь миний машин дэлгүүрийн гадаа байрлуулсан газраа  байхгүй ертөнцийн зүгээр хойшоо Хужирбулангийн эцэс рүү хөдлөөд хурдтай явж байсан. Тэгэхээр нь шууд хүний утас гуйж аваад цагдаад дуудлага өгч машинаа хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирэхээр нь болсон асуудлыг ярьж байхад манай ах хүрч ирсэн. Ахын утсаар өөрийнхөө утас руу залгахад нэг эрэгтэй хүн аваад ярихаар нь би машинаа буцаагаад аваад ир би цагдаад хэлэхгүй гэж хэлсэн. Гэтэл нөгөө эрэгтэй Улиастайгаас шар хадны эцэс рүү явдаг  Улиастайн гол дээр машин чинь тэгнээд зогсчихлоо ирээд машинаа ав гэсэн. Тэгэхээр нь цагдаа болон ахын хамтаар араас нь хайсан. Би утсаараа холбогдож байгаад нөгөө эрэгтэй хүний байгаа газар очсон. Миний машиныг жалгаар харайлгаж оруулаад урд хойд гбуфер хагалж, баруун талын хормойг хагалсан, мөн кроп хагалсан байсан. Машины голын хайрцаг дээр байсан J-2 маркийн гар утас алдагдсан байсан. Гэтэл удалгүй цагдаа нар машин авч явсан хүнийг аваад ирсэн. Миний машин зээлээр авсан машин байсан. 12.500.000 төгрөгөөр худалдан авсан машин байсан гэжээ. /хх-н 15-20/

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-4/, барьцаат зээлийн гэрээ /хх-н 5-9/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-н 10/,   илтгэх хуудас /хх-н 11-12/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 13-14/

          Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22/

         Тод үнэлгээ ХХК-ны Киа 5 маркийн 2011 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг 2.300.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-н 24/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 25-26/, /хх-н 27/

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 628 тоот дүгнэлт:

1.С.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өчингүй байсан байна. С.Э нь тухайн үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.

2.С.Э нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. С.Э нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.

3.С.Э нь одоо шинж тэмдгийн уналт таталт сэтгэцийн эмгэгтэй байна. С.Э нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. С.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа шинж тэмдгийн уналт таталт өвчтэй болсон байна.

4.С.Э эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

5.С.Э нь шинж тэмдгийн уналт таталт сэтгэцийн эмгэгтэй байна. С.Э нь болсон байдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. /хх-н 28-30,31-32/

         Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Э миний төрсөн ах юм. Тэрээр 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бид хоёр эцэг эхээс 2-уулаа юм. Миний ах амьдралын боломжгүйгээс болоод 8 дугаар ангиас гараад ажил хийсэн. 2006 онд эхнэртэйгээ суугаад дундаасаа 2 охин төрүүлсэн. Замын Үүдэд ажил хийж байхдаа хэрэгт шалгагдаж эхэлсэн. 2018 оны 7 дугаар сард 409 дүгээр ангиас суллагдсан. Одоо хөлний идээд үрэвсэл болсон гээд өвчтэй байгаа. Бид нэг хашаанд амьдардаг юм. Хааяа архи уудаг гэжээ. /хх-н 39-40/

          С.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 46/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 45/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-н 47-67/

          С.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 41-42/

          С.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 35/, прокурорын тогтоол /хх-н 36/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37/ зэрэг болно.

         С.Э нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр   Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буунан бунжаахай  хүнсний  дэлгүүрийн гадна байсан Б.Ө  өмчлөлийн  УБП улсын дугаартай Киа  маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах шүүгдэгч  С.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...         

         2019 оны 3 дугаар сарын 6-ны орой цагийг нь сайн мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буунан бунжаахай дэлгүүрийн урд согтуу явж байгаад асаалттай байсан дотор нь хүн байгаагүй к-5 маркийн цагаан билүү саарал өнгийн автомашиныг эзнийх нь зөвшөөрөлгүй хулгайлж  унаж яваад гэрлүүгээ очоод гэртээ хальт орчихоод дээгүүрх цамцаа тайлчихаад буцаж гараад гэрийнхээ ойролцоо гудамжаар яваад, тэгээд параад нь шар хадны эцэс рүү найз Б очих гэж яваад шар хадны давсны булгийн тэнд байдаг гол дагуу байдаг довруу явж ороод машин тэгнээд унтарчихсан. Машин дотор голын тавиур дээр гар утас байсан, машин нь тэгнээд унтраад зогсчихсон болохоор машины эзэнтэй нь утсаар яриад байгаа газраа зааж өгсөн. Гэнэт цагдаа ирээд барьж авсан. Би тухайн өдөр 4 шил архи уусан. Нилээн согтолттой байсан. Гэрлүүгээ явж байхад хөл өвдөөд байсан тэгэхээр нь гэртээ очоод тэндээ орхичихий гэж л бодсон. Би 3 удаа согтуугаар машин хулгайлж байна гэсэн мэдүүлэг,

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          С.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          С.Э нь тээврийн хэрэгслийг эзэнд нь буцаан өгсөн ба унаж явахдаа машиныг эвдэлсэн, эвдэрсэн эд ангийг хөрөнгийн үнэлгээний компаниар  үнэлүүлсэн тус үнэлгээгээр тогтоогдсон 2.300.000 төгрөгийг гаргуулж /хх-н 24/ыхохирогч Б.Ө олгуулахаар шийдвэрлэв.

          С.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх  нь зүйтэй гэж үзэв.     

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт С Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  С.Э  900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар С.Э энэ тогтоолоор оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ял,  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                             С.Э нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 300.000 төгрөг хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

6. С.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурьдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн  51 дүгээр гудамжны 1704 тоотод оршин суудаг /РД: ХК87082816/ С Э 2.300.000 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо дэнжийн  дүгээр гудамжны  тоотод оршин суух /РД:У/ Б.Ө олгосугай.

10. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН