Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 000042

 

                                          Г.Баярсайханд холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

                                                                      Хэргийн индекс 142/2017/0030/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

            Прокурор                                          Б.Бүжинлхам

            Хохирогчийн өмгөөлөгч                Б.Адалбек

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Оюунчимэг

            Нарийн бичгийн дарга                   Ө.Eсүхэй нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолтой Г.Баярсайханд холбогдох 201614000483 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Б.Адалбек нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Увс аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Бадмаараг” үсчин гоо сайхны салонд үсчин ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-25-61 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ТГ-77021969 регистрийн дугаартай, Булгадар овогт Гүржавын Баярсайхан.

 

Шүүгдэгч Г.Баярсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19  цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 3 дугаар хороолол 12 дугаар байрны гадна хүүхдийн тоглоомын талбайд С.Нарангэрэлтэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Булгадар овгийн Гүржавын Баярсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар шүүгдэгч Г.Баярсайханыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.344.000 /нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Г.Баярсайханаас 363.000 /гурван зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Нарангэрэлд олгох,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Нарангэрэл нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, орлого, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3.т зааснаар шүүгдэгч Г.Баярсайхан нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Баярсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Б.Адалбек нар давж заалдах гомдолдоо:

 

Шүүгдэгч Г.Баярсайхан нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Нарангэрэлд учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрдөг ба энэ талаар маргадаггүй. Мөн гэрч “АСЭ” эмнэлгийн захирал Н.Энхтайван 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлэхдээ “...гадны нөлөөнөөс хүчтэй огцом доргилт авах, хүнд эд зүйл өргөх зэргээс болно. Мэс засал хийлгэж байж өвчтөний зовиур багасна...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд С.Нарангэрэлийн биед учирсан гэмтлийг Г.Баярсайхан учруулсан нь нотлогдож байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хохирогч С.Нарангэрэлийн биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоолгохоор 2 удаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад шээс задгайрах өвчинтэй холбоотой асуудалд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байх тул...” гэж үзсэн нь үндэслэлгүй болно.

 

Учир нь шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 733, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1436 дугаар дүгнэлтүүдэд: “...Тухайн үед С.Нарангэрэлийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, умдагт зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учиржээ...” гэж дүгнэсэн.

 

Г.Баярсайханы учруулсан гэмтлээс болж С.Нарангэрэлийн умдаг хэсэгт:

1-рт “АСЭ” эмнэлэгт 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэс засалд орсон ба шүүгдэгч Г.Баярсайхан нь С.Нарангэрэлийн умдагт хэсэгт өшиглөж гэмтэл учруулсаны улмаас мэс заслаар шээсний сүвний гадна үтрээнд зүслэг хийж шээсний сүвийг тусгай материалаар бэхлэсэн нь хөндөгдөж унжсаны улмаас шээс нь задгайрч биеийн доод хэсгээрээ, хоёр хөлийн хэсэгт байнгын янгинаж өвдөх, зовиурлах, алхаж явахад маш их хүндрэлтэй зэргээс болж эмчилгээ хийлгэж байгаа ба цаашид мэс засалд орж байж эргэж хэвийн байдалдаа орох,

 

2-рт хамрын ясны хугарлыг зөөлөн эдийн буюу хацрын ясны няцрал, эдээг эдгэрсэний дараа мэс засалд орж байж ба хэвийн болох ба дээрх 2 мэс заслыг Г.Баярсайхан хохирол төлбөрөө барагдаагүйгээс болж өнөөдрийг хүртэл өвчинтэй, маш их зовиуртай, байнгын эм тариа хэрэглэж, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүйд хүрээд байна.

 

Шүүх “Эрхэст оргил” чих хамар хоолойн эмнэлэгт 3 хоног хэвтэж эмчлүүлсэн 90.000 төгрөг, “АСЭ” эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн төлбөр, 33.000 төгрөг, хэвтэж эмчлүүлэх урьдчилгаа төлсөн 240.000 төгрөг зэрэг нь нотлох баримтын шаардлага хангасан гэм хорын хохиролд хамааралтай гэж үзэж нийт 363.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэжээ.

 

Хэрэг бүртгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17:50 минутанд үйлдэгдсэн “бичиг баримт хураан авах тэмдэглэл”-ийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу үйлдэн дараах баримтуудыг нотлох баримтаар хураан авч хавтаст хэрэгт хавсаргасан.

 

1. “Төгс ялгуун эмнэлэгт хамар үзүүлсэн төлбөрийн баримт-1 хуудас /10.000 төгрөг, хх-ийн 104-р хуудас/

 

2. Г.Оюунбилэгийн Улаанбаатар хотоос Орхон аймагт ирсэн шатахууны зардлын баримт -1 хуудас /115.000 төгрөг, хх-ийн 105-р хуудас/

 

3. С.Оюунбилэгийн Орхон аймагт ирж байрласан зочид буудлын төлбөрийн баримт-1 хуудас /хх-ийн 107-р хуудас, 75.000 төгрөг/.

 

Хавтас хэргийн 116-р хуудсанд 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн “бичиг баримт хураан авсан тэмдэглэл”-ээр:

 

1. Эрхэст оргил эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөрийн баримт-1 хуудас /хх-ийн 117-р хуудас, 90.000 төгрөг/

 

2. Төгс ялгуун эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт-1 /хх-ийн 122-р хуудас, 50.000 төгрөг/

 

3. Орхон аймгийн БОЭТ-д толгойны зураг авахуулсан төлбөрийн баримт-1 /хх-ийн 124-р хуудас, 50.000 төгрөг/

 

4. Медипас эмнэлэгт томографын зураг авахуулсан төлбөрийн баримт 1 /хх-ийн 100-р хуудас, 103-р хуудасны ар тал, 125-р хуудас, 150.000 төгрөг/

 

5. Орхон аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасгийн эмчид үзүүлсэн үзлэгийн тэмдэглэл болон уух эмийн жорын баримт 4 /хх-ийн 130, 131-р хуудас, 39.800 төгрөг/

 

Мөн хавтаст хэрэгт хохирогч С.Нарангэрэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэг, өмгөөлөгч нараас :

1. АСЭ шинжилгээ-47.000 төгрөг /101 хуудас, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны даавар/

 

2. ЭММЖ хамрын хагалгаа хийлгэхэд 1.798.000 төгрөг /гаргаж өгсөн баримт/

 

3. Өмгөөлөгчийн хөлсөнд-2.500.000 /баримт гаргаж өгсөн/

 

4. АСЭ эмз-ын эмнэлэгт өгсөн шинжилгээний төлбөр 33.000 төгрөг /172 хуудас/

 

5. Нотаритаар бичиг баримт баталгаажуулсан төлбөр - 6.500 төгрөг /171 хуудас/

 

6. АСЭ эмз-ын эмнэлэгт давсаганд хагалгаа хийлгэх төлбөр 2.000.000 төгрөг,

 

7. 2017 оны 01 дүгээр сарын 16-нд өдрийн шүүх хуралд Улаанбаатар хотоос галт тэргээр ирсэн баримт болон буудалд төлсөн баримт-50.000 төгрөг,

 

8. Номун эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсний төлбөр 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны хүртэл 264.260 төгрөг /хх-ийн 109-р хуудас, тодорхойлолт/

 

9. 2016 оны 10 дугаар сарын 17-оос одоог хүртэл /7.228.560 төгрөг/

 

10. Сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг

 

11. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны шүүх хуралд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэгийн Орхон аймагт буусан буудал - 40.000 төгрөг, УБ-Орхон-УБ хооронд зорчсоны галт тэрэгний тийз 53.550 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар шинжлэн судалж хэлэлцүүлсэн болно.

 

Дээрх баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бүрдүүлсэн, гаргаж өгсөн нотлох баримтууд ба энэхүү баримтуудыг шүүх үнэлж дүгнээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

 

Иймд ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Баярсайханаас хохирогч С.Нарангэрэлд учирсан хохирол болох 15.900.560 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна... гэв.

 

ТОДОРХОЙЛОЛТ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Б.Адалбек нар нь “...нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бүрдүүлсэн, шүүх үнэлж дүгнээгүй нь хууль зөрчсөн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Баярсайханаас хохирогч С.Нарангэрэлд учирсан хохирол болох 15.900.560 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх давж заалдах гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд:

 

Булгадар овогт Гүржавын Баярсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19  цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-12 дугаар байрны хажууд байрлах хүүхдийн тоглоомын талбайд хохирогч С.Нарангэрэлтэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Мөн шүүх гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой нотлох баримтууд /хх 100-109, 117-131,167-177/-аас нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж,  шүүгдэгч Г.Баярсайханаас 363.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Нарангэрэлд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Харин нотлох баримтгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй /хуулбарласан/ нэхэмжилсэн бусад хохирлыг хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсан байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх өмгөөллийн хөлс 2.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дурьдсан атлаа тогтоох хэсэгт  орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх шүүгдэгчээс хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирогч болон түүний өмгөөлөгчийн хооронд талуудын хүсэл зоргийг илэрхийлсэн хэлцэл сайн дурын үндсэн дээр хийгдсэн ба үүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Б.Адалбек нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын  шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                             

 

 

            ШҮҮГЧ                                                                                   С.УРАНЧИМЭГ

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              З.ХОСБАЯР