Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 01041

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 15 өдөр                 Дугаар 142/ШШ2016/01041                           Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1975 онд төрсөн, 41 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-19-55 тоотод оршин суух Караказ овгийн Телехейны Аманжулын /регистрийн дугаар МТ75032001/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1992 онд төрсөн, 24 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 29 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух Илжгэн овгийн Батсуурийн Баянмөнхөд /регистрийн дугаар ОС92061111/ холбогдох 8 520 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа, нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Аманжул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би иргэн Б.Баянмөнхөд 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5 800 000 төгрөгийг нэг сарын хугацаатай сарын 0,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Б.Баянмөнх надаас авсан мөнгөө төлөх хугацаа аль эрт өнгөрсөн боловч төлбөр тооцоогоо огт хийхгүй намайг хохироосоор байна. Би мөнгөө олон удаа нэхсэн боловч өнөө маргааш гэсээр өнөөдрийг хүрлээ. Б.Баянмөнх 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Их мандал тавилгын дэлгүүрээс 1 230 000 төгрөгийн үнэтэй ханын стенк 1 ком, орны бүтээлэг 1 ком 120 000 төгрөг, 1 370 000 төгрөгний  үнэ бүхий гал тогооны ком 1-ийг нийт 2 720 000 төгрөгний үнэ бүхий тавилга авсан бөгөөд дээрх тавилгын үнийг бүгдийг нь би төлсөн. Одоо Баянмөнхөөс зээл болон тавилгын үнэ 8 520 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч Т.Аманжул хариуцагч Б.Баянмөнхөөс нийт 8 520 000 төгрөг нэхэмжилсэн.Үүнээс 2 720 000 төгрөг нь тавилгын үнэ үлдсэн 5 800 000 төгрөг нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн байсан. Т.Аманжул Б.Баянмөнхийн виза картаар нь 2 496 000 төгрөг аваад Б.Батмөнхөд буцаагаад 524 000 төгрөгийг өгсөн. Т.Аманжулд өөрт нь 1 972 000 төгрөг үлдсэн. Одоо 4 478 000 төгрөг үлдэж байгаа энэ мөнгөн дээр тавилга авсан 2 720 000 төгрөг нэмэгдээд одоо 7 198 000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 1.322.000 төгрөгөөр бууруулж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“... 2013 оны 08-р сарын 26-ны өдөр Гэрэлмаа над руу утсаар ярьсан. Намайг гэртээ хүрээд ирээч гэхээр нь гэрт нь очиход хорхой өвсөөр мөнгө олдог арга байна гэж хэлсэн. Гэрэлмаагийнд очиход гэрийнх нь гадаа саарал машин дотор казак хүүхэн сууж байсан. Тэгээд энэ хорхой өвсний сүлжээ байгаа юм би менежер нь байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь надад мөнгө төгрөг байдаггүй гэж хэлсэн. Танай хүүхэд өндөр цалинтай юм уу? та мөнгийг нь авдаг уу? гэхэд нь би тиймээ гэж хэлсэн. Гэрэлмаа нь Аманжул намайг хорхой өвсөнд орох хүн байвал олоод өгөөч гэсэн тэгэхээр нь таныг санаад дуудсан гэж байсан. Хорхой өвс гэж яадаг юм бэ? гэхэд 300.000 төгрөгөөр нийлээд доороо хоёр хүн оруулаад сүлжээнд ордог юм 7 хоногийн дотор мөнгөө гэж хэлсэн. Тухайн үед би учрыг нь олоогүй. Аманжулаас Гэрэлмаа мөнгийг тоолоод авсан. 2013 оны 08-р сарын 26-нд та гарын үсэг зуруурай гэхээр нь би гарын үсэг зурсан. Гэртээ хариад хүүдээ ээж нь хорхой өвсөнд ороод чиний виза картыг өгсөн гэж хэлэхэд манай хүү уурлаад таныг би хоолоо залгаж бай гэсэн болохоос биш виза картаа буцааж ав гэсэн. Би Аманжулд энэ тухай хэлээд виза картаа буцааж авна гэхэд Аманжул эгчээ байж байгаарай би бүгдийг зохицуулаад энэ хүмүүсээсээ мөнгө аваад өгье гэж хэлсэн. Би хүүгээ Аманжултай ирж уулзуулсан. Аманжулд хүүхдийн цалинг нь өг гэж хэлэхэд надад мөнгө өгөхдөө миний дансруу мобайл банкаар хийж байсан. Аманжулд би 10 сард манай хүүхэд авгай авсан хашаа байшингийн гэрчилгээ өг гэж байна гэхэд миний тавилга байдаг юм тэр тавилгаас аваад тавилга аваад өгчих гэж хэлэхээр нь том эгчтэй нь хүүтэйгээ ажлын газрын хүнтэй нь тавуулаа яваад очсон. Аманжулд энэ тавилгуудыг хямдруулаад авчих гэхээр нь аргагүй эрхэнд тавилгыг авсан” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Аманжул, хариуцагч Б.Баянмөнхөд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 5 800 000 төгрөг, тавилгын үнэ 2 720 000 төгрөг нийт 8 520 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нэхэмжлэлийн шаардлагаа 1 322 000 төгрөгөөр бууруулж тавилгын үнэ 2 720 000 төгрөг, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 4 478 000 төгрөг, нийт 7 198 000 төгрөг болгосон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Баянмөнхийн ээж С.Дэнсмаа нь 2013 оны 08-р сарын 06-ны өдөр хүү Б.Баянмөнхтэйгээ виза картыг нь барьж очоод 3 300 000 төгрөгийг Б.Баянмөнхийг бичиг үсэг мэддэггүй гэж хэлээд авсан. Б.Баянмөнхөд 3 300 000 төгрөг өгөөд Т.Аманжул нь виза картыг авч үлдсэн. 2014 оны 01-р сарын 05-ны өдөр энэ хүмүүс тооцоогоо нийлсэн 3 300 000 төгрөгөө 3 220 000 төгрөг болгож багасгасан. Б.Баянмөнхий Т.Аманжулаас зээлсэн нийт мөнгө нь 6 450 000 төгрөг болсон гэж үзэж байна. Б.Баянмөнхийн виза картаар нь нийт 2 496 000 төгрөг аваад Б.Батмөнх буцаагаад 524 000 төгрөг авсан.Тэгээд Аманжулд 1 972 000 төгрөг үлдсэн. Энэ авсан 1 972 000 төгрөгөө өгсөн 6 450 000 төгрөгнөөсөө хасаж тооцоод одоо зээлийн үлдэгдэл 4 478 000 төгрөг болж байна” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...н.Гэрэлмаа гэдэг хүн намайг хорхой өвс гэдэг сүлжээнд оруулна гээд Т.Аманжултай уулзуулаад 2 000 000 төгрөгөөр хорхой өвсний сүлжээнд орууллаа та 2 000 000 төгрөгөө И.Аманжулаас зээлээд хүүгийнхээ виза картыг Т.Аманжулд өгчих гэж хэлээд надаар Т.Аманжулын тэмдэглэлийн дэвтэр дээр 3 300 000 төгрөг авсан гэж бичүүлсэн.1 300 000 Гэрэлмаа авсан. Миний хүү Б.Баянмөнх Т.Аманжулаас мөнгө зээлж аваагүй.Харин 2 720 000 төгрөгийн тавилга авсан.Энэ тавилганы мөнгийг төлсөн.Баримтыг нь өмгөөлөгчдөө өгсөн” гэсэн тайлбар гаргасан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Нэхэмжлэгч Т.Аманжул 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн хариуцагч Б.Баянмөнхөөс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 4 478 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч дээрхи зээлийн гэрээний дагуу 5 800 000 төгрөгийг Б.Баянмөнхөд шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээн дээрхи гарын үсэг нь Б.Баянмөнхийн гарын үсэг биш болохыг хүлээн зөвшөөрсөн.Тиймээс нэхэмжлэгчийг Б.Баянмөнхөд мөнгө шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй учраас зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцох боломжгүй, нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу Б.Баянмөнхөөс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг шаардах эрх үүсэхгүй гэж үзлээ.

Харин хариуцагч Б.Баянмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Т.Аманжулаас 2 720 000 төгрөгийн үнэтэй тавилгыг зээлээр авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, тавилгын үнийг Т.Аманжулд төлсөн гэсэн тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч Б.Баянмөнхөөс зээлээр худалдан авсан тавилгын үнэ 2 720 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Аманжулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 478 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очирт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 270 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 58 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баянмөнхөөс 2 720 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Аманжулд олгож, Иргэний хуулийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 4 478 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 270 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баянмөнхөөс 58 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Аманжулд олгосугай.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА