Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1514

 

     “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03351 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ө.Урангэрэлд холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 61 738 325 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ө.Урангэрэл  нь тус банктай 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 3004-2014/71 тоот зээл, барьцааны гэрээ тус тус байгуулан 52 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, зээлийн жилийн 28.8 хувийн хүүтэй авсан. Зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд барьцаанд Ө.Урангэрэлийн өмчлөлийн Ү-2205030535 дугаар улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/1 дүгээр байрны 909 тоот, 48.77 м.кв талбай, 3 өрөө орон сууцыг тавьсан бөгөөд зохих журмын дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн. Зээлдэгч Ө.Урангэрэл нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байсан тул зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрэхгүй байна. Иймд 3004-2015/71 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Б.Урангэрэлээс үндсэн зээл 47 643 482 төгрөг, зээлийн хүү 6 952 702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58 900 төгрөг, нийт 54 655 084 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай банк хуульд заасны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 24-нөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүнд 2 604 862 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүнд 3 354 427 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 25-наас 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүнд 1 123 952 төгрөгийг тус тус нэмж нэхэмжилж байна. Хариуцагч нь зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хугацаанаас өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 47 643 482 төгрөг, хүү 13 869 754 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225 000 төгрөг, нийт 61 738 325 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Урангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Капитрон банк” ХХК-иас 2014 оны 4 дүгээр сарын 07-нд зээлийн гэрээ байгуулан 52 000 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх бизнесээ өргөжүүлэх зорилгоор авсан. Тухайн үед бизнес сайн явж Улаан-Үд хотод салбараа нээж ажиллуулсан. Гэвч хямрал эхэлж сайн явж байсан бизнес маань зогсонги байдалд орж захиалсан бараагаа хүмүүс авч чадахгүй төлбөрөө хийхгүй удаж зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Гэвч банкинд тухай бүр учраа тайлбарлан хугацаа хоцорсон ч төлбөрөө хэсэг хугацааны дараа бөөнөөр нь төлж байсан. Гэтэл банк бизнес эрхлэгчийг дэмжиж ажиллана гэж ярьж байгаа ч зээлийн гэрээ байгуулан 60 сарын хугацаатай авсан зээлийн гэрээг цуцлан шууд л хүний ашигтай үнэд хүрч болохуйц барьцаа хөрөнгийг зарж борлуулахаа урьтал болгож тэр тухайгаа нэхэмжлэлдээ дурдаж шүүхэд өргөдөл гаргасан байна. Иймд бизнес эрхлэгч залуу бид нарыг дэмжин одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзээд хугацаа нь дуусах болоогүй зээлийн гэрээг цуцлан барьцаанд халдах шийдвэр гаргахгүй байхыг хүсье. Миний хувьд гэрээгээ цуцлалгүй тодорхой хугацааны дотор зөрчлөө арилгаж зээлээ хэвийн хэмжээнд оруулан цаашид зээлээ төлж явах хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Урангэрэлээс 61 738 325 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж, 25/1 дүгээр байрны 909 тоот, 48.77 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай Ү-2205030535 эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587 999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 587 999 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд зээлдэгч талын хүсэл зоригийг үл харгалзан илт давуу байдлаар хүсэлт гомдлыг хүлээн авалгүй, мэтгэлцэх боломж хангаагүй банкны талд шийдвэр гаргасан. Тухайлбал, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн дүгнэлт бодит байдалд нийцээгүй, хариуцагч талын эрхийг ноцтой зөрчсөн нэхэмжлэгч талд үйлчилсэн дүгнэлт гэж үзэж байна. Би өвчтэй, нуруу татдаг хуучтай бөгөөд энэ үед хөдөө явж даарсны улмаас хууч сэдэрч акттай, зүү эмчилгээ тариатай хэвтрийн дэглэм сахиж байсан. Ийм учраас утсаар ярьж хүнээр акт өргөдөл, хүсэлтээ өгч явуулсан боловч аваагүй байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохоо мэдэгдсэн байсан. Гэтэл миний өвчтэй байсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүйд гайхаж байна. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн талуудын хоорондын зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Ө.Урангэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61 738 325 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөх хүсэлтэй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр №3004-2014/71 тоот зээлийн гэрээ, №3004-2014/71 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, 52 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/1 дүгээр байрны 909 тоот, 48.77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байна. /хх-10-13, 16-18/

           

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт тус тус зааснаар байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байх ба хариуцагч Ө.Урангэрэл нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, нэхэмжлэгчээс 2015 он 4 дүгээр сарын 14-ний өдөр 1579 дүгээр албан бичгээр зээлийг хугацаанаас өмнө цуцлах талаар мэдэгдсэн байх тул Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу “Капитрон банк” ХХК нь гэрээг цуцалж, зээлийг хугацаанаасөө өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй.

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь  хянан үзэх эрхтэй. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг нь зөрчсөн, оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдснээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж шүүхийг буруутгах боломжгүй.

 

Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой эрх зүйн маргаан, түүний үр дагаврын талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамааралгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгаа учраас энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан этгээд нь зээлээ хугацаанд нь төлөх, гэрээгээр тохиролцсон хугацааны хүү төлөх, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтрүүлсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх журамтай.

          Хэдийгээр талуудын хоорондын зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Ө.Урангэрэл зээл төлөх хуваарийг зөрчсөн нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй зөрчилд тооцогдох тул зээлдүүдэгч банкны хувьд гэрээг цуцлахаар шаардлага гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч энэ шаардлагаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой зааж, хариуцагч Ө.Урангэрэл зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн, зээл төлөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас гэрээнээсээ татгалзаж, цуцалж байна гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс талуудын зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд зээлдүүлэгч нь гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

Харин зээлдэгч буюу хариуцагчийн хувьд зээлийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаварт гэрээний дагуу шилжүүлсэн эд зүйлээ буцаан шаардах эрх үүснэ. Ийм учраас нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардана.

 

          Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хүү 6 952 702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58 900 төгрөг, үндсэн зээл 47 643 482 төгрөг, нийт 54 655 084 төгрөгийг хариуцагч Ө.Урангэрэлээс гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээ зохих ёсоор байгуулагдсан, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар гаргасан шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03351 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажилгааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1...” гэснийг  “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 3004-2014/71 тоот зээлийн гэрээг цуцалж...”гэж, “...61 738 325...” гэснийг “...54 655 084...” гэж, "Капитрон банк” ХХК-д олгосгугай“ гэснийг "Капитрон банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 083 241 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

             2 дахь заалтыг “....587 999...” гэснийг “...431 225...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Урангэрэлээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ      

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА