Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2019/0573

 

2019 оны 11 сарын 07 өдөр           Дугаар 221/МА2019/0573                          Улаанбаатар хот

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ц нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 118/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын дагуу “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг дарга, Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 118/ШШ2019/0019 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Манай байгууллага нь М-ийн аман дахь амралтыг 1996 онд барьж байгуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог бөгөөд иргэн Г.Ц нь 2002 оноос хойш манай байгууллагын эзэмшлийн 4 га газрыг үндэслэлгүйгээр эзэмшиж байсан.

Аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаартай захирамж нь хууль тогтоомжид нийцэж гарсан гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Завхан аймгийн Засаг даргын 262 дугаар захирамжаар Алдархаан сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар захирамжийг хүчингүй болгосон үндэслэл нь тодорхойгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлйн 31.3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг баримталсан байгаа боловч хэний эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцаж байгаа нь тодорхой бус тул захирамжийн 2 дахь заалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд маргаан бүхий 4 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснээс үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны газартай давхацсан гэж үзэх боломжгүй, 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.6-д заасан үндэслэлүүдээс алийг нь хамааруулж байгаа нь тодорхойгүй, 40.1 дэх заалтыг бүхэлд нь баримталсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь маргаан бүхий 4 га газарт 1996 онд амралтын газрын зориулалтаар барилга байгууламж барин Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтад зааснаар эзэмшиж, ашиглаж байсан газрыг “М” ХХК нь Алдархаан сумын Засаг даргын 2005 оны газар эзэмшүүлэх тухай захирамж гаргуулан манай байгууллагын эзэмшиж, ашиглаж байсан газрыг хууль бусаар эзэмших болсон тул тухайн үеийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дарга нь аймгийн Засаг даргад хүсэлт гаргаж, аймгийн Засаг даргын 2008 оны 262 дугаартай захирамж гарсан.

Эзэмшиж, ашиглаж байсан гэдэг нь зөвхөн захиргааны актаар хязгаарлагдахгүй бөгөөд тухайн иргэн, аж ахуй нэгж эзэмшилдээ байлган ашиглаж байсныг ойлгоно.

Гэтэл анхан шатны шүүх аймгийн Засаг даргын 2008 оны 262 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд манай байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд халдсан “Монгол голомт” ХХК-ийн хууль бус үйлдлийг зөв мэтээр дүгнэсэн нь Үндсэн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрт “... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар 262 дугаар захирамжийг гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүлйийн 47.3 дахь хэсэгт “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байх”-аар байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Аймгийн Засаг даргын 262 дугаартай захирамж нь 2 зүйлийг зохицуулсан бөгөөд 1 дүгээр заалтаараа Алдархаан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон, 2 дугаар заалтаараа манай байгууллагад маргаан бүхий 4 га газрыг эзэмшүүлсэн байдаг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх олгогдон чиг үүрэгт нь хамаарч байх тул сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох хууль зүйн хувьд боломжтой. Харин сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосонтой холбоотойгоор маргаан бүхий 4 га газрын эзэмшлийг шийдвэрлэх нь тусдаа асуудал бөгөөд ... 47.3 дахь хэсэгт зааснаар захиргааны акт гаргах гол үндэслэл биш бөгөөд гол үндэслэлийг дагалдаж гарсан шийдвэр юм.

Аймгийн Засаг даргын 2008 оны 262 дугаартай захирамж гарах болсон хууль ёсны үндэслэл, шалтгаан нь Алдархаан сумын Засаг даргын 2005 оны 18 дугаартай захирамж хууль тогтоомжид нийцээгүй учир түүнийг хүчингүй болгох асуудал нь гол үндэслэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20119 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар захирамжаар тус сумын “М-н ам”-ны 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 40 жилийн хугацаагаар “М” ХХК-д эзэмшүүлжээ.

Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “М” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн дээрх захирамжийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар тус газрыг аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжаар тус сумын Богдын гол багийн нутаг Мөстийн аманд байрлах 40047.27 м.кв газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд амралт, аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн уг захирамжуудыг нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулахаар тус тус шаарджээ.

1 . Нэхэмжлэгчээс хариуцагч Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 262 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Хэдийгээр уг захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд[1] заасан аль үндэслэлээр шаардаж буй нь тодорхой биш боловч тул шүүх маргаж буй актыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шалгаж шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

А) Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга ... өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл тус захирамжийн 1 дэх заалтаар Алдархаан сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар захирамжийг хүчингүй болгох эрх хуулиар хариуцагч Завхан аймгийн Засаг даргад олгогдсон, утга агуулгын алдаагүй, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй байна. Мөн тухайн газар дээр байгаа гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө байгаагаас үзвэл гуравдагч этгээд маргаан бүхий газрыг бодитоор эзэмшиж байсан гэж үзэхээр байх бөгөөд Завхан аймгийн Засаг даргын захирамжийг уг заалтаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Б) Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 262 дугаар захирамжийн 2 дахь заалтаар маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн талаар хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[2] “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтыг зөрчиж байгаа тул ... уг шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.3 дахь заалтын дагуу эрх зүйн зөрчилтэй гэж үзэж байна” гэж дурджээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас уг захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь илт хууль бус биш тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй.  

2. Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2018 оны А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд тухайн газарт өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьж бодитоор эзэмшиж байх үед маргаан бүхий газрыг 2005 онд сумын Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцээгүй.

Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Алдархаан сумын Засаг даргын 2005 оны захирамжийг хүчингүй болгосон Завхан аймгийн Засаг даргын захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч Алдархаан сумын Засаг дарга 2018 оны А/71 дүгээр захирамжаар үл хөдлөх хөрөнгө нь байрлаж буй маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2018 оны А/71 дүгээр захирамжаар 1996 оноос хойш барилга байгууламж барин эзэмшиж ирсэн газрыг нь гуравдагч этгээд Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгосон. Харин өмнө нь хэн нэгний эзэмшиж, ашиглаж байгаагүй газрыг эзэмшүүлэхэд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журам үйлчлэхээр байна. 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий газрыг 2005 оноос хойш аялал жуулчлалын зориулалтаар ашиглахдаа гуравдагч этгээдийн хөрөнгөд засвар оруулсан гэх зэргээр өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс зохих журмын дагуу хохирлоо шаардах эрхтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 118/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-аас Завхан аймгийн Засаг дарга, Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “тус аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Алдархаан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

 


[1] Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл (2002 оны)

[2] Хэргийн 39-р тал