Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 04

 

                                                               Д.Ч-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Я.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 944 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 909 дүгээр магадлалтай, Д.Ч-д холбогдох 1710000000110 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Ч-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Г овогт Д.Ч нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ч-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Д.Б нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ч-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Ч гаргасан гомдолдоо: “2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Д.Б-тай маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэж 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Гэтэл энэ өдөр Д.Б-г зодсон асуудал байхгүй болохыг тухайн үед дуудлагаар ирсэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа Н.Ц, уг үйл явдлын үеэр орж ирж нүдээр харсан цорын ганц хөндлөнгийн гэрч Намжил, цагдаагийн алба хаагчдын дараа орж ирсэн С.Д, Ц.Э нарын мэдүүлгүүд болон тухайн өдрийн хэрүүл маргааны үеэр Д.Б-гийн өөрийнх нь утсаар хийсэн бичлэг дээрээс тодорхой харагддаг боловч прокурор, шүүхийн зүгээс Д.Б-гийн охиноо авах санаархлаар ах дүүстэйгээ үгсэн хуйвалдаж зохиосон зохиолд итгэн үнэмшиж, гэмгүй хүнийг гэмт хэрэгт хилсээр ялласан явдлыг хянан үзэж, намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баатар хэлсэн саналдаа: “Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгож байсан. Мөрдөн байцаагч дээд шатны прокурорт санал бичсэн боловч дээд шатны прокурор саналыг хүлээж аваагүй. Энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон эрхийн акт гараагүй байхад дахин 2 хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд Д.Ч-д холбогдох эхний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Батбаяр хэлсэн саналдаа: “Д.Ч-ын эхний үйлдэл нь цагдаа Н.Ц-ын мэдүүлэг болон хохирогчийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон. Гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс тухайн хэрэг болох үед байгаагүй боловч шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Гэрлэлт цуцлуулах асуудал эрүүгийн хэрэг болсны дараа үүссэн. Шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны үндэслэлтэй гарсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодиос гадна сэтгэл санаанд зовлон шаналал үүсгэдэг. Хохирогч дарамтанд байсан болох нь түүний мэдүүлгүүдээс харагдаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Ч-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Д.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Д.Ч нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан хотхонд өөрийн гэртээ эхнэр Д.Б-д хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн 2018 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00б байрны 00 тоотод эхнэр Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Д.Б, гэрч Н.Ц, Т.П, Т.Н, Б.О нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, аюулын зэргийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Ч-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ч-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзэхэд түүнийг хилсээр ял шийтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийг зөв тайлбарлаж, Д.Ч-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Иймд “Гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү” гэх шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 944 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 909 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ч-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

               ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН