Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2023/00385/И |
Дугаар | 210/МА2024/01578 |
Огноо | 2024-08-09 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01578
2024 08 09 210/МА2024/01578
М.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/02956 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: М.*******
Хариуцагч: ******* ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Өмгөөлөгч М.******* нь 2018 онд ******* ХХК-ийн удирдлага С.*******тай уулзаж, тус компаниас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ******* ХХК-тай холбоотой иргэний хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн туслалцаа үзүүлсэн.
Тухайн иргэний хэрэг 2018 онд 10 дугаар сараас шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус тус хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
1.2 ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.******* тус маргаанд биечлэн оролцоогүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.*******ыг оролцуулж хэргийг өмгөөлөх тактик, төлөвлөгөө зэрэг бүх ажиллагааг өмгөөлөгчийн хувьд бүрэн хариуцаж ажиллахаар болсон. Хэргийн оролцогчид Эвлэрлийн гэрээ байгуулсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШШ2021/01942 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, уг хэрэг маргаан 3 жил гаруй үргэлжилсний эцэст дуусгавар болсон. Тус хэрэгт өмгөөлөгчийн хувьд хууль зүйн туслалцааг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан.
1.3 ******* ХХК нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 100,000,000 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн. Үүнээс 5,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг иргэний хэрэг дуусгавар болсон, компаниа бусдад худалдсан хойно шилжүүлэхээр тохиролцсон. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсны дараа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний зохих төлбөрийг нэхсэн боловч компаниа бусдад худалдах гэж байна өмгөөлөгч таниар гэрээ контрактаа хийлгэнэ тэгээд төлбөрийг шилжүүлнэ гэсэн боловч холбоо барихгүй сураггүй болсон.
Иймд ******* ХХК-иас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2020 2/06-01 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-тэй холбоотой аливаа төлбөр тооцоо манай компанид байхгүй. Уг гэрээг ******* ХХК-ийн тухайн үеийн 60 хувийн хувьцаа эзэмшигч С.*******тай байгуулсан. С.******* нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд тул дан ганц түүний гарын үсгээр гэрээ хүчин төгөлдөр болох боломжгүй. Гэрээнд тухайн үеийн гүйцэтгэх захирал буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Д.******* гарын үсэг зураагүй.
Иймд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус.
2.2 Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний маргаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцохдоо ******* ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.*******тэй 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний үндсэн дээр оролцож байсан. Гэтэл нэхэмжлэгч М.******* нь С.*******г компанийг төлөөлөх эрхгүй гэдгийг мэдсээр байж ямар үндэслэлээр түүнтэй гэрээ байгуулж, одоо уг гэрээний дагуу компаниас төлбөр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй.
2.3 Компанийн одоогийн гүйцэтгэх удирдлага В.******* нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өмнөх захирал Д.*******ээс ажлаа хүлээн авч, одоог хүртэл ажиллаж байгаа. Анх ажил хүлээж авах үед нэхэмжлэгчтэй болон түүнтэй байгуулсан гэрээ хэлцлийн төлбөр тооцооны талаар ямар нэгэн баримт материалыг хүлээж аваагүй. Өмнөх гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нараас компанийн одоогийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагад нэхэмжлэгч М.*******тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2020 2/06-01 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-ний өр төлбөрийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй тул компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнд заасны дагуу энэхүү асуудлыг өмнөх удирдлагууд хариуцах ёстой.
Компанийн одоогийн удирдлагуудад нэхэмжлэгч М.*******тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2020 2/06-01 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-тэй холбоотой мэдээлэл байхгүй тул тэрээр гэрээнд заасан ажил үүргээ бүрэн хийж гүйцэтгэсэн эсэх, ажил дууссаны дараа талууд гэрээг дүгнэсэн эсэх, өмнөх удирдлагуудын зүгээс түүнд ажлын хөлсөнд нийт хэдэн төгрөгийг өгсөн болох, хэрэв тооцоо дуусаагүй гэж үзвэл хэдэн төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа талаар тайлбар өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 70,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 М.******* нь гэрээг ******* ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй байгуулсан тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хуулийн этгээдээс шаардаж байгаа нь үндэслэлгүй.
4.2 Хариуцагчийн зүгээс С.*******г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж, уг гэрээтэй холбоотой тайлбар, нотлох баримтуудыг гаргуулах замаар хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг бүрэн гүйцэт, үнэн зөв шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүссэн боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсний улмаас тухайн хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт тодруулах боломжгүй болгож, зөвхөн нэхэмжлэгч талын тайлбар дээр үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, гэрээ байгуулагдах үед тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гүйцэтгэх захирал Д.******* байсан. Мөн М.******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний маргаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцохдоо ******* ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.*******тэй байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний үндсэн дээр оролцож байсан. Гэтэл М.******* нь С.*******г компанийг төлөөлөх эрхгүй гэдгийг мэдсээр байж ямар үндэслэлээр түүнтэй гэрээ байгуулж, одоо уг гэрээнийхээ дагуу компаниас төлбөр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй.
4.3 Тухайн маргаан бүхий гэрээгээр талууд ******* ХХК-д хамааралгүй, С.*******д хамааралтай ажил үүргийг хийж гүйцэтгэх талаар тохиролцсон байдаг. Анхан шатны шүүх маргаан бүхий Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г нэхэмжлэгч М.******* болон хариуцагч ******* ХХК гэх хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэж дүгнэсэн. Хэргийн материалд С.******* нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд байсан гэдгийг нотлох баримт байхгүй.
4.4 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй маргаан бүхий хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний цар хүрээ буюу гэрээгээр гүйцэтгэх ажил үүргийн хэмжээг санаатайгаар буруу тодорхойлсон. Учир нь, тухайн гэрээний 2 дугаар зүйлд гэрээний агуулга гэсэн хэсэгт 2.1.а, 2.1.б, 2.1.в, 2.1.г гэсэн нийт 4 төрлийн ажил үүргийг хуульч хийж гүйцэтгэсэн тохиолдолд мөн гэрээний 3.1-д заасан 100,000,000 төгрөгийг авахаар тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, гэрээний нийт үнийн дүн 100,000,000 төгрөг боловч, үүнээс нэхэмжлэгч урьдчилгаанд 5,000,000 төгрөг авсан гэж тайлбарладаг. Гэвч тэрээр 70,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь талуудын хооронд өөр өгч авалцсан тооцоо байгаа эсэх, урьдчилгаанд авсан гэх 5,000,000 төгрөгийг хэнээс авсан болох талаар баримт байхгүй.
4.5 Гэрээний 2.1.а, 2.1.6-д заасан ажил үүрэг ******* ХХК-д хамааралтай байж болох юм гэж үзлээ гэхэд 2.1.в, 2.1.г-д заасан ажил үүрэг тухайн компанид ямар ч хамааралгүй. С.*******д хамааралтай хууль зүйн туслалцааны асуудал байгаа нь илэрхий байхад шүүх энэ талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй.
4.6 Гэрээнд заасан дээрх 4 төрлийн ажил үүрэг тус бүр нь хэдэн төгрөгийн үнэ хөлстэй болох, гэрээний 3.1-д зөвхөн гэрээний нийт үнийн дүнг л бичсэн байх болохоос ажил тус бүрийн үнэ хөлсийг салгаж заагаагүй байна. Энэ тохиолдолд хэрэв хуульч дутуу гүйцэтгэлтэй тохиолдолд гэрээг хэрхэн дүгнэх, төлбөр тооцоог хэрхэн дуусгавар болгох талаар шүүх дүгнэлт хийхгүй орхигдуулсан.
4.7 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу бодит үйлдлээр Иргэний хуулийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Гэвч, шүүхийн энэ дүгнэлт нь хуулийн этгээдийг хэлцэлд төлөөлөх эрх С.*******д олгогдоогүй, тухайн хэлцэл М.*******, С.******* хоёрын хооронд хүчин төгөлдөр байж болох хэдий ч, нэхэмжлэгч М.******* болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдгийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл биш. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа, гэрээнд заасан ажил үйлчилгээг бүрэн хэрэгжүүлээгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч тайлбарласаар байтал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн хэмээн дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1 Хариуцагч компанитай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж ажилласан. Гэрээтэй холбоотой хариуцагч тал төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан гэж үздэг. Хуулийн этгээдийн бүртгэлээр эцсийн өмчлөгч С.******* гэж тогтоогдсон. Тийм учраас би тухайн үед хуульч өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа компанийн гүйцэтгэх эрх мэдэл бүхий хуулийн этгээд, хувьцаа эзэмшигч С.*******тай гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Хариуцагч гэрээг ******* ХХК-тай байгуулсан гэдгийг үгүйсгэсэн үндэслэл хэлдэггүй, харин хувьцаа эзэмшигч С.*******тай гэрээ байгуулж гарын үсэг зурсан гэдэг. Тухайн гэрээг хуулийн этгээд болох хууль ёсны өмчлөгч нь гарын үсэг зурж байгуулсан.
5.2 Нэхэмжлэлийн шаардлагад Хан-Уул дүүрэгт Хятад компаниудын хооронд гарсан маргаан байдаг. Тухайн маргаан нэг талаас Хятад Улсын ******* ХХК, нөгөө талаас ******* ХХК-ийн Даяар Монгол зэрэг иргэд асуудал үүсгээд тухайн маргаан хүндрээд Цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газар, сүүлдээ Хятад Улсын элчин, нийгэмлэгийг маш ойлгомжгүй нөхцөл байдалд оруулж ирсэн хэрэг байдаг. Тийм учраас сөрөг нэхэмжлэл гараад энэ асуудлыг эцсийн байдлаар хуулийн дагуу шийдвэрлэе гэж гэрээ байгуулсантай холбоотой 70,000,000 төгрөгийн асуудал дурдагддаг. Тухайн ******* ХХК-ийн маргаан анхан шатны шүүхэд талууд эвлэрэх байдлаар дууссан. Үүний дагуу гэрээнд заасан хөлсөө нэхэмжилсэн.
5.3 Хариуцагч компанийн хувьд олдохгүй, компаниуд хариуцахгүй гэдэг боловч хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан учраас би хуулийн этгээдэд нэхэмжлэл гаргаад явсан. Гуравдагч этгээдийн эрх үүргийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. С.*******г гэрчээр дуудсан боловч ирээгүй. Үүнд С.*******гийн хувьд эрх, ашиг хөндөгдөхгүй. ******* ХХК өмнө нь хувьцаа худалдаад С.*******тай гэрээ байгуулах гэрээний үүргээ зөрчсөн гэдэгт хариуцагч гэрээний үүргээ шаардах эрх нь нээлттэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 70,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийг ...гэрээг хариуцагч компанийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан, нэхэмжлэгч үүнийг мэдэж байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус, ...гэрээний үүргийг хариуцагч хариуцахгүй, ...нэхэмжлэгч гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгээгүй гэх агуулгаар үгүйсгэн маргасан.
3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.
3.1 ******* ХХК нь М.*******тай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулсан. Талууд энэ талаар маргаагүй. Гэрээгээр М.******* нь ******* ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-тай байгуулсан Хайрганы карьерийг хариуцан ажиллах гэрээ-тэй холбоотой харилцаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэрэг маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр бүх шатны байгууллага, шүүхэд төлөөлөн оролцохоор тохиролцсон. /хх 233/
3.2 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02780 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 374 дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2019/00875 дугаар тогтоолоор шүүхийн дээрх магадлал, шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. /1хх 31-32, 38-45, 48-53/ Дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны журмаар дахин хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцсон. /1хх 58-80/
3.3 Хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцэх явцад буюу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр талууд эвлэрснийг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.
3.4 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар С.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, Д.******* нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, харин эцсийн өмчлөгчөөр С.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл, мөн тус компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл тус тус улсын бүртгэлд бүртгэлтэй байна. /1хх 127-128/
4. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 2020 2/06-1 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргааны зүйл болсон.
4.1 Дээрх гэрээнд нэг талаас нэхэмжлэгч М.*******, нөгөө талаас хариуцагч ******* ХХК-ийг төлөөлж С.******* нар харилцан гарын үсэг зурсан байхаас гадна ******* ХХК-ийн тэмдгийг дарж, баталгаажуулсан байна. /1хх 8-13/
5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Хэдийгээр С.******* нь ******* ХХК-ийг төлөөлж нэхэмжлэгчтэй 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2020 2/06-1 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулах цаг хугацаанд ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага бус, харин компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан, мөн хариуцагч компанийн тэмдгийг тухайн гэрээнд дарж, баталгаажуулсан үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нөхцөл байдал бий болсон байна.
5.1 Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.
5.2 Иймд нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2020 2/06-1 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Дээрх гэрээний 2.1-т хуульч нь дараах иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлнэ. а. ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хуюэн синхан ХХК-д холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэл, б. Тус хэрэг маргаанд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл /500 сая төгрөг/ болон тус хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллах, в. ******* ХХК-ийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас сэргээх харилцаанд хууль зүйн зөвлөгөө өгөх, г. ******* ХХК болон тус компанийн ашигт малтмал тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх /эрх шилжүүлэх, худалдах, хувьцаа худалдах/ харилцаанд хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөлөгчөөр ажиллах гэж, 3.1-т гэрээний 2.1-т заасан ажил үүргийг гүйцэтгэсэн бол 100 сая төгрөг төлнө гэж, 1.5-д Хуульч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үйлчлүүлэгчийн ******* ХХК-д холбогдуулан гаргасан иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд сөрөг нэхэмжлэл /500 сая төгрөг/ гаргасан нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хөлс, хуульчийн гүйцэтгэх ажлыг нэмэгдүүлэн энэхүү гэрээг байгуулсан болно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, талууд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-д заасан нэхэмжлэгчийн хүлээсэн ажил үүрэгтэй холбоотойгоор 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2020 2/06-1 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулж, ажлын ерөнхий нөхцөл, хэмжээ, хөлсийг харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.
7. Гэрээний дагуу талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Мөн зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
7.1 Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол болон хэргийг хялбаршуулсан журмаар буюу талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон зохигчийн тайлбараар нэхэмжлэгчийг гэрээгээр тохиролцсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэсэн, хариуцагч нь ажлын үр, шимийг хүртсэн гэж үзнэ. Түүнчлэн, хөлсөөр ажиллах гэрээний зүйлд ажлын үр дүн хамаарахгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээ хүчин төгөлдөр бус, ...ажлыг С.******* хүртсэн, ...нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Гэрээний 3.1-т ажлын хөлсийг 100,000,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь гэрээний хөлс 70,000,000 төгрөг шаардсаныг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн байна.
9. Хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.*******г гуравдагч этгээдээр оролцуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болох нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Түүнчлэн, энэ шийдвэртэй холбоотойгоор С.*******гийн эрх, ашиг хөндөгдөхгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гуравдагч этгээдээр С.*******г оролцуулах ёстой байсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/02956 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН