Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01579

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 09 210/МА2024/01579

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/02711 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,754,820 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь ******* ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 08000901256 дугаартай зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд ******* УНМ улсын дугаартай, ******* маркийн авто машиныг барьцаалж, нэхэмжлэгчээс 13,760,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлсэн.

1.2 Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй ч гэрээний 3.1.2, 3.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй тул автомашиныг хураан авч, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11,600,000 төгрөгөөр бусдад худалдсан. Гэвч худалдсан үнийн дүн зээлийн гэрээний дүнг хааж хүрэхгүй байгаа. Мөн *******оос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн оршин суух хаягаар 2 удаа, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар 2 удаа харьяалагдах иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.3 Иймд *******оос зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 5,470,347 төгрөг, зээлийн хүүд 3,099,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,079,799 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал 965,000 төгрөг, шүүхээр эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нийт 2 удаа төлсөн 140,400 төгрөг, нийт 10,754,820 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие автомашин худалдан авах зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс 13,760,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлсэн. Автомашины урьдчилгаа болох 3,440,000 төгрөгийг төлсөн. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн төлбөр болох 630,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сард автомашины түлхүүр хурааж авсан. Тухайн автомашиныг нэхэмжлэгч нь бусдад худалдахдаа надад хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэгдээгүй.

2.2 Иймд 2022 оны 2, 3, 4 дугаар сарын нийт төлсөн төлбөр 1,860,000 төгрөгийг автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 3,440,000 төгрөгийг төлбөртөө тооцуулах хүсэлтэй байна. Мөн тухайн үед 12,000,000 төгрөгөөр автомашиныг худалдсаныг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-д зааснаар нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,754,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,028 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч зээлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн түүнтэй холбогдох гэж шат дараалалтай арга хэмжээг авсан хэдий ч үр дүнд хүрээгүй тул барьцааны гэрээний 5 дугаар зүйлд зааснаар барьцаа хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хөрөнгийн үнэлгээний дагуу 11,600,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Гэвч барьцааг худалдсан дүн зээлийн гэрээний дүнг хааж хүрэхгүй байгаа.

4.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

Шүүх хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийг хугацаанд нь төлөөгүй гэдгийг тогтоосон, мөн барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан хэдий ч хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэлтэй байхад шүүх дээрх нотлох баримтыг харгалзахгүйгээр нэхэмжлэгчийг зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон холбогдон гарсан бусад зардлыг нэхэмжлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь өөрөө хуулийг буруу хэрэглэсэн учир шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

5.1 Тухайн үед ковид-19 гарсан хямралтай үе байсан ч эхний сарын төлөлт 612,000 төгрөгийг төлсөн, дараа сарын төлөлтийг хийж чадаагүй. Компанид 320,000 төгрөгийг энэ сард хийж чадахгүй, дараа сардаа нөхөөд төлөлтөө хийе гэхэд надад ямар ч боломж олгоогүй. Надад худалдан авагчаа олсон, таны автомашин зарагдах гэж байна, энэ автомашин таны өмч биш тийм учраас автомашиныг хураагаад авлаа гээд машиныг хурааж авсан. Гэтэл одоо нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Намайг сарын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр машиныг хурааж авсан. Би иргэн хүн өнөөдөр 5,000,000 төгрөгөөр хохирч үлдэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5,470,347 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,099,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,079,799 төгрөг, хариуцагчийг шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн зардалд 140,400 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн төлбөр буюу зардалд 965,000 төгрөг, нийт 10,754,820 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 08000901256 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК нь 13,760,000 төгрөгийг нэг сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэгч *******од зээлүүлэх, зээлдэгч нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, ******* УНМ улсын дугаартай, ******* маркийн автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ. /хх 7-9/

3.1 Зээлийн мөнгөн хөрөнгө болох 13,760,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн /хх 11/ үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

3.2 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

3.3 Хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2022 оны 02 дугаар сарын 01, 02 дугаар сарын 07-ны өдөр нийт 630,000 төгрөг төлсөн, уг хугацаанаас хойш зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй болох нь хэргийн 4 дүгээр талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч үүнийг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

4. Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 08000901256 дугаартай гэрээ нь хэдийгээр барьцааны гэрээ гэх нэртэй байх боловч гэрээний агуулга, зорилго зэргээс үзвэл Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний шинжийг агуулсан байна. /хх 9/ Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5. Зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, дээрх тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хураан авч, өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Улмаар тухайн автомашиныг 11,500,000 төгрөгөөр үнэлж /хх 20-21/, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бусдад 11,600,000 төгрөгөөр худалдсан байна. /хх 24-25/ Иймд мөн өдрөөр буюу нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэсэн гэж үзэх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалж, фидуцийн зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангасан байх тул зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгч өмгөөллийн хөлсөнд 965,000 төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 965,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

7. Хариуцагчийн шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Учир нь, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс дээрх хэмжээний зардал гарахад хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

7.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байх боловч давж заалдах шатны шүүх энэ талаар нэмж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/02711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН