| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 799 |
| Огноо | 2019-05-08 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 17.3.2.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 799
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Хохирогч Д.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч нар И.Батбаяр, Ц.Эрдэмбилэг,
Гэрч Ц.Ууганцэцэг,
Шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Б т холбогдох эрүүгийн 1806 01654 1087 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ компанид борлуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, М.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Б нь “Номин холдинг” компанид борлуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа иргэн Д.Сэлэнгэд "БНХАУ-аас бараа буюу хүүхдийн цүнх оруулж ирж “Номин” компанийн сүлжээ дэлгүүрүүдээр зарж борлуулж богино хугацаанд ашиг олно гэж худал хэлж Д.Сэлэнгэд итгүүлж 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны салбараар дамжуулан түүнээс 50.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлэх нэрээр хуурч, бодит байдлыг нуух замаар, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...Миний хувьд тухайн үед “Номин” ХХК-нд худалдааны менежерээр ажилладаг байсан. Ц.Ууганцэцэг бид хоёр нэг компанид 12 жил хамт ажилласан, найзууд байгаа юм. Тухайн үед Ц.Ууганцэцэг “Номин” ХХК-нд бараа нийлүүлж, бизнес хиймээр байна” гэж байсан. Харин би “ийм сайт байна, эндээс үзэж болно” гэж цүнхний асуудлын хувьд иймэрхүү яриа өрнөж байсан. Хэзээ ч би цүнх оруулж ирнэ гэж хэлж байгаагүй. Тухайн үед би “Номин” ХХК-нд нийлүүлэлтийн менежер хийдэг байсан нь үнэн. Надтай бараа нийлүүлэх талаар байнга ярьж харилцдаг байсан. Үүн дээрээ ашиглаад намайг залилан хийсэн гэж гүтгэсэн. Би нэг ч хүн залилан мэхлээгүй. Өнөөдрийг хүртэл би мөнгөө төлөөд л явж байна. Д.Сэлэнгэтэй би анхнаасаа ярьж, уулзаагүй. Ц.Ууганцэцэгийг ярихад өнөөдрөөс хэдэн төгрөг бүрдүүлье маргааш нь буцаагаад яръя гээд маргааш нь “Баянмонгол” хорооллын “ХААН” банк дээр уулзсан. Уулзахдаа бид хоёр юу ч яриагүй. Д.Сэлэнгэ нь миний өмнө оочирлож зогсож байгаад “за ингээд авлаа шүү” мөнгөө өгөөд салсан. Д.Сэлэнгэтэй ямар нэгэн тохиролцоо хийгээгүй. Ц.Ууганцэцэг бид хоёр 10 жил цуг ажилласан, найз учраас намайг мэднэ. “Номин” ХХК-ийн ажилчид намайг залилан хийдэг үгүйг мэднэ. Миний хувьд мөнгө зээлсэн үү гэвэл зээлсэн. Манай гэр бүлийн бизнес байдаг. Хүүхэд маань гадаадад сурдаг, ээж минь өвчтэй байсан учраас би тухайн үед өр зээлний асуудалд орсон. Тухайн үед “та 3 сарын хугацаатай зээлчих” гэсэн. Иймээс надад мөнгөний хэрэг гараад Ц.Ууганцэцэгээс гуйсан. Энэ цүнхний яриа мөнгө зээлэхээс 1 сарын өмнө гарсан яриа. Намайг ямар үндэслэлээр залилан хийсэн болгоод өнөөдрийг хүртэл ингэж явааг ойлгохгүй байгаа. Одоо төлж байгаа 40.000.000 гаруй төгрөгийг би мөнгөний хүүгээ өгөөд явж байгаа л гэж ойлгосон. Надад хүн залилах үндэслэл байхгүй. Би хүн залилах хүн биш. Тухайн үед цалингийн зээл аваад өгөх гэж байтал Д.Сэлэнгэ нь намайг Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн байсан. Гэтэл дахиад Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас ярьсан. Би “Номин” ХХК-нд хорин хэдэн жил ажилласан юм байна. Надад бас хорин хэдэн сая төгрөг гарах боломжтой юм байна гээд зээлийн хурлаар орж байхад Д.Болортунгалагийг шүүхэд өгчихсөн, өр зээлтэй гээд Ц.Ууганцэцэг, Д.Сэлэнгэ хоёр хэлсэн байсан. Тэгээд тэр зээл гарахааргүй болсон. Би тухайн үед захиралтайгаа муудалцаад ажлаасаа гарч байсан. Эргээд хэд хоногийн дараа намайг ажил дээр дуудсан. Тухайн үед намайг ажлаа хийгээд сууж байтал Отгонням, Золзаяа гэх хоёр хүний нөөц намайг дуудаад “чамаас мөнгө нэхэж байгаа хүмүүс “Номин” ХХК-тай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ” гэж хэлээд байна, олон ажилтантай компанийн нэр хүндийг бодоод чи өөрөө энэ бүхнийг зохицуул” гээд намайг ажлаас халсан. Би уг тушаалтай яагаад заргалдаагүй вэ гэхээр ээж маань хоёр хөлөө солиулж байхад энэ компани маш их тусалсан. Тиймээс би эргэж заргалдахгүй гэсэн. Харин “халах мөрөөрөө хал” гэсэн. Яагаад мөнгөө төлөөд яваад байгаа хүнийг залилан хийсэн гээд байгаа юм бэ. Манай өмгөөлөгч Д.Сэлэнгэтэй очиж уулзаад “өр төлбөрийг нь төлье” гэхэд намайг ажлаас халуулсан. Одоо ялтан болгож байж сална гэсэн. Би Д.Сэлэнгээг залиласан зүйл байхгүй...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хувийн байдлыг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Сэлэнгэ мэдүүлэхдээ: “...Ц.Ууганцэцэг эгч над руу яриад “манай цуг ажилладаг М.Б гэх хүн мөнгө асууж байна, 9 сарын 1-ний өдрөөс өмнө урдаас цүнх оруулж ирнэ, өөрөө “Номин” ХХК-нд борлуулаад мөнгийг нь гаргаад өгчих юм” гэсэн. Ц.Ууганцэцэгийг “эгчийнхэн ойрын итгэлтэй сайн найз байгаа юм мөнгө байна уу” гэж над руу ярихаар нь “надад одоохондоо 50 сая төгрөг байхгүй, би хүнээс асууж өгье” гээд “М.Б гэх хүн чинь ямар хүн юм бэ” гэж асуухад “итгэлтэй, найдвартай хүн эгчдээ итгэдэг бол өгөхөд болно доо”, “Номин” ХХК-нд олон жил ажилласан, хаанаас ямар бараа нийлүүлэх талаар шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүн байгаа юм” гэсэн. Би ярьсаны дараа ойрын хамаатан Г.Батнасангаас уг мөнгийг зээлсэн. Тэгээд 8 дугаар сарын 8-ны өдөр над руу М.Б 9909-тэй дугаараас залгаж ярьсан. Тэгэхэд нь би “та юу хийдэг хүн бэ, мөнгийг юунд зарцуулах гэж байгаа юм бэ” гэхэд М.Б би “Номин” ХХК-нд олон жил ажиллаж байна, борлуулалт хариуцсан менежер байгаа юм, Би 9 сарын 1-ний өдрөөс өмнө урдаас хүүхдийн цүнх оруулж ирж “Номин” ХХК-ийн сүлжээ дэлгүүрүүдээр борлуулна, борлуулсан ашгаасаа хүүтэй мөнгийг чинь өгнө, дүүгээ гомдоогүй” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр “Баянмонгол” хорооллын “ХААН” банкны урд уулзсан. “ХААН” банк тухайн үед нэлээн оочиртой байсан. Энэ хугацаанд бид хоёр нилээд олон зүйл ярилцсан. М.Б нь надтай уулзаад байж байхдаа надад “би “Номин” компанид ажилладаг гээд нэрийн хуудсаа өгсөн. Тэгээд “би аягүй их зүйл хийдэг, дүүгээ харж үзнэ, тус боллоо, сарын 6 хувийн хүүг чинь 10 хувь болгоод өгсөн ч болно” гэх зүйлүүдийг ярьсан. Тэгээд мөнгийг минь шилжүүлж авсан. Би нийт 26.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна.”гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг гэрч Ц.Ууганцэцэгийн өгсөн: “.....2015 онд Болортунгалаг надаас мөнгө байна уу гэж асууж байсан. Би “Номин” ХХК-нд цүнх нийлүүлэх гээд эргэлтийн хөрөнгө дутаад байна гэсэн. Би надад байхгүй хүнээс асууж өгье гээд Сэлэнгээгээс асуусан. Тэгээд энэ хоёрыг хооронд нь холбож өгөөд орхисон. Энэ хоёр бие биенээ танихгүй. Би Сэлэнгээтэй ямар нэг хамаарал байхгүй. Болортунгалаг надад анх хэлэхдээ 50.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй олоод өгөөчээ гэсэн. Би тэрийг нь дамжуулсан. Дараа нь 6 хувийн хүүтэй 50.000.000 төгрөг зээлсэн байдаг. Болортунгалаг надад өөрөө найдвартай бараа нийлүүлдэг гэж хэлсэн болохоор би Сэлэнгээд тэгж ойлгуулсан. Би Болортунгалагийн хувийн амьдралыг мэдэхгүй.”гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас
хохирогч Д.Сэлэнгийн өгсөн мэдүүлэг /хх-28, 180/, гэрч Ц.Ууганцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-39, 181/, нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл /хх-40-43/, гэрч Г.Батнасангийн өгсөн тайлбар, мэдүүлэг /хх-126, 44, 112-113/, гэрч С.Бадамгаравын өгсөн мэдүүлэг /хх-190/, гэрч Б.Амарзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-191/, гэрч А.Мөнгөнсүхийн өгсөн мэдүүлэг /хх-192/, Д.Сэлэнгээс М.Б т мөнгө шилжүүлсэн “ХААН” банкны дансны хуулга /хх-11-19/, М.Б ийн “Номин холдинг” ХХК-д ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ цуцалсан ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн лавлагаа /хх-56-73/, хохирлын тооцоо /хх-116-117/, “ХААН” банкны лавлагаа /хх-127-128/, “ХААН” банкны диспозит хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-154-157/, мөнгөн шилжүүлгийн хуулга /хх-20/, хэлцэл баталгаа /хх-21/, М.Б аас Д.Сэлэнгээд гаргасан хүсэлт, тайлбар /хх-22-23, 32-34/, М.Б ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-35-37, 96-97/,“Номин холдинг” ХХК-ийн албан бичиг /хх-59/, прокурорын тогтоол /хх-106/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11247 дугаартай захирамжийн хуулбар /хх-158/, хохирлын баримтууд /хх-213/, шүүгдэгч М.Б ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-103/, шинээр хохирол төлсөн баримт 1 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Б нь “Номин холдинг” компанид борлуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа иргэн Д.Сэлэнгэд "БНХАУ-аас бараа буюу хүүхдийн цүнх оруулж ирж “Номин” компанийн сүлжээ дэлгүүрүүдээр зарж борлуулж богино хугацаанд ашиг олно гэж худал хэлж Д.Сэлэнгэд итгүүлж 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны салбараар дамжуулан түүнээс 50.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлэх нэрээр хуурч, бодит байдлыг нуух замаар, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Сэлэнгийн өгсөн” “...Би анх М.Б гэдэг хүнтэй манай найз Ц.Ууганцэцэгээр дамжуулж 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр уулзсан. Тэр эмэгтэй надад “Би “Номин” компанид борлуулалт хариуцсан бүсийн менежер ажил хийдэг, би 2015 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө Хятад улс руу явж хүүхдийн цүнх худалдаж аваад “Номин” худалдааны төвд нийлүүлнэ, шахна надад бараа худалдаж авах 50.000.000 төгрөг хэрэгтэй байна, чи надад сарын 6% хүүтэй 3 сарын хугацаатай 50.000.000 төгрөгийг зээлүүлээч” гэж хэлээд “Номин холдинг” ХХК-ийн нийлүүлэлтийн менежер М.Б гэсэн нэрийн хуудсаа өгсөн. Мөн “Ц.Ууганцэцэг эгчийн чинь найз учир чи надад итгээд барьцааны гэрээ хийхгүй 50.000.000 төгрөгөө өгчих би найдвартай, буцаагаад хүүтэй нь өгнө” гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр над руу М.Б залгахаар нь би “таньдаг хүнээсээ таны хэлсэнээр хүүтэй мөнгө авахаар болоод өглөө” гэж хэлэхэд “эгч нь итгэлтэй найдвартай би наад нөхцлийг чинь хүлээн зөвшөөрч байна” гэж хэлэхээр нь би түүнд мөнгө зээлэхээр болоод 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрөө “БаянМонгол” хорооллын “Хаан” банкны салбар руу хамт орж би өөрийн 5133034884 дугаартай данснаас түүний 5022279275 тоот данс руу бэлэн бусаар 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн.” /хх-28/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ууганцэцэгийн өгсөн: “...Би М.Б тай 2015 оны 8 дугаар сарын эхээр ажил дээрээ тааралдаад өдрийн хоол цуг идэж байхад надад М.Б “Би бизнес хийх гээд байна, надад мөнгө хэрэгтэй болоод байна мөнгө зээлэх хүн байна уу” гэхээр нь би “асууж өгнө” гэж хэлээд өнгөрсөн. Тухайн үед би “чи ямар бизнес хийх гэж байгаа юм мөнгийг юунд зарцуулах юм” гэж асуухад “би сургуулийн хүүхдийн цүнх оруулж ирж “И март”, “Оргил”, “Номин” компаниудаар зарна” гэж хэлэхээр нь би өөрийн найз дүү Д.Сэлэнгээ рүү залгаад “манай ажлын хүн мөнгө асуугаад байна, мөнгө зээлэх үү” гэж хэлэхэд “яг одоо надад байхгүй 2-3 хоногоос хариу өгнө” гэхээр нь би “М.Б руу залгаад асуугаад хариу өгье гэж байна, ямар ч байсан та 2 бие биенийхээ дугаарыг аваад хооронд холбогд” гэж хэлээд М.Б т Д.Сэлэнгийн 99999944 дугаарыг өгөөд Д.Сэлэнгээд М.Б ийн 99091257 дугаарын өгөөд би өөрөө хөдөө явсан.” /хх-39/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Батнасангийн гэрчээр өгсөн: ”... Д.Сэлэнгэ нь миний төрсөн эгч Долгормаагийн охин байгаа юм. Тиймээ 2015 оны 8 дугаар сарын 7, 8-ны едрүүдэд Д.Сэлэнгэ надаас 50.000.000 төгрөг зээлсэн. Д.Сэлэнгэ надад хэлэхдээ “манай найзын эгчид нь мөнгөний хэрэг байгаа юм, 3 сарын хугацаатай зээлэх хэрэгтэй байна, их найдвартай хүн юм. 3 сарын дараа зээлсэн мөнгөө буцаагаад төлнө” гээд Д.Сэлэнгэ хэлж байгаа болохоор нь 50.000.000 төгрөг зээлсэн. 6 cap орчим мөнгөний хүү төлж явж байгаад сүүлдээ надад ямар ч мөнгө өгөөгүй. Миний тооцоолж байгаагаар Д.Сэлэнгэ надад 20 гаруй сая төгрөг өгсөн байгаа. Д.Сэлэнгээгээс асуухаар нөгөө хүн мөнгө нь орж ирэхээр өгнө гээд байна найдвартай хүн байгаа таны мөнгийг хүүтэй нь төлнө гэсээр байгаад өдийг хүрж байна.” /хх-44, 113/ гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бадамгаравын өгсөн: “...М.Б бид хоёр “Номин” ХХК-д хамт ажилладаг байсан юм. Хамт ажилладаг байхдаа 1.850.000 төгрөгийг зээлж байсан. Ингээд надад зээлсэн мөнгөө буцааж өгч байсан санаж байна.” /хх-190/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амарзаяагийн өгсөн: “...М.Б миний хуучин салсан нөхрийн дүү байгаа юм. Би М.Б ийг 2013 оноос хойш танина. Тухайн үед М.Б “Номин” худалдааны төвд борлуулалтын ажил хийдэг байсан санагдаж байна. 2015 оны 5 дугаар сард М.Б нь надтай уулзаад “надад мөнгө зээлээч” гэж гуйхаар нь би “яах гэж байгаа юм” гэсэн чинь “Номин” ХХК худалдааны төвд хүүхдийн бараа нийлүүлэх гэж байгаа юм, “Номин” ХХК-д бараа нийлүүлж мөнгөө эргэлтэнд оруулаад таньд буцаагаад өгье” гээд 1 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлж авсан. Тэгээд авснаас хойш 1 сарын хугацаанд мөнгөө өгөхгүй, хүүгээ ч төлөхгүй сүүлдээ хэрүүл болж байж 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 18.500.000 төгрөгийг буцааж авсан. Надад ямарч хүү төлөөгүй.” /хх-191/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Мөнгөнсүхийн өгсөн: “...Би хувиараа дууны багш хийдэг юм. 2011 онд М.Б англи дууны тэмцээнд бэлдээд би дасгалжуулж байсан юм. Энэ цагаас эхлээд М.Б ийг танидаг болсон. 2014 онд байх би сар, өдрийг нь санахгүй байна. М.Б надаас бизнестээ хэрэглэнэ гээд 5.000.000 төгрөг зээлсэн. Ингээд зээлсэн мөнгөө төлөхгүй 1 жил орчим болоод би араас нь мөнгө нэхэж байж надад 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлж байсан санагдаж байна.“ /хх-192/ гэх мэдүүлэг,
“ХААН” банкны дансны хуулга /хх-11-19, 130-153/,
Мөнгөн шилжүүлгийн хуулга /хх-20/,
Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-40-43/,
“Номин холдинг” ХХК-ийн албан бичиг, тушаал хавсаргасан баримтууд, ажлын байрны тодорхойлолт /хх-57-72, 193-194, 202-209/,
Хохирлын баримтууд /хх-212-213/,
“ХААН” банкны депозит хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-154-155/,
Шүүгдэгч М.Б ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-103/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч М.Б нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр түүний эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч М.Б нь огт болоогүй, бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж авсан нь бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б ийн “Номин холдинг” компанид борлуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа иргэн Д.Сэлэнгэд "БНХАУ-аас бараа буюу хүүхдийн цүнх оруулж ирж “Номин” компанийн сүлжээ дэлгүүрүүдээр зарж борлуулж богино хугацаанд ашиг олно гэж худал хэлж Д.Сэлэнгэд итгүүлж 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны салбараар дамжуулан түүнээс 50.000.000 төгрөгийг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч М.Б ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч М.Б нь хохирогч Д.Сэлэнгэд учруулсан 50.000.000 төгрөгийг нөхөн төлсөнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Д.Сэлэнгэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Г.Батнасангийн зээл, хүү зэрэгт төлсөн гэж шүүгдэгч М.Б аас хохиролд 25.000.000 төгрөгийг нэхэмжлэх боловч үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” Гэх үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч М.Б т ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар торгох ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Мөн шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б ийг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. М.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Б нь шүүхээс оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Д.Сэлэнгэ нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС