| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0104/Э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 103
2019 04 23 2019/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч О.Шагдар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батшоо овогт Ойдовын Шагдарт холбогдох эрүүгийн 1921001180082 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1955 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Жуковын 2-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖЮ55081676 регистрийн дугаартай, Батшоо овогт Ойдовын Шагдар.
Шүүгдэгч О.Шагдар нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 17 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар сургуулийн урд талын замд “Приус-20” маркийн 66-80 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан иргэн Б.Дамдиймааг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Шагдар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Б.Дамдиймаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн орой машинд мөргүүлснээсээ хойш зарим нэг зүйлийг санахгүй байгаа. Миний санаж байгаагаар би Хэрлэн сумын 9 дүгээр баг 16-55 тоотод байх гэрээсээ 17 цаг өнгөрч байх үед Хүүхдийн төлөө төвд бүжгийн дугуйланд явдаг 3 дугаар ангийн зээ охиноо авах гээд гарсан юм. Ямар ч байсан би гэрээсээ гараад баруун тийшээ буюу 16 дугаар байрны хойд талын төв замын урд хэсгээр замаа дагаж алхаж байгаад цагдаагийн Б байрны урд талын 4 замын уулзвараар гарах гэж байсан гэж бодоод байгаа юм. Гэтэл би 12 дугаар сургуулийн урд талын явган гарцаар замын хойд талд гарах гэж байгаад машинд мөргүүлсэн гэдгийг мэдсэн. Ер нь зарим үед зээ охиноо авахаар явахдаа энэ гарцаар гарч явдаг юм. Намайг ямар ч байсан нэг машин миний баруун хэсгээр мөргөөд би замын боржуур мөргөөд ухаан алдсан, түүнээс хойш яг хаана явж байснаа санахгүй болчихоод байгаа юм. Тэгж байгаад сэргэхэд хажууд маань 2 хүн байсан ба хэн бэ? гэж асуухад сангийн далайн Шагдар байна гэсэн. /тухайн үед миний ухаан санаа орж гараад байсан гэх/ Мөн тэр үед түргэн ирээд намайг авч явж эмнэлэг дээр очсон. ...Би Шагдар жолоочтой уулзсан, тухайн үед хөдөө гэртээ байгаад надтай уулзаж чадаагүй юм байна. Шагдар нь анх надад 480000 төгрөг өгсөн байсан, одоо надад учруулсан хохирлын мөнгө болох 1600000 төгрөгийг төлж барагдуулахаар болсон. Иймд би адилхан настай хүний хувьд Шагдарт гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/
Гэрч Э.Болорчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би тухайн өдрийн 17 цагаас 18 цаг хүртэл 12 дугаар сургуулийн урд талын зам дээр хүүхдүүдийг гарцаар гаргаж ажилласан. Би уг замынхаа хойд талд нь зогсож байсан бөгөөд намайг хөдөлгөөний зохицуулалт хийж байхад ойролцоогоор 17 цаг жаахан өнгөрч байсан бөгөөд гадаа айхтар бүрэнхий болоогүй байхад гарцаар хар хувцастай 50-60 орчим насны ах ганцаараа гарч урдаасаа хойшоо чиглэлтэй буюу над руу чиглээд ирэхээр нь би улаан модоо дээшээ өргөсөн гэтэл зүүн талаасаа “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан бөгөөд гарцаар гарч явсан ах яг хашлага дөхдөгийн даваан дээр зүүн талаас ирж явсан приус-20 маркийн машин баруун хөлийг нь мөргөхөд гарцаар гарч явсан ах хашлаганы наагуур буюу машины хойд талаар хашлаганы наагуур их биеэрээ шууд унасан. Тэгтэл ч приус-20 маркийн машины жолооч өөрөө буугаад ирсэн ба тэр жолооч нь бас 50-60 орчим насны гэмээр газар унасан хүнтэй ойролцоо настай хүн байсан. Тэгээд тэр хавьд явж байсан 2 залуугийн нэг нь түргэн дуудсан мөн цагдаа дуудсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 127 тоот дүгнэлтэд: “1. Б.Дамдиймаагийн биед суурь ясны баруун их далавч дайран дээш чамархай зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дагз зулайн дэлбэнд тархины эдийн цусархаг няцрал, баруун хацар ясны нумын хугарал, баруун шагайн гадна хавчаар ясны далд хугарал, баруун чамархай орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 34/
Дорнод аймгийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 тоот дүгнэлтэд: 1. Жолооч О.Шагдар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгэээр зорчино. 3.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. 3.5.в/ осолд ... өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх. Мөн дүрмийн 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Явган зорчигч Б.Дамдиймаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. 3.6. Хэргийн материалд авагдсан зам тээврийн ослын бүдүүвч зурагт тээврийн хэрэгслийн тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 4. Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас жолооч Батшоо овогт Ойдовын Шагдар нь /ЖЮ55081676/ дугаараар лавлагааг шүүж үзэхэд ВС ангиллын 38115 дугаарын эрхийн үнэмлэхтэй байх бөгөөд хүчинтэй байна. 5. Хавтаст хэргийн материалд авагдсан гэрч, хохирогч, сэжигтэн нарын мэдүүлэг зэргээс үзэхэд жолооч О.Шагдар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй байна. 7.8. Тоёота приус-20 маркийн 66-80 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улзын хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 38-39/
-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/
-Зам тээврийн ослын нөхөн үзлэгийн схем зураглал /хх-ийн 10/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/
-Шүүгдэгч О.Шагдарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/
-Хохирогчоос Дорнод аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 65/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч О.Шагдар нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 17 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар сургуулийн урд талын замд “Тоёото Приус-20” маркийн 66-80 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан хохирогч Б.Дамдиймааг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч О.Шагдарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...17 цагийн орчим гэрээсээ охиныхоо “Приус-20” маркийн 66-80 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 5 дугаар сургуульд сурдаг зээ охиноо авахаар явсан бөгөөд охиноо сургуулиас нь авчихаад машины урд суулгаад охин бид хоёр 5 дугаар сургуулийн хойд талын засмал замаар баруун тийшээгээ явж байтал 12 дугаар сургуулийн урд талд байх хурд сааруулагчийн зүүн талд ирэхэд гэнэт л хүн дайрчихлаа гээд хүмүүс бахиралдаад явсан. Тэгэхээр нь би зогсоод буугаад харахад миний машины жолооч талын арын хаалганы чигтээ зам дээр нэг хар хувцастай хүн толгой нь зүүн тийшээ чигтээ хашлага тал руугаа хараад хэвтэж байсан...“ гэж /хх-ийн 44-45/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Дамдиймаагийн өгсөн: “...Ямар ч байсан би гэрээсээ гараад баруун тийшээ буюу 16 дугаар байрны хойд талын төв замын урд хэсгээр замаа дагаж алхаж байгаад цагдаагийн Б байрны урд талын 4 замын уулзвараар гарах гэж байсан гэж бодоод байгаа юм гэтэл би 12 дугаар сургуулийн урд талын явган гарцаар замын хойд талд гарах гэж байгаад машинд мөргүүлсэн гэдгийг мэдсэн. Ер нь зарим үед зээ охиноо авахаар явахдаа энэ гарцаар гарч явдаг юм. Намайг ямар ч байсан нэг машин миний баруун хэсгээр мөргөөд би замын боржуур мөргөөд ухаан алдсан түүнээс хойш яг хаана явж байснаа санахгүй болчихоод байгаа юм. Тэгж байгаад сэргэхэд хажууд маань 2 хүн байсан ба хэн бэ? гэж асуухад сангийн далайн Шагдар байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, гэрч Э.Болорчимэгийн өгсөн: “...Би уг замынхаа хойд талд нь зогсож байсан бөгөөд намайг хөдөлгөөний зохицуулалт хийж байхад ойролцоогоор 17 цаг жаахан өнгөрч байсан бөгөөд гадаа айхтар бүрэнхий болоогүй байхад гарцаар хар хувцастай 50-60 орчим насны ах ганцаараа гарч урдаасаа хойшоо чиглэлтэй буюу над руу чиглээд ирэхээр нь би улаан модоо дээшээ өргөсөн гэтэл зүүн талаасаа “приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан бөгөөд гарцаар гарч явсан ах яг хашлага дөхдөгийн даваан дээр зүүн талаас ирж явсан “приус-20” маркийн машин баруун хөлийг нь мөргөхөд гарцаар гарч явсан ах хашлаганы наагуур буюу машины хойд талаар хашлаганы наагуур их биеэрээ шууд унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, насанд хүрээгүй гэрч Б.Энхсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 24/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 127 тоот дүгнэлт /хх-ийн 34/, Дорнод аймгийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 тоот дүгнэлт /хх-ийн 38-39/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Дамдиймаад учирсан хүнд хохирол нь шүүгдэгч О.Шагдарын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3, 3.5, 3.5.в, 16.1-д заасан заалтуудыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч О.Шагдарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах санал гаргаж байгаа, мөн шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн санал болгосон 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү? гэснийг 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү? гэсэн саналын гаргаж байх ба өмгөөлөгчийн дээрх саналын хүлээн авах боломжгүй байна. Учир нь прокуророос прокурорын шатанд шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, яллагдагч зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул эрүүгийн хариуцлагын хэмжээг өөрчлөх боломжгүй юм.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хорилоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 2080000 төгрөг өгсөн/ болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О.Шагдарын ЖЮ55081676 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Батшоо овогт Ойдовын Шагдарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ойдовын Шагдарын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч О.Шагдарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шагдарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч О.Шагдарт мэдэгдэж, түүнд авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 2080000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О.Шагдарын ЖЮ55081676 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Шагдарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР