Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 184/2024/03015/И |
Дугаар | 210/МА2024/01580 |
Огноо | 2024-08-09 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01580
2024 08 09 210/МА2024/01580
М.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2024/03114 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: М.*******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2022/09040 дугаар захирамжаар Д.ээс 71,794,712 төгрөгийг гаргуулж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч бус М.*******ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, *******, *******, ******* байр, ******* хаягт байрлах, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан, шинжээч томилон хэт доогуур үнэлүүлсэн.
1.2 Хариуцагч нь өмчлөгч М.*******ын орон сууцыг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хураах ажиллагаа явуулаад, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Шинжээчээр үнэлүүлж төлбөр авагчийн хүсэлтээр нэг сар хойшлуулсан. Худалдан борлуулах ажиллагаа 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр явагдаж эхэлсэн буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Үл хөдлөх хөрөнгийг хураан авснаас хойш 4 сарын дараа худалдан борлуулах 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр анхны дуудлага худалдааг явуулсан. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2 дахь дуудлага худалдааг явуулж 40,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. Хураан авсан энэ ажиллагаанд өмчлөгч оролцоогүй.
1.3 ******* хууль бус хүчингүй дуудлага худалдаа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмчлөх эрх шилжүүлэх тухай 1/2 дугаар тогтоолоор *******г өмчлөгчөөр бүртгэхээр даалган шийдвэрлэсэн ч одоо болтол Улсын бүртгэлийн газарт бүртгэгдээгүй. Тэгэхээр ******* дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй байгаа. Өмчлөгчөөр бүртгүүлсний дараа шүүхэд хандаад тодорхой үйлдэл хийх буюу тухайн дуудлага худалдааны ялагч *******гийн эзэмшилд байгаа орон сууцыг нэхэмжлэгч М.*******ын эзэмшилд байгаа орон сууцыг чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасны үндсэн дээр гүйцэтгэх баримт бичгийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагааг хийх ёстой. Гэтэл тухайн өдрийн ялсан энэ өмчлөх эрхийн тогтоолоор өмчлөгчийн орон сууцыг чөлөөлөх ажиллагаа хийгээд байгаа нь хуульд олгогдоогүй албадан чөлөөлөх ажиллагаа хийж байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байх тул шүүх хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2021/03040 дугаар шийдвэрээр Д.ээс 71,787,524 төгрөгийг гаргуулж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч Д. нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21-19031003 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-ний зүйл болох М.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *******, *******, ******* байр, ******* хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
2.2 Төлбөр төлөгч Д.д шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэж, хугацаа тогтоосон боловч биелүүлээгүй тул гүйцэтгэх баримт бичигт үүргийн гүйцэтгэлд хангуулахаар заасан М.*******ын өмчлөлийн орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2227044/169 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 22270744/1693 тоот тогтоолоор хураасан. Талуудад хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцож тогтоохыг мэдэгдэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч талууд харилцан тохиролцоогүй бөгөөд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор талуудаас хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/351 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Баянмодот ХХК-ийг төлөөлж С.Цэвээнроломыг шинжээчээр томилж, үнэлгээ тогтооход дээрх хөрөнгийг 55,347,449.65 төгрөгөөр үнэлсэн.
2.3 Хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4-169/18343 тоот мэдэгдлээр төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхэмбаяр, төлбөр төлөгч Д., хөрөнгийн өмчлөгч М.******* нарт тус тус биечлэн танилцуулж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Тус хөрөнгийг анхны албан дуудлага худалдаанд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 38,743,600 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 27,674,000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 40,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул хөрөнгийг албадан дуудлага худалдааны ялагчид хүлээлгэн өгөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12-р сарын 05-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд 2023 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд ажиллагаа явуулаагүй албан ёсоор албан тоотоор мэдэгдсэн нотлох баримт хэрэгт байдаггүй бөгөөд нэхэмжлэгч 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Монголд байгаагүй. Гэтэл шүүх төлбөр төлөгч бус өмчлөгч, нэхэмжлэгч М.******* надад мэдэгдээгүй гэж гомдол гаргасаар байхад ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчид хамааралгүй Улсын бүртгэлийн хэлтэс, төлбөр авагчийн хүсэлт гэх мэт хамааралгүй баримтыг үнэлсэн байна. Хариуцагч нь ажиллагаа бүрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар өмчлөгч М.*******д албан бичгээр мэдээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа нь хуулиар олгосон өмчлөгчийн эрхийг зөрчсөн хуулийг тайлбарлаж хэрэглээгүйд гомдолтой байна.
4.2 Хариуцагч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үнэлүүлээд, төлбөр авагчийн хүсэлтээр 1 сар хойшлуулсан албадан дуудлага худалдааг хойшлуулж 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Энэ нь хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Төлбөр төлөгч Д. өмчлөгч М.******* нар нь өөрсдөө худалдан борлуулах хүсэлт гаргасан нь баримтаар тогтоогдоогүй. Харин шийдвэр гүйцэтгэгч Э.Энхжин өөр тойрогт томилогдсон хугацаанд ажиллагаа зогссон учраас ******* төлбөр авагч Прогресс Капитал ББСБ ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05/01******* албан бичиг, улмаар төлбөр авагч Прогресс Капитал ББСБ ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/0149 дугаар албан бичгүүдээр нөхөж 2 хүсэлт бичүүлэн авсан байдаг. Уг хүсэлтүүд нь хуулийн үндэслэлгүй, бодит үнэн байдалтай нийцэхгүй байгаа нь төлбөр авагч Прогресс Капитал ББСБ ХХК нь 1 сарын хооронд ямар ч албан бичиг гаргадаггүй компани байна гэсэн бодит байдалтай нийцэхгүй нотлох баримт бөгөөд төлбөр төлөгч, өмчлөгч нараас асуусан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл ч байдаггүй юм. Анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05/01******* албан бичигдэж 2 албан бичгийг хольж сольж хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнээгүй.
Нөгөөтэйгүүр, дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа хойшлуулсан тухай тогтоол гаргах ёстой бөгөөд хэрэгт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр тогтоол, нотлох баримт байдаггүй юм.
4.3 Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө тухайн зээлийн гэрээний үүрэгтээ бүрэн хангагдаж дуусгавар болох ёстой бөгөөд үүргээс давж төлбөр төлөгчийн бусад хөрөнгөөр хангах хуулийн үндэслэл байхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Төлбөр төлөгч Д.д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэж, хугацаа олгосон. Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул гүйцэтгэх баримт бичиж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авсан. М.*******ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн *******, *******, 48-р байрны *******од байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай 27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2227044/169 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн.
5.2 Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хугацааг хэтрүүлээгүй. 2023 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн 9/351 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Баянмодот ХХК-ийг төлөөлж С.Цэвээнроломыг шинжээчээр томилж, үнэлгээ тогтооход дээрх хөрөнгийг 55,347,449.65 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед хөрөнгийн үнэлгээний тайланг талуудад танилцуулж байсан. Төлбөр авагч ХХК-ийн хугацаа сунгах тухай хүсэлтийн дагуу хугацааг хойшлуулсан тул хугацаа хэтэрсэн. Төлбөр авагч 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/01*******тай албан бичгээр М.*******ыг 1 сарын дотор сайн дурын үндсэн дээр төлбөр барагдуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу дуудлага худалдааг 1 сарын хугацаагаар хойшлуулсан. Гэвч М.******* нь 1 сарын хугацаанд төлбөрийг төлөөгүй учраас үл хөдлөх эд хөрөнгийг 12,000,000 төгрөгөөр худалдсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч *******т холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2021/03040 дугаар захирамжаар Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 75,458,097 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 3,963,385 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 71,494,712 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд, сар бүрийн 15-ны өдрийн дотор 300,000 төгрөгөөр 8 удаа, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 69,094,712 төгрөгийг тус тус төлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 83-85/
3.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22270744 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 26/, М.*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *******, *******, ******* байр, ******* хаягт байрлах, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22270744/169 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 30-31/, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 22270744/1693 дугаар тогтоолоор хураан авсан /хх 32-33/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд тус тус нийцжээ.
4. Төлбөр төлөгч Д., өмчлөгч М.*******, төлбөр авагч ББСБ ХХК нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд үл хөдлөх эд хөрөнгөд хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан /хх 33-37/ тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/351 дугаар тогтоолоор үнэлгээ тогтоох шинжээчээр Баянмодот ХХК-ийг томилсон /хх 38/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
4.1 Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №ОСҮ-23/6 дугаар дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 55,348,000 төгрөгөөр үнэлсэн. /хх 41-50/ Улмаар, хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4-169/18343 дугаар мэдэгдлийг мөн өдрөө төлбөр төлөгч, өмчлөгч нарт хүлээлгэн өгсөн болох нь мөн өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 51-52/
5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч Д.д 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04-169/25632 дугаар мэдэгдлийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардуулан өгсөн байна. /хх 55-57/
5.1 Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй гэх үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/7 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч Д.д 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04-169/806 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. /хх 63-64/
5.2 Нэхэмжлэгч М.*******ын өмчлөлийн дээрх орон сууц нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 40,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04-169/2073 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч болон өмчлөгчид мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 68/
5.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ... эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлд төлбөр төлөгч Д.д эх хувиар гардуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн өмчлөгч М.*******д дамжуулан өгөхийг даалгаж үлдээв гэжээ. Иймд өмчлөгч М.*******д мэдэгдэлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасан.
6.1 Төлбөр авагч ББСБ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05/01******* хүсэлтэд 2021.11.19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШШ2021/03040 дугаартай захирамжид дурьдсан үүрэг гүйцэтгэгч Д., М.******* нар нь 1 сарын дотор сайн дураар төлбөрөө барагдуулах хүсэлт гаргасан тул дуудлага худалдааг нэг сараар хойшлуулж өгнө үү гэжээ. Уг хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хугацаа тогтоож, албадан дуудлага худалдааг хойшлуулсан. Гэвч 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар төлбөр төлөгч нь төлбөрийг төлөөгүй тул төлбөр авагч ББСБ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05/0158 дугаар хүсэлтийн дагуу хариуцагч байгууллага нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа явуулахаар тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...дуудлага худалдаа явуулах хугацааг хэтрүүлсэн гэх гомдлыг хангахгүй.
7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2024/03114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН